Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/151

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Е,

Улсын яллагч М.О,

Орчуулагч А.Е

Хохирогч Х.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Гэрч Д.А, Е.С

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох ……………. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч М.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Т овогт М-ийн А, 1977 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ББ7.

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь Х.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт “Р” ХХК-ны 2 дугаар ШТС-ын хажууд “Алга болсон сэрхийг авчихлаа” гэх шалтгаанаар Х.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  - Хохирогч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тус өдөр Дамысын эхнэр А намайг хүүгийн хамт шатахуун түгээх станцаас шатахуун авч зогсож байхад Д мотоциклтэй хойд талдаа эхнэр болох А-г сундалж ирээд зогссон. Тэр хоёрын голд нь нэг эмэгтэй хүүхэд нь байсан юм. Тэгээд А мотоциклоос үсэрч буугаад миний хажууд хүрч ирээд шууд миний нүүр, толгой хэсэгт цохиж эхэлсэн. Тэр үед би мотоциклоос унаад буцаад мотоциклоо босгоод зогсож байхад намайг заамдаж авсан. Тэр үед шатахуун түгээх станцын 2 ажилтан та нарын зодолдох газар биш, энд камер байгаа, хол очиж зодолдоорой гэж А бид хоёрыг салгасан. Тэгээд А явах гэж байгаад хар өнгийн цүнхээр дахин зүүн талын хацар орчим нэг удаа цохисон байсан. Тэгээд Д мотоциклын ард талд сундлаад яваад өгсөн ба би аймаг чиглээд явсан. Тэгээд буцаж шатахуун түгээх станц руу очиж тухайн 2 залууд намайг зодсоныг харсан биз дээ, би цагдаад өгнө гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдөр эмнэлэгт үзүүлээд маргааш нь гомдол гаргасан юм. Анхнаасаа би Д-ыг давхар хэрэгт татуулах гэж Д бас намайг зодсон гэж мэдүүлэг өгсөн юм. Намайг яг зодсон хүн бол Д-ын эхнэр М.А юм. Би 3 дугаар сараас хойш эм авсан, шатахуун хийсэн баримтыг аав болох Х-д хадгалуулсан боловч зарим нь алга болсон байна. 3 дугаар сарын 27-ны өдөр Могойт эмийн сангаас 51800 төгрөгөөр эм авсан зарлагын баримт болон 6, 9 дүгээр саруудад шатахуун авсан 9 ширхэг баримт зэрэг үлдсэн байна. Бусад баримтууд гээгдэж алга болсон байна.  Мөн шүүхийн шинжилгээний албанд гэмтлийн зэрэг тогтоолгоход 8000 төгрөг төлсөн бөгөөд нийт хохирол 118800 төгрөг нэхэмжлэх болно. Бусад гарсан зардлыг нэхэмжлэхгүй. Учир нь надаас гаргаж өгөх өөр баримт байхгүй байгаа. М.А тааралдахад мэндэлдэггүй юм. Уучлалт гуйх бол би ч гэсэн хүн учир уучлах байсан гэх” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

  - Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Р” ХХК-ны 2 дугаар ШТС-ын түгээгчээр ээлжид гарч байсан. Өдрийн 12 цагийн үед үл таних 2 залуу мотоциклоор ирж бензин авсан. Хойноос нь мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж зогсоод хойно сууж байсан эмэгтэй нь шууд буугаад бензин авч байсан хоёр залууг гартаа барьж байсан гар цүнхээрээ цохисон. Тэгээд эхний  мотоциклын  ард  нь  сууж  байсан  нэг  залуу  нь  мотоциклоосоо  буугаад зугтаасан. Мотоцикл барьж байсан залуу цүнхийг гараараа хааж сүүлдээ мотоциклтойгоо баруун хазайж унах шахаад мотоциклоо босгоод тэр эмэгтэйг заамдсан. Тэгээд би “К” харуул хамгаалалтын ажилтан С-ийг дуудаж та нар энд маргалдаж болохгүй гээд бид хоёр тэр хоёр хүнийг салгасан юм. Тэд маргалдаж байхдаа миний ямааг чи хулгайлсан гэж байсан. Сүүлд ирсэн мотоциклын жолооч дугуйгаа янзалж сууж байсан. Тэр зодолдоогүй. Хоёр дахь мотоцикл явсны дараа эхний мотоциклын жолооч нүдний шилээ автал зүүн нүд болон зүүн шанаа хөхөрсөн байсан. Толгойн хэсгээр бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Манайд хяналтын камер байхгүй, зодолдоод байхаар нь камер байгаа гэж худлаа хэлж айлгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

  - Гэрч Е.С-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Р” ХХК-ны шатахуун түгээх станцад харуулын ээлжид гарч байсан. Өдрийн 12 цагийн үед хамгаалалтын газрын машинд сууж байхад үл таних 2 залуу мотоциклтой ирээд бензин авсан. Хойноос нь мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөн ирж зогсож хойно нь сууж байсан эмэгтэй бензин авч байсан залуутай маргаж залуу эмэгтэйг заамдсан. Тэр үед би машинаас буугаад түгээгчээс юу болсон вэ? гэж асуухад мэдэхгүй маргалдаад байна гэсэн. Тэгээд би маргалдаж байсан 2 хүнд та хоёр энд маргалдаж болохгүй, энэ хамгаалагдсан газар гэж хэлээд салгасан. Сүүлд ирсэн эмэгтэй, эрэгтэй явтал эхний ирсэн мотоциклын жолооч хамгаалах малгай, нүдний шилээ автал хойно нь сууж байсан хүүхэд нь нүд руу нь хараад таны нүд улайчихсан байна гэж хэлж байсан. Би машинд сууж байсан болохоор ямар учраас маргалдсан эсэхийг сайн сонсоогүй. Миний ямааг чи хулгайлж нядалсан гэж байсан. Сүүлд ирсэн мотоциклын жолооч ойртоогүй, дугуйгаа янзлаад 3 метр орчим зайд сууж байсан. Эхний ирсэн мотоциклын жолооч тэд явсны дараа хамгаалах малгай болон нүдний шилээ авсны дараа зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Шанаа хэсэг нь зулгарсан шинэ гэмтэл байсан. Түүний толгой хэсгээс цус гарсан байсан. Хяналтын камер байхгүй байсан, би зодолдож байхаар нь зогсох байх гэж хяналтын камер байгаа гэж худлаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 дугаар хуудас/,

  - Гэрч З.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х, Д нарыг таньдаггүй байсан. Энэ өвөл Бөхөн ууланд нүүж ирээд хөрш айл болцгоосон. Түүнээс хойш мэндтэй явж байгаа юм. Х ямаа хайж яваад мотоциклоос унасан байна гэж Бахытбекээс сонссон юм. Б Д-аас сонссон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

- Гэрч К.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Х, М.Д нарыг сайн танихгүй. Нэг нутгийн хүмүүс гэж мэнд, устай явдаг юм. Би Наурызын дараа хонь хариулж явж байхад М.Д таарч Х.Х ямаа хайж яваад мотоциклтойгоо унасан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

- Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х.Х, М.Д, М.А нарыг танихгүй. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 40 минутын үед Х.Хайрат мэс заслын өрөөнд ирээд үзүүлсэн. Х.Х-ын биеийн байдал дунд, хүнд зодуулсан байдалтай зүүн хацарт нь 1.3 см улайсан зулгарсан шархтай, хавантай байсан. Зөөлөн эдийн няцралттай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Гэрч Х.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х.Х, М.Д, М.А нарыг огт танихгүй. Х.Х 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Нур-Алтаймед” эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөөнд үзсэн. Биеийн байдал дунд зэрэг, хүнээр зодуулсан гээд ирсэн. Нүүрний зүүн хацар шалбарсан,  шархтай, зүүн нүдний зовхи хөхөрсөн, зүүн нүд цус хуралдсан, хамраас цус гарч хатсан, хамрын амьсгал сааталттай, хамар бага зэрэг мурийсан, хамрын зүүн яс цөмөрч хугарсан, хамрын амьсгал алдагдсан байдалтай ирж цаашид хамарт эмчилгээ хийлгэх зөвлөгөө авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

  - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдөр гаргасан №171 дугаартай “Иргэн Х.Х-ын биед тархины доргилттой, зүүн нүдний салстад, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, доод эрүүний зовхи эрүүг хамаарсан хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын амьсгал саатсан, хамар мурийсан, хамрын яс зүүн талд цөмөрсөн хугарсан зөөлөн эдийн бэртэл, гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Х-ын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжаар үүссэн болно. Иргэн Х.Х-ын биед үүссэн дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Х.Х-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 99 дүгээр хуудас/,

  - Шүүгдэгч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхөр болох М.Д-аас тусдаа Өлгий сумын 13 дугаар багт байшин түрээсэлж суудаг юм. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш 14 цагийн орчим байх нөхөр болох М.Д мотоциклоор ирээр Монголхан гэх хөршийн гэрээс Наурызын баярын цай уухаар дуудаж байна гэсэн тул би бага охин болох 11 настай Д.М-ийг дагуулаад М.Д-ын хуучин улаан өнгийн мотоциклд сундалдаад Шар нуурын пост руу явдаг “Р” ХХК-ны шатахуун түгээх станцаас шатахуун авахаар очиж зогссон. Тэр үед тухайн шатахуун түгээх станцад Х.Х хүүхэд болох Ж-ийн хамт мотоциклтой хүрч ирсэн. Тэр үед би Х.Х-д очиж М.Д-ын ямаа нь алга болсон, тэр ямааг бид ченжүүдэд захисан байсан чинь чи тухайн ямааг нядлаад Дөл дэлгүүрийн урд ченжүүдэд арьсыг нь 30000 төгрөгөөр өгнө гэж өгөлгүй яваад өгсөн байна гэж хэлсэн”, Би Х.Х-ыг зодож, цохиогүй. Худлаа цохисон гэж мэдүүлж байна. Хамгаалалтын малгай нүдэндээ нүдний шилтэй байсан. Түүнд би манай ямааг хулгайлсан байна гэхэд миний хоолойг боосон. Ийм том зүйл болно гэж бодоогүй. Х.Х худлаа хэлдэг, хулгай хийдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хохирогч Х.Х-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд“...Тэгээд А мотоциклоос үсэрч буугаад миний хажууд хүрч ирээд шууд миний нүүр, толгой хэсэгт цохиж эхэлсэн. Тэр үед би мотоциклоос унаад буцаад мотоциклоо босгоод зогсож байхад намайг заамдаж авсан. Тэр үед шатахуун түгээх станцын 2 ажилтан та нарын зодолдох газар биш, энд камер байгаа, хол очиж зодолдоорой гэж А бид хоёрыг салгасан. Тэгээд А явах гэж байгаад хар өнгийн цүнхээр дахин зүүн талын хацар орчим нэг удаа цохисон байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ийн “...Тэгээд эхний мотоциклын ард нь сууж байсан нэг залуу нь мотоциклоосоо  буугаад зугтаасан. Мотоцикл барьж байсан залуу цүнхийг гараараа хааж сүүлдээ мотоциклтойгоо баруун хазайж унах шахаад мотоциклоо босгоод тэр эмэгтэйг заамдсан. Тэгээд би “К” харуул хамгаалалтын ажилтан С-ийг дуудаж та нар энд маргалдаж болохгүй гээд бид хоёр тэр хоёр хүнийг салгасан юм” гэх мэдүүлэг, гэрч Е.С-ийн “...Хойноос нь мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөн ирж зогсож хойно нь сууж байсан эмэгтэй бензин авч байсан залуутай маргаж, түүнийг зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Иргэн Х.Х-ын биед тархины доргилттой, зүүн нүдний салстад, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, доод эрүүний завж эрүүг хамаарсан хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын амьсгал саатсан, хамар мурийсан, хамрын яс зүүн талд цөмөрсөн хугарсан зөөлөн эдийн бэртэл, гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Х-ын биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжаар үүссэн болно. Иргэн Х.Х-ын биед үүссэн дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Х.Х-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзлээ.

 Шүүгдэгч С.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А-ас энэ хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 118800 төгрөг гаргуулж хохирогч Х.Х-д олгож, шүүгдэгч М.А-г хохирогч Х.Х-тай харилцахгүй байх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогт М-ийн А-аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-аг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.А-г хохирогч Х.Х-ын оршин суугаа тодорхой газар очихгүй байх, түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.А-гаас 118000 /нэг зуун арван найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Х-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.А-гийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК