| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0160/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/164 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А
шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох 1813002850192 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1975 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс казах, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух хаягтэй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт М овогтой С. РД:СШ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 42-69 БӨТ улсын дугаартай “Кристал” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад 6 настай хүүхэд Б.Аийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.С нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Баян-Өлгий аймгийн Сагсай сум руу явах засмалд 42-69 БӨТ улсын дугаартай “Кристал” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлийг аюул саад бий болохыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авалгүй зам тээврийн осол гаргаж, явган зорчигч 6 настай хүүхэд Б.Аийг мөргөж, түүний тархины битүү гэмтэл, гавлын ясны баруун талд шулуун хугарал, зүүн чамархай ясны ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал зэрэг гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Х.Мгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн амаар гаргасан зөрчлийн талаарх гомдол /хх-ийн 15 дугаар хуудас/.
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “ ... Харин баруун урд талын крыло гол хэсгээрээ хотойлт үүссэн, түүний гол хэсэгт үл ялиг газарт будаг нь халцарсан, будаг халцарсан хэсгийн төмөр нь зэвэрсэн байдалтай байв. Мөн баруун урд талын толины ирмэг хэсэгт зурагдалт үүссэн байв” гэснээр /хх-иин 18-20 дугаар/.
- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаанд “...Тухайн осол гаргасан жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.2-т заасан жолооч хадөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн байна” гэснээр /хх-ийн 26 дугаар хуудас/.
- Насанд хүрээгүй гэрч Х.Кын “...гэртээ сууж байхад эмээ Т надад нэгж аваад ир гэж явуулсан. Тэгээд би гэрээс ганцаараа гараад явж байхад М хашааны гадна талаас Б.А гараад миний араас дагаж явж байгаад машинтай шүргүүлсэн...цагаан өнгийн машин шүргэсэн үед Б.А унасан. Тэгээд шүргэсэн машинаас эмэгтэй хүн бууж ирээд Б.Аийг хүчээр эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлгээр /хх-ийн 33-34 дүгээр хуудас/.
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаартай дүгнэлтээр “Иргэн Б.Аийн биед нэмэлт шинжилгээгээр дух, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан 2 талын нүдний дээд доод зовхинд болон зүүн талын өвдөгний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, дух ясны баруун талд баруун нүдний ухархайн дээд ирмэг, хана дайрсан шугаман хугарал. Тархины баруун дух хэсэгт хугарлын төвшинд цусархаг няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэп байна Гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн, хэрэг учрал болсон хугацаанд учирсан байх боломжтой” гэх /хх-ийн 62-63 дугаар хуудас/.
- Цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасан, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгслийн болон холбогдол бүхий эд юмсыг байрнаасаа хөдөлгөхгүй байх арга хэмжээ авч, аль ойр байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зөрчил тус тус гаргасан байна” гэх /хх-ийн 101 дүгээр хуудас/.
Шүүгдэгч М.Сгийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “..2018 оны 05 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тухайн өдөр Сагсай сум руу гарах зам дагуу байдаг Монрад шатахуун түгээх станцаас наашлаад аймгийн төв рүү өөрийнхөө 69-42 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж байгаад засмал замаар явж байтал хоёр хүүхэд гэнэт зам руу гүйгээд гараад ирсэн. Тэр үед би машинаа зүүн тийш нь дараад зогсоход нөгөө хоёр хүүхдийн нэг нь миний машины жолооч талын баруун талын толинд цохигдох шиг болсон. Би уг засмал зам дээр зогссон байсан. Тэгээд машинаасаа буух үед хоёр хүүхэд замын зүүн талаар дээшээ гүйгээд явж байхаар нь би хойноос нь явган очоод миний машинд дайруулсан хүүхдийг суулгаж аваад шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод, нөгөө хүүхдийг хүлээн авахад үзүүлж тэндхийн бүх эмч нарт үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн. Би эмнэлэг рүү явж байх замдаа цагдаа руу залгаж, хүүхэд шүргэчихлээ гэж дуудлага өгсөн...хүүхэд машинд дайруулахдаа яг хэдэн километрийн хурдтай явж байснаа санахгүй байна. Гэхдээ би машинтай явахдаа аяархан явдаг. Миний бие Б.Аийн эмчилгээний мөнгө гээд 2 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч М.Сгийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мн С /СШ75081501/-ийн нэр дээр Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 1-36 айлын орон сууцны 01 тоотод орших 37 м.кв талбайтай хоёр өрөө Y-0213000738 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 114 дүгээр хуудас/,
-2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:СШ75081501, овог:С, эцэг/эх/-ийн нэр:М, нэр:С, яс үндэс: казах, хүйс:эмэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Дэлүүн, төрсөн огноо:1975/08/15, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Цагаан эрэг, 17 гудамж, 11 тоот, хүчинтэй хугацаа:2020/08/15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115 дугаар хуудас/,
-жолооны үнэмлэхийн дугаар:1079477, ангилал:В, төлөв:хүчинтэй, регистр:СШ75081501, овог:С, эцэг/эх/-ийн нэр:М, нэр:С, төрсөн огноо:1975/08/15, эмэгтэй, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Ах жар, цусны бүлэг:2, жолооч болсон огноо:2016/01/22, үнэмлэх олгосон огноо:2016/01/22, хүчинтэй хугацаа:2026/01/22, тэмдэглэл: ангилал өөрчлөх:Шинээр ангилал авсан, ЖЗБ Оноо:9” гэх жолоочийн лавлагаа /хх-ийн 116 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “М овогтой Сгийн /СШ75081501/ нэр дээр 2131 БӨА улсын дугаартай, Toyota Pruis маркийн, 6942 БӨТ улсын дугаартай, CHRYSLER COUNTRY маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 118 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын “М овогтой С нь СШ75081501 тоот регистрийн дугаартай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт 13-16 тоотод оршин суугч бүртгэлтэй. Даруу төлөв зантай, ард иргэдэд зөв боловсон харьцдаг хүн” гэх тодорхойлолт тодорхойлолт /хх-ийн 118 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.С нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, тохиромжит хурдыг сонгож яваагүйд санаатай, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүүхдийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Аийн мэдүүлэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрэл зураг /хх-ийн 41 дүгээр хуудас/, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 45-55 дугаар хуудас/, эмчийн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Маягийн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 82-93 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Б.Аийн биед үүссэн дух, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан 2 талын нүдний дээд доод зовхинд болон зүүн талын өвдөгний хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, дух ясны баруун талд баруун нүдний ухархайн дээд ирмэг, хана дайрсан шугаман хугарал. Тархины баруун дух хэсэгт хугарлын төвшинд цусархаг няцрал зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т зааснаар “амь насанд аюултай, амь тэнссэн, гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн чадвар алдалтад удаан нөлөөлөх”, 3.1.2-т зааснаар “амь насанд аюултай гэмтэлд гавлын ясны хугарал, чамархайн ясны хугарал” зэргээр хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүнд гэмтэл учирсан, энэхүү гэмтлийн улмаас хойшид хохирогч Б.Аийн тархинд өөрчлөлт орж, сэтгэхгүйд нь нөлөөлөх боломжтой гэж дүгнэн түүний биед хүнд хохирол учирсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Сгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас 2.000.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан, хойшид мөн үлдэц хор уршигтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төлж барагдуулсан /хх-67, 68, 109-110 дугаар хуудас/ байна. Иймд шүүгдэгч М.Сг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Бага насны хүүхдийн тархинд учирсан гэмтлийн улмаас түүний тархи, сэтгэхгүйд өөрчлөлт орох зэргээр үлдэц, хор уршиг хойшид илэрч болзошгүй ба түүнд нь зориулж эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Сгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “эцэг эх 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” тухай үүргийг биелүүлээгүй эцэг эхийн буруутай үйл ажиллагааг шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, хойшид хор уршгийг барагдуулах үүрэгтэй зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Улсын яллагчаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.С хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тухайн зүйл, ангид заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.
Шүүгдэгч М.Сгийн 1079477 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч М.С нь хохирогчид төлөх төлбөргүй тул прокурорын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5/71 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сгийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овогт Мн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Сд тэнссэн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэхүү тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч М.Сгийн 6942 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд гарах шаардлагатай хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сгийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ