Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/154

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.к овогтой Сийн Нд холбогдох 1813003240206 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Ны биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн, 28 настай, эрэгтэй. яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, Баян-Өлгий аймгиин Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол, 805 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэп бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.к овогтой Сийн Н. РД:БК

Шүүгдэгч С.Ны холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хувийн эзэмшлийн байшинд эхнэр Ж.Хыг хоорондоо үүссэн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр Ж.Хтай “өглөө гэрт ирэхэд чи надтай зөв харьцсан бол миний дүү осолд орохгүй байсан” гэж уурлан маргаан үүсгэж, улмаар түүний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа алгадаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу тархины доргилттой, зүүн хацарт, шанаанд цус хуралттай, зүүн түнхний үеээр эмзэглэлтэй гэмтэл учруулсан байна.

 Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие нөхөр болох С Нтай гэр бүл болоод 1 жил болж байна. Бид хоёр ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж байсан удаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр болох С.Н ээлжийн ажилд шатахуун түгээх станц руу гараад явсан. Нөхөр С.Н ажилтай байхад бид хоёр фейсбүүк хаягаар мессежилж байгаад улмаар би өөрийн ээжээс авсан 20000 төгрөгийг буцаж өгөх үү гэж асуусан чинь надад чиний ээж өгсөн 20000 төгрөгөө буцааж авах гэж байгаа юм уу гэж маргалдсан. Тэгээд маргалдсан тул бие биетэйгээ дахиж мессеж бичээгүй. Маргааш нь өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө С.Н гэрт ирсэн бөгөөд тэр үед би маргалдсан тул юу ч дуугараагүй гэрээс гараад яваад буцаж орж ирсэн. Тэр үед С.Н миний цэнэглээд орхисон гар утсаар хэн нэгэн хүнтэй ярьж байсан бөгөөд хүрээд ир, манай дүү осолд орсон юм шиг байна. Урдаас нь гаръя гэж хэлсэн. Тэгээд би юу ч ярилгүй юм хийгээд явж байсан чинь С.Н надад чи өглөөнөөс хойш юундаа уурлаад байгаа юм вэ, чиний ингэж уурлаад байгаагаас болж миний дүү Улаанхус сумаас ирж байгаад осолд орсон байна гэж гэнэт уурлаад зүүн талын шанаа орчим гараараа нэг удаа цохиж, шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний зүүн талын шанаа хэсэг хавдсан. ...Би тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь миний тархи хөдөлсөн гэсэн тул эмчилгээ хийлгэсэн. Одоо миний бие зүгээр байгаа. Тэр өдөр орой нь С.Н хүрч ирээд надаас уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн боловч надад шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан юм. Би уг нь ийм том асуудал болно гэж бодоогүй. Эхнээс нь айлгаж авах санаатай байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж надаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-21 дүгээр хуудас/.

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хын “2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 дугаартай шинжээчийн “Иргэн Ж.Хын биед тархины доргилттой, зүүн хацарт, шанаанд цус хуралттай, зүүн түнхний үеээр эмзэглэлтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн, гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/.

Шүүгдэгч   С.Ны  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний   бие  эхнэр  Ж.Хтай   2017  оны  11 дүгээр сард  гэр  бүл  болсон  бөгөөд  түүнээс  хойш  ямар  нэгэн  таарамжгүй  байдал үүсгэхгүй, хувьдаа   6   өрөө  байшин   худалдан   авч   амьдарч   байсан.   Би   өөрөө   МТ шатахуун түгээх станцад түгээгч ажилтай бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би ажил дээр сууж байгаад фейсбүүк хаягаар эхнэр Хтай мессеж бичээд сууж байхад надад Ж.Хаас “Ээжээс авсан 20000 төгрөгийг өгөх үү гэсэн мессеж ирсэн. Тэр үед би чиний ээж тэр 20000 төгрөгийг зүгээр өгөөгүй юм уу гэж улмаар мессежээр маргалдаад дахиж мессеж бичээгүй.  Маргааш нь би өглөө 09 цаг өнгөрөөгөөд гэрт очсон. Гэрт очсон чинь эхнэр Ж.Х надад үг дуугарахгүй байсан бөгөөд би Ж.Хд “за намайг уучлаарай” гэхэд юу ч хэлэлгүй яваад байсан. Тэгээд гараад явсан. Тэр үед миний эгч залгаад дүү чинь Улаанхусын замд осолд орсон байна гэж хэлсэн. Тэр үед би цэнэглэж тавьсан Хын утсаар найз болох Хайсар гэх залуу руу залгаад хүрээд ирээч Улаанхус тийшээ явчхаад ирье гэж хэлээд утсаа таслаад байж байхад эхнэр Х гаднаас орж ирсэн. Хд дүү осолд орсон юм шиг байна гэж хэлсэн чинь бас л юу ч дуугарсангүй. Тэгээд би уурлаад чи ямар учраас дуугардаггүй юм вэ гэж зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа алгадаж, улмаар толгой руу нь нэг удаа цохисон...Тэгээд би гэрт ороод эхнэр Хыг дахиж уучлаарай гэж  хэлсэн.   Гэвч  Х  уурлаад  ээжийгээ  дуудаад  улмаар  ээж нь цагдаад гомдол гарагсан. Тэр   өдөр орой нь дахиж уучлалт гуйсан. Би эхнэр Ж.Хаас 4-5 удаа уучлалт гуйгаад эвлэрсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Хэргийг  минь  түргэн  хугацаанд  шийдвэрлэж өгнө  үү.  Миний  би дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч С.Ны хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгосон “РД:БК90122015, овог: Б.к, эцэг/эх/-ийн нэр: С, нэр:Н, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:83,34, төрсөн огноо:1990-12-20, хаяг:Баян-Өлгий, Улаанхус 4-р баг, Согоог, хүчинтэй хугацаа:2035-12-20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,

- шүүгдэгч С.Н нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- БК90122015 регистрийн дугаартай Б.к овогтой Сийн Н нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол, 6 гудамж 12 тоотод оршин суудаг гэх иргэдэд үйлчлэх автомашины лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч С овогтой Н нь /БК90122015/ тоот регистрийн дугаартай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. С.Н нь МТ ШТС түгээгчээр ажилладаг. Эхнэр Ж.Х ажилгүй, өрхийн сарын орлого 130.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “YO0211000124 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4-р баг, Согоог гэх газар байршилтай, 100 м.кв талбайтай, 7 хүний өмчийн хувийн сууц, YO213004095 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол гэх газар байршилтай, 120 м.кв талбайтай 1 хүний өмчлөлийн хувийн сууц, Г0213007065 YO213004095 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол Буянтай Өлгий-8 гудамж, 805 тоотод байршилтай, 493 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний 1 хүний өмчлөлийн газартай” гэх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.Ны 0.00 % промиллийн согтолттой байсныг тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 25 минутад шалгасан согтуурлын хэмжэг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Хын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 439 дугаартай  дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Ны дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба  хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ж.Х нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Ныг нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000, дараагийн сард нь 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Нд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэр, гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.к овогт Сийн Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 200.000 төгрөг, дараагийн сард нь 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ны эрүүл мэндийн дэвтэр, гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЗЖАРГАЛ