Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/02790 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц ын

 

Хариуцагч яаманд холбогдуулан гаргасан

 

2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,557,653 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

а. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,557,653 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах,

б. Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус тушаалыг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10000000000000000000 дугаар шийдвэрээр Ц ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир цалин гаргуулах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0000000000000, 2018 оны 000000000000000, 2019 оны 00000000000000000, 2021 оны 1000000000000004 дугаар шийдвэрүүдийг хариуцагч одоог хүртэл биелүүлээгүй, албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа.

в. Архангай аймгийн Засаг дарга болон Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тохиролцож, тус яамны сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/385 тоот тушаалаар Ц ыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн Ц нь одоо Засаг даргын тамгын газарт ажиллаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагч нь миний цалин хөлсийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа хийгдэж байгаа учир хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрийн дагуу Ц нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэгтгэн олгодог журмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлэн, үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж дурдсан тул Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,557,653 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсэхгүй. Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар ажилтан эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргаагүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохоор зохицуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн /1999 он/ тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,557,653 төгрөг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх тухай Ц ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,072 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай

Нэхэмжлэгч, хариуцагчид хандан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтдээ ... мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 06 сарын 05-ны өдрөөс намайг Архангай аймагт ажилд томилсон 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговор 5,557,653 төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлж, холбогдох бичилт хийхийг шийдвэрлэж өгнө үү гэж хүссэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн уг хүсэлтийг Байгал орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө шийдвэрлэж хариу өгөх, эсхүл өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тухай мэдэгдэх ёстой. Өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллага эсхүл шүүхэд хандах эрхтэй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх Төрийн захиргааны төв байгууллага болон Байгал орчин, аялал жуулчлалын сайдад өргөдөл, гомдол гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг шууд тоолсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг хариуцагч хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц , хариуцагч яаманд холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,557,653 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц ын урьд эрхэлж байсан Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0856 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх 14-31/

4. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхээр нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00000000000000 дугаар шийдвэрээр хариуцагч яамнаас нэхэмжлэгч Ц ын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн олговорт 30,121,107 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 5-12, 101-102/

5. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Ц ыг Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон байна. Хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10000000000000000000 дугаар шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалын дагуу тус аймгийн Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. /хх 103-104/

6. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гарснаас хойш 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. /хх 5-12/

а. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргахаар хуульчилсан ба нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэх шалтгаангүй, нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

б. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн нь гомдол гаргагч өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан үеэс эхлэн 3 сарын дотор эрх зөрчигдсөн асуудлаа шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд шууд хандан гомдлоо гаргах боломжит хугацаа юм. Энэ хугацаа нь хариуцагчид гомдол гаргасан эсэхээс үл хамааран тоологдоно.

в. Нэхэмжлэгч хуульд заасан 3 сарын хугацааны дотор хариуцагчид өргөдөл гаргах эрхтэй боловч хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрч олговрыг нөхөн олгохоор хугацаа тогтоосон, хэсэгчлэн олговор олгосноос бусад тохиолдолд уг хугацааг тоолоход нэхэмжлэгчийн хариуцагчид өргөдөл гаргасан, өргөдлийн хариуг авсан, авах ёстой байсан эсэх хугацаагаар гомдол гаргах хугацааг шинээр тоолохгүй.

7. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 01, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулахаар хариуцагчид өргөдөл гаргаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар өргөдлийн хариуг өгөх ёстой байсан хугацаа буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдоно гэх гомдол үндэслэлгүй. /хх 95-96/

а. Хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг бус эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/02790 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,072 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ