Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/156

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

нарийн бичгийн дарга К.Е,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.ж овогтой Дийн Бад холбогдох 1813002940201 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Бын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 22 дугаар гудамж, 4 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Н.ж овогтой Дийн Б, регистрийн дугаар БВ************

Шүүгдэгч Д.Бын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн З.Жд Монгол Улсын хилээр барагшун гаргах тусгай зөвшөөрөл гаргуулан өгнө гэж хуурч мэхлэн түүний итгэлийг урвуулан ашиглаж, 10500000 төгрөгийг өөрийн эхнэр Ш.Егийн ХААН банк дахь 5197116015 дугаартай данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн З.Жд “Монгол Улсын хилээр барагшун гаргах тусгай зөвшөөрөл гаргуулан өгнө” гэж хуурч мэхлэн, 10500000 төгрөгийг өөрийн эхнэр Ш.Егийн ХААН банк дахь 5197116015 дугаартай данс руу шилжүүлэн авч хувьдаа ашигласан байна.

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Хохирогч З.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод иргэн Баттулга гэх хүнтэй уулзаж хилээр барагшун гаргах тусгай зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж байх үед Д.Б иргэн Бын найз болох Г гэх хүнтэй хамт явж байсан үед анх танилцаж байсан. Тэгээд би Бтай хамт тусгай зөвшөөрөл авах гэж яваад тусгай зөвшөөрөл авч чадахгүй байсан. 2018 оны 06 дугаар сард байх иргэн Д.Б надтай утсаар ярьж чиний тусгай зөвшөөрөл болсон уу, бүтээгүй бол би бүтээж чадах юм байна, чи материалаа надад өг, би Монгол улсын сангийн сайд Хын төрсөн ах болох Г гэгчид өгч тусгай зөвшөөрөл гаргаж өгөх болно. Тусгай зөвшөөрөл 20 сая төгрөг гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд би иргэн Бын үгэнд итгэж урьдчилгаа болох 10 сая төгрөгийг иргэн Бын эхнэр Еийн 5197116015 тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. ...Б өөрөө миний тусгай зөвшөөрөл авах гэж явж байгааг мэдэж над руу өөрөө залгаж би гаргаж өгөх болно гэж холбогдсон. Чиний материал боломжтой юм байна, би Улаанбаатар хот руу очиж таньдаг хүнтэй уулзаж мөнгийг өгөх шаардлагатай байна гэж хэлсэн тул би Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу ирэх зардал болох 500000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Бын эхнэрийн 5197116015 тоот данс руу шилжүүлэн өгсөн болно. Хэргийн улмаас надад 10500000 төгрөгийн хохирол учирсаныг Д.Б миний 5107041882 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-47 дугаар хуудас/.

- Гэрч Ч.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Б 2018 оны 06 дугаар сард “Ирээдүйн заан” ХХК-ны нэр дээр Монгол улсын хилээр барагшун гаргах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул нэг сараар хугацааг нь сунгаж өгч туслаач гэж ирж уулзаж байсан. Утсаар ярьж байсан, мессеж бичиж байсан. Би тухайн үед БОЯ-д манай найз Батсансар гэх залуу ажилладаг болохоор хэлээд өгч болно гэсэн чинь Д.Б хугацаа сунгуулах материалаа яаманд өгчихсөн байгаа гэсэн. ...Д.Б надад ажил хөөцөлдөж өгөх юм чинь мөнгө өгье, та шийдүүлээд өгөөч гэхээр нь би дургүйцээд найздаа ч хэлээгүй ажлыг нь хөөцөлдөж өгөөгүй. Д.Баас холбоогоо тасалсан. 20 сая төгрөг өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/.

- Хохирогч  З.Жийн  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-19 дүгээр хуудас/.

- Ш.Егийн Хаан банкин дахь 5197116015 дугаартай дансанд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 06 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийн орлого 5107041882 дугаартай данснаас орсоныг харуулсан дансны хуулга /хх-ийн 25 дугаар хуудас/.

- Зын Жийн Хаан банкин дахь 5107041882  дугаартай данснаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрег, 06 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийн орлого 5197116015 дугаартай дансанд орсоныг харуулсан дансны хуулга /хх-ийн 36, 38 дугаар хуудас/.

- Ш.Егийн Хаан банкин дахь 5197116015 дугаартай данснаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 7.000.000 нийт 10.000.000 төгрөг 5107041882 дугаартай З.Жийн дансанд орсоныг харуулсан дансны хуулга /хх-ийн 40 дүгээр хуудас/.

- Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн танил болох иргэн Гантулга гэх хүнд иргэн З.Жийн гаргасан саналыг танилцуулсан. Тэр үед иргэн Г надад З.Жийн нэг компанид барагшун гаргах тусгай зөвшөөрөл хөөцөлдөж үзье гэж хэлсэн. Тэгээд би З.Жийн урьдчилгаанд өгсөн 10 сая төгрөгийг хөөцөлдөж өгсөний төлөө өөртөө ашигласан. Би уг 10 сая төгрөгийг хэн нэгэн хүнд өгөөгүй хувьдаа ашигласан.  Би Жид 10 сая төгрөгийг Гд өгсөн гэж хэлсэн юм. Би хувьдаа ашигласан талаар хэлээгүй. Хохирлыг төлж барагдуулсан, гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрч  байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 57-58 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн оршин суугч Д овогтой Б БВ85083018 тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Б нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, багаас зохин байгуулсан олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцдог” гэх тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/.

- шүүгдэгч Д.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Д овогтой Б /БВ85083018/ нь Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 243 м.кв талбайтай хоёр давхар хувийн сууц болон Өлгий сумын 4 дүгээр баг, “Их булан” 17-3 тоотод байршилтай 180 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 65 дугаар хуудас/.

- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БВ85083018, овог: Н.ж, эцэг/эх/-ийн нэр:Д, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Сагсай, төрсөн огноо:1985/08/30, хаяг:Баян-Өлгий, Баяннуур, 4-р баг, Шар цэхээ, хүчинтэй хугацаа:2030/08/30, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчоос бусдад шан харамж өгч, өөрт давуу байдал бий болгон барагшуун хилээр гаргах зөвшөөрлийг олж авах гэсэн хууль бус санаа зорилго, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл зэрэг нөлөөлсөн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн З.Жд Монгол Улсын хилээр барагшун гаргах тусгай зөвшөөрөл гаргуулан өгнө гэж хуурч мэхлэн, 10500000 төгрөгийг өөрийн эхнэр нь Ш.Егийн ХААН банк дахь 5197116015 дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогчид 10500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.

Хавтаст хэргээс үзвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нөхцөл байдалгүй, харин хуурч мэхэлсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Бын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч З.Жид учирсан 10500000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тэрээр төлж барагдуулсан байх тул  шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 300000, дараагийн сард нь 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдсэнийг шүүх “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Д.Бад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.ж овогтой Дийн Быг “Бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 300000 төгрөг, дараагийн сард нь 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бын гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.АЗЖАРГАЛ