Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2022/00111

 

 “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Тд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/01206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Тд холбогдох,

“Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11.270.933,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц /цахим/, З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ө, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн О овогтой Т нь К банктай 2020 оны 01-р сарын 13-ны өдөр №3052-2020/008 тоот зээлийн гэрээ, №3052-2020/008-1 зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хугацааг сунгах нэмэлт гэрээ, №3052-2020/008-2 Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг тус тус байгуулан 12,000,000.00 (Арван хоёр сая) төгрөгийн зээлийг, жилийн 25.2 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Тус зээлд №3052-2020/008-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, №3052- 2020/008-2 Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлийн Ү-2201009727 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2101007919 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч О.Т нь 2021/09/19-ний өдрөөс эхлэн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг. Гэвч, зээлдэгч гэрээгээр хүлээсэн, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй, гаргасан зөрчлөө арилгахгүй хэвээр байгаа болно. Иймд зээлийн гэрээний 10.2.1, 10.2.6, 10.2.9-д зааснаар талуудын хооронд байгуулсан №3052-2020/008 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 8,997,488.41 /найман сая есөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян найман төгрөг 41 мөнгө/төгрөг; зээлийн үндсэн хүү 2,217,676.26 /хоёр сая хоёр зуун арван долоон мянга зургаан зуун далан зургаан төгрөг 26 мөнгө/ төгрөг; нэмэгдүүлсэн хүү: 55,768.92 /тавин таван мянга долоон зуун жаран найман төгрөг 92 мөнгө/ төгрөг; нийт 11,270,933.59 /арван нэгэн сая хоёр зуун далан мянга есөн зуун гучин гурван төгрөг 59 мөнгө/ төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,284.94 /нэг зуун ерэн таван мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг 94 мөнгө/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар дурдаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч О.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн О.Т миний бие К банкны нэхэмжлэлтэй №3052-2020\008 тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 11.270.933 төгрөг болон Улсын тэмдэгтийн хураамж 195.284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч О.Т миний бие хөгшин Б.Чын хамт бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус банкнаас 12 сая төгрөгийг 30 сарын хугацаатай өрхийн үйлдвэрлэлийн зээл авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл Ковид гарч худалдаа хийж чадахгүй болсон мөн хөгшин маань 2021 оны 04 дүгээр сарын 16-нд насан өөд болж 2021 оны 09 сараас хойш төлбөрийг төлж чадаагүй учир нь ханиа алдсанаас хойш миний бие өвдөж удаан хугацаагаар эмчлүүлэх болж, бэлэн хувцасны худалдаагаа эрхэлж чадахгүй болсон. Энэ талаараа эдийн засагч Шатарбалд мэдэгдэж зээлийн гэрээг цуцлаж өгөхийг хүсч байсан, гэтэл Зээлийн гэрээний барьцаа нь нас барагчийн нэр дээр байгаа гэх шалтгаанаар гэрээг цуцлахгүй өдий хүрсэн. Зээлдэгч О.Т миний бие зээлийн төлбөрт 7.463.560 төгрөг төлсөн. Гэтэл төлсөн зээлийн төлбөрөөс сар бүр нэмэгдүүлсэн хүү тооцсонд гомдолтой байна. Зээлийн дансны хуулгаас бодоход нэмэгдүүлсэн хүүд 12.614 бодож авсан байна. Энэ 12.614 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож өгнө үү. Мөн би хүндэтгэн үзэх олон шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг тухай бүр хийж чадахгүй болсон төдийгүй хамтран зээлдэгч маань нас барж, бэлэн хувцасны худалдаа зогссон талаар удаа дараа мэдэгдсээр байтал нэхэмжлэгч тал болох банк зээлийн гэрээний 7.1.5.-т заасан үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүүд нэхэмжилсэн 2.217.676, нэмэгдүүлсэн хүүд тооцож нэхэмжилсэн 55.768 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээл 8.997.488 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан 12.614 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Мөн гэрээний 11 дүгээр зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл буюу Ковидын улмаас зээлийг зориулалтаар нь ашиглаж үйл ажиллагаа эрхлэх боломж олдоогүй үүнтэй холбогдуулан үүрэг биелүүлэхийг хойшлуулах болох хүүгийн төлбөрийг багасгах хүсэлтийг өгч байсан энэхүү хүсэлтүүдийг хангаж ажиллаагүй учир шүүхээс зээлийн хүү багасгаж тооцох арга хэмжээг хуульд заасны дагуу хэрэглэж хариуцагч миний төлөх төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2., 3.1.7.-д заасан зээл олгосны шимтгэлийг зээлийн төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/01206 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 224 дугаар зүйлийн 224.2.3, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан К банкХХК, хариуцагч О.Т, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3052-2020/008 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, О.Тээс үндсэн зээл 8,997,488.41 төгрөг; зээлийн үндсэн хүү 1,417,676.26 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 55,768.92 төгрөг; нийт 10,470,933.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банкХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Т нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох О.Тийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201009727 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг Дэнжийн саруул 8 дугаар гудамж 814 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2101007919 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар К банкХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,284 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, О.Тээс улсын тэмдэгтийн хураамж 182,484 төгрөг гаргуулж К банкХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Нэхэмжлэгч “К банк” ХК-ийн Эрдэнэт салбар /РД:2677377, Хаяг: Орхон аймаг, Хүрэнбулаг баг, Амарын гудамж/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О Т /РД: ..........., Хаяг: О аймаг, БӨ сум, 7-р баг, Д з д, .... гудамж ....... тоот / -д холбогдох иргэний хэргийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2022/0..... тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч К банк ХК-иас дор дурдсан давж заалдах гомдлыг хүргүүлж байна. Үүнд:

  1. Анхан шатны шүүхийн үндэслэл:

Тус шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 224 дугаар зүйлийн 224.2.3,225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.3,451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан К банк ХК, хариуцагч О.Т, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3052-2020/008, 3052-2020/008-1, 3052-2020/008-2 тоот зээлийн гэрээ, нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, О.Тээс үндсэн зээл 8,997,448.4 , зээлийн үндсэн хүү 1,417,676,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,768.92 төгрөг, нийт 10,470,933.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс, Анхан шатны шүүхээс, К банк ХК-иас хариуцагийг зээлийн гэрээг зөрчсөнийг мэдссээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү нэхэмжлэх зарим хэсгийг хугацааны эрхээ алдсан гэж үзэж нэхэмжилсэн үнийн дүнгээс 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 223.2 “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. ”, 224.2.3 “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах байсан болно.

2. Талуудын хооронд үүссэн харилцаа болон шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байдаг. Тус хуулийн 453 дугаар зүйлд зээлдэгч ямар хариуцлага үүрэх талаар тодорхой дурдсан байдаг ба хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийн талаар зохицуулсан. Иргэний хуулийн 453.1-ийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд төлөхийг хэлнэ” мөн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ” гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-д “Банк, зээлийи үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд энэхүү харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль байдаг. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Зээлийн хүүг зээлийг аьиигласан хугацаагаар тооцно”, 21.2 “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байх бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхээс үл шалтгаалан зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд хүү төлөхөөр зээлдэгчид үүрэг хүлээлгэсэн. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа тухайн төрлийн үүргийн харилцааг нарийвчлан тодорхойлсон Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийг хэрэглээгүй, 224 дүгээр зүйл буюу хохирлын үүргийн эрх зүйг хэрэглэсэн нь буруу байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан хэдий ч шууд үндсэн үүргийн эрх зүй дэх хүүгийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтын дагуу үүргийн гүйцэтгэлийн хугацааг удаашруулах гэсэн ойлголт нь харин үүрэг гүйцэтгүүлэгчийн оролцоо шаардлагатай байсан үйлдлийг хийгээгүйн улмаас хугацаа удааширах гэсэн хэлбэрээр илэрдэг. Энэхүү зохицуулалт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс болж үүргийн гүйцэтгэл гүйцэтгэх боломжгүй болсон, аль эсхүл удааширсан байдлыг харгалзан үзэж, үүрэг гүйцэтгэгчийн энэ талаарх хариуцлагаас чөлөөлөх буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас үүдэн үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх нөхцөл байдлаас үүрэг гүйцэтгэгчийг хамгаалах зорилготой байдаг. Гэтэл, Анхан шатны шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хэрэгжүүлээгүйг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй хамааруулж үзсэн нь үндэслэлгүй. Энэхүү тохиолдолд хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буруутай бөгөөд үүнд нэхэмжлэгчйг гэрээг цуцлах ёстой байсан гэх үйлдлээс болж хариуцагч гэрээний үүргээ зөрчөөгүй Нэхэмжлэгч гэрээг цуцлахын тулд хариуцагч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байх шаардлагатай ба нэхэмжлэгчид гэрээ цуцлах, шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх эрх бүрдсэн үед аль хэдийн үүргийн гүйцэтгэлийн хугацаа хоцорсон байсан. Нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд хандах эрхээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн дотор хэдийд ч гаргах эрхтэй бөгөөд энэхүү боломжит хугацааны дотор эдэлсэн байхад үүдэн аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн шүүхэд хандах, гэрээний талаар аливаа шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхийг ямар үндэслэлээр хариуцагчийг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үйлдэл гэж үзсэн талаараа шүүх тайлбарлаагүй, шийдвэртээ дурдаагүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандан эрхээ хамгаалуулах, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах зэрэг нь нэхэмлэгчид олгогдсон эрх бөгөөд эрхийг үүрэгжүүлэн ойлгох боломжгүй юм.

4. Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой үйлдэл хийсэн ч үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй тухайд:

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэлгүй, хугацаа хэтрүүлсэн үйлдлээ цар тахлын улмаас үйл ажиллагаа эрхлээгүй, мөн хамтран хариуцагч Б.Ч нь нас барсан зэрэг үндэслэлээр тайлбарладаг. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгч энэ талаар аливаа үйлдэл хийж хэрэгжүүлсэн хэдий ч дээр дурдсан зээлдэгчийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн оролцоо бүхий үйлдлийг хийснээр үүргийн гүйцэтгэл хангагдах үр дүнд хүрэх боломжгүй юм. Нэхэмжлэгч эрт нэхэмжлэл гаргаснаар зээлийн өр төлбөр түргэн хугацаанд төлөгдөх боломжтой талаар шүүхэд аливаа нотлох баримт, үндэслэл байхгүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн өмчлөгч нас барсан, өвлөгч тодорхойлогдоогүй байх үеэр шүүхэд хандсан тохиолдолд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч тодорхойгүй, Б.Ч нас барснаар түүний хөрөнгийг өвлөгч тодорхойлогдон, өвлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд аливаа этгээд бусдад шилжүүлэх эрхгүй байдаг бөгөөд тус зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч нь 2022.07.17-нд тодорхойлогдсоны дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэдийд ч нэхэмжлэл гаргасан, өвлөгч тодорхойлогдсоны дараагаар барьцаа хөрөнгөтэй холбоотой барьцаалуулагчийн эрхээ эдлэх боломжтой байсныг шүүхээс харгалзан үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлага гагцхүү зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр авах бус мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хамтатган гаргасан байсан болно.

5. Хариуцагч маргааны үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч О.Т нь Ковид-19 цар тахлын улмаас худалдааны үйл ажиллагаа явуулж чадаагүй, хамтран хариуцагч Б.Ч нь нас барсан талаар нэхэмжлэгч тал маргадаггүй байдлыг харгалзан үзсэн талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайд энэхүү үйл баримтын тухайд маргах боломжгүй. Харин энэхүү үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох эсэх талаар нэхэмжлэгчээс маргаантай эсэх талаар шүүхээс аливаа хэлбэрээр тодруулаагүй. Мөн хариуцагчийн зүгээс гэрээ цуцалж өгөхийг удаа дараа банкнаас хүссэн гэх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд авагдаагүйг мөн анхаарах нь зүйтэй. Зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлах нөхцлийг тодорхойлсон гэрээний 10.2 дах заалт нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул гэрээ цуцлах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зөвхөн түүний удаа, дараа гэрээ цуцлах талаар хандсан гэх тайлбараа хариуцагч нотлох баримтаар нотлоогүй болно. Мөн хариуцагчийн зүгээс цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлах хэдий ч давагдашгүй хүчин зүйлс үүссэн гэдгийг гагцхүү Худалдаа, аж үйлдвэрийн танхимын баталгаагаар нотолдог бөгөөд тус баталгаа нь хэргийн материалд авагдаагүйг дурдах нь зүйтэй.

6. Давж заалдах гомдлын шаардлагын тухайд:

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ч овогтой Ө ээж болох О.Тийг төлөөлж оролцож байгаа. Анхан шатны шүүх хурлаар ороод “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Этай уулзаж, яах вэ гэж ярилцаад хэлсэн ёсоор нь “К банк” ХХК-д өргөдөл гаргаж байгаа байдлаа тайлбарласан. Худал хэлсэн удаа нэг ч байхгүй. Анхан шатны шүүх хурлаар 800.000 төгрөгийг хасахад буруутгаж татгалзаагүй. Бас би ажлын газар болох аймгийн цаг уур орчны шинжилгээний газраас цалин 50 хувь өгч байгаа бичгээ шүүхийн бичигтэй өгсөн. Ээж тэтгэвэр 50 хувь болох 250.000 төгрөгийг өгнө. Нэг хэсэг ингэж төлж байгаад аль болох хурдан хугацаанд төлнө гэж өөрт болсон байдлаа тайлбарлаж уулзсан. Хурлаар ороод хариу хэлнэ гэж хэлээд өөрсдөө алга болсон. 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс залгаад “К банк” ХХК давж заалдсан байна гэсэн. Томоос том байгууллага хууль дүрмээ мэддэг хүмүүс хүнд байдалд байгаа иргэн намайг буруутай гэх юм. Хууль дүрмээ баримталдаг хүмүүс цаг тухайн үед нь шүүхэд өгөхгүй яасан юм бэ. Учраа мэдэхгүй яваа надад хүнд байдал дээр нь хүнд байдалд учруулах шаардлага байна уу. Миний ээж энэ зээлийг төлөхгүй гэж аваагүй, төлнө гэж авсан. Дэлхий нийтээр хүнд байдал 2 жил үргэлжилж 30 гаруй жил хамт байсан нөхрөө алдчихлаа. Өөрөө ч өвдөж төлөх чадвар муу байна. Гэхдээ төлөхгүй гэж хэлээгүй. Би ээжтэйгээ хамт бага багаар төлнө. Боломж ийм байна. Миний ээжид 1 биш 2 биш 3 асуудал гарсан. Энэ асуудлыг харгалзан үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч О.Тд холбогдуулан  зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11.270.933.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан “К банк” ХХК, хариуцагч О.Т, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3052-2020/008 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч О.Тээс үндсэн зээл 8.997.488,41 төгрөг, зээлийн хүүд 1.417.676,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд  55.768,92 төгрөг нийт 10.470.933,59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн Орхон салбараас хариуцагч  О.Т, Б.Ч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар  жилийн 25.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан авчээ.

 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг тус тус байгуулжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан зээлийн болон барьцааны харилцаа үүссэн ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч О.Т, үндсэн зээл 8.997.488,41 төгрөг, зээлийн хүүнд 2.217.676.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 55.768,92 төгрөг нийт 11.270.933,59 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүхийн  “...хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэн нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 800.000 төгрөгийг хасч шийдвэрлэв...” гэсэн нь үндэслэлгүй ба 800.000 төгрөгийг яаж тооцож хасч байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 23.750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/01206 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 224 дугаар зүйлийн 224.2.3, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан К банкХХК, хариуцагч О.Т, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3052-2020/008 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, О.Тээс үндсэн зээл 8.997.488,41 төгрөг; зээлийн үндсэн хүү 1.417.676,26 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 55.768.92 төгрөг; нийт 10.470.933,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 225 дугаар зүйлийн 225.1., 242 дугаар зүйлийн 242.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар “К банк” ХХК, хариуцагч О.Т, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3052-2020/008 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч О.Тээс үндсэн зээл 8.997.488,41 төгрөг, зээлийн хүү 2.217.676,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55.768,92 төгрөг; нийт 11.270.933,59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгосугай...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “К банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.284 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, О.Тээс улсын тэмдэгтийн хураамж 182.484 төгрөг гаргуулж “К банк” ХХК-д олгосугай ...”  гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “К банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.284 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Тээс улсын тэмдэгтийн хураамж 195.284 төгрөг гаргуулж “К банк” ХХК-д олгосугай ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 23.750 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.У

ШҮҮГЧ                                                                            Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.Б