| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 181/2021/02919/И |
| Дугаар | 210/МА2023/00343 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2023/00343
|
|
|
Б.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02800 дугаар шийдвэртэй Б.А-ийн нэхэмжлэлтэй, М-д холбогдох, гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ерөнхий менежерийн ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн М-д хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй үнэнч шударгаар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сараас эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө дуусган ажилдаа орохоор ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн. Намайг ажилдаа эргэж орохоор мэдэгдэхэд надад гүйцэтгэх захирлын орон тоо байхгүй болсон гэж хэлсэн боловч гүйцэтгэх захирлын орон тоо хасагдаагүй, ерөнхий менежер болж өөрчлөгдсөн талаар гэрч мэдүүлсэн. Миний гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй зөвхөн, цалин хөлсийг бууруулж багасгасан нь хууль бус байна. Ажил олгогчид урьдчилан мэдэгдэж ажлын байрандаа очсон боловч ажилтнууд ажилдаа орж байгааг мэдээгүй, бэлтгээгүй гэх шалтгаанаар өнөөдөртөө явж бай эргээд холбогдоё гэсэн. Уг өдрөөс хойш миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Гүйцэтгэх захирлын орон тоо хасагдсан тухай надад огт мэдэгдээгүйгээр еренхий менежерээр ажил гэх шаардлага тавих боловч, хэдэн төгрөгийн цалин хөлсөөр ажиллах талаар мэдэгдээгүй. Мөн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг өгөөгүй, одоог хүртэл ажил хийлгэхгүй, ямар нэгэн тушаал, шийдвэр гардуулж өгөхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг ерөнхий менежер гэж өөрчилсөн. Хариуцагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, энэ тухай баримтыг ажил олгогч үйлдээгүй бөгөөд хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн хуулийн /1999 оны/ 106 дугаар зүйлийн 106.2 дэх хэсэгт хүүхэд асрах чөлөө нь дууссан ажилтан өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр албан тушаал санал болгоно гэж заасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ерөнхий менежерийн ажлын байрны орон тоог гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дээрх албан тушаалд ажиллах тухай саналыг нэхэмжлэгчид 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим шуудангаар илгээсэн. Нэхэмжлэгч саналыг хүлээж аваад цаашид уг асуудлаар хууль зүйн туслалцаа авч байгаа хуулийн фирмтэй холбогдоно уу гэх хариу ирүүлж ажил олгогчтой холбоогоо тасалсан. 2021 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ажлын байрны саналыг хүлээж аваагүй. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг одоог хүртэл цуцлаагүй. Ажил олгогч хүлээсэн үүргийнхээ дагуу ажилтны ажлын байрыг хадгалсаар байгаа мөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр ирсэн. Ажилтныг ажлаас халсан үйл баримт байхгүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байхад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хийж байсан. Энэ талаар гэрч н.О мэдүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх нотлох баримт байхгүй байхад намайг ажил хийлгээгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж тайлбарласан. Ажил үүргээ гүйцэтгээгүй, санал болгосон ажлын байрнаас татгалзсан атлаа 15 сарын цалин буюу 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан хууль бусаар ажлаас халагдсан тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Ямар ажил олгогчийн шийдвэрийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсан эсвэл өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр гараагүй байхад шүүхэд хандсан. 2021 оноос эхлэн нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 36 дугаар зүйлийн 36.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М-д нэхэмжлэгч Б.А-г Ерөнхий менежерийн ажлын байранд ажиллуулахыг даалгаж, хариуцагч М-иас 27,441,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн М-ын гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар М-иас 365,359 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн шүүхийн шийдвэр ойлгомжгүй, давхар утга санаа агуулсан байна. Ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаал гаргаагүй. Мөн ажлын байр санал болгосон, хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 09 сар хүртэл ажил олгогч төлсөн баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгч талыг илүү хамгаалах байр суурь баримталсан. Энэ нь хөтлөн асуух, зөвөлгөө өгөх байдлаар илэрсэн. Хариуцагч талаас энэ талаар шүүгчид сануулсан. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал Т ХХК-д ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон байхад шүүх уг хугацааны цалин хөлсийг авч чадаагүй хохирсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Өмнөх ажил олгогчтой хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох үр дагавар бий болсон. Шүүх энэ талаар бодитой дүгнээгүй. Иймд ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг давхардуулан шаардах эрхгүй. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн ажлаас олгогчоос шилжүүлсэн ажилд ажиллахгүй гэх байдлаар мэтгэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь ажлаас буруу шилжүүлсэн тохиолдолд дордуулсан цалингийн зөрүүг нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хариуцагч байгууллагын ажилтан хэвээр байгаа, өөрөө ажилдаа ирээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилд орох хүсэлт гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гүйцэтгэх захирлын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодорхойлсон байхад шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийг ерөнхий менежерийн ажлын байранд ажилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 27,441,840 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ямар ажлаас үндэслэлгүй халагдсан, яг хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодруулахгүй ажилд авах шаардлага гаргаагүй байхад гаргасан мэтээр шийдвэрлэсэн нь буруу. Мөн гүйцэтгэх захирал банкны данс хамтран удирдах эрхтэй бөгөөд энэ эрхийг ерөнхий менежерт олгоогүй байна гэж дүгнэжээ. Гэтэл энэ тухай зохигчид дурьдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтны эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны тэнцэх олговор олгох хууль зүйн үр дагавар гарна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 228 дугаар 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэм хор арилгах үүрэг бүхий этгээд гэж тодорхойлж нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчид 27,441,880 төгрөгийг нөхөн олговрыг олгуулахыг шийдвэрлэхдээ хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжид 365,359 төгрөг төлнө гэж буруу тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бид тайлбар гаргах ёстой. Б.А-ийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Хуулийн фирмийн зүгээс Б.А-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн журмаар маргааныг шийдвэрлэх санал явуулсан. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь ажлын байрыг хадгалж байсан гэсэн агуулга биш гэсэн атлаа эвээр зохицуулахаар байсан гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд энэ тухай тайлбарласан. Б.А-г ажил дээрээ очиход гүйцэтгэх захирлын албан тушаал байхгүй, ерөнхий менежерээр ажил гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жилийн дараа ямар цалингаар ажил хийлгэх гэж байгаа талаарх баримтыг шүүхийн журмаар гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа ерөнхий менежерийн албан тушаалд ажиллахаар өөрчилсөн. И-мэйлээр ерөнхий менежерийн ажил санал болгож байгаа тухай мэдэгдсэн боловч ажлын байрны тодорхойлолт, цалингийн талаарх мэдээлэл явуулаагүй. Тухайн үед хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай холбогдоход шинээр санал болгож байгаа ажлыг хүлээн ав гэж тулгаж шаардсан. Хүлээн авсаны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн.ТХХК-д ажиллаж байсан гэх боловч 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай зөвлөх үйлчилгээ болон ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн ажлын байрыг хадгалж байгаа гэсэн атлаа ажиллуулаагүй, гүйцэтгэж байсан ажлын орон тоо байхгүй болсон бол адил чанарын өөр ажил албан тушаалыг санал болгох үүрэгтэй. Санал болгосон ерөнхий менежерийн ажил хэдэн төгрөгийн цалинтай, ямар чиг үүрэгтэй талаар мэдэхгүй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад ерөнхий менежерээр ажиллахгүй өөр газар ажиллаж байна гэсэн тайлбар хэлсэн. 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар өгөхгүй удсан. Дараа нь гэрчээр н.Жулиен гэх хүнийг асуулгана гэж хугацаа авсан тул нэхэмжлэгч амьдрахын тулд ажил гүйцэтгэх гэрээгээр түр ажилласан. Шүүх хуралдааны явцад эвлэрэх боломжтой эсэх талаар шүүгч асуухад ерөнхий менежерийн ажилд цалин авахгүй ажил гэж хүнийг шахаанд оруулж болохгүй. Хууль хэрэглээний хувьд ажлаас халах биш шилжүүлсэн гэж маргах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч шилжүүлсэн гэдэг нь халж байгаа нэг хэлбэр болно. Гүйцэтгэх захирлын албан тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар баримтаа авна гэхэд өгөөгүй. Ажилд авах тухай тушаал болон ажлаас халсан тушаалыг гаргаагүй. Энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, ажилтан хохирох ёсгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.А хариуцагч М-д холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ерөнхий менежерийн ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Ажлын байр санал болгосон, нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сараас шүүх хуралдаан болох хүртэл Т ХХК-д ажиллаж цалин хөлс авсан, хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.А М-д гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан, улмаар хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн авсан, энэ хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М-ын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын ажлын байрыг хасахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж тус тус зохицуулсан.
Иймд ажил олгогч нэхэмжлэгчийг хүсэлтээ гаргасан үед ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ажилтны ажлын байр хасагдсан нь тогтоогдсон тул ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилдаа орох талаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан байх ба ажил олгогч 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилтанд ерөнхий менежерийн ажил санал болгосон байна.
Гэвч нэхэмжлэгч нь өмнө ажиллаж байсан ажлын байрыг дордуулсан үндэслэлээр гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн ерөнхий менежерийн ажилд томилохыг хариуцагчид даалгахыг хүссэн байна.
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаал хасагдсантай холбогдуулан ажлаар хангах үүргээ биелүүлж өөр ажлын байр санал болгосныг ажилтан эс зөвшөөрч тухайн ажлын байранд ажиллаагүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин ажил олгогчийн зүгээс санал болгосон ажилд нэхэмжлэгчийг томилсон шийдвэрээ гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ерөнхий менежерээр ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02800 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-г ерөнхий менежерийн ажилд томилохыг хариуцагч М-д даалгасугай. гэж өөрчилж,
2 дахь заалтын 128.1.2 гэсний дараа 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 гэж, тогтоолгох гэсний дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах гэж нэмж,
3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 365,359 /гурван зуун жаран таван мянга гурван зуун тавин есөн/ гэснийг 70,200 гэж, 7.1.1 гэснийг 7.1.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.БЯМБАСҮРЭН