| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0153/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/163 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 19.16.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/163
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө
нарийн бичгийн дарга Ц.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч А.Шнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Аий Шд холбогдох 1813000000204 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1974 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Аий Ш, РД:БИ.............
Шүүгдэгч А.Ший холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ш нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргад хүргүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/124 тоот албан бичигт “Хужирт булаг” гэх газрыг “Ашлыбулахын даваа” гэж орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичигт өөрчилсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт Монгол Улсын бүрэн бүтэн, аюулгүй байдал, төрийн эрх ашиг хөндөгдөж байдаг тул хохирогчоор Тагнуулын байгууллага, Хил хамгаалах газар зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтныг татан оролцуулж байх, мөн энэ төрлийн гэмт хэрэгт хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй, санаатай болгоомжгүй зэрэг гэм буруугийн аль ч хэлбэрээр үйлдэгдэж болохыг дурдаж байна.
Шүүгдэгч А.Шнь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газар үйлдэж, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргад хүргүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын даргын Б03/124 тоот албан бичигт “Хужирт булаг” гэх газрыг “Ашлыбулакын даваа” гэж газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичигт өөрчилсөн гэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичигт өөрчилсөн” гэх гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ яллах дүгнэлтийн үндэслэл болгож, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ.Үүнд:
- 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Сагсай сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/124 тоот албан бичиг”-ийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн зурганд үзлэг хийсэн “...Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Сагсай сумын Даян дах 4-р баг гэсэн гарчигтай зураг байх бөгөөд уг зурган дээр “Хужирт булаг” гэснийг шараар тодруулсан ба хуудасны доод хэсэгт зураг гаргаж өгсөн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Е гэсэн бичигтэй байв” гэх тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Гэрч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...уг газрын газар зүйн зураглалд “Хужирт булаг” гэх нэршлээр нэрлэдэг бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд казах хэл рүү шууд хөрвүүлэн орчуулж “Ашлыбулах” гэж нэрлэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...газар зүйн нэрийн зурагт казах хэл дээр газар орны нэршил байхгүй. “...Сагсай сумын Даян дахь 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ашлыбулах гэх газар мөн адил байхгүй. Сагсай сумын 4 дүгээр багт “Хужирт булаг” гэх газар байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Шүүгдэгч А.Ший мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад шүүгдэгч А.Ший дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч А.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын тамгын газарт үйлдэж, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргад хүргүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын даргын Б03/124 тоот албан бичигтээ “Хужирт булаг” гэх газрыг “Ашлыбулак” гэж казак хэл дээр орчуулан нэрлэсэн байна.
Энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Сагсай сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/124 тоот албан бичиг”-ийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн зурганд үзлэг хийсэн “...Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд Сагсай сумын Даян дах 4-р баг гэсэн гарчигтай зураг байх бөгөөд уг зурган дээр “Хужирт булаг” гэснийг шараар тодруулсан ба хуудасны доод хэсэгт зураг гаргаж өгсөн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Е гэсэн бичигтэй байв” гэх тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Гэрч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...уг газрын газар зүйн зураглалд “Хужирт булаг” гэх нэршлээр нэрлэдэг бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд казах хэл рүү шууд хөрвүүлэн орчуулж “Ашлыбулах” гэж нэрлэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...газар зүйн нэрийн зурагт казах хэл дээр газар орны нэршил байхгүй. “...Сагсай сумын Даян дахь 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Ашлыбулах” гэх газар мөн адил байхгүй. Сагсай сумын 4 дүгээр багт “Хужирт булаг” гэх газар байгаа болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Шүүгдэгч А.Ший мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пд явуулсан 03/124 тоот албан бичигтээ “Хужирт булаг” гэх газрыг Ашлыбулахын даваа гэж бичээд явуулсан байсан. Миний бие уг газрын нэрийг санаатайгаар зориуд өөрчлөөгүй, орон нутгийн иргэдийн уламжлал болгон олон жил Ашлыбулах гэх нэрээр нэрлэж, тогтсон, заншсан нэрээр нь явуулсан байсан...Тэгээд ч тухайн үед Хужирт булаг гэх нэрийг хэн ч мэдэхгүй байсан, манай байгууллагын алба хаагчид болон орон нутгийн ард иргэд ч уг нэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан Ашлыбулахын даваа гэх нэрээр нэрлэгдэн заншсан байсан. Уг газрын нэрийг нь албан ёсны санаатайгаар зориуд өөрчилсөн асуудал байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
- Орчуулга хийсэн тухай тэмдэглэлд: “...Ашлы булак” монгол хэл рүү хөрвүүлэхэд “Хужир булаг” гэж орчуулав” гэх /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд заасан “ Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан зохицуулалт бөгөөд Монгол улсын газар орны нэрийг өөрчлөх эрх зөвхөн Улсын Их хуралд хадгалагддаг.
Улсын Их хурлаас тогтоосон Монгол орны газрын нэршлийг уг тогтоолд зааснаас өөрөөр бичсэнийг өөрчилсөн гэж үзнэ.
Ингэхдээ албан ёсны баримт бичигт буюу албан хэрэг хөтлөлтөд бичсэн байх ба энэ нь төрийн болон төрийн бус байгуулга, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад явуулсан бүхий л баримт бичигт нэгэн адил хамаарна.
Харин энэ тохиолдлын хувьд Монгол орны газрын зурагт тэмдэглэгдэж нэрлэгдсэн “Хужир булаг” гэх газрын нэрийг өөрчлөөгүй, утга, агуулгыг нь тэр хэвээр нь казах хэлээр орчуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай “Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай” зарлигийн 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, 2 дахь заалтаар Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсан зарлиг гарсан байдаг.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд шүүгдэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай зарлигийн хэрэгжилтийг хангаж, хууль бусаар газар орны нэрийг өөр хэл дээр орчуулан хэрэглэж болохгүй гэдгийг ажил мэргэжлийн хүрээнд мэдэх ёстой байсан.
Шүүгдэгч А.Ший дээрх үйлдэл нь Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна”, 6.1.7-дахь заалтад “газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг” гэснийг,
Геодези, зураг зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.3 дахь заалтад “албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглах;” гэснийг,
Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Албан ёсны баримт бичиг болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, эсхүл бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зөрчлийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч А.Ший хууль бус дээрх үйлдэл нь гэмт хэрэг биш, зөрчил байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй...бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсний дагуу шүүгдэгчийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэсний дагуу тус аймгийн Прокурорын газраар дамжуулан холбогдох газарт нь хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Шнь хэдийгээр төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн албан бичиг бичсэн боловч түүнийг Монгол орны газрын нэрийг өөр хэл дээр бичихийг зөвтгөх шалтгаан болохгүй учир хуульд заасан шийтгэлээс чөлөөлөгдөх учиргүй тул холбогдох албан тушаалтан нь А.Шийг Зөрчлийн тухай хуулиар 300000 төгрөгөөр торгох нь зүйтэй. Мөн энэхүү зөрчлийн үйлдэхэд санаатай болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэж болохыг тэмдэглэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох...шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэсний дагуу нэн даруй хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шийдвэрлэхэд прокуророос хуульд заасан хяналтаа тавьж ажилбал зохино.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх, орчуулах хэрэглэх гэмт явдалтай тэмцэж ажиллах талаар тус аймгийн бүх шатны Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэн, хяналт тавьж ажиллахыг,
Мөн энэ хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн газар усны нэрийг өөрчилсөн, орчуулсан байж болзошгүй иргэд, албан тушаалтныг шалгаж, хуульд заасан арга хэмээ авахыг тус аймгийн Прокурорын газар болон Цагдаагийн байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Шнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хавтас хэргээс гадна эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч У овогт Аий Шд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичигт өөрчилсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Шийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг тус аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч А.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Ший эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
6. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ