Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч:  П.Хулангийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Тус аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг  хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын  24-ны  өдөр хүлээн авч,  захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч П.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Хулан 2015 оны 11 дүгээр сарын 02-04-ны өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн төрийн албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Ингээд аймгийн Засёаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 03 дугаар сарын 31-ий өдрийн Б/08 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас гэнэт  чөлөөлжээ. Уг тушаалын ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл, зүйл заалт нь буруу үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1 дэхь заалтыг тус тус зөрчжээ. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг  хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Хулан нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны ажлын байран дээр өрсөлдөж тэнцсэн. Тус албан тушаал нь 2007 оны 354 дүгээр тогтоолоор ТЗ-3 туслах түшмэл. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодолгын хэлтсийн мэргэжилтэн нь ТЗ-5 дэс түшмэлийн албан тушаалд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан. Мөн хуулийн 17.4 дах хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1 дэх хэсэгт заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авна гэж заасан.  П.Хуланг ажилд томилсон 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай буюу түр тушаал гаргасан. Ажилтан болоод ажил олгогч нар нь хоорондоо байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаад харилцан тохиролцож тушаал гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хүртэлх хугацаагаар түр томилж болох заалтын дагуу харилцан тохиролцож тушаал гаргасан.  Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгуудын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Үүнтэй уялдуулан аймгийн Засаг дарга харьяалан удирдах нутаг дэсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч, төрийн төлөөлөгчийн хувьд Засгийн газрын шийдвэр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлдэг субьект. Аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжаар Тамгын газрын хэлтсүүдийн чиг үүрэг орон тоог баталсан. Мөн үүнтэй уялдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эгүүлэн зохих орон тоон дээр томилсон. П.Хуланд хууль зөрчсөн, 6 сарын туршилтын хугацаагаар түр гэрээ байгуулж ажилласан гэдэг утгаар тусад нь тушаалын төсөл боловсруулсан. Төрийн албанд сонгон шалгаруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Ингэснээр тухайн албан тушаалд жинхэлж томилогдсон байна гэж үзэх үндэслэлтэй.  Энэ бүх нөхцөл байдлыг судлан тогтоож ажлаас чөлөөлөх захирамжиндаа тусгаж мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд тушаалын төслийг танилцуулан, санал сонсох ажиллагаа хийж санал авч ажлаас чөлөөлөх тушаал шийдвэрийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

    Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүх болон шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Жавхлант хороолол 28-2-3 тоотод оршин суугч П.Хулангийн нэхэмжлэлтэй  тус аймгийн  Засаг дарга Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэд   холбогдох аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09-р сарын 30-ний өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч П.Хулан нь 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын дипломыг № Д 201225887 дугаартайгаар Монгол-Англи хэл судлалын мэргэжлээр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  Хүмүүнлэгийн ухааны  их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн магистрийн дипломыг № Е20153274 дугаартайгаар Боловсрол судлалын ухааны магистраар, мөн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд их сургуулийн бакалаврын дипломыг № Д 201621999 дугаартайгаар  Боловсрол судлалын ухааны бакалавр зэргээр төгсөж дүүргэжээ.

         Нэхэмжлэгч  П.Хулан нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нд Есөнбулаг сумын Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоон дээр Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн  тасгийн мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар томилогдон 1 сар ажиллаж байгаад  төрийн захиргааны албан хаагчийн тангараг 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдөр  аймгийн Засаг даргын Тамгын газрын боловсрол, соёл шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр  өргөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  Б/08 дугаартай тушаалаар Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09-р сарын 30-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар  ажлаасаа чөлөөлөгдсөн ба тухайн албан тушаалдаа нийт нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

         Нэхэмжлэгч П.Хуланг түр томилон ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Хулан нь хэдийгээр Төрийн албаны шалгалт өгч Төрийн жинхэнэ албан хаагч болсон ч Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд түр  томилж, чөлөөлсөн нь хуульд харшлаагүй байна.                

         Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу гуравдагч этгээд С.Цагаанбаатарыг  ажлын ур чадварыг нь харгалзан тухайн албан тушаал дээр томилжээ.  Учир нь аймгийн Боловсрол, соёлын бодлого хариуцсан түшмэлээр 2007 оны 01 дүгээр сарын 01, Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар 2009 оны 03 дугаар сарын 17, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар 2014-2016 оны 09 дүгээр сарын 19-ыг хүртэл  тухайн албан тушаалд ажиллаж байсан ажлын туршлагатай ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

           Гуравдагч этгээд С.Цагаанбаатар нь 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн байгууллагад тасралтгүй  ажилласан байна.   С.Цагаанбаатар нь 1997 оны 01 сарын  37-нд Улсын Багшийн Их Сургуулийн техник урлалын багшийн мэргэжилийг бакалавр зэргээр,  2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  Хүмүүнлэгийн ухааны  их сургуулийг магистрийн дипломыг № Е20082665  дугаартайгаар Боловсрол судлалын ухааны магистр  зэргээр төгсөж дүүргэжээ.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын П.Хулангийн нэхэмжлэлтэй, Тус аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг  хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.САРАНЧИМЭГ