Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/0156

 

“А с н” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах

 хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын

газрын хянан шалгагч, улсын байцаагч

Ж.Ц-д холбогдох зөрчлийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Ч.Тунгалаг

Шүүгчид:                          Б.Мөнхтуяа

                                               Д.Мөнхтуяа

                                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц-ын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0603 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-О нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, С.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0603 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7-д заасныг тус тус баримтлан “А с н” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан гаргасан “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0603 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны  өдрийн 96 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “А с н” ХК-д шалгалт хийж эхэлсэн ба 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн торгуулийн шийтгэл ногдуулсан.

5. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийхдээ тэгш бус хандаж нийт 110 сая төгрөгийн торгуулийн шийтгэлийг “А с н” ХК, “А С ...ҮЦК” ХХК болон “А д” ХК-д ногдуулсан. Санхүүгийн зохицуулах хороо 2018-2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд “А с н” компаниас гадна ганцхан компанид зөрчлийн шийтгэл ногдуулсан нь энэ тайлбар үндэслэлтэйг нотолно. “А с н” ХК нь иргэдээс зээл авсан бөгөөд энэ нь бараа, ажил, үйлчилгээнд хамаарахгүй. Хэрвээ хуулийг нэг мөр биелүүлж тэгш шударга ханддаг бол ам.доллараар зээл олгосон хөрөнгөө зээлдүүлж нэмж хүү авч байгаа иргэд төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээх үндэслэл үүсч байгаа юм.

6. Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хөрөнгө татан төвлөрүүлж зээл авсан байхад торгууль ногдуулж буй нь үндэслэлгүй. Энэ зээлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн шүүхээс Санхүүгийн тооцооллын олон улсын стандартын зүйл заалтыг үндэслэл болгоогүй. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улс мөрдөх үүргийг хүлээсэн ба 7, 9 болон 39 дүгээр стандартад дурдсаны дагуу бонд нь санхүүгийн хэрэглүүр бөгөөд хөрөнгө оруулалт юм. Тэгээд ч бондын зээл авснаар “А с н” ХК нь ашиг орлого олоогүй төдийгүй гадаад руу урсах валютын урсгалыг бага хэмжээгээр ч гэсэн дотооддоо татан төвлөрүүлсэн болно. Монгол Улсын хэмжээнд үндэсний мөнгөн тэмдэгтээс бусад гадаад валютаар гүйлгээ хийдэг компаниудын дансны мэдээлэл хаана ч байдаггүй, гадаад валютаар хийгдсэн орлого, гүйлгээг хянадаггүй, энэ орлого зарлагад татвар ногдуулдаггүй үйл баримтын талаар Татварын ерөнхий газрын албан бичиг дурдсан байна.

7. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо зөрчил гаргасан этгээдэд тэгш бус хандсаныг давхар нотлох баримт юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо зөрчлийн тухай хуулийн дагуу манайхаас гадна нэг компанид торгуулийн шийтгэл ногдуулсан. Ингэхдээ аж ахуйн нэгж зөрчил гаргасан байхад иргэнд ногдуулах торгуулийн шийтгэлийн хэмжээгээр аж ахуйн нэгжийг торгосон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шаардан гаргуулсан нотлох баримтад М б-аас удаа дараа ирүүлсэн нотлох баримтууд байгаа. М б-аас гадаад валютаар гүйлгээ хийх зөвшөөрлийг түүхэндээ ганцхан удаа Төрийн яам авсан тухай албан бичиг байна. Мөн Мб-аас “А с н” ХК нь манайхаас зөвшөөрөл авбал зохих зохицуулалттай этгээд биш гэсэн албан бичиг ирүүлсэн  байхад Захиргааны хэргийн шүүхээс зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

8. Санхүүгийн зохицуулах хороо клирингийн системд холбогдоогүй нь тэгш бус хандах үндэслэлийг буй болгож байгаа төдийгүй хууль хэрэгжих нөхцөл Монгол Улсад бүрдээгүйг харуулж байна. Тухайлбал, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу  М б дараах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох бөгөөд

10.1.1. төлбөрийн үйлчилгээ

10.1.2. төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа,

10.1.3. систем ажиллуулах

10.1.4. төлбөрийн хэрэгсэл гаргах

10.1.5. төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх

 10.1.6. гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх,

10.1.7. аутсорсингийн үйлчилгээ авах,

10.1.8. мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх,

10.1.9. мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх,

10.1.10. цахим мөнгө гаргах,

10.1.11. М б-аас тодорхойлсон бусад гэж заасан байна.

9. Хууль тогтоогчоос төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль гаргасан нь үнэн боловч энэ хууль биелэгддэггүй, тэр ч бүү хэл валютын дансны гүйлгээгээр олсон ашиг орлогоос татвар авдаггүй нь Татварын ерөнхий газраас ирсэн бичгээр нотлогдсон.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.18, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэх эрхтэй этгээд нь М б болон Санхүүгийн зохицуулах хороо гэж заасан байна. Санхүүгийн зохицуулах хороо нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтаас гадуурх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй зөвхөн хяналт тавьдаг этгээдүүдээ байнга торгож, үйл ажиллагааг хязгаарладаг, хуулийн хэрэгжилтийг тэгш мөрдүүлж ажилладаггүй болно. Зээл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “бараа, ажил, үйлчилгээ”-ний үйлчилгээ гэдэгт хамаарахгүй.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14-д “үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээ гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтуудын дагуу зээл нь бараа ажил үйлчилгээнд хамаарах үндэслэлгүй. Ам.доллар зээлээр авсныг Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан заалтад хамаарч байна. Валют нь мөнгө гэдэг ойлголтыг илэрхийлэх учир хуулийг зөрчөөгүй.

11. Төлбөр тооцоог үндэсний тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “үндэсний мөнгөн тэмдэгт” болон 3.1.4-т заасан “гадаад валют” буюу “гадаадын мөнгөн тэмдэгт”, “гадаадын валют”-ын аль аль нь хамрагдахаар байна. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн ялгавартай хандсан нь бүрэн тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Гомдол гаргагч “А с н” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17/20 дугаар тогтоолоор “1000 долларын нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, нэрлэсэн хүү 9-10 хувь, купон төлбөрийг 3 сар тутам, үндсэн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөх нөхцөл бүхий 1000 ширхэг, нийт 1,000,000.00 долларын өрийн бичгийг хаалттай хүрээнд гаргахаар шийдвэрлэж, нэр бүхий иргэдэд худалдсан, бондын төлбөрийг ам.доллараар “Х б” дахь тус компанийн дансаар хүлээн авсан, түүнчлэн бондын талаарх танилцуулга, сурталчилгаа хийсэн” зэрэг нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий акт хууль ёсны талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

14. Учир нь, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд М б-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заажээ.

15. Гомдол гаргагч “А с н” ХК нь банк, банк бус санхүүгийн байгууллага биш тул дээрх хуулийн 4.4-т хамаарахгүй ба тус компаниас бонд буюу компанийн өрийн хэрэгсэл гаргаж, түүнийгээ сурталчлан борлуулсан нь санхүүгийн бүтээгдэхүүний нэг төрөлд хамаарах бөгөөд бондын үнийг ам.доллараар илэрхийлж, худалдан авагчдаас төлбөрийг хүлээн авсан нь бараа буюу бүтээгдэхүүний үнийг гадаад валютаар тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэсэн, зарлан сурталчилсан гэж үзэх ба ингэхдээ М б-ны албан ёсны зөвшөөрөл аваагүй байх тул дээрх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзнэ.

16. Хэдийгээр “А с н” ХК-ийн хувьд түүний гаргасан бонд нь компанийн өрийн хэрэгсэл буюу зээл хэдий ч эдийн засгийн агуулгаараа тус компани нь өөрийн үйл ажиллагааны цар хүрээ, санхүүжилтийн эх үүсвэр, цаашид олох ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор үнэт цаасны зах зээлд шууд бус байдлаар оролцож санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа хэлбэр, түүнийг худалдан авч буй иргэдийн хувьд мөн ирээдүйд илүү ашиг олох зорилгоор авч буй санхүүгийн бүтээгдэхүүн гэж үзэхээр байх тул “...”А с н” ХК нь иргэдээс зээл авсан бөгөөд энэ нь бараа, ажил, үйлчилгээнд хамаарахгүй, бондын зээл авснаар нь ашиг орлого олоогүй, зээл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээ гэдэгт хамаарахгүй…” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 6, 9-11-д заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

17. Дээр дурдсанаар “А с н” ХК нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй тул “...хэрвээ хуулийг нэг мөр биелүүлж тэгш шударга ханддаг бол ам.доллараар зээл олгосон хөрөнгөө зээлдүүлж нэмж хүү авч байгаа иргэд төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээх үндэслэлтэй...” /Тодорхойлох хэсгийн 5/ гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

18. Мөн “...хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо зөрчил гаргасан этгээдэд тэгш бус хандсан, манайхаас гадна нэг компанид шийтгэл оногдуулахдаа иргэнд оногдуулах торгуулийн хэмжээгээр торгосон, тус хороо нь клирингийн системд холбогдоогүй нь тэгш бус хандах нөхцөлийг бүрдүүлж байна, хорооны хяналтаас гадуурх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй зөвхөн хяналт тавьдаг этгээдүүдээ байнга торгож, үйл ажиллагааг хязгаарладаг, хуулийн хэрэгжилтийг тэгш мөрдүүлж ажилладаггүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-9-д заасан нэхэмжлэгчийн гомдол нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй юм.   

19. Хариуцагчаас нэхэмжлэгчийг “бонд гаргасан, бондын зээл авсан” гэж буруутгаагүй, харин бондын үнийг ам.доллараар илэрхийлж, төлбөр тооцоог хийсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа тул “...хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хөрөнгө татан төвлөрүүлж зээл авсан байхад торгууль ногдуулж буй нь үндэслэлгүй, шүүх санхүүгийн тооцооллын олон улсын стандартыг хэрэглээгүй, бонд нь санхүүгийн хэрэглүүр бөгөөд хөрөнгө оруулалт юм...” гэх зэрэг /Тодорхойлох хэсгийн 6/ гомдлыг хангах боломжгүй.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0603 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

                          ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ