Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2022/00113

 

Т.Нийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Баяншүхэр” ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т.Н би 2016 оны 08 дугаар сард “Б” ХХК-ийн “Б” эмийн сангийн шил угаагч, үйлчлэгчээр ажилд орсон. Тэр үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилсон тухай захирлын тушаал гаргаж байсан ч надад аль алийг нь өгөөгүй, анх ажилд орсон үеэс л өдөр тутам цэвэрлэгээ хийх, эм зөөх, шил угааж ариутгахаас эхлэн бусад өөрт ногдсон ажлыг чин сэтгэлээсээ бүрэн гүйцэтгэж байсан. 1 сарын хөдөлмөрийн хөлсийг 2016, 2017 онуудад 240.000 төгрөг, 2018, 2019 онуудад 325.000 төгрөг, 2020 оноос 420.000 төгрөгөөр тооцож бэлнээр олгож байсан бөгөөд үүнээсээ би өөрөөс сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. 2022 оны 02 дугаар сард “Б” эмийн санд хулгайн гэмт хэрэг гарч 700.000 төгрөг алдагдсан, энэ талаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ажилласан хугацааны цалинг тооцож надад олгоод 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллуулаагүй. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 700.000 гаруй мянган төгрөгийг эмийн сангийн эмч зүйч бид хоёрыг төлөхгүй бол ажлаас гар гэж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Энэ бол эрүүгийн хуулийн, Иргэний хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчсөн хууль бус шаардлага юм. Хулгайн гэмт хэрэгт ямар ч холбоогүй, миний буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гараагүй байхад надаас хохирол гаргуулах нь шударга бус санагдаж байна. Би уг хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй учраас ажлаас гарахаар болсон. Ингээд би “Б” ХХК-иас ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч утсаа авахгүй, надтай холбогдохгүй, өнөөдрийг хүрч байгаа тул өөрийн хөдөлмөрлөх эрхийг сэргээлгэхээр иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл “Б” ХХК нь ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр гаргаж өгөхгүй.... /гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эм зүйч бид хоёрыг барагдуулах юм бол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгнө гэж/ барьцаалж байна. Би одоо 53 настай өндөр насны тэтгэвэрт гарахад бараг 2 жил хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүйн тулд сүүлийн 2 сарын хугацаанд арга буюу сайн дурын шимтгэл төлж байна. Иймд хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа “Б” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг /шүүхийн шийдвэр гарсан үеэс тасалбар болгон/ гаргаж өгөхийг “Б” ХХК-д даалгаж өгнө үү. Энэхүү маргаан нь иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, түүнээс үүссэн хохирлыг гаргуулахаар гомдлоор үүсэх маргааны төрөлд орж байгаа тулд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. дах заалтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Т.Н нь “Б” ХХК-д 2016 оноос хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. 2022 оны 02 дугаар сард тухайн эмийн санд хулгайн гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоод Т.Н болон хамт ажиллаж байсан эмэгтэй хоёрыг хэрэгт хамааралгүй гэсэн. Гэтэл ажил олгогч хохирлыг төлөхгүй бол ажлаасаа гар гэдэг шаардлага тавьсан. Ингээд Т.Н энэ мөнгийг аваагүй учраас төлөхгүй, миний амьдрал боломжгүй гээд тухайн өдөр ажлаасаа шууд явсан байдаг. Маргааш, нөгөөдрөөс нь ажлаас гарсан шийдвэр гаргаж өгөөч гэж Э руу олон удаа залгасан байдаг. Мобикомоос залгаад дуудлага хүлээж аваагүй бол бүртгэгддэггүй гэсэн байсан. Маш олон удаа залгаад тушаал, шийдвэр гаргаж өгөөч, одоо 50 настай удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлээ тасалдуулмааргүй байна, ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэхэд заавал ажлаас чөлөөлсөн шийдвэр байх шаардлагатай байхад Э гэдэг хүн өнөөдрийг хүртэл ажиллах боломж нөхцөлөөр хангахгүй байж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахгүй байгаа. Иймд дээрх хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулах, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Т.Нийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд Ц.Э би Т.Нийг 2016 оны 08 дугаар сард үйлчлэгчээр ажилд авсан бөгөөд тэрээр гэрээ байгуулахгүй нийгмийн даатгалаа сайн дураар төлж байя, цалингаа бүтнээр нь авч баймаар байна гэж хүссэний дагуу хөдөлмөрийн хөлсийг нь бүтнээр нь өгч сайн дурын даатгалын шимтгэлийн 50 хувийг нь хөдөлмөрийн хөлстэй нь хамт бэлнээр өгч байсан юм. 2018 оны 09 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээг албан ёсоор хийж нийгмийн даатгалын 2022 оны 03 дугаар сар хүртэл төлсөн. Т.Нийг манай байгууллагаас албан ёсоор халаагүй, тийм тушаал одоог хүртэл гараагүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл ажилдаа ирээгүй байна. Түүнийг ажилдаа ир гэж хэлсэн боловч одоог хүртэл ирээгүй. Ажлаас халагдах тухай хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байгаа. Бид түүнийг ажил олгогчийн санаачлагаар халах тухай ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй юм. Түүнээс гадна ажлаас халагдах саналтай байгаа бол ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Хариуцсан эд хөрөнгөө хүлээлцээгүй байдалтай өдийг хүрч байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн үндэслэлгүй нэхэмжлэл гарагсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Цагдаагаас энэ 2 хүнийг шалгаад хэн авсан нь тогтоогдоогүй байна гэсэн хариуг өгсөн байна. Үнэхээр Эгийн хувьд Т.Н рүү залгасан ч бас утсаа аваагүй гэдэг. Аль аль нь л тэгж хэлээд байна. Шинээр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчийн санаачилгаар шууд хүнийг халж болохгүй. Эгийн хувьд би бол мөнгө нэхээгүй өөрөө халагдах хүсэлтээ өг гэсэн. Нийгмийн даатгал төлж байсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. 2018 оны 9 дүгээр сараас эхлээд 2022 оны 2 дугаар сар хүртэл нийгмийн даатгал төлсөн. Ажиллаагүй хугацаан дахь буюу хөдөлмөрлөөгүй байх үеийн хөдөлмөрийн хөлсийг олгох боломжгүй, өөрөө хүсэлтээ өгвөл халагдах боломжтой” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01076 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-с ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Т.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01..... дугаар шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1. дэх хэсэгт зааснаар дараах гомдол гаргаж байна.

1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01076 дугаар шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад хандаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хедөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2. “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй". 155 дугаар зүйлийн 155.2.-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална", Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 2.2.-т “Хороог аймаг нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хорооны дэргэд нутгийн захиргааны байгууллага, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн аймаг, сум, дүүргийн байгууллагын тэнцүү тооны төлөөлөл бүхий 9 гишүүнтэйгээр байгуулна” гэж заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь бүрэлдэхүүнийг томилох ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд бүрэлдэхүүн томилох албан бичгийг Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хороонд хүргүүлсэн, шийдвэр албан ёсоор ирээгүй байгаа талаар нэхэмжлэгч Т.Нд хаягласан Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1129 дугаар албан бичигт дурдсан байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2022 оны 5 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авсаны дараа дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3. дахь заалтыг үндэслэн тухайн үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, түүний улмаас учирсан хохирлыг гаргуулахаар иргэн Т.Н анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс Т.Нд ажлын байрны дарамт, шахалт болон ялгаварлан гадуурхаж эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Түүний улмаас нэхэмжлэгч нь ажлын байрыг орхин явахаас өөр аргагүй болж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухайгаа илэрхийлсэн. Харин хариуцагчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг одоо хүртэл гаргахгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан.”, 79 дүгээр зүйлийн 79.1. дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Н нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаарх өөрийн хүсэл, зоригоо илэрхийлсэнийг хариуцагч буюу ажил олгогч хүлээн авсан, мэдсэн боловч зориуд уг харилцааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргахгүй байгаа бөгөөд энэ байдлыг "... хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байгаа тул шийдвэр гаргаж болохгүй байгаа, мөн Т.Н ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгөөгүй тул түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй болно ..." гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхийг ажилтан эдлэх бөгөөд ажилтан ажлаас гарахад заавал шалтгаан заахыг шаардахгүй юм. Гэтэл хариуцагч талаас 79 дүгээр зүйлийн 79.2.-т зааснаар бичгээр хүсэлт гаргаагүй тул чөлөөлөх боломжгүй гэж уг хуулийн өөр зохицуулалтыг ашиглан тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасаны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргахгүй бол ажилтан 30 хоногийн дараа ажлын байрыг орхин явах эрх үүсэх хуулийн заалтаас ангид ойлголт юм.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01076 шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1.... дугаартай албан бичгийг хавсаргав” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Учир нь “Б” ХХК-иас Т.Нийг халаагүй бөгөөд халагдах хүсэлтээ албан ёсоор өг гэхэд өгөөгүй, мөн түүнчлэн хийж байсан ажлаа хүлээлцээгүй, ажилдаа ор, ажлаа хий гэсэн саналыг тавьсан боловч хүлээж аваагүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү: гэжээ.

ХЯНАВАЛ :

         Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

         Нэхэмжлэгч Т.Н шүүхэд “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ажилласан хугацааны цалинг тооцож надад олгоод 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллуулаагүй. “Б” ХХК нь ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр гаргаж өгөхгүй.... /гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эм зүйч бид хоёрыг барагдуулах юм бол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгнө гэж/ барьцаалж байна“ гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Б” ХХК-ний захирал Ц.Э “...Т.Нийг манай байгууллагаас албан ёсоор халаагүй, тийм тушаал одоог хүртэл гаргаагүй. Хариуцсан эд хөрөнгөө хүлээлцээгүй байдалтай өдийг хүрч байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

        Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

        Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн өөр өөр үр дагавар үүсгэдэг.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхойлон заасан бол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д “Энэ хуулийн 65.1.9.-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1., 65.1.3.-65.1.8., 65.1.10.-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана “ гэж хуульчилсан.

        Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас халагдах өргөдлөө ажил олгогчид гаргаагүй ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй“, 154 дүгээр зүйлийн 154.2.-т “...Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараахь хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, ...байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй“ гэж зохицуулагдсан ба нэхэмжлэгч Т.Н хөдөлмөрийн эрх зөрчигдсэн гэдгийг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс эсхүл Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “...шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шүүхээр шийдвэрлүүлэх маргааны төрөлд хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

       Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулахыг даалгах“ тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан үндэслэлд хамаарч байх тул хуульд зааснаар хариуцагч “Б” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2022/01076 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-с ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Т.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулахыг даалгах тухай Т.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч “Баяншүхэр” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч Т.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.Б

ШҮҮГЧИД                                                     Б.О

                                                                                                                         С.У