Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

нарийн бичгийн дарга К.Е,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Сы Бт холбогдох 1813003100214 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг 26 гудамж 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 54 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгиин хуулийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, М овогт С овогтой Б, РД БЭ************

 

Шүүгдэгч С.Бийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С овогтой Б нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус аймгийн 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр А.Быг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуу үедээ архины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, эхнэрээ толгой руу хоёр удаа гараараа цохиж, дараа нь хэвлий, зүүн бөөр орчимд 2-3 удаа өшиглөж зодсон. Тухайн үед хадам дүү С.М ирж болиулсаны дараа эхнэр А.Б нь шүүгдэгч С.Бээс зугтаж хашаанаас гарч явах гэж байхад араас нь ирж үснээс зулгааж татах үед газар унасан. Улмаар газарт унах үед нь түүний нүүр, хэвлий рүү гараараа цохиж, гараараа түүний бугалганы хэсгээс барьж чирч, түүний нүүр лүү цохиж хохирогч А.Бын биед тархины доргилттой, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бүсэлхийн зүүн хажуу талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайд хавдартай гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:

- Хохирогч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цайллага өгч байхад манай нөхөр С.Б өөр айл руу явсан бөгөөд шөнө 01 цагийн үед ирээд Булган сум руу явах гэж байгаа хүмүүст би архи хийнэ, чи мөнгө өг гэхээр нь би мөнгө өгөөгүй бөгөөд тухайн хүмүүс явсны дараа би аяга тавагаа угааж байтал орж ирээд хэрүүл хийгээд миний захнаас барьж аваад гэрээс татаж гаргаад гараараа миний толгой руу хоёр удаа цохиж дараа нь хэвлий, зүүн бөөр орчимд хоёр гурван удаа өшиглөж байхад хадам дүү болох Н.М ирээд залгаж авсан. Тэр үеэр би хашаанаас гарч зугатаах гэж байхад миний хойноос ирээд үснээс минь зулгаахад би хойшоо газарт унасан. Тэр үед С.Б дахиад намайг зодоод миний нүүр, хэвлий рүү гараараа цохиод гарнаас минь бариад чирсэн. Тэгээд би нүүрээ хамгаалаад гараараа нүүрээ дарахад С.Б дахин намайг цохих үед түуний гар нь миний хамарт хүрсэн бөгөөд Н.М ирээд дахин салгаж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч  Н.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгтэл удалгүй хүмүүсийн хэрэлдэх чимээ гарахаар нь би гэрээсээ гартал С.Б болон А.Б нар хашаан дотор хэрэлдээд, хоёулаа нэг нэгнийгээ заамдаж аваад нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод явж  байсан   юм.   Би   очоод   тэр   хоерыг   салгаад С.Бт чи яагаад архи уугаад байгаа юм бэ, яагаад хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлээд ахтайгаа зууралдаж явж байх хооронд А.Б эгч явчихсан байсан юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №407 дугаартай “... иргэн А.Бын биед тархины доргилттой, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бүсэлхийн зүүн хажуу талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайд хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн А.Бын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн А.Бын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэп болно. Ерөнхми хөдөлмөрлөхөд нөлеөлөхгүй. /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би анх мэдуүлэг егөхдөө юу болсон талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ бүгдийг нь мэдүүлсэн, тухайн мэдүүлэг үнэн юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хамт хар бор ажил хийдэг Танат гэдэг жолоочийн хамт архи уусан, архи уугаад юу болсон талаар санахгүй байгаа. Маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өглөө босоход манай дүү Н.М та эхнэрээ зодсон гэж хэлсэн юм. ...А.Б өөрөө надад хэлэхдээ чи намайг архи авч өгсөнгүй гэж хэлж хэрүүл хийж зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:

 

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус багийн оршин суугч С овогтой Б /БЭ86121912/ тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдүүдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн хашаа байшингүй, байшин түрээсэлж амьдардаг, урьд өмнө ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж байгаагүй, төлөв даруй зантай иргэн” гэх тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Сы Б /БЭ86121912/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 58 дугаар хуудас/,

- 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД: БЭ86121912, овог: М, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1986/12/19, хаяг:Баян-Өлгий, Өлгий 2-р баг, Цагаан эрэг 26 гудамж, 8 тоот, хүчинтэй хугацаа:2031/12/19, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- шүүгдэгч С.Б нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хохирогч А.Бын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №407 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 47 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, бие биеэсээ уучлалт гуйж эвлэрсэн болох нь шүүгдэгч С.Б, хохирогч А.Бын нарын хүсэлтээр /хх-ийн 65, 66 дугаар хуудас/ нотлогдож байна. Хохирогч А.Б нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул  шүүгдэгч С.Б нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.  Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэвэл зохих нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М овогт С овогтой Бийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 480 “дөрвөн зуун наян” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЗЖАРГАЛ