| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0155/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/159 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/159
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Е,
Улсын яллагч М.Ф
Хохирогч Р.С,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох 1813002700186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0165 дугаар ангид жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн Нийн Б, регистрийн дугаар БЮ***************
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Р.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав А.Ргийн зуны амбаарт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох Р.Сийн баруун талын гарын шууны гадна талыг сэрээгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
- Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх тухай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн санал, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Хохирогч Р.Сд аюулын зэргийн үнэлгээ хийсэн маягт /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хавсаргасан баримтууд /хавтаст хэргийн 29-36 дугаар хуудас/,
- Хохирогч Р.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н.Бийн ээж над руу залгах үед Н.Бийг сүүлийн 3 өдөр архи уугаад гэртээ ирсэнгүй, танай хүүхэд архи уухаа болихгүй байна гэж хэлээд маргаашийн ажилд өмсөх хувцсаа бэлдээд гэрээсээ гарах гэж байтал Н.Б хоолны шүүгээнээс юм хайж эхэлсэн. Би түүнд юу хайгаад байгаа юм бж гэж хэлтэл сэрээ авч ирээд нүүрийг чинь тэр чигт нь сийчнэ гэж хэлж сэрээгээр миний нүүр лүү хатгахыг завдахад би баруун гараараа нүүрээ хаах үед баруун гарны шууны хэсэгт сэрээгээр хатгачихсан. Тэгэхэд сэрээ нь хазайсан байсан бөгөөд хазайсан байсан сэрээгээрээ миний нуруу болон гар луу хатгаж байхад нь би айсандаа өмдөндөө шээсэн байсан юм. Тухайн үед миний орилох чимээгээр ээж орж ирэн Н.Бийг надаас салгасан. Би гэрээсээ гарч гүйгээд явж байхад хөрш болох нэрийг нь үл мэдэх хүн намайг гэртээ оруулж гарыг маань боож өгсөн юм. ...Би нэлээд хэдэн удаа цагдаад хандаж гомдол гаргаж байгаагүй ба тухайн үед миний гар хөхрөх гэх мэт зүйлс болж л байсан. Ер нь Н.Б архи уучихаад гэртээ ирж, хэрүүл үүсгэж хэл амаар доромжилж зоддог юм. Мөн Н.Б авсан цалингаа гэртээ авч ирдэггүй, архи уудаг ба 2018 оны 04, 05 дугаар саруудын цалингийн зээлээ хийж чадаагүй ба би Болашах гэдэг хүнээс 200.000 төгрөг, өөрийн ах Аманбекээс 200.000 төгрөг авч уг зээлийг нь хийсэн. Уг мөнгийг нь Н.Б өөрөө төлсөн юм. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Е.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Р.Сийг гэрээс гарангуут нь Н.Бт хандаж чи энэ хүмүүсийг хооронд нь битгий хэрэлдүүлээрэй, маргааш чи үүнийхээ талаар тайлбарлаж өгөөрэй гэж хэлээд гэрээс гаргаад гэртээ оронгуут нь би түүний араас дагаж тэдний гэрт орсон юм. Гэрт оронгуут нь Н.Б өнөөдөр манай аав, ээж хоёр ирчихсэн байгаа гэж хэлэхэд Р.С тэгвэл чамайг ээж, аавад чинь хэлнэ гэж хэлээд утсаар залгасан. Р.Сийн хадам ээж нь Өлгийд ирчихсэн байсан ба гэрт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би Р.Сд хандаж тэгвэл би чамтай цуг худын гэрт очоод ирье гэж хэлээд тэдний гэрээс гараад өөрийн гэртээ ороод хувцсаа өмсөж байтал Р.Сийн хашхирах чимээ гарсан. Тэгээд би гүйгээд ороод иртэл Н.Б Р.Сийн ам хамрыг нь мурийлгаж дарж авсан байсан ба Р.Сийн гарнаас нь цус гарч байсан юм. Би Н.Бийг боль гэж хэлээд гарнаас нь татаад болиулахад нь Р.С гэрээс зугтаж гарсан бөгөөд газарт сэрээ хэвтэж байсан юм. Би Р.Сийн араас хөөж очиход нэг танихгүй айлд очоод гараа боолгож байсан бөгөөд Н.Б гэрээс гараад явчихсан. Тэгээд би шууд цагдаа руу залгаж дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн өдөр оройн 20 цагийн үед хүүхдүүдтэйгээ гэртээ сууж байтал үл таних эмэгтэй гарнаас нь цус гарчихсан, нилээд айсан байдалтай манай гэрт орж ирсэн. Би өөрөө айгаад та ямар хүн бэ, яагаад манай гэрт ороод ирэв ээ, таны гарнаас яагаад цус гараад байгаа юм бэ гэж асуухад би танай урд талын айлын хүн байна, намайг нөхөр минь алах шахлаа, би танай гэрт түр нуугдаж байя гэж хэлсэн. Тэгээд манай орон доор ороод нуугдаж хэвтсэн бөгөөд би таны гарнаас цус гараад байна, би боогоод өгье гэж хэлээд марлаар баруун талын гарны шууны хэсгийг ороож өгөөд таны гар яагаад ингэсэн бэ гэж асуухад минь нөхөр маань сэрээгээр зүсчихлээ, одоо нүүрийг чинь зүснэ гэхээр нь би айгаад гэрээс гараад зугатаахдаа танай гэрт ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд миний утсаар ээж рүүгээ залгаж яриад хэсэг хугацааны дараа ээж нь манайд орж ирээд охиноо дагуулж гаран эмнэлгийн машинд суулгаад аваад явсан юм. ... Баруун гарны шууны гадна хэсэг нэлээд урт зүсэгдсэн байсан юм. Тухайн газраас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2011 онд би салбарын эрхлэгчээр ажилладаг байсан бөгөөд ажлаасаа оройн 22 цагийн үед тардаг байсан. Р.Сийг Н.Б хардаж хэрүүл хийдэг байсан болохоор нь би Н.Бт чи итгэхгүй байвал манай ажилд ирээд бидний юу хийхийг хараад сууж байгаарай гэж хэлдэг байсан юм. Тэгж байгаад Р.С Багануур лруу шилжиж явсан юм. Байгууллагын нийллэг, зугаалга, цайллага гэх мэтийн үеэр Р.С ирэхэд Н.Б байнга хардаж дарамталсаны улмаас 1 цаг л суугаад явчихдаг байсан. Н.Бийг уридаг боловч өөрөө бас ирдэггүй байсан юм. Р.С хувийн амьдралаа бидэнд ярьдаггүй ба нөхөр нь архи уудаг, агсам тавьдаг, харддаг л гэж хэлж байсан. Харин зодуулсан талаар ярьж байгаагүй юм. Сүүлд гарыг нь Н.Б сэрээгээр зүссэн гэж хэлж байсан юм, чиний нүүрийг хүн харах аргагүй болгоно гээд сэрээ далайхад би нүүрээ хамгаалахад миний гарыг сэрээгээр зүссэн гэж хэлсэн, яг юунаас болоод гарыг нь зүссэн талаар би тодруулж асуугаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
- Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын дундуур Н.Б биднийг Даянд байхад утсаар залгаж аав би сүүлийн 4 хоног архи уулаа, хадам дүүгийн хурим болоод түүний инжийг нь хүргэж өгөөд ирлээ, эхнэр бид хоёр мөнгөнөөс болоод маргалдлаа, түүнээс архи уулаа гэж хэлсэн. Үүнээс болж эхнэр бид хоёр санаа зовоод 08 дугаар сарын 16-ны өдөр Даянгаас Өлгийд ирсэн юм. Биднийг ирээд удаагүй байхад Р.С манай эхнэр лүү залгаад одоо би Н.Бийг дагуулаад танай гэрт яваад очъё гэж хэлэхээр нь хүлээгээд сууж байсан. Удалгүй манай худ Ги манай эхнэр лүү залгаад Н.Б Р.Сийг алаад хаячихлаа, түргэн тусламж дуудлаа, эмнэлэгт хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь эхнэр эмнэлэг рүү явсан юм. Удалгүй эхнэр ирээд Р.Сийн гар луу Н.Б сэрээгээр хатгачихжээ, оёдол тавиуллаа, мөнгийг нь төлчихсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр дугаар хуудас/,
- Гэрч Т.Бахытын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн өдөр нөхөр бид хоёр Даянгаас ирсэн бөгөөд 17 цагийн үед Р.С над руу залгаад Н.Бийг дагуулаад танай гэрт очно гэхэд нь би за хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл ирэлгүй удсан бөгөөд Р.Сийн ээж над руу залгаад Р.Сийн гарыг нь Н.Б сэрээгээр зүсчихлээ гэхээр нь би айж сандраад эмнэлэгт яваад очсон. Намайг эмнэлэгт очиход Р.С Н.Б бид хоёр маргалдсан чинь миний гарыг сэрээгээр зүсчихлээ гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр дүгээр хуудас/,
- Гэрч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Удалгүй 18 цагийн үед хадам эгч Р.С ажлаасаа ирсэн бөгөөд эгч ирэхэд Н.Б манай гэрт согтуу сууж байсан юм. Тэгээд Р.С өөрийн амьдардаг зуны амбаар луугаа явсан бөгөөд гэртээ ороод удаагүй байхад Р.С эгчийн дуу маш муухай гарахаар нь хадам ээж бид хоёр Р.Сийн гэрт ороход Р.С эгчийг Н.Б хүзүүгээр нь доошоо дарчихсан, эгчийн баруун талын гарнаас цус гараад гэр нь цус болчихсон байсан. Биднийг орж ирэнгүүт нь Р.С эгчийг Н.Б тавьсан бөгөөд Р.С гэрээс гүйж гараад зугтаасан. Тухайн үед Р.С эгч маш их айсан байдалтай байсан бөгөөд намайг аллаа гэж хэлээд гэрээс гараад гүйсэн. Тухайн үед бид бүгдээрээ сандарч эгчийн араас гүйсэн. Н.Б биднийг ирэхэд гэрээс гараад явчихсан байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
- Гэрч Т.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 08 дугаар сард Р.С над руу залгаад сүүлийн үед манай нөхөр архи ууж агсам тавьдаг боллоо, энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэж залгаж байсан. Тэгэхэд нь би Р.Сд та гэр бүлийн хүчирхийлийн төвд хандаж, зөвлөгөө аваарай гэж хэлсэн юм. Түүнээс өөрөөр тухайн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаар би мэдээлэл авч байгаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
-Шинжээч эмч Е.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гэрч Н.Бийн мэдүүлэгт дурдсанаар Р.С нь түүний баруун талд зогсож байсан гэсэн байна. Иргэн Н.Б нь гараа савах уг багаж нь буюу сэрээ Р.Сийн шууны хэсэгт хатгагдах ба шууны хэсэг нь зүсэгдэх боломж нь тун бага юм. Харин Р.С нүүрээ гараараа хамгаалж байх үед түүний урдаас нь багажаар буюу сэрээгээр шууны гадна хэсэг рүү зүсэж хатгаж 12 см урттай гүн шарх үүсэх магадлал өндөртэй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бы 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №366 дугаартай “... Иргэн Р.Сийн биед баруун талын гарын шууны гадна талд мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, нурууны, зүүн талын гарын бугалга, баруун талын хөлийн гуяны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын нуруу, духны дээд хэсэгт 3 ширхэг зүүн талын гарын шууны хэсэгт 3 ширхэг зулгарсан зулгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
- Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи ууж ирээд хэвтэх гэж байхад эхнэр Р.С надад аав, ээж чинь ирсэн байгаа. Бид хоёр одоо сална, чамайг гэрт чинь хүргэж өгнө, хувцас хунараар хураа гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд би одоо болъё өөрийгөө алъя гээд шүүгээнээс сэрээ аваад баруун гартаа бариад гуя руу хатгах гэж байхад эхнэр маань миний гараас барьсан юм шиг байна. Тэгээд гараа савангуутаа баруун гарын шувуун дээр хүрсэн юм шиг байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан тул санамсаргүй байдлаас болсон, санаатайгаар үйлдээгүй. Р.Сийн ажлын газарт очиж ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Хааяа найз нөхөдтэйгөө нийлж архи уудаг. Заримдаа ажлын ачаалалтай байдаг учраас стресс тайлах зорилгоор уудаг. Гэр бүлийн харилцаанаас болж архи уусан зүйл байхгүй. Сарын цалин 620000 төгрөг авдаг байсан. Үүнээс 520000 төгрөгийг цалингийн зээлд хийдэг. Мөнгө төгрөгийн асуудлаас болж маргаан гардаг байсан үнэн. Бүх мөнгийг архинд зарцуулдаг гэж хэлж байгаа нь худлаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан 300000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Р.Сд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овгийн Нийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Бийн гадаад паспорт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК