Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/165

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

нарийн бичгийн дарга К.Е

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф

орчуулагч, хэлмэрч А.Е

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ат холбогдох 1813001680203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Хн А, регистрийн дугаар БЕ**************

 

        Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч Х.А нь К.Нийн гээсэн хар цүнхийг олж авч, цүнхэнд байсан 1.040.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Х.А нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын  05 дугаар багт байрлах “Тирлик” зах дээр явж байгаад Улаанхус сумын 3 дугаар багийн иргэн К.Нийн гээсэн хар цүнхийг олж авч, цүнхэнд байсан 1.040.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч К.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанхус сумаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр таксигаар ирсэн. Энд ирсэн зорилго маань өөрсдийн маллаж буй хэдэн ямааныхаа ноолуурыг тушааж хэдэн төгрөг болгож аваад хүүхдүүддээ хувцас хунар болон хоол хүнс авах санаатай ирсэн. Тэгээд өчигдөр өөрийн авчирсан 13 кг 500 грамм ноолуурыг килограммыг нь 86000 төгрөгөөр тушаан нийт 1152000 төгрөг авсан ба өөрийн хэрэгцээний зүйлээ захаас авсан. Тэгээд өнөөдөр 16 цагийн үед бас өөрсдийн хэрэгцээгээ авах гээд охин дүү болох Ж.Агийн хамт Тирлик захад очсон. Тухайн үед би гэрээсээ гарахдаа өчигдрөөс үлдсэн 1076000 төгрөгөө өөрийн хар өнгийн оосортой хар өнгийн жижиг цүнхэндөө хийгээд гарсан юм. Бид Тирлик зах дээр очоод нийт 36000 төгрөгийн худалдан авалт хийсэн ба үлдсэн 1040000 төгрөг цүнхэнд маань байсан. Тухайн үед би цүнхээ мөрөөрөө давуулан зүүгээд явж байсан. Тэгээд захаас гараад чигээрээ явж байгаад нүдний шил зардаг хүмүүст очоод хүүхдийн нүдний шил 1 ширхэг, 2 ширхэг ээмэг аваад мөнгийг нь өгчихөөд замын эсрэг талд байрласан гутал зардаг хүмүүст очоод гутал сонирхсон юм. Тухайн үед нь би цүнхээ харахад цүнх маань байсан. Тэгээд тэндээс холдоод булан тойроод бас нэг гутал зарж байгаа хүмүүс дээр очоод хүүхдийн гутал сонирхох гээд очсон ба тэр үед цүнхийг маань байхгүйг анзаарсан. ...Х.А алга болгосон 1040000 төгрөгийг минь бүрэн төлж өгсөн. Алга болсон цүнхийг нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 23-25 дугаар хуудас/,

- Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед “Тирлик” зах орж Буянт сум болон “Хөх-Эрэг” баг руу явах унаа хайгаад явж байгаад манай сумын Х.А /хоч нэр нь Аккөк/ гэдэг эмэгтэйтэй таарсан. Тэгээд хэзээ Хөх-Эрэг рүү явах юм бэ, би унаа хайж явна гэхэд би өнөөдөр ирлээ нөхөр Дтай ирсэн. Манай машинаар явчих гэхээр нь би за тэгье гээд Х.А эгчийг дагаад захаас гарч явтал бид хоёрын урд явсан эмэгтэйгээс хар өнгийн цүнх унасан, тэр цүнхийг миний урд явсан Х.А эгч шууд авсан. Тэгээд гартаа барьж байсан цэнхэр өнгийн тортой зүйлээ надад өгөөд намайг манай машин захын Буянт явах зогсоол дээр байгаа машин дээр очоод байж бай, би хурдан төмс аваад ирье гээд надаас салаад “Спортын ордон” тал руу яваад өгсөн. ...Би тэр машинд очоод сууж байтал 20 орчим минутын дараа Х.А ирсэн. Сая олж авсан цүнхэнд   100000   төгрөг  байсан   байна,   олзоо  хуваая   гээд кармаанаасаа 40000 төгрөг гаргаж надад өгсөн, мөн 20000 төгрөг карманаасаа гаргаж нөхөртөө өгсөн. ...машинд ирэхдээ олж авсан цүнхгүй ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

- Гэрч О.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Тирлик” зах дээр Улаанхус сумаас ирсэн К.Н эгчтэй хамт явж байтал К.Н эгчийн мөрөнд зүүсэн байсан цүнх гээгдсэн. Тэр орчим цүнхээ хайсан боловч олоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие “Ах дам” зах дээр ноолуурын ченж хийдэг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зах дээр байж байхад К.Н над руу утсаар залгаж Мерейгийн гэрт хүрээд ирээч танд ноолуур өгөх гэсэн юм гэхээр нь очиход нийт 13 кг 500 грамм ноолуур худалдсан. Би ноолуурын килограммыг 86000 төгрөгөөр бодож нийт 1152000 төгрөг бэлнээр тоолж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

- Гэрч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр К.Н эгч манайд Улаанхус сумаас ямаагаа самнаад ноолуурыг нь зарахаар ирсэн. Тэгээд манай эхнэр Агийн хамаатан ноос ноолуур авдаг ченж К гэх эмэгтэйг утсаар дуудсан. Тэр хүн килограммыг нь үзээд нийт 13 кг 500 грамм болсон гээд Нд нийт  1152000 төгрөг бэлнээр тоолж өгсөн.  Маргааш нь  Н  эгч Аг дагуулан “Тирлик” зах явсан орой 17 цагийн үед над руу А залгаад Н эгч гэрээс авч гарсан цүнхээ гээчихлээ гэсэн. Би зах яваад очиход цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 18,20 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцсон СД бичлэгээр / хавтаст хэргийн 19, 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зах дээр явж байгаад эмэгтэй хүний хар өнгийн цүнхийг олж авсан ба дотор байсан мөнгийг авч хэрэглэсэн. Би анх хэргээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, цүнхэнд 100000 төгрөг байсан гээд худлаа мэдүүлсэн, одоо хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Уг гэмт хэргийн улмаас К.Нийн цүнхийг олж авч, цүнхэнд байсан 1.040.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшиж 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирлоо бүрэн төлж, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.       Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Х.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Ш овогт Хн Аийг “Гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD дискийг хэргийн хамт хадгалсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Аийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК