| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0148/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/158 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 28.7.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/158
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч А.Т,
Иргэний нэхэмжлэгч М.А,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч С.Т, Ч.Гнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т, Ч.Г нарт холбогдох 1813001980167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Т: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Сын Т, 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хилийн Цэргийн 0285 дугаар ангийн 0309 дүгээр салбарт харуулын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ББ*********
Шүүгдэгч С.Г: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, Б овогт Чгийн Г, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хилийн Цэргийн 0285 дугаар ангид 2 дугаар заставт хилчин ажилтай, ам бүл 4, ээж, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ИЧ91061917.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т, Ч.Гнар нь цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т, Ч.Гнар нь Хилийн цэргийн 0285 дугаар ангид агтны суурьт үүрэг гүйцэтгэж байх үед 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн З.Нтай утсаар ярьж 2 адууг өөрийн морь гэж итгүүлэн аймгийн төвд хүргүүлэхээр 23 цагийн үед ачиж явуулан цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Иргэний нэхэмжлэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед 0285 дугаар ангийн шуурхай жижүүрт хилийн манаа зөрчил илрүүлсэн талаар мэдээ ирсэн. Тухайн зөрчлийн шалгуулах зорилгоор заставын дарга ахмад О-Цийг томилон явуулсан. Анхны албан шалгалтаар албаны “М” тамгатай 2 тооны адууг үл таних 4 этгээд портер машинтай ачиж явсан талаар хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин дэд түрүүч Батчулуун, байлдагч Асылбек нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлсэн. Зөрчлийг тухайн үед Хилийн тухай хуулиар зохицуулсан. Маргааш нь Хилийн Тагнуулын албаны ажилтан мөн дотоод хяналтын ажилтан нарын бүрэлдэхүүнтэй албаны шалгалтын бүлгийг тухайн зөрчил болсон газар луу явуулсан. Тухайн шалгалт очиж анх адууг тоолох үеэр 10 тооны адуу дутсан. 2 тооны адуу ангийн байрлалд байсан. Адуу яагаад дутаж байсан талаар удаа дараа актын суурьт үүрэг гүйцэтгэж байсан С.Т, Ч.Г, Х, Сатжол, Талгат нараас асуухад бүгдээрээ нуусан байсан. Тухайн үед хэн ч үнэнээ хэлээгүй. Албаны шалгалтаар адууг 3 удаа тоолсон. Сүүлд нь харанхуй болж байхад дахин мэдүүлэг авахад үнэнээ хэлсэн байсан. Энэ нь хуйвалдааны шинжтэй гэж бодож байгаа. Актын суурьт байсан 5 хүн бүгдээрээ нуусан. Дараагаар нь Албаны шалгалтаар адуу тоолгох явцад 1 тооны адуу 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Монгол Улсын харьяат биш этгээдэд өөр зүсмийн адуугаар сольсон нь тогтоогдсон. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр бас нэг хүд сольсныг бас нуусан. Мөн үүнийг ч гэсэн зөвшөөрөлгүй сольсон. Тухайн үед Тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаад Монгол Улсын харьяат биш байсан болохоор шалгаагүй. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд 12 тооны адууг ачуулсан зорилго нь хувийн зорилготой гэж тайлбарлаж байгаа. Эдгээр залуучууд Завхан аймгаас адуу татаж магадгүй гэсэн зүйл ярьсан. Урьдаас төлөвлөсөн зохион байгуулалтай хийсэн. Хилийн манааны уналгыг сайжруулах зорилгоор адуу авч ирсэн. Гэвч эдгээр залуучууд түүнийг буруулах гэж төрийн эсрэг үйлдэл хийж байсан. 2018 оны 08 дугаар сарын эхээр Оросын Холбооны Улсаас 5 тооны адууг хилийн уулзалтаар хүлээж авсан байгаа. Үлдсэн 5 тооны адуу одоо болтол олдоогүй. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч Ерболат уг үлдсэн 5 адууг иргэний журмаар нэхэмжил талаар хэлсэн. Мөн тухайн үед мэдүүлэг өгч байхад шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтай надад тэгж хүсэлт тавьж байсан. Би тухайн үед хүсэлтийг хүлээж авсан. Одоо болтол 5 тооны адууны хохирлыг Б дуулаагүй. Би мөрдөн байцаагч Ерболатад урьд өгсөн мэдүүлгээсээ буцъя одоо болтол манай хохирлыг Б дуулахгүй байна гэхэд би ээлжийн амралт аваад явсан байгаа. Наад хэргээ өөр мөрдөн байцаагчид шилжүүлсэн байгаа гэсэн. Хэрэгт ямар нэгэн ач холбогдол өгөөгүй. Манай байгууллагын хохирлыг Б дуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед портер маркийн машинаар ирсэн залуучуудтай агтны суурийн ахлагч Ч.Г, С.Т хоёр уулзахаар явсан юм. Би хийж байсан хоолоо дуусгаж, цай чанаж гадаа гарахад харуулын байрнаас 100 орчим метрийн зайтай газарт байгаа чулуу хашаанд адууг хашиж аваад 1 морь барьж байсан ба би тэнд очих хүртэл дахиад нэг морь барьж авсан. С.Тт хандаж юу болж байгаа юм бэ, яагаад хоёр морь барьж авсан бэ гэж асуухад С.Т надад хандаж би энэ хоёр морийг гэр лүүгээ ачиж явуулах гэж байна гэж хэлсэн. Та нар энэ хоёр моринд санаа зовоод хэрэггүй, миний өөрийн 2 морь байгаа юм, би хариуцлагыг хүлээнэ, та нар санаа зовоод хэрэггүй, найзууд маань миний хоёр морийг аймаг руу манай гэрт хүргэж өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед би машинд ачуулж явуулсан 2 морь С.Тийн морь байгаа юм байна гэж бодлоо. Яагаад гэвэл урьд өмнө адуунуудыг С.Т. Ч.Гхоёр хариуцаж байсан шүүдээ, тэгэхээр нь би хамт нэг байгууллагад ажилдаг С.Тийн үгэнд итгэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 125-128 дугаар хуудас/,
- Гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...харуулын байранд ирэхэд агтны суурийг ахалж байсан ахлагч С.Т, ахлагч Ч.Г нарын хажууд үл таних залуучуудын хамт 2 тооны морийг барьж авч машин руу ачиж байсан юм. Х.Х, С.Тт хандаж ингэж болж байгаа юм уу, энэ хоёр морийг яагаад ачиж байгаа юм бэ гэж хэлэхэд С.Т бид нарт хандаж “та нарт хамаагүй, миний өөрийн 2 тооны морь байгаа, та нарт огт хамаагүй, гэж хэлсэн юм. Тэгэхэд бид гурав С.Тийн үгэнд итгэсэн юм. С.Т, Ч.Гхоёр агтны суурьт үүрэг гүйцэтгэж удаж байгаа ба Б л тэр хоёр агтны суурьт үүрэг гүйцэтгэж 7, 8 сар болж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131 дугаар хуудас/,
- Гэрч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Т нь Х.Х болон бид нарт хандаж ачих гэж байгаа 2 морь болохоор нэг нь минийх нэг нь ахлагч Ч.Гын морь ба бид хоёрынх, та нарт ямар ч хамаагүй битгий санаа зовоорой, бид хоёр өөрсдөө хариуцлагыг хүлээнэ гэж хэлэхээр нь бид гурав ахлагч С.Т, Ч.Гын нарын үгэнд итгэж энэ талаар ангийн төвд мэдэгдээгүй, бид гурав тэд нарт за гэж хэлээд харуулын байр луу явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар хуудас/,
- Гэрч З.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутын үед гэрт сууж байтал 2012 оноос эхэлж танилцаж таньдаг байсан найз С.Т нь 95606395 гэсэн дугаараар над руу залгаад эндээс аймгийн төв рүү гэрт хүргэж өгөх 2 морь байгаа, хүргэж өгөх боломж байна уу, завтай юм уу гэхээр нь би тэгвэл хүргэж өгье өнөөдөр гэрт амарч байгаа талаар хэлсэн. ...Тухайн үед С.Т, Ч.Гнарт хандаж хамт харуулын байранд үүрэг гүйцэтгэж байсан ахлагч залуучууд ирээд энэ 2 морийг ачиж болж байгаа юм уу, юу хийж байгаа талаар асуухад С.Т бид нар луу хандаж энэ миний өөрийн 2 морь байгаа юм, тэд нарт огт хамаагүй, гэж хэлж байсан юм. Анх надад утсаар ярихдаа “өөрийн 2 морь байгаа, уг морийг аймгийн төвд хүргээд өгөөч ээ гэж гуйж залгаад хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139 дугаар хуудас/,
- Гэрч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз З.Н нь өөрийн утсаар ахлагч Т гэгчтэй яриад хүрээд ир гэсэн газарт нь очиход С.Т нь үл таних нэг ахлагч залуутай хамт адууг уулнаас буулгаад тууж ирсэн ба чулуу хашаанд адуунуудыг хашиж байгаа өөрийгөө Г гэж танилцуулж байсан залуу адуунуудын дундаас 2 морь барьж аваад бүгдээрээ ачсан юм. Тухайн үед С.Т, Ч.Гнартай хамт үүрэг гүйцэтгэж байсан өөрийгөө Х гэж танилцуулж байсан ахлагч нь С.Т, Ч Г хоёрт энэ 2 морийг яагаад ачиж байгаа юм бэ гэж асуухад С.Т нь тэд нарт хандаж “миний өөрийн 2 морь байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
- Гэрч М.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...харуулын байранд очиход үл таних ахлагч залуу өөрийгөө С.Т, Ч.Ггэж танилцуулж байсан 2 залуу адууг уулнаас буулгаж ирээд чулуун хашаанд хашиж байгаад ахлагч Ч.Гнь адуунуудын дундаас 2 морь барьж аваад бүгдээрээ машин руу ачсан юм. Тухайн үед бид уг 2 морийг портер маркийн машин руу ачиж байхдаа үл таних ахлагч С.Т, Ч.Гнарын хамт бас үл таних 3 цэрэг үүрэг гүйцэтгэж байсан ба С.Т, Ч.Гхоёрт энэ ямар учиртай 2 морийг ачиж байгаа юм бэ, энэ болж байгаа юм уу гэж асуухад ахлагч С.Т нь тэд нарт энэ 2 морь минийх, би өөрөө мэдье, янз бүрийн асуудал гарвал би өөрөө хариуцлагыг хүлээх болно гэж хэлж байсан юм. Анх бид нар ч гэсэн очих үед Нын найз үл таних цэргийн залуу С.Тээс энэ ямар учиртай 2 морь юм бэ гэж асуухад миний өөрийн морь гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 142-144 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...анх харуулын байранд морь ачихаар очих үедээ Н, Н нар нь ахлагч С.Тт хандаж энэ ачих гэж байгаа 2 морь ямар учиртай юм бэ чинийх мөн үү гэж асуухад миний 2 морь байгаа юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 145-147 дугаар хуудас/,
- Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай хоёр тооны морь ачсан хүмүүс хилийн зурваст явж байна гэж мэдээлэл ирсний дагуу шалгахаар очиход хилийн зурваст цэнхэр өнгийн портер машинтай 4 хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 154 дугаар хуудас/,
- Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аймгаас ирсэн цэнхэр өнгийн 75-09 БӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ангийн зүүн талын гуянд нум тамгатай хар хээр зүсмийн хязаалан морь, хар зүсмийн нум тамгатай үрээг ачсан байдалтай байсан юм. Тухайн үед 3 дугаар заставын Хаг гэх газарт агтны суурьт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч С.Т, Ч.Гхоёр уг 2 морийг машинд ачиж өгөөд явуулсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 156 дугаар хуудас/,
- Гэрч О.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны оройн 23 цагийн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Р.Аийн хамт Улаан чулуут гэх газарт үүрэг гүйцэтгэж байхад 5 км орчим зайтай Хаг гэх газраас машины гэрлийг хараад энэ талаар станцаар харуулын дарга, ахлах ахлагч Ц луу мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
- Гэрч Х.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хяналт шалгалт хийхэд агтны суурьт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч С.Т, ахлагч Ч.Гнар нь зөвшөөрөлгүйгээр ангийн 2 адууг аймгаас ирсэн үл таних залуучуудад ачиж өгөөд явуулсан байсан ба уг үл таних залуучууд машинаар 2 адууг ачиж явж байхад дэд түрүүч О.Б, байлдагч А хоёр барьж аван саатуулсан байдалтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 1159-160 дугаар хуудас/,
- Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ангийн нуман тамгатай 2 тооны адууг агтны суурьт үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч С.Т нь миний өөрийн 2 тооны адуу байгаа хэмээн худал ярьж аймгаас очсон дээрх залуучуудыг утсаар дуудаад ачуулан өгч явуулсан гэх тайлбар өгч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/,
- Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 163-166 дугаар хуудас/,
- Ангийн үржлийн адуунд 2018 оны эхний хагас жилийн толлого явуулсан толлого /хх-ийн 53-54 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гарч байгаа актын суурьт 2 тооны адуу байна. Аймгийн төвд хүргэж өгөх болж байна уу гэж ярьсан. Дараагаар нь Н 30 минутын дараа хариу өгье гэж хэлсэн. Дараагаар нь 30 минутын дараа залгаж зөвшөөрсөн талаар хариу өгсөн. Нэг нь хязаалан, нэгэн хар хээр зүсмийн үрээ байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Манай байгууллагын нэхэмжилж байгаа 5 тооны адууны үнийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Уг адуунуудыг бид хувьдаа ашиглаагүй боловч бид харж хандаж байх хугацаанд алга болсон асуудал болсон тул төлж өгөх болно” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/
- Шүүгдэгч Ч.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Актын суурийг С.Т бид хоёр ахалдаг ба цэргийн эд хөрөнгө харж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэхүү гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллагын нэхэмжилж байгаа 5 тооны адууг төлж өгнө. Гэхдээ уг адуунуудыг бид хувьдаа ашиглаагүй боловч бид харж хандаж байх хугацаанд алга болсон байна. Тиймээс адуу болон бусад гарах зардлыг төлж өгөх болно. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч С.Т, Ч.Гнар нь 2 тооны адууг өөрийн адуу гэж бусдад шилжүүлж өгсний дараа уг 2 адууг амьд биетээр нь иргэний нэхэмжлэгч байгууллага хүлээн авсан байх тул шүүхээс хавтаст хэргийн 165-166 дугаар хуудсанд авагдсан “Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Учир нь шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай тогтоомжийг зөрчиж, шинжээч нар гарын үсэг зураагүй, энэ дүгнэлтийг шүүгдэгч нарт танилцуулаагүй зэрэг зөрчил дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл уг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй нотлох баримт гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн бусад нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иргэний нэхэмжлэгч байгууллага болох Хилийн цэргийн 0285 дугаар анги нь: “... Манай байгууллагаас С.Т, Ч.Гнарын ачуулсан 2 тооны адуунаас гадна 10 тооны адуу алга болсон ба үүнээс Оросын холбооны улсын талаас “танай 5 тооны адуу хил давсан байна” гэж манайд мэдэгдсэнээр хил давсан 5 тооны адууг бид хүлээж авсан ба одоо 5 тооны адуу дутуу байгаа. Уг адуунууд Т, Г нар харж хандах үүрэгтэй үед алга болсон тул уг 5 тооны адууг төлүүлж өгнө үү. Уг хэргийг прокурорын шатнаас дутуу шалгасан гэж үзэж байна. Энэ алга болсон адуунуудыг Г, Т нар завшсан гэх үйлдлийг мөн шалгах ёстой байсан” гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдэд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г, Т нар нь 5 тооны адууг хувьдаа завшсан гэх үйлдэл холбогдол тогтоогдохгүй байна. Мөн нөгөө талаар шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар заажээ.
Харин иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн 0285 дугаар анги нь байгууллагад учирсан бусад хохирол болон 5 тооны адууны талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн 0285-р ангийн өмгөөлөгч Д.Э нь: “...Уг 2 тооны адууг ачсан иргэд нь хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэлд хариуцлага тооцох ёстой” гэж тайлбарлах боловч Хилийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар прокурорын байгууллагаас уг зөрчил гаргасан гэх иргэдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь нээлттэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Т, Ч.Гнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Т, Ч.Гнарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг “Цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Иймд шүүгдэгч С.Т, Ч.Гнарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Т, Ч.Гнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Т, Ч.Гнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч С.Т, Ч.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн тэдний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж овгийн Сидыхын Т, Барга овгийн Чгийн Г нарыг “2 тооны адууг өөрийн адуу гэж бусдад шилжүүлж цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т, Ч.Гнарт ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
3. Шүүгдэгч С.Т, Ч.Гнар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан С.Т, Ч.Гнарт хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн 0285 дугаар анги нь 5 тооны адуу болон бусад хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Т, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Т, М.Г нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2, цахим үнэмлэх 2 ширхгийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК