| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0165/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/168 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/168
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
Нарийн бичгийн дарга К.Е,
Шүүгдэгч Ш.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Жт холбогдох 1813003070205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1968 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар баг, Бугат гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж тайлах овгийн Шн Ж. РД:БЖ**********
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж нь бэлчээрийн маргааны улмаас хохирогч С.Бг зодож, түүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх толгой” гэх газарт С овогтой Бг бэлчээрийн маргааны улмаас зодож, түүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
- Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... тэгээд мал дээрээ очоод малаа хариулаад явж байхад миний хонийг үргээж миний хажууд ирээд “чи яагаад манай газарт мал хариулаад байгаа юм вэ” гэж хэлээд над руу нэг чулуу шидсэн боловч чулуу нь миний толгойг давж намайг оноогүй. Тэгээд би морь үргэж магадгүй гэж бодоод мориноосоо буутал шууд ирээд миний толгойны зүүн талын шамархай тус газар гартаа барьсан чулуугаар нэг удаа цохиж нөгөө гараараа толгой руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,
- Гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.Ж гэх хүн С.Бн малыг үргэж бид нарын хажууд ирээд С.Б руу нэг чулуу шидэхэд нөгөө чулуу нь оноогүй үед С.Б мориноосоо бууж байхад Ж очиж С.Бн толгой тус газарт гартаа барьсан чулуугаар нэг удаа цохисон. Тэгээд С.Б Ш.Ж нар хоорондоо хэрэлдэж байсан. Би мал руугаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч К.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ..С.Б гэх хүний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт дээрээс доошоогоо 3 см орчим зүсэгдсэн шархтай ирсэн. Тэгээд би түүний биеийн байдлыг нь үзээд шархыг нь цэвэрлэж 2-3 ширхэг оёдол тавьж өгөөд явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Хохирогч С.Бн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх эмч К.Хын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 423 тоот дүгнэлтээр иргэн С.Бгийн биед тархины доргилттой, духны зүүн талын хэсэг хавдартай шартай, зүүн талын нүдний салстанд цус харвасан зүүн доод зовхинд цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хавдартай, доод уруулд хавдартай зөөлөн эдийн бэртгэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Тухайн өдриин өглөө манай гэрийн дээд талд ойрхон 500 гаруй метр газарт хөрш болох С.Б нь хонь хариулаад явж байхаар нь би гэрээсээ гарч малгайгаараа даллаад түүнийг дуудсан боловч С.Б зөрүүдлээд над руу ирэлгүй хонио хариулаад явж байсан. Тэгээд би түүний хажууд очоод чи яагаад манай гэрт ийм ойрхон газарт ирж малаа хариулж байгаа юм вэ гэсэн чинь С.Б учиргүйгээр над руу дайрч чи намайг зодох гээд ирсэн үү гээд замдаад авахаар нь би түүний толгой тус газарт гартаа байсан чулуугаар санаандгүйгээр цохичихсон. Тэгээд түүний духнаас нь жаахан цус гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хоёр тийш яваад өгсөн. Дараа нь би нэгэнт түүнд гар хүрч зодсон юм чинь миний буруу боллоо гээд түүний гэрт нь очиж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ш.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Жийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ш.Ж нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 590000 төгрөгийн хохирлыг төлж өгч, хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч С.Бд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж тайлах овгийн Шн Жийг “бэлчээрийн маргааны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Жийг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Жийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК