Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/167

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Д.Азжаргал, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч М.Ф,

иргэдийн төлөөлөгч Г.Б,

хохирогчийн  өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох 1813002280152 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс дөрвөд, Д овгийн Х-ы Н, 1975 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнссэн, 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих, 1999 онд Эрүүгмйн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЮ***********

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн В.Нын гар болон цээж рүү дөрвөн удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Х.Нг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 03 цаг 50 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгмй сумын 8 дугаар багт байрлах иргэн Т.Лхагвасүрэнгийн гэрт ганцаараа хонож байсан В.Нын гар болон цээж рүү дөрвөн удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би эхнэр, охин хоёроо бодож сууж байгаад архи уугаад ухаанаа алдсан байсан юм. Архи уугаад хаашаа явсан, юу хийснээ санахгүй байгаа ба нэг мэдсэн чинь Н хоолны ширээг түшээд зогсчихсон, зүүн талын гарынхаа булчин хэсгийг аягны алчуураар боож зогсож байсан. Тэгэхдээ “Та намайг

хутталчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би цочирдоод гэрээс гараад явсан. Түүнээс хойш юу болсон, хаана явсан, яаж явж байгаад цагдаад баригдсанаа мэдэхгүй байгаа юм. ...Уг хутгыг хаанаас авсан, хаана хаясанаа санахгүй байгаа. Н хэлэхдээ хутгаа гартаа бариад зугтаасан гэж хэлсэн. Би түүнээс хойш уг хутгыг хайсан боловч олохгүй байгаа юм. Би Наас уучлал гуйсан, хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. ...Над учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.

...Би Улаанбаатар хотод В.Нын гэрээр нь орж гардаг байсан. Өмнө нь ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй. Би хүргэнээ хутгалчихаад өөрийгөө юу гэж өмгөөлөх юм бэ. Миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэг үнэн юм чинь өөр хэлэл зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-136 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг,

- Хохирогч В.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хадам аавын байшинд ганцаараа амарсан. Хадам ах Энхнасан ирээгүй болохоор нь гэрийн хаалгыг онгорхой нээлттэй амарсан. Шөнийн 03 цаг 30 минутын үед гаднаас хүн орж ирээд гэрэл асаасан. Би Энхнасан ирсэн байх гэж бодсон чинь манай эхнэрийн хамаатан болох Н халамцуу орж ирсэн.  Надаас Энхнасанг асууж, мухрын унтлагын өрөөнд орж ирсэн байсан. Би “Энхнасан гэртээ ирж хоноогүй” гэж хэлсэн юм. ...Дараа нь гэрлээ унтраагаад гараад явсан. Би унтах гэж байхад 20 минут л болсон. Н орж ирээд гэрэл асаагаад оронд хэвтэж байсан миний хажууд ирээд гартаа нэг шил архи барьсан надад бос гэсэн. Би “Хүн амарч байхад амгалан тайван байдлыг битгий алдагдуул. Наад тамхиа хая” гэсэн чинь “Чи мэддэг юм уу том том яриад энэ миний ахын гэр” гэж надтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Би чи одоо гар гээд хөнжлөөрөө толгойгоо хучаад гарахдаа гэрлээ унтраачихаарай гэж хэлсэн. Тэгтэл уг хөнжил дээрээс нэвт шууд хутгалсан юм. Тухайн үед би баруун талаараа хажуулдаад хэвтэж байсан ба миний зүүн талын хавирганы тус газарт цохих шиг болохоор нь хартал над руу нарийн үзүүртэй хутга барьчихсан “Чамайг ална” гээд далайхад нь би зүүн талын гараараа цээжийн хэсгээ хамгаалахад тэр миний зүүн талын гар руу хоёр удаа хутгалсан. Тэгэхэд нь би түүний гарыг нь барьж авахыг оролдоход миний өвчүүний тус газарт дахин нэг удаа хутгалсан юм. Тэгэнгүүт нь би орноосоо босоод Нгийн хойд талаар нь тэвэрч барьж аваад зууралдаад том өрөө рүү ороод өөрийгөө хамгаалахын тулд сандал аваад Н руу шидэх гэхэд миний гар сандлыг дагаагүй тул “Чи битгий ингээч хүн аллаа” гэж хоёр гурван удаа хашгирч “Цус дууслаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Н “Би угаасаа өнгөрсөн хүн. Чамайг би дуусгана” гэж хэлсэн. ...Нийтдээ хохиролд 1848650 төгрөг гарсан. Гарсан хохирлыг төлүүлж авлаа. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-90, 174 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны шөнө би гэртээ эхнэр, хүүхдүүд мөн эхнэрийн хамаатан Буянт сумаас ирсэн ахлах сургуулийн 3 хүүхдийн хамт хоносон. Манай аавын байшинд хүргэн ах В.Н хоносон бөгөөд 23 цагийн үе хүртэл манай гэрт байж байгаад одоо гэртээ орж унтлаа гэж хэлээд гарсан. Манай ах Энхнасан аавын гэрт байдаг байсан ба тухайн өдөр гэртээ ирээгүй юм. Шөнө унтаж байтал манай гэрийн цонхыг Н Б хаалгаа гэж хэлж тогшсон бөгөөд би унтлагын хувцастайгаа гадагш гартал Н ах цээж нүцгэн, дотоожтой элгээ тэвэрчихсэн, зүүн талын хавирганы тус газраа дараад барьчихсан тэр орчмоос нь цус нилээд гоожсон байдалтай “Намайг Н хутгалчихлаа, гэрээс гараад зугтаачихлаа” гэж хэлээд зогсож байсан. Тухайн үед би маш их сандарч гэртээ ороод хувцасаа өмсөөд эхнэрээ дагуулаад гарч ирэхэд Н ах аавын гэрт орчихсон зогсож байсан ба гэрийн доторхи шалан дээр дэвссэн хулдааз нь нил цус болчихсон Н ахын хэвтэж байсан гэх орны дээр нь цус болчихсон, хөнжил нь газар уначихсан байсан. Би эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан юм. ...Намайг ороход гэр дотор хутга харагдаагүй ба улбар шар өнгөтэй хутганы хуй орны урд талд газарт байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,

- Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны орой Н ах манайд орж ирээд цай уугаад “Одоо гэртээ орж унтлаа” гээд 23 цагийн үед гарч явсан. Шөнийн 03 юм уу 04 цагийн үед хаалга, цонхыг хүн чанга тогшхоор нь манай нөхөр очиж хаалга нээсэн. Баянмөнх хаалгаа онгойлогоход цаана нь Н хүргэн ах юм яриад байсан ба би унтаж байсан тул сайн сонсоогүй. Тэгтэл удалгүй нөхөр орж ирээд “Отооч Н ахыг хутгалаад зугтаагаад явчихсан байна” гэж хэлээд хувцсаа өмссөн. Би нөхөртэйгээ цуг хувцсаа өмсөөд аавын гэрт ороход Н ах зөвхөн дотоожтой, цээжний хэсэг нь цус болчихсон цээжээ гараараа дарчихсан “Намайг Отооч /Н/ хутгалчихлаа. Тэгээд зугтаачихлаа” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр аавын гэрт ороход тэдний гал тогооны өрөөний шалан дээр дэвссэн хулдааз нь цус болж явахад хөл хальтирч байсан. Шалан дээр Н ахын нөмөрч хэвтэж байсан гэх улаан ягаан өнгийн цэцэгтэй хөнжил нь газарт цус болчихсон хэвтэж байсан. Мөн орны урд хэсэгт хүрэн өнгөтэй ширэн юм шиг материалтай хутганы хуй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

- Гэрч Л.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний үүрээр 04 цаг 14 минутанд Н над руу залгаад “Би аавынд унтаж байхад Отооч /Н/ ирээд намайг хутгалчихлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би аав, ээж хоёртоо хэлээд өглөөний 7 цагийн үед Өлгийд ирсэн юм. Би Өлгийд ирэхэд манай нөхөр эмнэлэгт хэвтсэн байсан. ...Би Нын бүх биеийг нь угааж өгсөн юм. Тэгэхэд зүүн талын гарны хэсэгт хоёр шарх, өвчүүнд нь нэг шарх, цээжинд нь нэг шарх байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 50 минутын үед өөрийнхөө хувийн тэрэгтэй таксинд явахаар болж босож байхад манай хөрш Б над руу утасдаж “Манай хүргэн ахыг хутгалчихлаа бид эмнэлэгт байна. Отооч хутгалсан /Н гэдэг нэрийг сүүлд мэдсэн/ цагдаа нар хайж байгаа олдохгүй байна. Та харагдвал хэлээрэй” гэж надад захисан. Отооч буюу Нг би гаднаас нь таньдаг. Би 06 цагийн үед Цамбагарав дэлгүүрийн урд таксинд гарсан. ...Машинаа арчаад зогсож байтал хойд тал буюу Алтай худалдааны төвийн булангаар Отооч гарч ирсэн надад “Таксинд явах уу” гэж асуусан. Би урд нь Болормаагийн хэлсэн үгийг санаж таксинд явахгүй гэж хэлсэн. Гэтэл Отооч надад "Би факталсан" гэхээр нь би яасан бэ? гэж асуусан юм. Тэр үед Отооч надад “Би Ныг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь надад айдас хүрээд шууд утасдах боломжгүй ямар ч байсан аваачсан газарт нь очоод боломж гаргаад утасдая гэж бодсон. Машиндаа суулгаад “Хаашаа явах уу” гэж асуухад “Цоож эгчийн гэрт очьё” гэхээр стадионы хажуу талд байдаг гэрт очсон чинь гэр нь цоожтой байсан. Би “Цоожтой байна яах уу миний дүү” гэж хэлэхэд “Тэгвэл стадионы доод талд нэг айлд очьё” гээд цэнхэр хашаатай айлд орох үед нь би Болормаад утасдаж хэлсэн. ...Удалгүй цагдаагийн хар машин миний машины хажууд ирээд зогссон. Машинаас дэслэгч цолтой залуу бууж ирээд Отооч /Н/-д машинд суу гэхэд нь Отооч над руу харж “За за” гэсэн. ...Тэр үед би болгоомжилж өөрийнхөө мэдэгдсэнийг Отоочид мэдэгдэхгүйн тулд “Наадах залуу чинь яасан бэ?” гэж хэлэхэд дэслэгч залуу “Зүгээр зүгээр” гээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
  • Хохирогч В.Нын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 16-24 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Х.Нгийн тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэг зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Хэргййн  газраас олдсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

 - Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай: “...Иргэн В.Нын биед зүүн талын гарын бугалганы хэсэг болон аюулхай мөгөөрсний орчим, цээжний зүүн хажуугийн хэсэгт мэс заслын оёдол тавьсан хатгагдаж зүсэгдсэн 4 ширхэг шарх, уг шархнуудын цээжний зүүн хажуугийн  хэсэгт  зүүн талын суганы дунд шугамаар 12 дугаар хавиргааны төвшинд байгаа шарх нь цээжний хөндий руу нэвтэрсэн, зүүн талын 12 дугаар хавирганы олон хэсэг болж сэлтэрсэн ил хугарал гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн  үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь оншилгоо эмчмлгээний үр дүнгээс хамааран дахин тогтооно. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 114 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7531 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Х.Нгийн өмсөж явсан гэх жинсэн өмднөөс цус илэрсэн. Жинсэн өмднөөс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь хохирогч В.Нын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Н, хохирогч В.Н болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, цаг хугацаа нөхцөл байдлын хувьд дэс дараалал үйл баримт нь зөв тогтоогдож байна. Мөн бусад нотлох баримтууд нь нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэллээ.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 03 цаг 50 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах иргэн Т.Лхагвасүрэнгийн гэрт ганцаараа хонож байсан В.Нын гар болон цээж рүү дөрвөн удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхээс хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мэдүүлгийг тус тус хянан үзээд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фаридагийн шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч В.Ныг 4 удаа хутгалж түүнд олон тооны шарх үүсгэж  “Онц харгис хэрцгийгээр” үйлдсэн нь хохирогч В.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний зүүн талын хавирганы тус газарт цохих шиг болохоор нь хартал над руу нарийн үзүүртэй хутга барьчихсан “Чамайг алнаа” гээд далайхад нь би зүүн гараараа цээжин хэсгээ хамгаалахад тэр миний зүүн талын гар руу хоёр удаа хутгалсан. Тэгэхэд нь би түүний гарыг барьж авахыг оролдоход миний өвчүүний тус газар дахин нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч В.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би том өрөө рүү ороод өөрийгөө хамгаалахын тулд сандал аваад Н руу шидэх гэхэд миний гар сандлыг даагаагүй тул “Чи битгий ингээч хүн аллаа гэж хоёр гурван удаа хашгирч, цус дууслаа шүү дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр шүүгдэгч Х.Н нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх мэдүүлгээр шүүгдэгч Х.Н нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хутга хэрэглэсэн байна. Хутга нь бүтэц, хийц, шинж байдлын хувьд амьд биетийг устгах, гэмтээх чадвар бүхий эд зүйл тул зэвсэгт хамаарах юм. Дээрх нөхцөл байдлууд нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Нг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч В.Нын эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршигт гарсан 1.893.650 /нэг сая найман зуун ерэн гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Х.Н төлж барагдуулсан болох нь хохирогч В.Н, шүүгдэгч Х.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч В.Нын өмгөөлөгч К.Е нь “...Хохирогч В.Нын өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна. Мөн хохирогч В.Нын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв. Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөллийн хөлс болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь уг өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд хохирогчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийсэн гэрээ юм. Харин 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Хохирогч В.Над учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь оношилгоо, эмчилгээний үр дүнгээс шалтгаална.” гэж байх тул хохирогч В.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Н урьд нь 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнссэн, 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих, 1999 онд Эрүүгмйн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байна. Энэ нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүнийг онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох саналыг гаргав. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид дээрх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг гэмт хэргийн шинж болгон заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж дүгнэсэн.

Мөн улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х-ны Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. Иймд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргаснаа танилцуулав.

Шүүхээс шүүгдэгч Х.Нгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Нгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хохирогч В.Нын нөмөрч байсан 193х150 сантиметр хэмжээтэй ноосон материалтай ногоон алаг өнгийн одеял буюу орны бүтээлэг, 191х147 сантиметр хэмжээтэй ягаан алаг өнгөтэй, ногоон ягаан өнгийн  цэцэгтэй хээтэй углаа даавуу, 200х134 сантиметр хэмжээтэй ягаан алаг өнгөтэй, ногоон ягаан өнгийн  цэцэгтэй хээтэй орны дэвсээ даавуу, хүрэн өнгийн 13 сантиметр урттай, 2.5 сантиметр өргөн хутганы хуй зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД хуурцгийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Н нь энэ тогтоолоор хохирогч В.Над төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 904 метр квадрат талбайтай Г-0213005294 дугаартай газрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Нгийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овгийн Х-ны Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан “Онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.      
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Нг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгч Х.Н нь өмнө цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч В.Нын өмгөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Хохирогч В.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч В.Нын нөмөрч байсан 193х150 сантиметр хэмжээтэй ноосон материалтай ногоон алаг өнгийн одеял буюу орны бүтээлэг, 191х147 сантиметр хэмжээтэй ягаан алаг өнгөтэй, ногоон ягаан өнгийн цэцэгтэй хээтэй углаа даавуу, 200х134 сантиметр хэмжээтэй ягаан алаг өнгөтэй, ногоон ягаан өнгийн цэцэгтэй хээтэй орны дэвсээ даавуу, хүрэн өнгийн 13 сантиметр урттай, 2.5 сантиметр өргөн хутганы хуй зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  9. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД хуурцгийг хэргийн хамт хадгалсугай.
  10. Шүүгдэгч Х.Нгийн эзэмшлийн 904 метр квадрат талбайтай                           Г-0213005294 дугаартай газрыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Нгийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  13.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК

                                        ШҮҮГЧИД                                     Д.АЗЖАРГАЛ

                                                                                       П.ДОРЖБАЛ