Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий  прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003440223 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн С-ийн А, 1998 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт, оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаар БЮ*********

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь О.М-ийн гээгдүүлсэн гар утсыг иргэний үнэмлэх, банкны виза картын хамт олж авч “Ноте-8 Голд” маркийн гар утсыг иргэн Н.Б-д 1000000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж бусдын гээгдэл эд хөрөнгийг  завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч С.Аийг гэм буруутайд тооцох үндэслэл:

                 Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн О.М-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт хашаанд байсан машины копутанд тавьсан гар утсаа мартаж уг машинаар замын хөдөлгөөнд оролцох үед гээгдүүлсэн “Ноте-8 Голд” маркийн гар утсыг иргэний үнэмлэх, банкны виза картын хамт олж авч “Ноте-8 Голд” маркийн гар утсыг иргэн Н.Б-д 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - Хохирогч О.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах өөрийн байшингийн хашаанд байсан машины копутанд тавьж машиныг унаж хөдөлгөөнд оролцох үед уг гар утас маань унаж гээгдсэн байсан юм. Тэгээд би орон нутгигйн радио, телевизээр зар өгсөн боловч олж авсан этгээд хариу өгөөгүй болно. Уг гар утасны хавтсанд миний цахим үнэмлэх болон 2 ширхэг банкны карт, гар утас цэнэглэх “Power bank” зэрэг зүйл алдагдсан юм. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би гээгдүүлсэн гар утас болон цахим үнэмлэх, банкны карт зэргийг бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 - Гэрч И.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү болох А Улаанбаатар хотод байгаа ба надад 3 хоногийн өмнө залгаж ”Би 2018 оны 08 дугаар сард нэг хүний гар утас олж авч бусдад худалдаалсан ба уг гар утасны хамт иргэний бичиг баримт байгаа” гэсэн. Тэгээд би уг бичиг баримтыг танайд хүлээлгэн өгөхөөр ирж байна. Арманбек уг гар гар утсыг 1000000 төгрөгөөр бусдад худалдсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ашиглаж байгаа гар утас “Нөүт-8” маркийн *353759/09/548394/1 дугаарын ймей кодтой гар утас мөн. Би уг утсыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний үед Фейсбүүк хаягт зарна гээд тавьчихсан байхаар нь С.А гэх Фейсбүүк хаягтай залуутай 94992247 дугаарын утсаар холбогдож “Бөхийн өргөө” дээр уулзаж хамт явж байсан залуугийнх нь Хаан банкны 5180857405 дугаартай дансруу 1000000 төгрөг шилжүүлж утсаа дагалдахгүй авсан.” гэх мэдүүлэг./хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Юнител ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05-01/5636 дугаартай албан бичиг болон түүний хавсралт 353759/09/548394/1 имей кодтой утсанд ашиглаж байсан Н.Б-ын 88118756 дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 07-12 дугаар хуудас/,

- 353759/09/548394/1 имей кодтой “Ноте-8 Голд” маркийн гар утсыг Н.Балжиннямаас хураан авсан болон хохирогч О.Маликт “Ноте-8 Голд” маркийн гар утас, Төрийн банкны 1 ширхэг карт, голомт банкны 1 ширхэг карт болон иргэний цахим үнэмлэх зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна. Думан зочид буудлын урд хэсгээс “Нөүт-8” маркийн шаргал өнгийн гат утсыг олж авсан. Уг гар утасыг би хэнд ч мэдэгдэлгүй ашиглаж байгаад Улаанбаатар хотод очих үед “Тэди” төвд очиж гар утас засдаг хүмүүст 40000 төгрөг өгч кодыг тайлуулж авсан. Уг гар утасыг өөрийн сим картаа хийж 1 сар ашиглаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 14-ний үеэр Ховд аймгийн цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн дарга ажилтай Б гэгч хүнд сая төгрөгөөр үнэлж худалдсан. Миний бие хуульд таарахгүй буруу зүйл хийсэн болохоо ухаарч гэмшиж байна. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.А нь хохирогч О.М-т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн Н.Балжиннямд гар утасны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг буцаан төлсөн нь шүүгдэгч С.А, гэрч Н.Б нарын мэдүүлэг болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч С.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Аийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч С.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох 0180776 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш овогт С-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.  
  3. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Аийн 0180776 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ