Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02095

 

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2022.12.09 Шүүгч Э.Энэбиш

 

 

А төвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02522 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А төвийн

 

Хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан

 

43,215,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр AHYT-HTШ-02 дугаар хоол хүнсний бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Өгөөмөр баян булаг ХХК нь тендерийн гэрээнд заасан бараа материалын үнэ, нийлүүлэлтийн хуваарийн дагуу 7 төрлийн мах махан бүтээгдэхүүнийг нийт 247,275,270 төгрөгөөр нийлүүлэх, А төв нь гэрээнд заасан төлбөрийг төвлөрсөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон. Захиалагч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн ба Өгөөмөр баян булаг ХХК харин гэрээний үүргээ биелүүлээгүй. 100 кг махыг 6,670 төгрөг буюу 667,000 төгрөгөөр нийлүүлэх байтал 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100 кг мах*12,000 төгрөг=1,200,000 төгрөгөөр нийлүүлж, 533,000 төгрөгийн үнийн зөрүү гарсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 100 кг мах*13,000 төгрөг=1,300,000 төгрөгөөр нийлүүлж 633,000 төгрөгийн үнийн зөрүү гарсан. 218 кг мах*6,670 төгрөг=1,454,060 төгрөгөөр нийлүүлэх байхад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 218 кг мах*13,000 төгрөг=2,834,000 төгрөгөөр нийлүүлж, 1,379,940 төгрөгийн зөрүү гарсан. 114,5 кг мах*6,670=763,715 төгрөгөөр нийлүүлэх байтал 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 114,5 кг мах*13,000 төгрөг=1,488,500 төгрөгөөр нийлүүлж, 724,785 төгрөгийн зөрүү гарсан. 13З кг мах*6,670 төгрөг= 887,110 төгрөгөөр нийлүүлэх байтал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13З кг мах*13,000 төгрөг=1,729,000 төгрөгөөр нийлүүлж, 841,890 төгрөгийн зөрүү гарсан. Нийт 5 удаагийн хонины мах нийлүүлэлтээр 100 кг махыг 1,200,000 төгрөг, 566 кг махыг 13,000 төгрөгөөр тус тус нийлүүлж, 4,112,615 төгрөг болсон.

Үхрийн махны хувьд 1 дүгээр зэргийн махыг 1 кг нь 8,400 төгрөг, НӨАТ болон тээвэрлэлт, бусад зардлыг оруулан тооцож 1 кг махыг 9,333 төгрөгөөр нийлүүлэх байсан. Гэтэл 2,148 кг мах*9,333 төгрөг=20,047,284 төгрөгөөр нийлүүлэх байтал 2018 оны 08 дугаар 20-ны өдөр 2,148 кг мах*15,000 төгрөг=32,220,000 төгрөгөөр нийлүүлж, зөрүү нь 12,172,716 төгрөг болсон. 1,828 кг мах*9,333=17,060,724 төгрөгөөр нийлүүлэх байтал 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,828 кг мах*15,000 төгрөг=27,420,000 төгрөгөөр нийлүүлж, зөрүү нь 10,359,276 төгрөг болсон. 1,926.32 кг мах*9,333 төгрөг=17,978,345 төгрөгөөр нийлүүлэх байтал 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,926.32 кг мах*15,000 төгрөг=28,894,866 төгрөгөөр нийлүүлж, зөрүү 10,916,521 төгрөг болсон. Мөн 5,400 кг үхрийн махыг 9,333 төгрөгөөр нийлүүлэх байтал 50,394,960 төгрөгөөр нийлүүлэх байсан ч 15,000 төгрөгөөр 5,902 кг мах нийлүүлж 88,534,866 төгрөг болсон ба зөрүү 38,139,906 төгрөг болсон.

Нийлүүлсэн махны нийт үнийн зөрүү 42,252,521 төгрөг болсон. Үндэсний аудитын газрын 2018 санхүүгийн тайлангаар 33,050 кг 7 төрлийн мах махан бүтээгдэхүүнийг дунджаар 7,481 төгрөг буюу нийт 247,275,300 төгрөгөөр нийлүүлэх байсан нь гүйцэтгэлээр 27,273.9 кг махыг 204,059,700 төгрөгөөр нийлүүлж, үлдэгдэл 5,776.3 кг 43,215,400 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй нь хууль зөрчсөн тул махны үнийн зөрүү 43,215,400 төгрөгийг Ө ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хэсэгт зааснаар Өгөөмөр баян булаг ХХК-иас 43,215,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

а. Ө ХХК нь гэрээгээ зөрчиж хонь, үхрийн махыг гэрээгээр нийлүүлэх үнээс өндөр үнээр нийлүүлж, нэхэмжлэгчид 43,215,400 төгрөгийн мах нийлүүлэхгүй хохирол учруулсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж 247,275,270 төгрөг шилжүүлсэн.

б. Хонины махны тухайд, худалдах, худалдан авах гэрээгээр бараа нийлүүлэх үнийг 1 кг хонины мах 6,000 төгрөг ба НӨАТ болон тээвэрлэлт бусад зардлыг оруулж 6,670 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 1 кг хонины махыг 12,000 төгрөг буюу 100 кг махыг 1,200,000 төгрөг, мөн 566 кг махыг 1 кг-ыг нь 13,000 төгрөг буюу 7,358,000 төгрөгөөр тус тус нийлүүлж, нийт 618 кг буюу 4,112,615 төгрөгийн махыг нийлүүлээгүй. Өндөр үнээр мах нийлүүлж байсан талаарх баримтыг шүүхэд гаргасан ба зөрүү байхгүй.

в. Үхрийн махны тухайд, худалдах, худалдан авах гэрээгээр бараа нийлүүлэх үнийг 1 кг үхрийн махыг 8,400 төгрөг, НӨАТ болон тээвэрлэлт бусад зардлыг оруулж 9,333 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 1 кг үхрийн махыг 15,000 төгрөг буюу 5,902 кг махыг 88,543,866 төгрөгөөр нийлүүлж, нийт 4,087 кг буюу 38,139,906 төгрөгийн мах нийлүүлээгүй.

Гэрээнд хонины махыг 12,000-13,000 төгрөгөөр, үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаж авах үнийн санал, тохиролцоо болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад шүүх үхэр болон хонины цул махыг зохигч тохиролцсон гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Хариуцагч махыг илүү үнээр нийлүүлсэн гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ зөрчин өндөр үнээр мах нийлүүлсэн баримтыг нэхэмжлэгч хэрэгт өгсөн. Үндэсний аудитын газрын 2018 оны санхүүгийн тайлангаар 33,050 кг, 7 төрлийн мах махан бүтээгдэхүүнийг дунджаар 7,481 төгрөг буюу нийт 247,275,300 төгрөгөөр нийлүүлэх байсан ч гүйцэтгэлээр 27,273.9 кг махыг 204,059,700 төгрөгөөр нийлүүлж, үлдэгдэл 5,778.3 кг буюу 43,215,400 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хариуцагч Ө ХХК-аас 43,215,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Махны суурь үнэ огцом өссөн тул талууд харилцан тохиролцож үнийг нэмсэн. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн хавсралтаар явуулсан үнийн санал хэрэгт авагдсан. Уг саналыг нэхэмжлэгч тал (тухайн үеийн дарга н.Э , нягтлан С) хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ийм эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2-т зааснаар захиалагч талд олгосон. Мөн талуудын байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 14.1-д талуудад хоорондоо тохиролцох эрхийг олгосон. 2022 онд махны үнэ буурч гадагш нийлүүлэхээ зогсоосон. Тухайн үед захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчид байсан. Талууд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хоорондоо өр төлбөргүй болсон гэж гарын үсэг зурж, акт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч А төв, хариуцагч Өгөөмөрбаян булаг ХХК-д холбогдуулан махны үнийн зөрүү 43,215,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээгээр тохиролцсон үнээс өндөр үнээр мах нийлүүлж үндэслэлгүйгээр үнэ нэмснээс 5,776.3 кг буюу 43,215,400 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талууд харилцан тохиролцож үнийг нэмсэн гэж тайлбарлажээ.

3. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хоол хүнсний бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр Өгөөмөрбаян булаг ХХК нь А төвд 7 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд нийлүүлэх, захиалагч 247,275,270 төгрөгийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн төлөх, мөн бараа болон үйлчилгээнд тендерийн үнийг баримтлах, тендерийн үнэ өөрчлөгдвөл, өөрчлөгдсөн үнийг баримтлахаар харилцан тохиролцсон байна.

4. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мах махан бүтээгдэхүүний тоо, хэмжээний талаар маргаагүй.

Харин гэрээнд заасан үнэ, тоо хэмжээгээр мах нийлүүлэгдсэн эсэх асуудлаар маргасан бөгөөд хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.

4.1. Хариуцагч нэг жилийн хугацаанд 1 кг хонины махыг 6,670 төгрөгөөр, 1 кг үхрийн махыг 9,330 төгрөгөөр тооцон нийт 247,275,270 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид нийлүүлэх үүргийг гэрээний тусгай нөхцөлийн 7, гэрээний хавсралт Барааны үнийн хуваарь-т заасны дагуу үүрэг хүлээжээ. Хариуцагч 5 удаагийн нийлүүлэлтээр 665.5 кг хонины махыг, кг тус бүрийг нь 12,000-13,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн нь 4,112,615 төгрөгийн, мөн 3 удаагийн нийлүүлэлтээр 5,902 кг үхрийн махыг, кг тус бүрийг нь 15,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн нь 38,139,906 төгрөгийн, нийт 42,252,521 төгрөгийн үнийн зөрүү үүсгэжээ. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан санхүүгийн баримтууд, Үндэсний аудитын газрын санхүүгийн тайлангаар нотлогдсон байна. /хх 75-80, 98-114, 161-162, 204-205/

Үндэсний аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/334 тоот санхүүгийн тайлангаар А төв нь 2017 онд Өгөөмөр баян булаг ХХК-тай байгуулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр 43,215,400 төгрөгийн барааг дутуу хүлээн авсан зөрчлийг тогтоож, тус газрын 2021 оны 172/АО170077 тоот албан шаардлагаар зөрчлийг арилгахыг шаарджээ. /хх 177-202/

4.2. Талууд гэрээг дүгнэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хугацааны мөнгөн төлбөрийн тооцоо нийлэхэд хариуцагч 88,534,866 төгрөгийн мах дутуу нийлүүлснийг Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурджээ. Гэрээгээр нийлүүлэх махны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор 1 кг үхрийн махыг 15,000 төгрөгөөр нийлүүлж үлдэгдэл төлбөрийг дуусгах саналыг хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/385 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, талууд 20-ны өдрийн Бараа материал нийлүүлэх хуваарь-ыг баталсан байна. /хх 14-15, 203/

Хариуцагч дээрх үнээр нэхэмжлэгчид үхрийн мах нийлүүлж, талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар дахин тооцоо нийлж хариуцагч мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх үлдэгдэлгүй, өргүй болохыг дүгнэн баталгаажуулжээ. /хх 120/

5. Анхан шатны шүүх, зохигчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

5.1. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлд гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д зааснаар бичгээр гэрээ байгуулахаар урьдчилан тодорхой заажээ. Мөн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр гэрээний үнийг өөрчлөх нөхцөлийг ерөнхий нөхцөлийн 3-т зааж энэ үндэслэлээр үнэ өөрчлөгдвөл аль үнийг баримтлахыг мөн ерөнхий нөхцөлийн 14.1-д тусгажээ.

5.2. Хариуцагч нийлүүлэх махны үнийг өөрчлөхөөр нэхэмжлэгчид хүргүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн санал, талууд 1 кг үхрийн махыг 15,000 төгрөг байхаар тохиролцон Хуваарь баталсан нь гэрээний ерөнхий нөхцөлийн 14.1-т гэрээний дагуу хүргэсэн бараа болон гүйцэтгэсэн үйлчилгээний үнийг нэхэмжлэхдээ нийлүүлэгч өөрийн тендерт санал болгосон үнийг баримтална. ГТН-ийн үнэ тохируулах нөхцөлийн дагуу үнийг тохируулах, эсхүл ГЕН-ийн 3 дугаар зүйлийн дагуу захиалгыг өөрчлөхөд тендерт санал болгосон үнэ өөрчлөгдвөл өөрчлөгдсөн үнийг баримтална гэсэн зохицуулалтад хамаарахгүй байна.

Мөн нийлүүлэх махны үнэ өссөн шалтгаан нь гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1-д зааснаар гэрээний үнийг шууд өөрчлөх нөхцөлд хамаарахгүй учир гэрээний үнийг өөрчилсөн талуудын тохиролцоо, өөрчилсөн үнээр үхрийн махыг нийлүүлсэн нь гэрээнд нийцээгүй, гэрээний тусгай нөхцөлийн 8-д ... тендерт санал болгосон үнийг баримтлах гэж заасныг зөрчжээ.

Талуудын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан А төв хоол хүнсний бараа материал нийлүүлэх хуваарь-иар 1 кг-ыг нь 15,000 төгрөгөөр тооцож 5,902 кг үхрийн махыг 88,534,866 төгрөг-өөр нэхэмжлэгчид үхрийн мах нийлүүлэх хэлцэл нь 2017 оны AHYT-HTШ-02 тоот Хоол хүнсний бараа материал нийлүүлэх гэрээг зөрчиж хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохооргүй байна.

5.3. Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ны өдрийн хугацаанд 5 удаагийн нийлүүлэлтээр 1 кг-ыг нь 12,000 төгрөгөөр тооцон 100 кг, 13,000 төгрөгөөр тооцон 566 кг, нийт 666 кг хонины махыг нэхэмжлэгчид нийлүүлснийг хүлээн авчээ. Хариуцагч 1 кг хонины махыг 6,670 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээнд заасан байхад 12,000-13,000 төгрөгөөр нийлүүлсний улмаас 4,112,615 төгрөгийн үнийн зөрүү гарч, нэхэмжлэгч 616.5 кг хонины махыг дутуу хүлээн авсан нь Үндэсний аудитын газрын 2019 оны 06/334 тоот санхүүгийн тайлан, 2021 оны 172/АО170077 тоот албан шаардлагаар тогтоогдож байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн дутуу нийлүүлсэн хонины махны үнэ 4,112,615 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаарджээ.

6. Үндэсний аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/334 тоот санхүүгийн тайлангаар нэхэмжлэгч А төвийн хариуцагч Өгөөмөр баян булаг ХХК-тай байгуулсан гэрээний гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж 43,215,400 төгрөгийн зөрчил илрүүлж, энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.3, 5.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна.

Дээрх санхүүгийн тайлан нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий нотлох баримт тул давж заалдах шатны шүүхээс уг баримтыг нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ. Хариуцагч тус тайланг баримтаар няцаагаагүй, гэрээний үнийн зөрүү 43,215,400 төгрөг болохыг үгүйсгээгүй ба зах зээлд махны үнэ өссөн дүнгээр нийлүүлсэн тул үнийн зөрүү гарсан, нэхэмжлэгчтэй тохиролцон үнийг өөрчилж баталгаажуулсан гэж тайлбарлажээ.

7. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар зохигчийн хооронд урт хугацаанд буюу нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх эрх зүйн харилцааг үүсгэсэн 2017 оны AHYT-HTШ-02 тоот Хоол хүнсний бараа материал нийлүүлэх гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн нь Үндэсний аудитын газрын 2019 оны санхүүгийн тайлангаар тогтоогдсон. Гэрээний хэрэгжээгүй үүргээс нэхэмжлэгч татгалзаж илүү төлсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

Үндэсний аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/334 тоот санхүүгийн тайланг үндэслэн нэхэмжлэгч махны үнийн зөрүү 43,215,400 төгрөгийг буцаан шаардсаныг хариуцагч Өгөөмөр баян булаг ХХК эс зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/155 тоот албан бичгээр авлагыг барагдуулах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Мөн Үндэсний аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 172/АО170077 тоот албан шаардлагаар дээрх зөрчлийг арилгахыг А төвд даалгасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. /хх 8/

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг буцаан шаардсантай холбоотой үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хариуцагчид олгосон, тухайн хугацаанд хариуцагч үүргийг гүйцэтгээгүй нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т нийцэж, нэхэмжлэгч хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хэрэгжүүлсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч гэрээний гүйцэтгээгүй үүргээс татгалзсан нь хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 43,215,400 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02522 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ө ХХК-аас 43,215,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А төвд олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... дурдсугай. гэснийг ... дурдаж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 374,027 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А төвд олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,027 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ

 

 

 

 

Тогтоох хэсэг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Хариуцагч байгууллагаас 43,215,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулна. Түүнчлэн хууль хэрэглээний зүйчлэлийн өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний төлбөрт илүү мөнгөн хөрөнгө шилжүүлсэн тул үүнийгээ буцаан гаргуулна гэх агуулгаар нэхэмжлэлээ гаргасан.

Нотлох баримтаар аудитын дүгнэлт болон орлого, зарлагын баримтуудыг гаргаж өгсөн байна. хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэснээс өөр үндэслэл гаргаагүй. +Талуудын хооронд тендерийн гэрээнд заасан хоол хүнсний барааг бэлтгэн нийлүүлэх гэрээ 2017.01.27-ны өдөр байгуулагдсан. +Гэрээнд заасан үнээр бус өөр үнээр мах нийлүүлсэн нь махны хэмжээ өөрчлөгджээ. хэмжээгээр бус өөр хэмжээгээр мах нийлүүлэгдсэн байгаа. Энэ нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулах агуулгатайгаар гаргасан энэ нэхэмжлэлийг ИХ-ийн 243.1, 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нотлогдсон хэмжээ болох 43,215,000 төгрөгөөр хангагдана. Ийм учраас талууд үнийн дүнгийн талаар хожим тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзнэ.