| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0168/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/171 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/171
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч М.Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003420212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овгийн Х-ы А, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ**************
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Х.А нь үнэт эдлэлийн дэлгүүрээс 1.27 граммын 14 кратын сорьцтой, 56 сантиметрийн урттай 1 ширхэг, 1.67 граммын 585 сорьцтой 55 сантиметийн урттай 1 ширхэг монетэн зүүлтийг тус тус хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.А нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах "Худ Өлке" худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн М.Нурданагийн үнэт эдлэлийн дэлгүүрээс монетэн эд зүйл сонирхож байгаад худалдагч нь лангуун доогуур тонгойх үед 1.27 граммын 14 кратын сорьцтой, 56 сантиметрийн урттай 1 ширхэг, 1.67 граммын 585 сорьцтой 55 сантиметрийн урттай 1 ширхэг монетэн зүүлтийг тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед манай дэлгүүрт танихгүй эмэгтэй орж ирээд монетон эдлэлийн үнэ асуугаад, бас зүүж үзээд 20 орчим минут болж байгаад гарахдаа “Нөхөртэйгээ цуг эргэж ирээд авна” гэж хэлээд гараад явсан. Би 10 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ очоогүй байсан ба 10 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ ирээд барагаа бүртгэж үзэхэд монетон гинж 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг алга болсон байсан. Камер шүүлгэж үзэхэд 16 цаг өнгөрч байхад орж ирсэн эмэгтэй авсан нь харагдаж байсан юм. Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүрийн бараандаа тооллого хийсэн бөгөөд энэ үед бараанууд бүгд бүрэн байсан. Би алдсан 2 ширхэг монетон зүүлтээ хүлээн авлаа, харин олдоогүй монетон бөгжөө нэхэмжлэхгүй, надад санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/,
- Гэрч К.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16-17 цагийн хооронд өмнө нь манай ломбардаар үйлчлүүлж байсан Х.А гэх эмэгтэй 2 ширхэг монетон зүүлт авч ирээд “Үүнийг зарах гэсэн юм. Танайх худалдан авах уу” гэсэн юм. Би тэгэхээр нь худалдаж авч болно гээд жин хэмжүүрээ гаргаж граммыг нь үзэхэд 2 ширхэг монетон зүүлт нийт 2,9 грамм гарсан юм. Нэг граммыг нь 40.000 төгрөгөөр үнэлж авахаар тохирч тэр эмэгтэйгээс нийт 110.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
- Гэрч Т.Х-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А нь намайг байхгүй үед манай ажилтан К.Өрикжанд 2 ширхэг монетон зүүлт авч ирж өгч барьцаанд тавьж мөнгө авсан ба учруулсан хохирлоо нөхөн төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- Мэргэшсэн үнэлгээчин Х.К-ын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/97 дугаартай хөрөнгийн хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-53 дугаар хуудас/,
- Хяналтын камерийн дүрс бичлэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Худ-Өлке худалдааны төвийн 1 давхарт байдаг М.Нурданагийн дэлгүүрээс ээмэг, бөгж сонирхож байгаад түүнд мэдэгдэлгүйгээр 2 ширхэг монетон ээмгийг хулгайлж авч тэр өдөр “Бес Арыс” ломбардад 110000 төгрөгийн барьцаанд тавьж урьд өмнө 60000 төгрөгийн барьцаанд тавьсан “J1” маркийн гар утсаа чөлөөлөн авч бусад зөрүү мөнгөөр гэрт эд зүйл авч мөнгийг үрж ашигласан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Дээрх нотлох баримтуудаас хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Аийн хувийн байдлын талаарх гэрч нарын мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.Аийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-д 580000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Х.А нь хулгайлсан эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Тэнсэж үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч Х.Ад хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД диск 1 ширхэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар 3 хуудас материал зэргийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Аийн 00683645 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8 дахь хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧП.ДОРЖБАЛ