Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
Хэргийн индекс | 112/2016/0037/З |
Дугаар | 06 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын иргэн Л.Ганхуягийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох тус аймгийн Засаг даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, мөн олгогдоогүй байгаа цалин, ээлжийн амралтын олговор, томилолт зэргийг гаргуулах, Орон нутгийн өмчийн газарт ажилд эгүүлэн тогтоолгох, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3,4 дэхь заалтуудыг хүчингүй болгуулах мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1988 онд полтехникийн дээд сургууль хүдрийн инженерийн мэргэжилтэй, 2008 онд төрийн удирдлагын академийн төрийн удирдлагын магистр, 2016 онд ШУТИС-н геологийн магистр, 1988-1992 онд усны аж ахуйд отриатын дарга, 1997-1998 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт газар зохион байгуулалт төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 1998-2000 онд аймгийн Газрын албаны дарга, 2000-2003 онд Байгаль орчны газарт газар зохион байгуулалт төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн, 2003-2009 онд Газрын албанд мэргэжилтэн, 2009-2014 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2014-2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байсан. 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газарт орохдоо төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт өгч 1998 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. 1997 оноос гутгаар зэргийн дэс түшмэл, 1998-2000 онд ахлах зэргийн түшмэл, 2014 оноос ахлах түшмэл төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан. Ажиллах хугацаандаа мэргэжилтнээс дарга хүртэлх албан тушаалыг хашсан. Энэ хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл авч, арга хэмжээ авагдаж байгаагүй. Үр дүнгийн гэрээгээ 90 хувиас дээш хувьтай биелүүлж, урамшуулалт цалингаа авдаг байсан. Энэ талаарх баримт ажиллаж байсан байгууллагуудын архивт хадгалсан байгаа. Орон нутгийн өмчийн алба 2016 оны 1 дүгээр улиралд Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэргэдээ орон нутгийн өмчийн албатай байна гэсэн заалтын дагуу үүсгэн байгуулагдсан боловч хуульд нэмэлт өөрчлөлт орж, аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдахаар болсон. Үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүлээж авахгүй, орон нутгийн өмчийн алба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байх ёстой. Өмчийн алба нь аливаа нэгэн өргөн мэдүүлэгтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж хэрэгжилтийг хангаж ажилладаг учраас Иргэдийн Хурлын дэргэд байх ёстой гэсэн үндэслэлээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх өмчийн алба нэрээр үйл ажиллагаа явуулсан. Шинэ Засгийн газар агентлагийн тоог цөөрүүлэх үүднээс Худалдан авах ажиллагааны газар татан буугдсан. Орон нутгийн өмчийн алба өмнө нь Сангийн яаманд өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн нэртэйгээр байгуулагдаж явж байгаад шинэ Засгийн газрын бүтцээр Төрийн өмчийн газар болон шинээр байгуулагдсан. Энэ утгаар аймгуудад Орон нутгийн өмчийн газар байгуулагдахаар болсон. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу, Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогын дүнг хүлээлгэж өгөх ажлаар томилолтоор явах гэж байхад араас утсаар яриад та ажлаасаа чөлөөлөгдлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн Засаг даргын Тамгын газар луу яриад намайг ажлаас чөлөөлсөн байна тийм учраас Улаанбаатар хот руу томилолтоор явах боломжгүй боллоо гэхэд та өөрөө яваад ир, ирэхээр чинь таны томилолтыг олгоно. Таныг ирэхээр ажлыг чинь хүлээлцэх асуудлыг тусад нь ярина гэж хэлсэн. Улаанбаатар хотод очоод ажлаа танилцуулж дуусаад 09 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн. Ирчихээд дарга нартай яриад ажлаа хүлээлцэж авна уу гэж мэдэгдсэн. Он, сар, өдрөө харж байгаад ажлаа хүлээлгэж өг гэсний дагуу Баасан ахлагчтай ажлын хэсэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Төрийн албаны Говь-Алтай салбар зөвлөлд намайг ажлаас халж, ажлаас халсан тухай мэдэгдэх хуудас өгөөгүй гэх талаар дурдаж хүсэлт гаргасан. Төрийн албаны тухай хуулий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу алба татан буугдсан буюу үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй бол шинээр байгууллагдсан газарт үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг гаргасан. Төрийн албаны Говь-Алтай аймаг дах салбар зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн захирамж хүчингүй болсон тийм учраас та ажилдаа эргэж ор гэсэн шаардлагын дагуу ажилдаа ороод тухайн захирамжид заагдсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллуулах саналтайгаар ажиллуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж орон нутгийн өмчийн албыг татан буулгасан байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь орон нутгийн өмчийн албаны ажиллаж байгаа 5 мэргэжилтэн, дарга миний эрх ашиг зөрчигдөж байна. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөрх хугацааны цалин олгогдохооргүй болсон байна. Тийм учраас тогтоолоо хүчингүй болгож өгнө үү гэж хамгийн сүүлд өөрийн биеэр суусан Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан дээр санал болгосон боловч өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Иймд дээрхи тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, хүний нөөцийн Итэшмаа, Төрийн сангийн мэргэжилтэн Пагмадулам, Орон нутгийн өмчийн албаны нягтлан бодогч Цээмаа, шинээр ажил хүлээж авч байгаа Мөнхнасан, ажил хүлээлцэн өгч байгаа миний бие оролцон ажил хүлээлцэн комисс ажлыг хүлээн авсан. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн захирамжийн 3 дах хэсэгт нь сонгон шалгаруулалт зарлах, 4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч томилох заалтууд нь иргэн миний эрх ашгийг хөндөж байна. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3, 4 дүгээр хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. 2016 оны В/110 дугаартай захирамжийг би 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олж сонсож, шүүхээр албадан гаргуулах хүсэлт гаргаж, албадан гаргуулсан. Мөн жил хүлээлцсэн комиссын тэмдэглэлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч Орон нутгийн өмчийн албаны дарга З.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн албан тоотондоо ажил хүлээлцсэн актыг гаргаж өгсөн. Тухайн акт дээр 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай захирамжийг танилцуулж хүлээлцсэн гэсэн хариуг өгсөн байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд эрхмэлж явах 9 зүйл дээр төрийн албан хаагч нь дээд шатны даргад буюу холбогдох эрх бүхий байгууллагад үнэн бодит мэдээллийг гаргаж өгнө гэсэн заалттай.Орон нутгийн өмчийн алба гэж шинээр байгуулагдагсан. Худалдан авах ажиллагааны тухай хуулиар яригдахгүй. Чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Нэмэгдэж худалдан авах ажиллагааны тухай хуулийн хэсэг орж байгаа. Орон нутгийн өмчийн албан, худалдан авах ажиллагааны газар гэсэн нэмэгдүүлсэн нэршилгүй. 09 дүгээр тогтоолд орон нутгийн өмчийн газар /худалдан авах ажиллагааны газар/ нэгдэнэ гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар төрийн албаны салбар зөвлөл, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ажиллах боломжтой. Яагаад гэвэл би төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан. Тодорхой удирдах албан тушаалыг хаасан. Орон нутгийн өмчийн албаны дарга эдийн засагч мэргэжилтэй хүн байна гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасанд зүйл байхгүй. Чиг үүрэг нь үргэлжлээд явж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажиллуулах бүрэн боломжтой. Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргахдаа тэтгэмж өгөөч гэж хүсэлт гаргаагүй. Надад тушаал гарсан талаар албан ёсоор мэдэгдэх хуудас өгөөгүй. Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга нартай өмнө нь уулзаж байсан. Засаг даргын Тамгын газрын даргатай хоёр удаа уулзаж, надад эвлэрэн хэлэлцэх боломж байна. Цэцэг нуур хүйсийн говийн сав газрын захиргааны дарга тэтгэвэртээ гарч байна. Уг ажлын байран дээр намайг дэмжсэн бичиг хийгээд өгчих юм бол би мэргэжлийнхээ ажлыг хийгээд нэхэмжлэлээсээ татгалзъя гэж хэлсэн боловч тухайн ажлын байран дээр мэргэжлийн бус хүнийг томилсон. Намайг Орон нутгийн өмчийн албаны даргаар томилоход сонгон шалгаруулалт явуулах, үүрэг гүйцэтгэгч томилох шаардлага байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр би хуучин албаа татан буулгах юм бол шинээр байгуулах албатайгаа хамт нэг өдөр тогтоол гаргаач. Миний эрх ашиг хөндөгдөж байна гэж хэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолоор миний ажлыг хүлээлцсэн. Гэтэл Б/110 дугаар тогтоолцсон мэтээр ярьж тайлбарлаж байгаа нь зохимжгүй хэрэг. Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааг хамт татан буулгаад зэрэг шинээр байгуулах боломжтой байсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирмж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоол зэргийг хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй учраас хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирмж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар Л.Ганхуягийг эргээд ажлын байраар хангах ёстой боловч биелүүлээгүй. Л.Ганхуягийг ямар үндэслэлээр яагаад ажлаас нь халсан талаараа шүүх хуралдаан дээр тайлбар өгөөгүй. Буцааж ажилд нь авна гэж худлаа хэлж өдий хүртэл хугацаа авах гэж явж байгаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлахад одоо гараад уулзана гээд уулзаагүй. Асуудлыг шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт зааснаар Л.Ганхуягийн эрх зөрчигдсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр тогтоогдсон гэж үзэж байна. Иймд дээрхи захиргааны хууль бус актуудыг хүчингүй болгож. Мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнөүү. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийн байдлаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү. 2016 оны ээлжийн амралтын мөнгө, Улаанбаатар хотод ажилласан томилолтын мөнгийг буруутай албан тушаалтан байгууллагаас гаргуулж өгнө үү. Гуравдагч этгээд З.Мөнхнасан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул би шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар бичсэн. Орон нутгийн өмчийн алба нь татан буугдаад Орон нутгийн өмчийн газар нэртэй болсон ч гэсэн доторх чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан. Энэ байдлаас харахад заавал З.Мөнхнасанг томилохгүйгээр Л.Ганхуягийг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилох боломжтой. Орон нутгийн өмчийн газрын дарга эдийн засагч мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шаардлагын талаар тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт буюу ажлын байрны тодорхойлолт авагдаагүй. Л.Ганхуягийг намайн үзэл бодлоор иргэн хүний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа нь харагдаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхэлж Л.Ганхуягийн хөдөлмөрлөх эрх нь ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. Засаг даргын Б/74 дүгээр захирамжийг илт үндэслэл муутай гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг дарга өөрийн буруу гаргасан шийдвэрээ засч эгүүлэн Л.Ганхуягийг ажилд нь томилж байгаа байдлаас харахад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Л.Ганхуягийг намын үзэл бодлоор нь гадуурхаж, хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн. Ээлжийн амралтын мөнгө, Улаанбаатар хот руу томилолтоор ажилласан мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газар гүйцэтгэх засаглалын хүрээнд тодорхой улс төрийн шийдвэрүүд гаргадаг. Түүнтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр тогтоол гарсан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлж Орон нутгийн өмчийн албыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр татан буулгасан. Засаг дарга нь тухайн орон нутагтаа хууль ёсны төлөөлөгчийн хувьд Засгийн газрын шийдвэр болон хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу Орон нутгийн өмчийн газрыг, Худалдан авах ажиллагааны албатай нийлүүлж байгуулсан. Орон нутгийн өмчийн алба шинээр байгуулагдсантай холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн мөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулинд өөрчлөлт орсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн өмчийн байгууллага түүний чиг үүргийг 53 дугаар зүйлийн 53.4 дугаар зүйлд зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухай аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан. Мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албан хаагчид 10-с доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байх гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын 2016 оны 418 дугаар захирамжаар З.Мөнхнасанг томилсон. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.Ганхуягийн ажлыг хүлээлцүүлсэн.Орон нутгийн өмчийн газрыг нэгтгэж, нийлүүлэх асуудал нь Иргэний хуулийн дагуу явагдсан. Шинээр байгуулагдсан албыг улсын бүртгэлд бүртгүүлж дансыг нээлгэх асуудал бүгд орхигдоод байсан. Тийм учраас түр орлон гүйцэтгэгчийг томилж цалин хөлс олгох, улсын бүртгэлд бүртгүүлж санхүүжилтийн гарын үсгийн эрх нээлгэх асуудал явагдсан. Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор даргын албан тушаалд томилогдох иргэнийг төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтаар томилно. Мөн даргын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаж байгаа бол Л.Ганхуяг гуай ороод өрсөлдөх бүрэн боломжтой гэж бодож байна.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж өөрчлөлт орсон.Л.Ганхуягт 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан цалинд 3.414.999 төгрөг олгосон. Орон нутгийн өмчийн газрын дарга З.Мөнхнасанд уг байгууллагын бүх ажилчид албан хаагчидтай холбоотой санхүүгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар амаар болон бичгээр удаа дараа үүрэг өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Л.Ганхуягийн ажлыг хүлээлцэж авсан. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Тухайн хүн ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг тухайн ажил хүлээлцсэн өдрөөр тооцно гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Дээрхи тогтоолд 2016 оны 08 дугаар сарын 03-ны Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталж, түүнд Засаг даргын эрх мэдлийн хэмжээнд Орон нутгийн өмчийн газрыг Засаг даргын дэргэд байгуулахаар болсон. Тийм учраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэргэдэх албаа татан буулгаад Засаг даргад өмчийн газраа байгуулах хууль эрх зүйн боломжийг олгосон. Тухайн үед Орон нутгийн өмчийн албанд ажиллаж байсан 5 ажилтан, дарга Л.Ганхуягын эрх ашиг хөндөгдсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолоос болж бусад ажилтнуудыг эрх ашиг хөндөгдөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжлэгч Л.Ганхуяг цалин тооцоог хийсэн гэсэн мэдээллийн өмчийн албанаас авсан. Бусад ажилчид 2016 оны цалингаа бүрэн авсан. Хэрвээ аваагүй байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолоос болж хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй. Дээрхи 55 дугаар тогтоол гарснаар Засаг дарга өмчийн газраа байгуулах эрх зүйн боломжийг нээж өгсөн. Засаг даргын өмчийн газраа байгуулах явцдаа ямар ямар асуудал үүсгэснийг мэдэхгүй гэв.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага байхгүй. Хуулийн дагуу гаргасан үндэслэл бүхий шийдвэр. Засаг дарга өмчийн газраа байгуулах эсэх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Засаг даргын шийдвэрээс болж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хүчингүй болох ойлголт байхгүй.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоол Л.Ганхуяг гэж хүнд зориулж гаргасан тогтоол биш. Орон нутгийн өмчийн албаны ажилчид 2016 оны цалингаа бүрэн авсан.Л.Ганхуяг 2016 оны цалингаа дутуу авсан нь өөр байдлаас шалгаалсан байх. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоол захиргааны акт. Захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн хэд хэдэн шаардлага байдаг. 55 дугаар тогтоол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр шийдвэр. Дээрхи тогтоолыг хүчингүй болгосноор Л.Ганхуягийн эрх ашиг хангагдахгүй. Иймд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Мөнхнасан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цаашид тухайн албан тушаалд ямар нэгэн удирдлага дахин томилогдсон тохиолдолд хуучин мэргэжлийнхээ албан тушаалд ажиллах болно. Миний зүгээс миний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүх болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 1-11 тоотод оршин суугч Л.Ганхуягийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг нарт холбогдох тус аймгийн Засаг даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, мөн олгогдоогүй байгаа цалин, ээлжийн амралтын олговор, томилолт зэргийг гаргуулах, Орон нутгийн өмчийн газарт ажилд эгүүлэн тогтоолгох, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3,4 дэхь заалтуудыг хүчингүй болгуулах мөн аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох
- Өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгууллага татан буугдсанд цалин хөлсөө бууруулахгүйгээр адил түвшний ажил, албан тушаалд томилуулах , амралтын мөнгө болох 1810495 төгрөг, ажил олгогдоогүй байгаа цалин 969220 төгрөг, томилолтоор ажилласан 365000 төгрөг нийт 3144715 төгрөгийг гаргуулах,
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
-Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн /3.4 дэх заалтыг хүчингүй болгуулах/ талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч Л.Ганхуяг нь 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Б/85 захирамжаар Орон нутгийн өмчийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/74 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын 4 дэх заалт болох Орон нутгийн өмчийн албыг Худалдан авах ажиллагааны албатай чиг үүргийг нь нэгтгэн Орон нутгийн өмчийн газар болгосныг үндэслэн Орон нутгийн өмчийн албаны дарга Л.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгч нь 1998 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, 1988 онд Политехникийн дээд сургуулийг №121569 дугаартай дипломтойгоор хөдөө аж ахуйн ус хангамж, бэлчээр усжуулалт, гидротехникч инженер мэргэжлээр, 2008 онд Улс төрийн боловсролын академи нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг №Е20083178 дугаартай дипломтойгоор Төрийн удирдлагын магистр, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Е121569 дугаартай /Политехникийн дээд сургуулийг 121569 дугаар дипломтой хамт хүчинтэй/ магистрийн дипломоор дүүргэсэн нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байна.
2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/95 дугаартай захирамжаараа аймгийн Засаг дарга С.Гансэлэм нь урьд гаргасан ажлаас чөлөөлсөн Б/74 захирамжаа хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хууль тогтоомжийн дагуу бодож олгохыг зөвшөөрсөн захирамж гаргасан байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолд Орон нутгийн өмчийн албыг татан буулгах тогтоол гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.4 дэх заалтын хүрээнд албаны шинэчилсэн бүтэц, орон тоо, удирдлага зохион байгуулалтын асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Гансэлэмд даалгасан байна. Үүгээр аймгийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний 09 дүгээр тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 55 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлыг хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн албаны чиг үүргийг нэгтгэж, Орон нутгийн өмчийн газар болгон өөрчилж даргаар нь Орон нутгийн өмчийн газрын даргын сонгон шалгаруулалт хүртэл өмчийн албаны мэргэжилтэн З.Мөнхнасанг түр томилжээ.
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/74 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Л.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/95 дугаартай захирамжаар аймгийн Засаг дарга С.Гансэлэм нь урьд гаргасан ажлаас чөлөөлсөн Б/74 захирамжаа хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд нь томилсон гэж ойлгогдохоор байгаа боловч 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 захирамжаар ахин Л.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” заалтын дагуу хэдийгээр уг байгууллага өөр байгууллагатай нэгтгэж зохион байгуулалтын бүтэц нь нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн ч үндсэн чиг үүрэг хэвээр байгаа гэж ойлгох юм.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дах хэсгийн “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааснаар албан тушаалын орон тоо хасагдаагүй ба цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах боломжтой байсан байна гэж үзэхээр байна.
Хэдийгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж хоёр албыг нэгтгэсэн ч энэ нь орон тооны цомхотгол болон орон тоо хасагдсан талаар заагдаагүй учир Орон нутгийн өмчийн албаны дарга Л.Ганхуягийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар тухайн нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалд сонгогдоогүй буюу томилогдон ажиллаагүймөн төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдоогүй учир төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох:
-Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 55 дугаар тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул
нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
-Өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгууллага татан буугдсанд цалин хөлсөө бууруулахгүйгээр адил түвшиний ажил, албан тушаалд томилуулах , амралтын мөнгө болох 1810495 төгрөг, ажил олгогдоогүй байгаа цалин 969220 төгрөг, томилолтоор ажилласан 365000 төгрөг нийт 3144715 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь цалингаа авсан. 2016 оны 12 дугаар сарын 09-өөс шүүх хуралдаан болох 2017 оны 02 дугаар сарын 02 хүртэлх цалинг 2.050.974 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шүүх шийдэж, амралтын мөнгө болох 1810495 төгрөг, томилолтоор ажилласан 365000 төгрөгийг /нотлох баримтын хамт гаргаж/ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд болох Орон нутгийн өмчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч З.Мөнхнасан нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... цаашид тухайн албан тушаалд ямар нэгэн удирдлага дахин томилогдсон тохиолдолд хуучин мэргэжлийнхээ албан тушаалд ажиллах болно. Миний зүгээс миний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна.” гэсэн тайлбар хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд тухайн маргаан бүхий аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжийн 3, 4 дэхь заалтуудыг хүчингүй болгож,
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэгч Л.Ганхуягийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/110 дугаар захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3,4 дэхь заалтуудыг хүчингүй болгуулж, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд Л.Ганхуягийг эгүүлэн тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Ганхуягийн 2016 оны 12 дугаар сарын 09-өөс 2017 оны 02 дугаар сарын 02-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.050.974 төгрөг олгохыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, ээлжийн амралт болон томилолтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Л.Ганхуягт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ