Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0547/з |
Дугаар | 001/ХТ2020/0173 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2020/0173
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0678 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0678 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 3 сар 9 хоногийн цалин 1.979.996 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 678 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “39.1.2-т” гэсний дараа “48 дугаар зүйлийн 48.1.3” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх иргэн Ж.Д-д холбогдох Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг хэрэглэж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.
4. Ж.Д нь тухайн албан тушаалд томилогдсон хугацаанаасаа хойш жил дараалан хуульд заасан сахилгын зөрчил гаргаж, Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, удаа дараагаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ талаарх бүх баримтууд нь хавтаст хэрэгт авагдаж хэлэлцэгдсэн бөгөөд Ж.Д нь хүлээн зөвшөөрч тухайн үед ямар нэг гомдол санал гаргаагүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5. Мөн Ж.Д-ийн зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шийдвэр гаргасныг шүүх “хууль ёсны болж чадаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй. Удаа дараагаар зөрчил гаргаж, холбогдох хууль дүрмийг зөрчиж байгаа нь төрийн албан хаагчийг хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авсан асуудлыг шүүх хууль ёсны болж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий актад заасан хууль зүйн үндэслэл болох нэхэмжлэгч Ж-ын Д нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, мөн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон зүйлийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, иймд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бодит байдалд бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь хууль бус талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
8. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч өмнө нь “гадаад албан томилолтын хугацааг хэтрүүлэн, үүрэгт ажлаа тасалсан” үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/179 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/209 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу 3 сараар цалинг бууруулах сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан ч эдгээр зөрчилдөө дахин шийтгэл хүлээх хууль зүйн үндэслэлгүй, харин түүнээс хойш “ажилтнаа зодсон”, “салбарын нэр хүндийг гутаасан”, “хууль зөрчсөн” гэх асуудлыг хариуцагчаас шалгаж тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг буруутган төрийн албанаас халсан нь хууль бус тул “...нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдсон хугацаанаасаа хойш жил дараалан хуульд заасан сахилгын зөрчил гаргаж, Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, удаа дараагаар сахилгын шийтгэл хүлээж байсан, нэхэмжлэгч энэ талаараа гомдол гаргаагүй байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг хэрэглэж шийдвэрлэсэнгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй юм.
9. Дээр дурдсанаар нэгэнт маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон тул “Ж.Д-ийн зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шийдвэр гаргасан, удаа дараагаар зөрчил гаргаж, холбогдох хууль дүрмийг зөрчиж байгаа нь төрийн албан хаагчийг хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авсныг шүүх хууль ёсны болж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэх /Тодорхойлох хэсгийн 5/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
10. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ