Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Ц-ийн Б-д холбогдох 1816002280102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .......... сумын харьяат, Говь-Алтай аймгийн ......... сумын ........... багт оршин суух, 19...... оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 47 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ........ регистрийн дугаартай, Буурал овогт Ц-ийн Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Говь-Алтай аймгийн ........ сумын  ......... багийн төвд байх иргэн П.М-ын хашаанаас Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, П.М-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Говь-Алтай аймгийн ....... сумын ...... багийн төвд байх иргэн П.М-ын хашаанаас Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, П.М-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би хүний мотоцикль авсандаа харамсаж байна. Тухайн үед согтуу байсан учир мэдэх зүйл байхгүй, маргааш нь мэдсэн... Хүлээн зөвшөөрч байгаа... Хүний мотоцикль авч явсан... Хохирлыг барагдуулсан байгаа... Би 2 жилийн хорих ял эдлэхэд миний бие хүрэхгүй байх. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өөрөө гэмтэлд ороод хадаас хийлгэсэн. Хүндхэн ял эдэлж чадахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү... Би машинаас унаж гэмтээд хүзүүндээ гэмтэл авч байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн үед хүргэн ах Д орж ирээд мотоцикль чинь алга байна чи хүнд өгсөн юм уу? гэхэд надаас хүн мотоцикль аваагүй гэж хэлээд гэрээс гарч үзэхэд байхгүй байсан. Ингээд би ахын хамтаар гарч мотоцикль хайсан боловч Хаан банкны тэнд очоод мөр нь олдохгүй болсон. Тэгээд би нар хайж байгаад нэлээн хугацаа алдаад цагдаад мэдэгдсэн...Хятад улсад үйлдвэрлэгдсэн шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан...Миний мотоцикль улсын дугаар, гэрчилгээ байхгүй...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг/хх 13-14-рт/,

Гэрч П.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны үед эмийн сан руу явж эм аваад хүрч ирсэн. Тухайн үед манай нөхөр Д унаж явсан. Харин 2018 оны 09 дүгээр сарын 27-ны  өглөө 08 цагийн үед манай нөхөр Д  усанд явах гээд гартал манай дүү М-ын мотоцикль байхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр гэрт нь орж дүү М-аас мотоцикль асуух гээд орсон. Тэгээд алга болсон талаар мэдээд гадуур хайгаад гараад ирж магадгүй гээд бодсон. Тэгтэл гарч ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Хятад улсад үйлдэвлэгдсэн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Манай дүүгийн мотоцикль улсын дугаар гэрчилгээ байхгүй...Манай гэрт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ганц л хүн ирсэн. Тэр хүн нь Б байсан ба манайд 21 цагийн үед ирээд хоол идчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг/хх 16-рт/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09-р сарын 27-ны өглөө 08 цагийн үед би усанд явах гээд гараад иртэл манай дүү М-ын мотоцикль байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь орж дүү М-аас мотоцикль асуухад манай дүү мотоцикль байх ёстой гэж надад хариулахад би байхгүй байна гэж хэлээд мөрийг нь хөөсөн чинь Хаан банкны урдуур гараад явсан байсан. Ингээд хайж байгаад цагдаад хэлсэн... Хятад улсад үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. Манай дүү М-ын мотоцикль улсын дугаар гэрчилгээ байхгүй...Манай гэрт ганцхан хүн л ирсэн. Өөр ямар нэгэн хүн ирээгүй. Б  гэх хүн 21 цагийн үед ирээд хоол идчихээд гараад явсан. Би 20 цагийн үед гарч эхнэрийн толгой өвдөөд байна гэхээр нь эм авчихаад ирж дүү М-ын гэрийн баруун хаяа ойролцоо тавьсан...” гэх мэдүүлэг/хх 17-рт/,

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны үеэр зарсан байхаа. Өдрийг нь би сайн мэдэхгүй байна. Манай сумын наадам өнгөрөөгөөд би тэр мотоциклийг 1.500.000 төгрөгөөр зарсан...Би тухайн мотоциклийг 05 дугаар сард хүүдээ авч өгсөн. Аймгийн зах дээрээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний худалдаж авсан мотоцикль Хятад улсад үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

Шүүгдэгч Ц.Б-ны мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “... 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 20 цагийн үед би Д-ийнд очиж хоол идчихээд дүү М-ын мотоциклоор нь эмийн сан явж эм авчихаад гэрт очиж мотоциклийг дүүгийнх нь гэрийн баруун урд хаяанд тавьчихаад, Д-ийнд орж эмийг нь эхнэр М-д өгчихөөд тэднийхээс гараад явсан. Би тэгээд гадаа дэлгүүр орж архи авч уучихаад тасарчихсан байсан. Тэгээд би нэг мэдэхэд хөдөө унтаж байгаад Д-сүрэнгийнд алхаж очоод сумын төврүү хүргүүлэх гэсэн чинь мотоцикль эвдэрсэн байгаа гэхээр нь би алхаад сумын төв явсан...Нэг мэдэхэд  Гүн дэрс гэх газрын ойролцоо унтаж байсан...Надад бол хөдөө явах ямар нэгэн ажил байхгүй байсан. Би хүний мотоциклийг аваад явсандаа харамсаж байсан... Хөхморьт сумын Хүйсийн говь багийн Гүн дэрс гэх газар тавьчихсан байсан...Мотоциклийн бензин дуусаад тэнд тавьчихсан байсан...Би М-ын гэрийн баруун хаяаны урдаас авч гараад урд талын гудамжны Мөөгий гэдэг айлын гаднаас асаагаад явсан...Мотоциклийн түлхүүр нь толгойн дээр кундакторанд байсан. Мотоциклийн бензин дуусахаар нь түлхүүрийг нь аваад сумын төврүү явсан. Тэгээд би М-д түлхүүрийг өгсөн. Би Д-тэй хамт явж эм аваад Дэ гэдэг айлынд пиво уугаад буцаж Д-ийнд очоод ганцаараа буцаад явсан. Мотоциклийг шөнө дунд 1 цагийн үед авч явсан байх...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М-ын мотоциклийг хулгайлж унаж явсан байсан...” гэх мэдүүлэг/хх 40-41-рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-5-рт/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 8-9-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 10-рт/,

Эд зүйлийн үнэлгээ/хх 24, 28-30-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-5-рт/,  эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 8-9-рт/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 10-рт/, хохирогчийн мэдүүлэг хх13-14-рт, гэрч М-асангийн мэдүүлэг хх16-рт, гэрч Д.Д-ийн мэдүүлэг/хх 17-рт/,  гэрч Дав-гийн мэдүүлэг/хх 18-рт/, яллагдагч Ц.Б-ны гэрчээр өгсөн мэдүүлэг/хх 22-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Б-ныг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би хүний мотоцикль авсандаа харамсаж байна. Тухайн үед согтуу байсан учир мэдэх зүйл байхгүй, маргааш нь мэдсэн... Хүлээн зөвшөөрч байгаа...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөнхбадрахын мотоциклийг хулгайлж унаж явсан байсан...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Б  нь Говь-Алтай аймгийн .......сумын Сайн-Уст багийн төвд байх иргэн П.М-ын хашаанаас Мустанг-5 маркийн мотоциклийг авч, П.М-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М-ын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ы хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч П.М  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би мотоциклоо бүрэн бүтэн авсан... нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ц.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн, прокурор 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Ц.Б-ныг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б  нь “...Би 2 жилийн хорих ял эдлэхэд миний бие хүрэхгүй байх. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өөрөө гэмтэлд ороод хадаас хийлгэсэн. Хүндхэн ял эдэлж чадахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б  нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурал овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА