Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00342

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1838008000385 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-12 тоотод оршин суух иргэн Г.Пгэрээс мөнгөн аяга хууль бусаар хулгайлан 320.000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 24-11 тоотод оршин суух иргэн Д.Аэзэмшлийн зайрмагны агуулахад хууль бусаар нэвтэрч 3 хайрцаг зайрмаг хулгайлан 54.000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-12 тоотод оршин суух иргэн Г.Пгэрээс мөнгөн аяга хууль бусаар хулгайлан 320.000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 24-11 тоотод оршин суух иргэн Д.Аэзэмшлийн зайрмагны агуулахад хууль бусаар нэвтэрч 3 хайрцаг зайрмаг хулгайлан 54.000 төгрөгийн хохирол нийт 374.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ хохирогчид хулгай хийсэн эд зүйлээ хүлээлгээд өгчихсөн. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Мөрөн сумын 12 дугаар багийн 15-12 тоотод оршин суух Пүрэвдорж гэх хүний гэрт өөрийн танил хүн болох Оюунаагийн хамт 15-16 цагийн орчимд очсон. ...би Пүрэвдорж гэх хүний мөнгөн аяганд гэрийнх нь гаднаас ус уух гэж гараад тэр чигтээ аваад явчихсан байсан. Би тэр аягыг нь өөртөө байлгаж байгаад хөдөө айлын хадланд явж ирээд намайг хайгаад байна гэхээр нь би Оюунаад мөнгөн аягыг нь хүлээлгээд өгчих гээд хүлээлгэж өгсөн. ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд би Мөрөн сумын 5 дугаар багт ганцаараа архи уучихсан согтуу явж байгаад нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь яваад орсон. Тухайн хашааны урд хэсэгт хөргүүрийн агуулах байсан ба тухайн агуулах руу зайрмаг түгээдэг бололтой машиныг шахаад тавьчихсан байсан. Тэгээд би зайрмагны хөргүүр рүү яваад очтол хаалга цоожгүй хаалттай байсан. Би тэр зайрмагны агуулахаас эхлээд 1 хайрцаг зайрмаг авч гараад хажуугийнх нь дэлгүүрт аваачиж 6.000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаж очоод дахиж 2 хайрцаг зайрмаг аваад нөгөө дэлгүүр дээрээ яваад очсон чинь авахгүй байсан. Би сүүлд авсан 2 хайрцаг зайрмагаа гудамжны үзүүрт хаячихаад зугатаасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манайд Оюунчимэг гэх эмэгтэй нэг танихгүй залуутай ирээд надад Оюунчимэг надад ганц шил архи өгөхөөр нь би тэр хэдэд өгсөн архийг нь задалж өгөөд тал хүртэл нь хувааж ууж байсан чинь Оюунчимэг хэсэг зуур унтаж байсан. Тэгэхээр нь би Оюунчимэгийг сэрээгээд нөгөө танихгүй залуу чинь буруу хараад сууж байхад миний их гарын мөнгөн аяга, гар утас хоёрыг аваад гараад явсан байна гэж хэлсэн чинь Оюунчимэг юм ярихгүй гараад яваад өгсөн. Надад 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн. ...би аягаа алдсанаас хойш 2 сарын дараа буцааж олж авсан. Оюунчимэгтэй хамт ирсэн залуу миний аягыг хулгайлж авсан байсан. Тэгээд Оюунчимэг тэр залуугаас миний аягыг олж авчирч өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр намайг Улаанбаатар хотод өөрийн нөхрийг эмнэлэгт сахиж байхад манай нөхөр рүү Ариунсайхан танил ах маань залгаад танайхаас хүн зайрмаг зөөгөөд байна, танай гэрт хүн байгаа юм уу гэж асуусан. Тэгээд манай нөхөр байхгүй, та наад хүнийхээ зургийг яаж ийж байгаад дарчихаарай, би цагдаа дуудчихъя гэж хэлээд би нөхрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн...Манай зайрмагны хөргүүрээс хулгайд алдагдсан “Гоё” нэртэй зайрмаг нь нэг хайрцаг дотроо 120 ширхэгтэй байдаг юм. Нэг хайрцаг нь бөөний үнээр 18.000 төгрөг болдог юм...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын дундуур нэг өдөр явж байгаад чоно Мөнхөө ахтай гудамжинд тааралдаад тэгээд бид хоёр нэг шил архи аваад Пүрэвдорж ахынх ойрхон байсан болохоор орсон. Тухайн үед Пүрэвдорж ах ганцаараа байсан. Тэгээд би Мөнхөө ахтай хамт ороод нөгөө архиа уугаад би согтоод хэсэг унтсан. Унтаж байтал Пүрэвдорж ах намайг татаж сэрээгээд хамт орж ирсэн хүн чинь миний мөнгөн аягыг аваад явчихлаа гэсэн. ...би Мөнхөө ахыг хүн болгонд захисаар байгаад 1 сарын дараа олсон. Би Мөнхөө ахтай уулзахад ах нь маргааш аваад ирье гээд маргааш нь надад аягаа авчирч өгөхөөр нь би Пүрэвдорж ахад энэ аягыг нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Гэрч Э.Т-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манайх зайрмагны агуулахаа шар өнгийн цоожоор цоожилсон байсан. Би хулгай орохын өмнөх орой нь орчихоод гарахдаа цоожлоод гарсан. Би хулгай орохын өмнөх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны оройн 21 цагийн орчимд орж бууз авсан. Тухайн үед зүгээр байсан...Манай хашаан дотор хайрцагтай зайрмаг байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг дэлгүүртээ 10 цаг өнгөрч байхад нэг танихгүй эрэгтэй хүн манай дэлгүүрт хайрцагтай “Гоё” нэртэй зайрмаг барьсаар орж ирсэн. Тэр хүн орж ирээд манай урд талд байдаг зайрмаг зардаг Төгсөө гэж хүний нэрийг хэлээд Төгсөөгийн гэрт шараа тайлах гэж иртэл бэлэн мөнгө байхгүй гээд мөнгөний оронд энэ зайрмагийг өглөө. Энэ зайрмагийг нэг шил архиар өгчихмөөр байна гэхээр нь би авч явсан зайрмагийг нь авсан...Тэр хүнийг худлаа хэлж байж магадгүй гэж бодоод Төгсөө эгчийн 89605353 дугаарын утас руу залгаж тэр хүнд зайрмаг өгсөн эсэх талаар асуух гэсэн боловч утсаа аваагүй. Надаас 6.000 төгрөг авч явснаас хойш 20 гаруй минутын дараа нөгөө хүн чинь дахиад 2 зайрмаг барьчихсан орж ирээд энэ хоёр хайрцаг зайрмагийг 10.000 төгрөгөөр авчих гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 20 минутын орчимд Мөрөн сумын 11 дүгээр багт байрлах “Сант” нэртэй дэлгүүрт түгээлт хийгээд байж байтал гаднаас “Гоё” нэртэй аарцтай зайрмаг тэвэрсэн согтуу хүн орж ирсэн...Нөгөө согтуу нөхөр миний танил хүн болох Элбэгсайханы хашаа руу яваад орсон. Тэгээд би гайхаад байж байтал дахиад 2 хайрцаг “Гоё” нэртэй зайрмаг тэврээд гараад ирсэн. Би өөдөөс нь тосож очоод энэ айлаас ямар учиртай зайрмаг зөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь Элбэгээ надад өгсөн. Тэгээд тэр хүн зайрмагаа бариад Сант руу яваад орохоор Элбээгийн утас руу залгаж танайхаас хүн зайрмаг зөөгөөд байна, та нар байгаа юм уу гэхэд бид нар хотод байна, манай хашаа хүнгүй байгаа, та наад хүнийхээ зургийг авчих, бид нар цагдаа дуудъя гэсэн. ...Тухайн гудамжны баруун тал руу нэвт гараад буцаад араар нь тойрсон чинь гудамжны голд хоосон явж байхаар нь тосож очоод бариад авсан чинь эсэргүүцээд хэл амаар доромжлох маягтай байсан. Тэгээд барьж аваад байж байтал намайг тавьчих гэхээр нь тавьсан чинь зугтсан. Тэгээд араас нь арайхийж барьж авч байгаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Элбэгээгийн хашаа руу орсон бөгөөд тухайн үед зайрмагны хөргүүрийнх нь хаалганы цоож нь байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай: 1. Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №7 дугаартай гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №7 дугаартай гутлын улны мөр нь Б.Мэс хураан авсан гэх зүүн хөлийн гутлын улны мөртэй тохирч байна. 3. Хэргийн газраас олж илрүүлж бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №11 дугаартай гутлын улны мөр нь сэжигтэн Б.Мэс хураан авсан гэх зүүн хөлийн гутлын улны мөртэй хээний онцлог, дүрс, хэмжээ, элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,

           Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 71 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838008000385 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.М нь урьд 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 10 сар хорих ял оногдуулж 1 жилээр тэнссэн, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар өмнөх ялыг нэмж нийт 3 жилийн хорих ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 132, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-103 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь ам бүл 2, охины хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.М хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар      Б.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

      5. Эрүүгийн 1838008000385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР