| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0115/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 121
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: Г.Х
Шүүгдэгч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б од холбогдох эрүүгийн 1828000830078 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг, .............. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Х ын зүүн хацар луу алгадсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг, ...................тоотод “ДиДи иш” телевизийн арын залгуур эвдэрсэн, засаагүй гэдгээр шалтаглан хамтран амьдрагч Г.Х ыг “ амиа хорловол таарна, толинд булай царайгаа хар” гэж хэл амаар доромжлон хоолойг боож, баруун гарыг өчих, баруун чих рүү 2 удаа алгадах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоожээ.
Хохирогч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Би 2018 оны 04 дүгээр сарын 22-нд гэртээ байж байсан чинь 22 цагийн үед гаднаас Б орж ирээд ДДШТВ арын залгуурнаас болж намайг хэл амаар доромжилж чи ер нь амиа хорловол таарна, чи өөрийгөө толинд хар булай царайтай юм гээд байхаар нь би гэрт орж ирчихээд элдэв дээдээр доромжлоод үр хүүхдүүд байхад янз бүрийн юм яриад байх юм, чи яв гэрлүүгээ харь гэсэн чинь босож ирээд хүзүүнээс намайг боогоод миний баруун гарыг өчиж дараад амьсгаа авч болохгүй болохоор нь би хашгирсан. Тэгсэн гар тавиад босох гэсэн чинь чих рүү хоёр удаа цохиод авсан. Тэгээд би гарах гэсэн чинь гаргахгүй хаалга цоожлоод байсан. Тэгэхээр нь би амьсгаа авч чадахгүй бачуураад байна гадаа гаръя гэж хэлээд би гадаа гарч ирчихээд цагдаа дуудсан. Зүүн талын чих рүү алгадаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-1******* хуудас/,
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Би тэр үед гэрт байсан. Ямарч байсан шөнө амь авраарай гэх мэтээр хашгирах чимээ гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би Х тай хамт амьдрахаа болиод хагас жил болж байна. Хүүхдүүдтэйгээ уулзах шалтгаанаар ганц нэг удаа очдог. Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би дунд хүүгээ аваад хүүхдүүдийнхээ хувцсыг угаачихаад 19 цагийн үед гэртээ очиход ойр зуурын ялихгүй зүйлээс болж бид маргалдсан. Тэгсэн манай эхнэр уурлаад чи намайг доромжлох гэж ирлээ чи ээжийнх рүүгээ яв гээд хашгичаад орилоод байсан. Тэгэхэд би гурван хүүхдийн хамтаар унтах гээд хэвтэж байсан чинь Х нь намайг орилоод загнаад байсан. Тэгэхээр нь би чимээгүй бай гэсэн чинь үгэнд ороогүй. Дуу чимээнээс болоод хүүхдүүд орилсон. Би хэвтэж байсан тэсэхгүй босоод бага хүүгээ авах гээд босож очсон боловч өгөхгүй над руу дайраад давшлаад байсан. Тэгэхээр би нэг удаа зүүн хацар дээр нь алгадсан. Тэгсэн Х аллаа хядлаа би бачимдаад байна чи яваад өгөө гээд байхаар нь би Х ыг гар гар гээд гаргаад явуулсан. Тэгсэн гадаа 20 гаруй минут сууж байгаад эргээд ороод ирсэн. Тэгсэн араас нь хоёр цагдаа хүрээд ирсэн. ... Тухайн үед би гэртээ байсан эд зүйлс эвдэрсэн талаар Х т хэлж шаардлага тавьснаас болж бид хоёр маргалдсан. Би жаахан хэрэлдэж байгаад дахин Х тай хэрэлдээгүй. Би хүүхдээ авах гээд очсон чинь Х миний өмнөөс биед хүрээд байхаар нь би нэг удаа алгадсан. 04 сарын 22-ны өдөр Х ыг орилж хашгираад байхаар нь би чимээгүй болгох гэж нэг удаа алгадаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь миний буруу би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 70, 15******* хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.30-ны өдрийн №238 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Г.Х ын биед тархины доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжний өмнө баруун хэсэг, баруун бугалганы цус хуралт гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 1828000830078 дугаартай хэргээс:
Гэрч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Б манай охин Х тай гэр бүл болж амьдраад 9 жил болж байна энэ хугацаанд эхлээд Б их дажгүй хүү байсан юм. Манай Х ын том хүүхэд нь Б ын хүүхэд биш түүний дараагийн 2 хүүхэд нь Б ын хүүхэд байгаа юм. Сүүлийн жилүүдэд Б ын зан ааш нь их хувирсан эхнэрийгээ зодож нүдээд биеийг нь хөх эрээн болгоод хаячихсан байдаг болсон. Х нөхөртөө зодуулчихлаа гээд шөнийн цагаар хүүхдээ дагуулаад уйлаад ирдэг л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Т.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х эгч нөхөртөө зодуулчихлаа сална гээд манайд хүрээд ирдэг. Тэгээд удалгүй хэд хонож байхад нь Б ах өөрөө ирээд эгчийг би дахиж хэзээ ч зодохгүй гар хүрэхгүй, зовоохгүй намайг уучлаач гэж гуйсаар байгаад аваад явчихдаг. Саяхан энэ жилийн цагаан сарын өмнө манай эгч нөхрөөсөө салаад ирчихсэн манай хашаанд байдаг гэртээ байж байхад нь хашаа давж орж ирээд эгчийн гэрийн хаалгыг нүдээд, өшиглөөд байсан. Тэгснээ манай гэрийн хаалгыг бас нүдэж байгаад хаалгаа тайлахгүй байсан чинь та нарыг бүгдийг чинь ална танайхыг сүйрүүлнэ гэж хашгичиж байгаад явж байсан. Манай эгч байж байгаад бид нартай утсаар ярихгүй байгаад байхаар нь гэрт нь очихоор эгчийн нүүр бие нь хөхөрчихсөн байдаг юм. Намайг тэднийд байх хугацаанд эгчийг 3 удаа зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Аав дандаа ээжтэй уурласан байдалтай харьцдаг. Аав ээжтэй хэрэлдэх дөгөө гаргаж байдаг. Тэгээд аав ээжийг дандаа гэрээс холд зайл гэж хөөдөг. Тэгээд бас зоддог, хутга барьж зоддог. Нэг удаа гавлаад зодож байсан. Даавуугаар толгойг нь боож бүтээгээд дараад байдаг ээж даавууг нь авах гэхээр гаран дээр нь өвдөглөчихдөг. Тэгээд бас нэг удаа ээжийг гадаа гаргаад чулуугаар шидээд машинаар дайрна гээд хөөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б ажлын байран дээрээ байхдаа ажилдаа сайн, хамт олонтой нийтэч залуу байдаг. Ер нь хааяа нэг удаадаа архи уучихдаг юм. Хааяа нэг удаа ажил дээр ирээд өчигдөр орой гэртээ архи уусан чинь эхнэртэйгээ муудалцаад манай эхнэр цагдаа дуудаад бариулсан гэж л хэлдэг. Манай байгууллага дээр ирж Б той хэрүүл хийж байсан. Түүнээс цохиж зодсон гэж ирж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.28-ны өдрийн 2018/ЦХШЗ/23 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн 2018/ЕШЗ/125 дугаар шүүхийн шийдвэрт оруулах тухай ерөнхий шүүгчийн захирамж /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Х ын гар утсанд шүүгдэгч Б.Б оос ирүүлсэн мессеж /хх-90-94 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Х ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96 дугаар хуудас/
Б.Ц , Б.Ц , Б.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 97-99 дүгээр хуудас/
Аюулгүй зэргийн үнэлгээ 2018.05.14-ний өдөр /хх-ийн 100-10******* хуудас/
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зураг 2018.05.21-ний өдөр /хх-ийн 104-114 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.06.06-ны өдрийн №04 дугаар “хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 113 дугаар хуудас/
Б.Б од холбогдох зөрчлийн материалын хуулбар /хх-ийн 137-147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн зүгээс хохирогчид сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Б , хохирогч Г.Х нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдрагчид байна.
Хамтран амьдрагч нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болно.
Хэрэгт авагдсан хохирогч Г.Х ын мэдүүлэг, гэрч Б.М , насанд хүрээгүй гэрч Т.П , насанд хүрээгүй гэрч С.Ц нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийллийг хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж буюу бие махбодын хэлбэрээр, царай зүс, гадна байдлыг гутаан доромжлох, амь насаа хохироохыг шаардах зэргээр буюу сэтгэл санааны хэлбэрээр тус тус үйлддэг болох нь нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн 1828000830078 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Шүүгдэгч Б.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 72, 121-125 дугаар хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 73-8******* хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч, хошууч Ч.Батбаярын 2018.05.23-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83 дугаар хуудас/
Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасгийн 2018.05.15-ны өдрийн №590 дүгээр архивын лавлагаа “Б.Б нь Өмнөговь аймгийн 3 дугаар дунд сургуулийг 1996-1997 оны хичээлийн жилд Б.О багштай 10б ангийг №9707379 дугаарын гэрчилгээтэй төгссөн байна” /хх-ийн 84 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймаг, ******* сум ******* дугар багийн Засаг даргын тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, бакалаврын дипломын хуулбар, /хх-ийн 85-88 дугаар хуудас/ зэрэг болно.
Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Будхүүгийн гаргасан тодорхойлолт, Р.А ийн тодорхойлолт, С.О ы тодорхойлолт зэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс шинжлэн судлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “ өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах “ эрхийн дагуу авсан нотлох баримтаар шинжлэн судласныг дурьдах нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн хооронд үүсэх хэдий ч тэдэнтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүн бага насны хүүхдүүдийн эрх ашиг давхар хөндөгдөж амар тайван амьдрах, суралцах идэвхигүй болж хичээлийн хоцрогдол үүсэх зэргээр хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа нь хэрэгт авагдсан Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш Б.О ын тодорхойлолт, багш Э.У , сургалтын менежер Д.С нарын тодорхойлолтоор тогтоогджээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилтыг гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхийг чухалчлан Улсын яллагчийн “шүүгдэгч Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал”, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь 500 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног буюу 16 /арван зургаа/ цагийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хохирогч Г.Х гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харцага овгийн Б.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 /арван зургаа/ цаг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Б нь төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ