| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 103/2022/00393/И |
| Дугаар | 210/МА2022/02032 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/02032
Ч ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 103/ШШ2022/00410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч ын
Хариуцагч Б ХК-д холбогдуулан гаргасан,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хариуцагчийн өмгөөлөгч Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч нь 2005 оноос Б ХК-ийн худалдаа, хангамжийн хэлтэст ажиллаж байгаад тус компанийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/213 тоот тушаалаар сард гурваас дээш удаа ажлын байраа орхисон гэх үндэслэлээр ажлаас халагдсан. Нэхэмжлэгч тухайн үед хөдөө ажил явдалд явсан, эрүүл мэндийн шалтгаантай байсан ба 2022.06.25-ны өдрөөс 2022.07.05-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн баримтаа ажил олгогчид хүргүүлсэн ч ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь Ч ыг 2022.06.07-ны өдрийн ажил дууссан цаг, 2022.06.16-ны өдрийн ажил дууссан цаг, 2022.06.22-ны өдрийн ажил эхэлсэн, дууссан цаг, 2022.06.23-ны өдрийн ажил эхэлсэн цагийг тус тус бүртгүүлээгүй гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тухай гэрчүүд тодорхой мэдүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотолсон, ажлын байраа орхиж яваагүй, ахлах менежер, даргаас зөвшөөрөл авсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 64 хоногийн цалин хөлсөнд 5,372,992 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэнэ гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ч нь 2022.06.02, 07, 16, 22, 23-ны өдөр ажилдаа огт ирээгүй болох нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Тэрээр ажлаа биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, сард гурваас дээш удаа ажлын байраа орхиж явсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Гэрчүүдийн мэдүүлэг, цагийн бүртгэл, хэлтсийн даргын хүсэлт, нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх тодорхойлолт зэргээр Ч нь ажлын цагаар ажлын байраа орхин, зөвшөөрөлгүйгээр явсан нь тогтоогддог. Тэрээр 2022.06.07, 16-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн гэх боловч чөлөө, зөвшөөрөл аваагүй. Ажлын нэг өдрийн чөлөөг хариуцсан нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр олгох ба менежер олгодоггүй, хоёр өдрийн чөлөөг нэгжийн удирдлагын саналыг үндэслэл хариуцсан дэд захирал, ажлын 3-30 хоног хүртэл бол нэгжийн удирдлагын саналаар гүйцэтгэх захирал олгодог. Нэхэмжлэгч 5 өдөр ажилдаа ирээгүй өөр хүнээр картаа уншуулсан, 4 өдөр ажлын байраа орхисон зэрэг нь ажлаа хэрхэн хийдгийг илтгэнэ, нэхэмжлэгч тухайн сард 160 цаг ажиллахаас 70 цаг ажилласан. Иймд Ч ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ч ыг Ц ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Ц ХК-аас 5,372,946 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ч ын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж бичилт хийхийг тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 171,118 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй тухайд,
а. Шүүхээс гэрч Б нь өөрөө өвчтэй байх хугацаандаа амаар чөлөө өгсөн, гэрч П нь нэхэмжлэгчийн өмнөөс цагийн бүртгэлд картыг нь уншуулдаг байсныг, гэрч Д.Хишигдэмбэрэл нь 2022.05.27-ны өдөр ажилд томилогдон нэгжийн удирдлагаар ажиллаж ажилтанд чөлөө олгох эрхтэй байсныг ажиллаж байсныг нотлох баримтаар үнэлээгүй.
б. Хариуцагчийн татгалзлаа нотолж шүүхэд гаргасан баримтад шүүх дүгнэлт өгөөгүй ба харилцан зөрүүтэй нэг баримтыг нөгөө баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг үнэлэхгүй, эсрэг талаас үгүйсгээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, хоёр өөр баримтын аль нэгийг нь үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн. Тухайлбал, цагийн бүртгэл, цалин олгосон баримтыг нотлох баримтаар үнэлээгүй.
в. Ж ” ХХК-ийн 2022.09.12-ны өдрийн 02/42 тоот тодорхойлолт нь эмнэлгийн хуудас, магадалгаа биш Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд заасныг зөрчин акт олгогдоогүй баримтыг актын хэмжээнд үнэлж, чөлөө авсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд тус тодорхойлолтыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлээгүй.
4.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг буруу тайлбарласан. Нэхэмжлэгчээс тайлбар авахаар хэдэн удаа утсаар мэдэгдсэн боловч тайлбар өгөөгүй нь тайлбар өгөхөөс өөрөө татгалзсан гэж үзнэ. Гэтэл шүүх гэрчээс нотлох баримт шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч тайлбар өгөхөөс татгалзсан нь сахилгын зөрчлийн шинж, чанарыг тогтоох, шийтгэл ногдуулахад саад болохгүй байхад заавал тайлбар авах мэтээр буруу тайлбарласан.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд
а. Шүүгчийн захирамж биелэгдээгүй. 2022.09.29-ний өдрийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчаас баримт гаргуулахаар шийдсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хурлыг зарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн. Захирамжид заасан баримтыг удирдлагад мэдэгдэх, баримт бүрдүүлэх хугацааг олгоогүй нь мэтгэлцэх эрхийг хязгаарлах, тэгш байдлыг алдагдуулах үндэслэл болсон.
б. 2022.09.29-ний өдрийн шүүх хуралдаан 14:30 цагт эхэлж 14:50 цагт хааж, шүүгчийн захирамж гарсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хурлыг 15:30 цагт дахин явуулахдаа хурлыг шинээр эхлээгүй, татгалзал, хүсэлт асуугаагүй, эрх, үүрэг тайлбарлалгүй шууд хэргийг хэлэлцүүлж эхэлсэн нь зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын камерын бичлэг авах, менежерээр томилогдсон тушаал гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл нь 30 минутын хугацаанд уг баримтыг ажлаас аваад ирнэ, шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Ингээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтыг шүүхэд авчирч шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Камерын бичлэгт тамга дарах боломжгүй гэж тамгагүй бичиг авчирсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч камерын бичлэг байхгүй, бид нар үзэж чадаагүй гэсэн тул тухайн нотлох баримтыг заавал нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах шаардлага гаргаагүй. Гэрч Д.Хишигдэмбэрэл нь гэрчийн мэдүүлэгтээ “би үдээс өмнө чөлөө өгсөн, үдээс хойш чөлөө өгөөгүй” гэдэг. Чөлөөний хуудсыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгснөөр бүтэн өдөр буюу 8-17 цагийн хооронд чөлөө олгосон гэх баримт байсан. Иймд хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт нь өөрийнх хариу тайлбартай зөрж байна. Ажил олгогч нь ажилтанд эхний ээлжид ямар сахилгын шийтгэл оногдуулах талаар мэдэгдэж түүнээс хариу тайлбар авч тухайн зөрчил нь ямар шинж чанартай гэдгийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч өвчтэй байж байгаад эмнэлгийн магадалгаагаа аваад 07 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ очиход ажлаас чөлөөлөх тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Иймд ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны дагуу явагдаагүй, хууль бус болсон. Ч ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлдэл нь компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах ямар нэг ноцтой үр дагавар учруулаагүй. Иймд Ч ад заавал ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулах шаардлага байхгүй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Ч хариуцагч Б ХК-д холбогдуулан тус компанийн худалдаа, хангамж хариуцсан хэлтсийн худалдааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,327,992 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иймд дээрх үйл баримтыг тодруулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг хэрэглэх эсэх, эсхүл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т зааснаар маргааныг шүүх харьяалан хянан шийдвэрлэх эсэх нь тодорхой болно.
Хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.
4. Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч тал нэхэмжлэгчид чөлөө олгосонтой холбоотой баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн байна. Шүүх уг баримтыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар хүлээн авч энэ тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэж харин эх хувийг нь хариуцагчид буцаан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ” гэснийг зөрчжээ. Учир нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн эсэхийг хянах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хэргийн оролцогчид буцааж өгсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. /хх120-127/
5. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01448 дугаартай захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг мөн өдрийн 15:30 цаг хүртэл хойшлуулсан байна. /хх112/
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хуралдааныг хойшлуулаагүй, харин завсарлаж үргэлжлүүлсэн байдлаар тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг шинээр эхлүүлэлгүй, хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-105 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан явуулах хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигджээ. /хх121-122/
6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 103/ШШ2022/00410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЭНЭБИШ