Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0055

 

 2019 оны 01 сарын 30 өдөр        Дугаар 221/МА2019/0055                       Улаанбаатар хот

“М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө-ыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М н” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Н” гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “М н” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ дугаар 128/ШШ2017/0684 шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, мөн 17, 18, 20 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулж, 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн ... Ингэснээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй, харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 466 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй” гэжээ. Гэвч хэргийн үйл баримтын он дарааллыг харвал энэ нь үндэслэлгүй болох нь харагдана.

Хэдийгээр талуудын хоорондын маргаантай харилцаанд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон ч нэхэмжлэгч “М н” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хоорондын материаллаг эрх зүйн харилцаа үүнээс өмнөх цаг хугацаанд үүсч бий болсон. Тодруулбал, “М н” ХХК 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаж, ..-..... (..-......) бүртгэлийн дугаар авсан.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газар дээрх өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийгээд “М н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших 6275.03 гектар газар нь тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хязгаарласан талбайтай давхцаагүй болохыг тогтоосон байдаг. /Хавтаст хэргийн 51 дэх тал/ Үүнээс харвал Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болохоос өмнөх цаг хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч “М н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэдгийг бичгийн болон бодит үйлдлийн хэлбэрээр хүлээн зөвшөөрч байсан.

Ийнхүү бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч байсны илэрхийлэл болгож Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал ирүүлэхийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Өмнөговь аймгийн Засаг дарга/-д мэдэгдсэн. Гэвч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 11-нй өдөр дугаар 169 тогтоол, мөн тус аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 04-ний өдөр дугаар 33 тогтоол гаргаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр, хууль бусаар татгалзах тухай санал ирүүлснээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дугаар 466 шийдвэр гаргаж, “М н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Үүнтэй холбоотойгоор “М н” ХХК нь “Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон тус аймгийн Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх”-д нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж аваад “дугаар 169” болон “дугаар 33” тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай дугаар 120/ШШ2018/0015 шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль батлагдахаас өмнө “М н” ХХК нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших 6275.03 гектар газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой байсан. Гэтэл дээрх хууль зөрчсөн захиргааны актад үндэслэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэр гарснаас болж, “М н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчингүй болохоос өмнөх хугацаанд хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадаагүй.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй” гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Учир нь тус хуулийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд эрхээ сэргээлгэхээр хандах нь иргэн, хуулийн этгээдийн “үндсэн эрх”, нөгөө талаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх тогтоох нь шүүхийн хуулиар хүлээсэн үүрэг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 128/ШШ2017/0684 шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “М н” ХХК-аас Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт “Н” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, санал авахаар Өмнөговь аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 6/7928 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6/71 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-2090 дүгээр албан бичгээр “дэмжихгүй” санал ирүүлж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-2090 дүгээр албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналын үндэслэл болсон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсэг, Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх үйл баримтууд нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд[1] заасан “өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авахаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авсан Засаг дарга нь тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу ирүүлэх, улмаар тус хариуг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах” зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байх үед явагдсан харилцаа бөгөөд талууд маргааны уг үйл баримттай маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож байсан хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай болгож, тус хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

Шүүх нэхэмжлэгчээс тодорхой үйлдэл хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж буй энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдэл нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгч тухайн тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах нөхцөлийг хангасан эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр  хариуцагчид тухайн тодорхой шийдвэрийг гаргахыг даалгах эсвэл даалгахгүй байх шийдвэрийн аль нэгийг гарах боломжтой байна. Гэтэл хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болсон, уг харилцааг зохицуулж байсан хуулийг хүчингүй болсонд тооцсон, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд “нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-ыг хариуцагчид даалгах шийдвэр гаргах боломжгүй, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн эрхийг сэргээхийг төрийн захиргааны байгууллагад даалгах шийдвэр гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Энэ  зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.