Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 207//МА2022/00116

 

 

 

 

   2022          11            28                                 207/МА2022/00116

                                                                                              

 

  Л.Б, Г.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Э, Д.Н

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01149 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Б, Г.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, Д.Н нарт холбогдох,

“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан Канад технологиор барьсан 7.5х21м хэмжээтэй ажлын байрны байшинг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, өмчийн үнээс Г.Бд оногдох 10.000.000 төгрөг, Л.Бд оногдох 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч Б.Э, Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б, Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: 

“...2008 оны 03 дугаар сарын 19-нд иргэн Г.Б, Л.Б, Б.Э гурав хоорондоо харилцан ярилцаж хүн бүр 6.0 сая төгрөг нийлүүлэн “В” ХХК-г үүсгэн байгуулсан. 2008 оны 05 сарын 10-нд “Х” ХК-ийн Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах модны зах дээр сарын түрээс төлж үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх ажиллахдаа дээврийн төмрийн хэвлэх машин 1ш, 5 сая төгрөгөөр худалдан авсан хөх улаан өнгийн 2ш боодол төмөртэй байсан. 2008- 2012 он хүртэл түрээс төлж ажиллаж байсан. “В” ХХК-г байгуулаад ажиллахдаа Б.Э УБҮ-т ажиллаж байсан учир компанийн өдөр тутмын ажиллагаанд оролцдоггүй байсан ба 6.0 сая төгрөгийн зээлийг төлж дуустлаа сард 340.000 төгрөг авах ба өвлийн улиралд дээврийн төмрийн үйл ажиллагаа зогсох тул энэ саруудад мөнгө авахгүй, харин хавар ажил эхлэхээр мөнгө болон дээврийн төмөр авч болно гэж хурал дээр харилцан тохиролцсон. Л.Б, Г.Б нар модны зах дээр дээврийн төмрийн үйл ажиллагааг удирдан явуулах тул цалин хөлсийг тохиролцоно гэсэн. Дээврийн төмөр зарахад өнгөний сонголт, зузаан нимгэн төмөр шаардлагатай болсон. Компаний үйл ажиллагаагаа сайжруулахын тулд эргэлтийн хөрөнгийн зээлийг Л.Б би Хаан банкнаас 2009 онд 10 сая төгрөг, 2010 онд 28 сая төгрөг, 2011 онд 45 сая төгрөгийг авсан. Мөн Г.Б “Х” банкнаас зээл авч байсан. 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд хамрагдах нөхцөлийн улмаас компанийг нэг хүний Г.Бгийн нэр дээр болгосон. Компаниа нэг хүний нэр дээр болгосон ч компаний ашиг хуваах зарчим хадгалагдан үлдэнэ гэж хурлын протокол хөтөлж, гурвуулаа гарын үсгээ зурсан. 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Х” ХК-ийн модны зах дээр түрээс төлж байсан газраа эзэмшиж авахыг зөвшөөрсөн. Газар эзэмшлийн төлбөр 5.5 сая төгрөгийг Л.Б, Г.Б нар “Х” ХК-д төлсөн. Энэ эзэмшиж авсан газар дээрээ 2012 онд 7.5м х 21 м хэмжээтэй ажлын мужааны өрөө, бараа материал хадгалах зарах байшинг Л.Б, Батбуян нар 3 ажилчны хамт канад технологиор барьсан. “Х” ХК-аас газар нэмж авч болно, газрын гэрчилгээг 1 хүний нэр дээр гаргана, хоорондоо хурал хийгээд итгэлтэй нэг хүний нэрээ өг гэсэн. Бид 3 хоорондоо ярилцаад Энхтайван ааваасаа 8.124.000 төгрөг авч нийт 13.624.000 төгрөгөөр 1725м2 газрыг хамтран эзэмшигчээр Л.Б, Г.Б нарыг газрын гэрчилгээг Б.Энхтайвны нэр дээр гаргуулахаар тохиролцсон. Х ХК-аас 1м2 газрыг 7900 төгрөгөөр үнэлсэн. Модны зах 40 гаруй хүнтэй 6 хэсэгт хувааж газрын гэрчилгээ гарсан. Эдгээр хүмүүс одоо ч модны зах дээр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээр дээврийн төмөр хэвлэх машин 2ш, мужааны зориулалттай цахилгаан багажнууд, солонгос сунадаг шат, гагнуурын аппарат, цахилгаан мотор, оффисын ширээ сандал зэргийг авсан. Листэн төмөр тасдагч 1ш өөрсдөө хийсэн. Б.Эд 2008 онд 1.620.000 төгрөг, 2009 онд 3.922.000 төгрөг, 2010 онд 1.700.000 төгрөг, 2011 онд 1.020.000 төгрөг, 2012 онд 4.083.545 төгрөг, нийт 12.346.045 төгрөг өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 3-нд 483м2 газрыг 20.000.000 төгрөгөөр зарсан. Хоорондоо харилцан тохиролцож Б.Эд 4 сая төгрөг, Г.Б, Л.Б нар тус бүр 8 сая төгрөгийг авч банкнаас авсан зээлийн төлбөрт өгсөн. Бид 3 ажил байдлын талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцаад газар болон объектоо зарж хоорондоо харилцан тохиролцож хувааж авахыг зөвшөөрөлцсөн. 2014 онд Б.Э манай хамаатны хүн газар болон объектыг худалдан авч байгаа, та хоёрт харилцан тохирсон ёсоор мөнгө төгрөгийг даруй өгнө гэсэн. Удалгүй ажлын байр болон бидний эзэмшсэн газарт блокон хашаа тойруулаад хойд талд нь хаалга гаргасан. 3-4 сарын дараа мөнгө бүтэхгүй болсон гэсэн хариу өгсөн. Дахиад зарах талаар ярилцсан. Зарагдахгүй байна гэсээр 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Этай газар болон объектын талаар ярихад “миний нэр дээр байгаа газар та нарт ямар ч хамаагүй дахин битгий утсаар ярь” гээд тасалсан. 2019 оны 02 дугаар сард шүүхэд газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоож өгөх тухай нэхэмжлэл гаргахад 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Шт 628 м2, өөрийн эхнэр Д.Нд 614 м2, газрыг шилжүүлсэн байсан. Өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан. 2021 оны 7 дугаар сард газар худалдан авсан хүн барьсан байшингаа буулгаж ав гэж утсаар ярьсан. Өөрсдийн үйлдвэрлэлийг үйл ажиллагаа явуулж байсан 7.5м х 21м хэмжээтэй канад технологиор барьсан ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авахыг хүсэж байна гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг ажлын байрыг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, гурван тэнцүү хэсэг хуваалгах буюу тус бүр 10.0 сая төгрөг гаргуулахаар шаардсан” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б, Г.Б нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“Л.Б би Орхон аймаг Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг буулгаж өөрт оногдох хувийг авах нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.Бтай ярилцаад хамтран нэхэмжлэгчээр орох шийдвэр гаргасан. Өмнөх нэхэмжлэлийн шаарлагаа тодруулж Орхон аймаг Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрладаг банз модны захын хашаанд байрлах өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан канад технологиор барьсан /7,5м х 21м/ хэмжээтэй ажлын байрны байшинг бүхэлд нь буулгаж, бидэнд олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б, Г.Б нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

“Нэхэмжлэгч Л-н Б миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 26-нд Б.Э-д холбогдуулан Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг банз модны захын хажууд байрлах 7,5 х 21 метрийн хэмжээтэй канад технологийн модон байшинг буулгаж өөр ногдох хэсгийг авах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр Г.Б нэмэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 06-нд дээрх байршилд байх 7,5х21 метр хэмжээтэй байшинг бүхэлд нь буулгаж нэхэмжлэгч нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч Б.Э шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 12-нд хариу тайлбар өгөхдөө байшингийн нэг хэсгийг буулгаж авахыг зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эы эхнэр Д.Н уг барилгад 2018 оны 02 сарын 26-нд Ү-2101021780 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг дангаараа авсан нь тодорхой болж энэ хэрэгт хариуцагчаар оролцох болсон бөгөөд уг эд хөрөнгийн өмчлөгч тул түүнээс нэхэмжлэгч нарт ямар нэгэн байдлаар өгөх үндэслэлгүй гэж 2022 оны 02 дугаар сарын 24-нд шүүхэд тайлбар гаргасан. Нэхэмжлэгч бид өмгөөлөгч авч маргаж байгаа зүйлийн эрх зүйн үндэслэлийг судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тодорхойлж байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгамагц зориулалт нь алдагддаг онцлогтой, барилгыг албадан буулгах хууль зүйн үндэслэл багатай, буулгах нь нэхэмжлэгч, хариуцагч нарт хохиролтой болохыг ойлгож уг барилгыг барьсан хөрөнгө, түүний эх үүсвэр, барьсан хөдөлмөр оролцоо зэргийг үндэслэн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, банз модны захын хажууд байрлах 159 м.кв талбайтай агуулах, цехийн зориулалттай канад технологийн модон барилгыг Б.Э нэгдмэл сонирхолтой түүний эхнэр Д.Н болон иргэн Г.Б, мөн Л-н Б нарын адил тэнцүү 33.33 хувиар шаардах эрхтэй хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, уг өмчийн үнээс Г.Бд ноогдох 10.000.000 төгрөг, Л.Бд оногдох 10.000.000 төгрөгийг Б.Э, Д.Н нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Компани 2008 оны 6 сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх үед ашигтай ажиллаж байсан. Тухайн үед хятадын юань 190 төгрөг байсан бид метр төмөрөө 5000-7000 төгрөгөөр зардаг байсан. Одоо юань 440 төгрөг метр төмөр 7000-9000 төгрөг байна. Үүнээс харахад компани маш их ашигтай ажиллаж байсан. Иймд компаний орлого зарлагын тайланг гаргаж ашгийг тэнцүү хуваах. Мөн Цахилгаан багаж хэрэгслүүд, барилгын багаж хэрэгслүүд, машины дугуйнд хадаас хаддаг буу зэрэг хичнээн тооны ямар ямар багажнууд байсныг тоо ширхэг үнийн жагсаалттай гаргаж тэнцүү хуваах. Мөн Компаний эзэмшилийн 483м2 газрыг хоорондоо харилцан тохиролцож 20 сая төгрөгөөр зарж надад 4 сая төгрөг өгсөн. Ашиг хуваах зарчимаар бол би 6.600.000 төгрөг авах ёстой байсан. Л овогтой Б 2 удаа нэхэмжлэл гаргасны улмаас ажлаасаа 4 удаа чөлөө авсан ба 4 өдрийн цалин болох 500.000 төгрөг, унаа болон бичиг хэргийн зардал 45.000 төгрөгийг нөхөж олгохыг шаардаж байна. Эдгээр шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 12-ны дотор биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэсэн байшингийн Л.Б, Г.Б нарт ногдох хэсгийг буулгаж авахыг зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Бид “В” ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж байсан нь үнэн боловч энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Д.Н-ийн өмч болоод 11 жил болж байгаа төдийгүй, анхнаасаа миний үл хөдлөх хөрөнгөөр 2018 онд бүртгэгдсэн байдаг. Л.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байсан боловч уг нэхэмжлэлээ үндэслэлгүй гэж үзээд тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн компани нь 2010 оноос ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс хойш бид ч ямар ч харилцаагуй болсон. Нэхэмжлэгч нар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргах байсан бол 2010 оноос хойш нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Гэтэл түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрч байхад уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу газар эзэмшиж эхэлсэн. Уг газрыг эзэмшихдээ газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдсэн. Анхнаасаа нэхэмжлэгч иргэдийн нэр дээр гараагүй газар болон түүн дээрх /Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3./-т заасан эд хөрөнгө нь газрын эзэмшлийн /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7./ дагуу газар эзэмшигч этгээдэд шилжих учиртай. Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10.-т заасны дагуу тухайн хууль ёсны газар эзэмшигч миний эзэмшлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн нэр дээр шилжих учиртай байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа үйл баримтуудыг дурдсан байх бөгөөд тухайн газар үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч мөн болох болон үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны эзэмшигч мөн болохоо нотлох баримт гаргаагүй байна. Нэхэмжлэгч нар нь 2010 оноос хойш тус компани болон компанийн үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа явуулаагүй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. /Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна./, 75 дугаар зүйлийн 75.1. /Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна./ 75.2.2. /үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил/ байна гэснийг хэтрүүлсэн байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4. /Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно/ гэж хуульд заасанчлан хэрвээ нэхэмжлэгч нар нь үнэхээр бидний эд хөрөнгө орсон бид эзэмших эрхтэй гэж маргах бол хамгийн багадаа 2016 он буюу зургаан жилийн дотор маргах байсан. Дээр дурдсанчлан 2010 оноос тус компанийн үйл ажиллагаа зогссон, цаашид ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь нэхэмжлэгч нарт тус шаардах эрхээ эдлэх, хэрэгжүүлэх бүрэн хугацаа байсан байна. Энэ бүхний дараа одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүх анхаарч үзэхийг хүсэж байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 108 дугаар зүйлийн 108.8.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн “Ж” ШТС-ын хойд талд 159 м2 талбай бүхий мод хадгалах зориулалттай Канад технологиор барьсан байшин нь Б.Э, Д.Н, Г.Б, Л.Б нарын дундын өмч болохыг тогтоож, хариуцагч Б.Э, Д.Н нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд, 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б нарт тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00955 дугаартай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг зааж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1149 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Л.Б, Г.Б,Б.Э нар 2008 онд “В” ХХК-ийг байгуулж 2 жил ажилласан. 2010 онд агуулахын зориулалттай ажлын байр барьсан.Энэ агуулахыг барихад энэ 3 гурвуулаа компанийн хөрөнгөөр Б.Эы эзэмшлийн газар дээр барьсан. Дээврийн төмөр хэвлэх үйл ажиллагаа явуулахдаа тэд 3 талаасаа хөрөнгө оруулж ажилласан. Зээл авахын тулд 3 хүний нэр дээр байж болохгүй юм байна гээд Б.Э Д.Б хоёрыг компаниас Хсан. З жил ажиллаад л үйл ажиллагаа зогсож, компанийн агуулахаас бусад хөрөнгийг Л.Б, Г.Б хоёр авцгааж Б.Эд 10 сая төгрөгөөр барьсан агуулахыг үлдээсэн. Тэгээд хөрөнгөө хувааж аваад тарцгаасан тул би 2018 онд би Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж өөрийн нэр дээр гэрчилгээ авсан. Эд нар тухайн үед бүгд мэдэж зөвшөөрсөн. Би агуулахыг барьцаалж банкнаас зээл авахын тулд ямар нэг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэлгүй өөрөө 30 сая төгрөгийн үнэтэй гэж санаанаасаа зохиогоод л гэрчилгээ авсан. Энэ бүх хүмүүс болон гэрчүүд 10 орчим сая төгрөгөөр босгосон агуулах гэдгийг мэднэ. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр 30 сая төгрөгөөр үнэлээд надаас 10 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. “В“ ХХК маш их хөрөнгөтэй байсан. Мэдэх гэрчүүд зөндөө байна. Би болон манай нөхөр хууль мэдэхгүй болохоороо шүүх үнэн зөвийг олно гээд хэнээс ч зөвлөгөө туслалцаа авалгүй бор зүрхээрээ бүх үнэнийг ярьсаар байгаад эцэст нь өөрсдөө өрөнд орлоо. Нэхэмжпэгч нар нь бусад хөрөнгөө аваад нөхөрт маань агуулахыг үлдээчихээд миний нэр дээр шилжсэнийг мэдсээр байж мэдээгүй гэж худал тайлбар өгч шүүгчийг итгүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархаж санасандаа хүрсэнд гомдолтой байна. Одоо хэнд ч хэрэггүй болсон хуучирч муудсан, үнэ цэнэгүй агуулах нэртэй обьектыг тэд өөрсдөө авч болно. Гэхдээ тэдний авсан хөрөнгийг бас тогтоолгомоор байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т  заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Л.Б, Г.Б нар шүүхэд канад технологиор барьсан 7.5х21м хэмжээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай агуулахын байшинг бүхэлд нь буулгаж, бидэнд олгох шийдвэр гаргаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “159 м.кв талбайтай агуулах, цехийн зориулалттай канад технологийн модон барилгыг Б.Э нэгдмэл сонирхолтой, түүний эхнэр Д.Н болон иргэн Г.Б, мөн Л.Б нартай адил тэнцүү 33.33 хувиар шаардах эрхтэй хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, уг өмчийн үнээс Г.Бд ногдох 10.000.000 төгрөг, Л.Бд оногдох 10.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-аар нэхэмжилсэн байна.

3.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нандин-Эрдэнийг хариуцагчаар татан оролцуулсан ба хариуцагч Б.Э “...уг агуулахыг буулгаж авахыг зөвшөөрч байна” гэх тайлбар, хариуцагч Д.Н “...нэхэмжлэгч нар өөрсдөө компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Компанийн нэлээдгүй хөрөнгийг авч ашигласан учраас ямар нэгэн хөрөнгийн маргаангүй салсан. Нэхэмжлэгч нар дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргах байсан бол 2010 оноос хойш нэхэмжлэл гаргах боломжтой байсан... ” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

4.Шүүх нэхэмжлэгч Л.Б, Г.Б, хариуцагч Б.Э нар “В” ХХК-ийг үүсгэн байгуулж, маргааны зүйл болох 7.5х21 м хэмжээтэй үйлдвэрлэлийн зориулалттай агуулахыг 2012 онд барьсан нь зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Э, Д.Н, Г.Б, Л.Б нарын дундын өмч болохыг тогтоож, уг агуулахын үнийг 3 хүнд хувааж нэхэмжлэгч нарт тус бүр 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагтагдалтай болжээ.

5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг анхаарах шаардлагатай байжээ. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч нар “...маргааны зүйл болж буй үйлдвэрлэлийн зориулалттай агуулахыг газраас салгамагц зориулалт нь алдагддаг, уг агуулахыг буулгах нь нэхэмжлэгч, хариуцагч нарт хохиролтой болохыг ойлгож, хөрөнгийн эх үүсвэр, барьсан оролцоо зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн” гэх тайлбарт дүгнэлт хийх, уг агуулахыг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн 30.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнд үнийн дүнд тухайн газар орж үнэлэгдсэн эсхүл зөвхөн бусдын газар дээр байгаа эд хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн эсэх, тухайн агуулахын чанар байдал муудсан байдал нь хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх эсэхийг тус тус тодруулах,

5.2.Хариуцагч Д.Н-ийн татгалзаж буй үндэслэл буюу уг агуулах нь манай нөхрийн өмч болж үлдсэн, бусад хөрөнгийг нэхэмжлэгч нар авсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар, баримтанд дүгнэлт хийх, 2013 оноос эхлэн компанийн үйл ажиллагаа зогсох үед уг агуулах компанийн эзэмшил, ашиглалтанд үлдсэн эсэх, хариуцагч Д.Н-ийн оролцоо байгаа эсэх, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэдий үеэс зөрчигдсөн болохыг тус тус тодруулах замаар хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг тогтоох зэрэг болно.

         6.Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Н-ийн гаргасан “...агуулахын үнэлгээ бол бодитой биш, уг агуулахыг 10 сая орчим төгрөгөөр барьсан, одоо хэнд ч хэрэггүй болсон хуучирч муудсан, үнэ цэнэгүй агуулах нэртэй обьектыг тэд өөрсдөө авч болно. Компанийн хөрөнгөнөөс тэдний авсан хөрөнгийг бас тогтоолгомоор байна, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжтой байна.

         7.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.150 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.У

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.Б

                     ШҮҮГЧ                                           Б.О