| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0128/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 142
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.Х ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгч: Н.Б ,
Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б д холбогдох эрүүгийн 182800900100 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс Улаанбаатар хот явах засмал замын 28 дахь километрт ******* УБЕ улсын дугаартай Тоёота Эстима тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган иргэн С.С ын амь нас хохирсон, иргэн Б.Х , Х.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2018.05.12-нд нөхрөө эмнэлгээс аваад Драгон төвөөс бензиний мөнгө олох гээд 4-5 хүн авч бензин хийе гэж бодож байсан. Тэгээд 5 хүн аваад цагаан хад руу явсан. Тэгээд явж байгаад осол болсон. Би ослын дараа сандраад энэ хүмүүстэй ярьж чадаагүй. Энэ хүмүүсээс бүгдээс уучлалт гуйж байна. Миний машинд суугаагүй бол ингэж гэмтэж бэртэхгүй байсан“ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2018.05.12-ны өглөө манай эхнэр Өмнөговь аймгийн Ганц модонд ажил хийхээр болсон. Би өглөө ажилтай байсан. 12 цагийн үед манай эхнэр гэрээсээ гараад явсан байдаг. Драгон ороод Н.Б гийн машинд суугаад явсан байдаг. Тэгээд 19 цагийн үед Дундговь аймгаас хөдөллөө гэж байсан. Би 19 цагт ажлаас ирээд гэртээ байж байсан. Шөнө 03 цагийн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ярьж хэлсэн. Энэ гэмт хэргээс болж ханиа алдсан. Ганц мод руу ажил хийж байгаад Солонгос явах санаатай байсан. Оршуулгын мөнгөнөөс 3.500.000 төгрөг авсан. Баримттай 8.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. 11 сард хохирлоо барагдуулж чадах уу, гомдлоо эргэж харах санаатай байгаа. 3 хүүхэд 18 насанд хүртэл ганцаараа ажиллах хэцүү байна” гэв
Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2018.05.12-нд Драгон дээрээс ******* явах машин зогсож байсан. Тэгээд би суусан. Үдээс хойш Драгон дээрээс хөдөлсөн. Дундговь аймаг дээр зогсож хоол идэхэд 6, 7 цаг болж байсан. Хоол идчихээд 8 гээд хөдөлсөн. Луус сум өнгөрөхөд нөхөр нь бариад явж байсан. Би машины милл харахад 100-110 км/цаг хурдтай явж байсан. Тэгээд миний нойр хүрээд унтсан. Нэг мэдсэн гар хөдөлж чадахгүй байсан. Тэгээд харсан чинь нил цус болсон байсан. Би цусаа хараад буцаад шоконд орсон. Гэр рүү цагдаа яриад манай ах, эгч нар ирсэн. Хотод гэмтлийн эмнэлэгт очоод яаралтай цус их сэлбэсэн. Тухайн үед хүнээс мөнгө зээлээд эмчилгээний зардал төлж байсан. 5 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаас приус 20 маркийн машин авсан. Одоо хийсэн ажил байхгүй зээлээ төлж чадахгүй байгаа. Н.Б надад 250.000 төгрөг шилжүүлсэн. Нийт эмчилгээний зардал 3.800.000 төгрөг болсон. Сэтгэл санааны хохирол 4 сая төгрөг гээд нийт 8 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 1828000900100 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн ******* сум, Дундговь аймгийн Хулд сум хоёрыг холбосон хатуу хучилттай авто замын Өмнөговь аймгийн ******* сумаас 28 дахь км-т байх бөгөөд осол гарсан зам нь асфалтан хучилттай, суурин газрын гаднах хашлагагүй зам байх бөгөөд өргөн нь 7.10 метрийн өргөнтэй дундуураа тасархай цагаан цагаан зураастай ямар нэгэн эвдрэл, гэмтэл, саад байхгүй байв. ******* убе улсын дугаартай тоёото эстима маркийн автомашин замын баруун гар тийшээ замаас гарч замын хажуу талын шороон хөвөөн дээгүүр яваад онхолдсон осол гарчээ. Автомашины хагарсан обуд байх бөгөөд уг обуд нь хийлдэг хошууны орчмоор шороо болж зурагдсан байдалтай байсныг тэмдэглэн авав. Үзлэгээр уг тээврийн хэрэгсэл нь мөнгөлөг саарал өнгийн ******* убе улсын дугаартай Toyota estima маркын авто машин байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд талын крыло цаашаагаа чихэгдэж орсон, амортизатрын пүрш байхгүй. Зүүн урд талын дугуй обуд хэсгээрээ хагарч байхгүй болж хагарсан обудаараа газар тулсан байдалтай байв. Зүүн урд талын их гэрэл бүрэн бүтэн урд буфер бүтэн копут болон баруун урд талын гэрэл дохио бүрэн бүтэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн урд талаас харахад урд салхины шил хагарч дотогшоо цөмөрч орсон байдалтай байв. Тээврийн хэрэгслийн буруу талын урд дугуй хийтэй крыло нь урд хэсэгтээ хонхойж цаашаа орсон байдалтай байв” /хх-н 6-7 дугаар хуудас/,
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-18 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэр Улаанбаатар хотод хувийн цайны газарт ажиллаж байгаад ажлаасаа 2018 оны 04 дугаар сарын сүүлээр ажлаасаа гараад гэртээ ажилгүй байсан юм. Манай гэрийн хөрш С гэдэг эмэгтэй Өмнөговь аймгийн ******* гэх газарт цайны газар ажиллуулдаг гэсэн тэгээд цалин боломжийн байдаг юм. Та ирж ажиллаач гэж манай хүнд хэлсэн юм байна лээ. Тэгээд манай эхнэр Өмнөговь аймгийн ******* гэх газарлуу явж ажиллана гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би эхнэрээ цалин нь гайгүй юм бол 2018.05.30-ны өдөр хүртэл ажиллаад ирээд хуухдийн баяраар xvvxдvvдтэйгээ баярлана шүү гэж хэлж байсан 14 настай БГД-ийн 77-р сургуулийн 10-р ангид сурдаг. Дараагийн хүү О.Г 06 настай БГД-ийн 133-р цэцэрлэгт явдаг. Дараагийн хүү О.О 05 настай БГД- ийн 133-р цэцэрлэгт явдаг юм. Одоо би 3 хүүхдийн хамтаар үлдлээ. Манай хөрш С гэдэг эмэгтэй манай эхнэрийг ирж ажлаач, цалин гайгүй гэж хэлсэн юм байна лээ. С тэй манайх олон жил айл хөрш явж байгаа юм. Тэгээд манай эхнэр 2018 оны 5 дугаар cap 30-ны өдөр хүртэл тэнд ажиллаад ирэх гэж явсан байсан юм. яг явах өглөө намайг ажилдаа гарахад бол явлаа гэж хэлээгүй юм. Дундговь аймагт ирээд явж байна гэж хэлсэн юм. Орой гэртээ ирээд том охиноос ээж нь хэзээ явсан бэ гэж асуухад ээж өглөө 11 цагийн үед бид гурвыг үнсээд ээж нь 05 сарын 30-ны өдөр ирнэ гэж хэлээд явсан гэж хэлсэн юм. Хувийн компанид тогооч хийж байсан юм. Ямар хүмүүстэй ямар унаагаар явсан талаар мэдээгүй. Замын унаагаар л явсан байх гэж бодож байна. Зам тээврийн осолд орж нас барсан гэж сонсоод байна. Үнэхээр харамсалтай гомдолтой байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Буруутай этгээдээс одоогийн байдлаар оршуулгийн зардлыг яаралтай гаргуулж авмаар байна. Цаашдаа өнчин хоцорсон 3-н хүүхдийн тэтгэмж зэргийг гаргуулмаар байна. Одоогоор тулгамдаад санаанд юм орж ирэхгүй байна... Манай эхнэр 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан тийм учраас сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг оршуулгын зардалд гарсан 8.500.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 45 дугаар хуудас/,Top of FormBottom of Form
Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* гэх газарт хувиараа нүүрсний тээвэрт явдаг юм. Би 2018 оны 04 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод амарч ирсэн юм. Амарч байгаад 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* руу ажилдаа явахаар Драгон төв дээр очиж маркийн авто машин ******* явсан юм. Надаас гадна 4 зорчигч үүссэн баруун талын 2 хавирга хугарсан нурууны сэртэн яс цуурсан, баруун гарны тохой хэсгээрээ цуурсан нуруу тэр чигтээ цусан хаван болсон зэрэг гэмтлүүд авсан юм. Одоо биеийн байдал дунд зэрэг байна. Ослын дараагаар би 32 хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтзж эмчлүүлсэн баруун хөлнийн гуяны арьснаас арьс авч баруун гарын арьс нөхсөн зэрэг эмчилгээ хийгдсэн.Одоо өдөр болгон боолт хийлгэж гараа цэвэрлүүлж байгаа юм. Дүүргийн эмчийн хяналтанд байгаа. Би Дундговиос гараад унтахаасаа өмнө машины миллийг харахад 100 гаруй км цагийн хурдтай явсан тэгээд унтаад өгсөн юм. Хурд хэтрүүлсний улмаас осол гарсан байх гэж бодож байна. Тоёота эстима маркийн машин байсан хэний машин жолооч хэн гэдгийг нь мэдэхгүй. Намайг унтахаас өмнө бол нөхөр нь бариад явж байсан хэн барьж явсныг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй байсан. Тухайн үед цаг агаар тогтуун салхи, шороо байгаагүй. Тухайн үед би машинд унтаж явсан учраас ямар хуртай явсныг мэдэхгүй байна. .
Би зардлаа тооцож үзээгүй байна. Гомдолтой байна. Миний эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилмээр байна. Мөн ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Зам тээврийн ослын улмаас миний эгэм хугарсан, толгой хагарсан, өвдөг нурууны хэсэг урагдсан зэрэг гэмтлүүд авсан юм. Толгой доргиж бариачаар бариулсан. Одоо биеийн байдал харьцангуй гайгүй болсон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Цогтцэций сум орох гэж явахдаа зам тээврийн осолд орж гэмтсэн юм. Би зам тээврийн ослын улмаас үүссэн мөнгөн нэхэмжилсэн юм. Энэ мөнгөн дүнд миний эмчилгээний зардал, Улаанбаатар хотоос ******* сумын төвд ирж намайг авсан унааны зардал би ажиллах байсан үеийн цалин зэргийг нэхэмжилсэн юм. нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг би Цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Надад гарсан бодит зардал 959.221 төгрөг болсон байгаа би энэ хохирлоо яаралтай барагдуулмаар байна. Энэ хохирлын талаар дэлгэрэнгүй өргөдөлдөө бичсэн байгаа. Санал хүсэлт, гомдол байхгүй, гарсан зардлуудаа түргэн хугацаанд л амаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 онд Улаанбаатар хотод эхнэр Н.Б тэй танилцаж гэр бүл болсон юм. Бид хоёр танилцаж гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон юм. Бид хоёр сүүлийн хоёр жил Өмнөговь аймгийн ******* гэх газарт амьдарч байна. Би портер унаад хувийн компанийн ойр зуурын сэлбэгийг дөхүүлж өгдөг юм. Эхнэр гэрээр хоол хийж зардаг юм. Бид хоёр 2018 оны 04 дугаар сарын 27-ны өдөр цагаан хаданд байж байхад миний бие гэнэт өвдөөд Улаанбаатар хот явж би 10 хоног эмнэлэгт хэвтээд 05 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгээс гарсан юм. Бид хоёр Улаанбаатар хотод очоод зар харж байгаад эстима маркийн авто машин хувь хүнээс худалдаж аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгийг нь өгсөн юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 12-ны өглөө Өмнөговь аймгийн ******* явахаар драгон төв дээр 10 цаг 30 минут гээд очсон юм Тэгээд ******* явна гээд хашхираад байж байхад 11 цагийн орчимд талийгаач болдог эмэгтэй ирсэн юм. Араас нь нэг их удаагүй хэд хэдэн хүмүүс ирсэн юм тэгээд нийт 5 зорчигчтой болохоор нь 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ******* чиглэлд гарсан юм. Улаанбаатар хотоос гарахдаа манай эхнэр машин бариад хөдөлсөн юм. Төв аймгийн уулзвар өнгөрөөд зогсож бие засаад би машин бариад Дундговь ортол явсан юм. Дундговь аймагт ирээд хоол идээд 17 цагийн үед хөдөлсөн юм. Дундговь аймгаас хөдлөөд би машин бариад явж байгаад Луус сум өнгөрөөд явж байхад эхнэр чи ядрах байх би бариад явъя гэхээр нь за тэг тэг гээд би зогсоод эхнэртээ бариулсан юм. Тэгээд би хажуу суудалд суугаад нэг хэсэг унтсан байна лээ нэг мэдэхэд машинд тас, тас тас гэсэн дуу гарахаар нь би сэрээд харахад машин хөндлөн болж ирээд өнхөрөөд явчихсан тэгээд нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ зогссон би машины хаалгийг онгойлгоод гарахад эхнэр мөн хаалгаа нээгээд гараад ирсэн. Машины хойд талд газар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэвтэж байсан машин тойроод хартал жолоочийн хаалганы хажуу талд нэг эмэгтэй хэвтэж байсан машин дотор эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан. Тэгсэн эхнэр жолоочийн хаалганы хажууд хэвтэж байсан эмэгтэй дээр очоод уйлж байхад нь очоод үзэхэд тэр эмэгтэй амьсгалахгүй байсан машины хойд талд байсан 2 хүн орилоод байсан би тэр үед нь 103 утсанд дуудлага өгөхөд ******* сумын эмнэлгийн дугаарыг өгсөн тэгээд тэр утасруу ярьж байхад цагдаа хүрээд ирсэн. Манай эхнэр Н.Б жолоодож явсан юм. Нэг хүн нас барж, 2 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн юм шиг байна, нөгөө 2 зорчигч гайгүй байх шиг байна. Эхнэр бид хоёр гайгүй байх шиг байна. Таван зорчигч сууж явсан нас бардаг эмэгтэй голын суудлын дунд сууж явсан юм. Обуд хагарч дугуй буудсан байх гэж бодож байна. Манай эхнэр 50- 60 км цагийн хуртай явдаг юм. Тэр хурдаараа явсан байх би тухайн үед унтаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******руу найз дээрээ очих гэзд драгон төв дээр унаа хайгаад очиход мөнгөлөг саарал өнгийн ******* убе улсын дугаартай эстима маркын машин ******* явна гээд зогсож байхаар нь суусан. Тэгээд Драгон төвөөс 14 цагийн үед хөдөлсөн. Машины дунд талын суудал дээр хүнтэй байсан болохоор хамгийн арын эгнээний зүүн талын суудалд суугаад явсан. Тэгээд явж байгаад Дундговь аймгийн төвд хоол идчихээд аймгаас гараад би унтсан. Тэгээд унтаж байхад нойрон дунд таг түк гэсэн чимээ гараад машин өнхөрөөд байх шиг байхаар нь урд талын сандалнаас гараараа зуурсан нэг мэдэхэд би суудлаас зуурсан хэвээрэй машин дотор сууж байсан урд талын суудал дээр нэг эмэггэй сууж байсан мөн жолооч эмэгтэй байсан, хажуу талын суудал дээр нь нөхөр нь сууж байсан. Тэгээд би урд талын суудал дээгүүр даваад машинаас гарахад машины зүүн талд гадаа миний хажууд сууж явсан эрэгтэй, урд талын суудалд сууж явсан эмэгтэй 2 хэвтэж байсан мөн машины баруун талд талийгаач хэвтэж байсан. Миний сэтгэл санаа тавгүй байсан болохоор сандраад шоконд орсон байсан. Тэгээд байж байхад цагдаа ирээд удалгүй араас нь эмнэлэгийн машин, эмч нар ирээд ******* сумын эмнэлэгт хүргэсэн. Улаанбаатар хотоос гарахад болон осол гарах үед эмэгтэй жолоодож явсан. Жолоочоос гадна 6 хүн сууж явсан. Урд талын эгнээнд 3 эмэгтэй, ард талд би хамт явсан ах, жолоочийн хажуу талын суудалд жолоочийн нөхөр сууж явсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дүгээр хуудас/
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх зээлийн үйлчилгээ явуулдаг компани байгаа юм. 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдөр иргэн Хөхөө овогтой *******той зээлийн гэрээ байгуулсан юм. Х.М нь ******* убе улсын дугаартай авто машиныг 4.500.0 төгрөгний зээлийн барьцаанд тавиад тээврийн хэрэгслийг унаж явахаар гэрээ байгуулж Х.М тээврийн хэрэгслээ унаад явсан, cap бүрийн 30-ны өдөрт 702.500 төгрөг төлөөд cap бүрээр тодорхой хувиар буурч байхаар гэрээ байгуулж явсан юм. Х.М ын эхнэр Н.Б 06 дугаар сарын эхээр ******* убе улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон талаар хэлсэн юм. Одоо манай байгууллагын зүгээс Х.М , Н.Б нартай харилцан тохиролцож гэрээг цааш нь үргэлжпүүлж cap болгоны эргэн төлөлтөөр төлж байхаар тохирсон тул манай байгууллагын зүгээс энэ хэрэгт хамаарал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Гэрч Л.С “Би 2017 оны 05 сараас Хядад улсын Ганцмод гэх газар цайны газар ажиллуулж байгаад сая 2018 оны 04 сараас болиод *******анд цайны газар ажилуулахаар болсон юм. Тэгээд би энэ оны 04 сард хотод гэртээ байж байхад талийгаач С.С аа гэрт ирээд би чамд дээр очиж хамт ажилламаар байна энд 350 000 төгрөгийн цалин хаана нь ч хүрэлцэхгүй хэцүү байна гэхээр нь нөхрөөсөө асуугаад зөвшөөрвөл тэгэхгүй юу гэсэн. Тэгээд маргааш нь нөхөр зөвшөөрсөн яв гэсэн хэзээ явах вэ гэхээр нь би түрүүлээд явж байя чи араас хүрээд оч гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 05-р сарын 12-ны өглөө надруу утсаар одоо гарлаа унаандаа суусан байна гэж ярьсан мөн өдөр цагийг нь санахгүй байна Дундговь аймаг дээр хоол идэж байна гэж ярьсан. Тэгээд дахин холбогдоогүй.” /хх-ийн 67 дугаар хуудас/
Гэрч Х.Э “2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би Өмнөговь аймгаас Улаанбаатар хотруу өөрийн машинтай явж байхад 17 цаг өнгөрч байсан байх Цогт- Овоо сумаас гараад явж байхад 28 дахь км-т эстима маркын авто машин онхолдсон байсан юм. би зам дээр зогсоод буугаад очиход нэг эмэгтэй нас барсан жолооч гэх эмэгтэй зүгээр байсан мөн хажууд байсан 3 хүн зүгээр байсан эмэгтэй , эрэгтэй хоёр нэлээд бэртэлтэй байхаар нь жолоочоос нь юу болсныг асуугаад аймгийн Цагдаад дуудлага өгөөд ******* сумын цагдаа иртэл байж байгаад цагдаа ирэхээр нь явсан юм. машин онхолдсон нэг хүн нас барсан 2 хүн газар хэвтсэн, хажууд нь 4 хүн гайгүй байх шиг байсан. Нэг өнхөрөөд буцаад дугуйн дээрээ харсан байдалтай байх шиг байсан машины зөв талын хойд дугуй хагарсан байдалтай зөв талын урьд дугуйны обуд мөн хагарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/
Шинжээч Т.Түмэнжаргалыг асуусан тэмдэглэлд “Миний бие хавтаст хэргийн материалтай танилцаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, зам тээврийн ослын газрын хэмжилт хийсэн зургаас харахад ******* убе улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаа чиглэн явж байгаад жолоочийн баруун гар тийшээ буюу засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо шарвалт үүссэн мөр үүсгэн замаас гарч унасан нь харагдаж байсан. Хэрэв тээврийн хэрэгсэл онхолдохоос өмнө обуд хагарсан бол тухайн тээврийн хэрэгсэл явах боломжгүй, обуд хагарсан тал руугаа шарвалт үүснэ. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурганд авто зам дээр автомашины дугуйны резин вапришкны тасархай унасан, фото зургийн 30, 31 дэх үзүүлэлтэнд ******* убе улсын дугаартай автомашины зүүн хойд дугуйны вапришк резин сэмэрч тасарч унасан зэргийг харуулсан нь тухайн тээврийн хэрэгсэл онхолдохоос өмнө зүүн хойд дугуй хагарч вапришк нь сэмэрч зам дээр үлдсэн байх магадлалтайг харуулж байна. Ийм тохиолдолд тээврийн хэрэгслийн жолоо зүүн талруу хатуурч даялах боломжтой, үүнийг тээврийн хэрэгсэлд аюул саад учирсан гэж үзэж болно. Үүнийг мэдсэн дариу тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдаа хасаж зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 69 дүгээр хуудас/ тус тус шинжлэн судлав.
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Зам тээврийн ослын шалтгаант цээж-хэвлийн олон эрхтний хавсарсан гэмтэл, өвчүүний хугарал, Th2 нугалмын их биеийн хугарал, нугасны гэмтэл, баруун талын 11, зүүн талын 7 хавирганы хугарал, хугарлын орчмын зөөлөн эд дэх цус хуралт, баруун уушгины доод дэлбэн, үнхэлцэг,гол судас, баруун бөөр, элэгний баруун дэлбэнгийн урагдал, язрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, С.С аа нь гэмтэж амьдрах боломжгүй олон хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан”. гэх дүгнэлт /1хх-71-72 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 55634 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “С.С аа 41 настай эмэгтэй, ******* сумын 13/V” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Цуснаас хорт бодис тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй байна. /1хх-74 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Б.Х ийн биед тархины доргилт, баруун гарын бугалга, шууны эдийн дутагдал бүхий урагдаж хууларсан шарх, Th10, Th11, Th12, L1-р нугалмуудын арын сэртэнгийн L2, L3, L4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгүүдийн зөрөөтэй хугарал, баруун талын 3,6,7 дугаар хавирганы хугарал, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүгэгдсэн байх боломжтой. Th10, Th11, Th12, L1-р нугаламуудын арын сэртэнгийн L2, L3, L4-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгүүдийн зөрөөтэй хугарал, баруун талын 3,6,7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хагацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна”. /1хх-78 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Б гийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн эгэмний далд хугарал, зүүн сүвээ, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн эгэмний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”. /1хх-84 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б ийн биед тархины доргилт зүүн гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”. /1хх-81 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Б ийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй”. /1хх-90 дүгээр хуудас/,
Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 сарын 02-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Тоёота эстима маркийн ******* УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагш чиглэн явсан Нямдаваа овогтой Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн. 2.Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тээврийн хэрэгслийн тормозны мөр, зам үүсээгүй байх тул ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Н овогтой Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн зүрмийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. /1хх-95 дугаар хуудас/,Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №05/02 дугаартай дүгнэлтэд: “******* убе улсын дугаартай Toyota estima маркийн автомашинд 2018 оны 05 сарын 23-нд тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанд очиж ерөнхий байдалд нүдээр үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэлд их бие буюу кузов /урд салхины шил, тээшний хаалга, хаалганы шил, хоёр толь, баруун талын дунд хаалга, шил/ зүүн талын урд дугуйны обуд хагарсан, зүүн талын арын дугуй хийгүй хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд ажиглагдлаа. Тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тормозны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа эсэхийг нүдээр үзэж шалгах боломжгүй байна.” гэх дүгнэлт /1хх-93 дугаар хуудас/,
Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 19-27 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-32 дугаар хуудас/, Н.Б гийн жолоочийн үнэмлэх, ******* убе улсын дугаартай машины бичиг баримтын хамт нотариатаар батлуулсан хувь /1хх-37 дугаар хуудас/,
Н.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагааны эх хувь /1хх-114 дүгээр хуудас/, Н.Б гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-115 дугаар хуудас/, *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-116 дугаар хуудас/, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-117 дугаар хуудас/,*******гийн төрсний гэрчилгээний лавлагаа /1хх-118 дугаар хуудас/, *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-119 дүгээр хуудас/, *******ын төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-120 дугаар хуудас/, ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-121 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Н.Б гийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх-122 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-123 дугаар хуудас/, Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-126 дугаар хуудас/, С.С аагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.О , С.С аа нарын гэрлэлийн гэрчилгээний хуулбар, С.С аагийн нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-127 дугаар хуудас/, О.Г төрсний гэрчилгээний хуулбар /1хх-128 дугаар хуудас/, О.О төрсний гэрчилгээний хуулбар /1хх-129 дүгээр хуудас/, О.А төрсний гэрчилгээний хуулбар /1хх-130 дугаар хуудас /зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.Б гийн гэм бурууг шийдвэрлэсэн болно.
Яллах дүгнэлтэд амь хохирогч С.С ааг С.С гэж бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил биш байх тул талийгаачийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсаны гэрчилгээ зэрэгт үндэслэн шүүхээс гарах шийдвэрт нэрийг зөвтгөн бичсэнийг дурдах нь зүйтэй. /1хх-127 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 17-18 цагийн орчим Өмнөговь аймгийн ******* сумын засмал замын 28 дахь километрт Х.М ын эзэмшлийн ******* убе улсын дугаартай Тоёота эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас машин шарваж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч Н.Б гийн жолоодон явсан ******* убе дугаартай Тоёота эстима автомашины зүүн хойд дугуйны вапришк резин сэмэрч тасарч унасан байгаа нь ослоос өмнө зүүн хойд дугуй хагарч, осолдсон байх магадлалтайг харуулж байна. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд аюул саад тохиолдох энэ агшинд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээг авах бөгөөд хэргийн газарт хийсэн үзлэгээр тормозны мөр, зам үүсээгүй байгаа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэдгийг нотолж байна.
Замын тээврийн ослын улмаас зорчигч С.С аа “ 1.зам тээврийн ослын шалтгаант цээж-хэвлийн олон эрхтний хавсарсан гэмтэл, өвчүүний хугарал, Th2 нугалмын их биеийн хугарал, нугасны гэмтэл, баруун талын 11, зүүн талын 7 хавирганы хугарал, хугарлын орчмын зөөлөн эд дэх цус хуралт, баруун уушгины доод дэлбэн, үнхэлцэг,гол судас, баруун бөөр, элэгний баруун дэлбэнгийн урагдал, язрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн
хатгагдсан шарх, С.С аа нь гэмтэж амьдрах боломжгүй олон хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан, хохирогч Б.Х ийн эрүүл мэндэд тархины доргилт, баруун гарын бугалга, шууны эдийн дутагдал бүхий урагдаж хууларсан шарх, Th10, Th11, Th12, L1-р нугалмуудын арын сэртэнгийн L2, L3, L4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгүүдийн зөрөөтэй хугарал, баруун талын 3,6,7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Х.Б гийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн эгэмний далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Б ийн биед тархины доргилт зүүн гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд тусгай ангийн 27.10 дугаар зүйл ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Шүүгдэгч Н.Б гийн болгоомжгүй гэмт үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Н.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Наранцацрал гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.Б гийн үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б гийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Х , Х.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О , иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч Х.М , Э.Б , Шүүх шинжилгээний албаны шинжээчийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 35 дугаартай шинжээчийн “С.С аа нь амьдрах боломжгүй олон хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний албаны 311 дугаартай шинжээчийн “Х.Б гийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн эгэмний далд хугарал, зүүн сүвээ, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн эгэмний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг” гэх дүгнэлт, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 331 дугаартай шинжээчийн “Б.Х ийн биед тархины доргилт, баруун гарын бугалга, шууны эдийн дутагдал бүхий урагдаж хууларсан шарх, Th10, Th11, Th12, L1-р нугалмуудын арын сэртэнгийн L2, L3, L4-р нугалмуудын зүүн талын хөндлөн сэртэнгүүдийн зөрөөтэй хугарал, баруун талын 3,6,7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл” гэх дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Б ийн биед тархины доргилт зүүн гарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, Автотээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №05/02 дугаартай дүгнэлтэд: ******* УБЕ улсын дугаартай Toyota estima маркийн автомашинд 2018 оны 05 сарын 23-нд тээврийн хэрэгслийн их бие буюу кузов /урд салхины шил, тээшний хаалга, хаалганы шил, хоёр толь, баруун талын дунд хаалга, шил/ зүүн талын урд дугуйны обуд хагарсан, зүүн талын арын дугуй хийгүй хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд ажиглагдлаа. Тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тормозны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа эсэхийг нүдээр үзэж шалгах боломжгүй байна” гэх дүгнэлт, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 сарын 02-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Нямдаваа овогтой Н.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт, “Ашид билгүүн”ХХК-ий хөрөнгө үнэлгээний тайлан, мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Б гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ******* гэх газарлуу явахаар машинтайгаа Дроган төв очиж • хэдэн хүн суулгаж явахаар очсон юм. Тэгээд ******* явах 3 Цогтцэций явах 2 хүн суулгаад 12-13 цагийн үед Өмнөговь аймгийн чиглэлд гарсан юм Улаанбаатар хотоос гараад машинаа би бариад Дундговь аймаг хүртэл яваад Дундговь аймаг дээр ирж хоолонд орждуусаад нөхөр машинаа бариад явсан юм. Дундговь аймгийн Хулд сумын тэнд явж байгаад би нөхөртөө хандаад би машин барьж явая чи шороон зам дээр машинаа барь гээд машины жолоог би бариад явсан юм. Тэгээд нэлээд явж байхад ******* сумын тэнд явж байхад гэнэт машины доод талд төмөр чирч байгаа юм шиг дуу гарсан тэр үед бит нөхөртөө энэ юу болов оо юу дугараад байнаа гэж хэлээд хурдаа сааруулж тооромз гишгэсэн тэгэхэд машин өнхөрсөн машин өнхөрөөд зогсоход би машинаас буухад талийгаач арын хаалганы харалдаа газар хэвтэж байхаар нь би очоод татсан чинь хөдлөхгүй байсан машины ард хүн хүмүүс ирсэн байсан. Тэгээд нэг хэсэг байсаны дараа тээврийн хэрэгслийн бутарсан эд ангиудыг түүж машинд хийгээд цогцосыг ******* сумруу аваад явсан юм. Би жолоо барьж явсан манай нөхөр хажууд сууж явсан бид хоёроос гадна 5 зорчигч сууж явсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын амь нас, эрүүл мэнд... эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр /эс үйлдэхүй/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зохицуулсан байна.
Шүүгдэгч Н.Б гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.С аагийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О оршуулгын зардал болох 8.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нийт 28500000 төгрөгийг, хохирогч Б.Х эмчилгээний зардал 4.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4,000,000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг, хохирогч Х. 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х. 959.221 төгрөг тус тус нэхэмжлэгчээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, цаг хугацаатай тохирч байдлыг харьцуулан дүгнэж дараах байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Хохирогч С.С аагийн оршуулгын зардал 8.500.000 төгрөгөөс нэхэмжилснээс шүүгдэгч Н.Б 3.500.000 төгрөг төлж барагдуулсныг хасч үлдэх 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, амь хохирогч С.С аа, хууль ёсны төлөөлөгч Д.О нар нь 2001 оны 10 сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2002 оны 07 сарын 09-нд ,О. 2012 оны 06 сарын 24-нд О.Г , 2013 оны 11 сарын 21-нд О.О нар төрсөн байна. /1хх128-130 дугаар хуудас/ Насанд хүрээгүй О., О.Г , О.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон гэх боловч шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэхэд нотлох баримтгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хохирогч Б.Х ийн эмчилгээ, асаргаа, хоол хүнс, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас үүссэн зээл, зээлийн хүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэгт 4.000.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон эмийн эмчилгээ, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний зориулалт бүхий эмнэлгийн хэрэгсэлд 962 252 төгрөгийг хангах үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Б 1.250.000 төгрөг төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэлээс хэлэлцэгдээгүй орхисон сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг болон эмчилгээ асаргаа, хоол хүнс- 2180916 төгрөг, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн-153600 төг, зээлжих эрхийн гэрээний нэхэмжлэл-1500000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч Х.Б 1.000.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар шүүгдэгч Н.Б 650000 төгрөгийн төлбөр барагдуулсан байх тул нотлох баримтаар нотлогдсон 763980 төгрөгийг хангаж, үлдэх 113 980 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 236020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Б 959221 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Б 60.000 төгрөгийг төлбөр барагдуулсан байх ба эмийн эмчилгээний 58650 төгрөг, бензин түлшний зардал-117000 төгрөг, КТГ үзлэг оношилгоо,Сd бичлэгт-80.000 төгрөг нийт 255650 төгрөгийг хангаж, үлдэх 195.650 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлага болох цалингүй байсан хугацааны цалин 603571 төгрөг, шатахууны зардал 60.000 төгрөг, замын зардал 40.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь нотлох баримтыг шинжлэн судалсан болно. Шарил чандарлах үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-133-134-р хуудас/, Шарил чандарлуулах захиалгын хуудас /хх-135-136-р хуудас/, Оршуулгын зардлын баримтууд /хх-137-163-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт Б.Б ийн нийт 959 221 төгрөгийн хохирол гаргуулахаар гаргасан өргөдөл /1хх-166 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн ******* сумын 2018 оны 05 сарын 12-ны өдрийн 01 цаг 30 минутын яаралтай тусламжийн хуудас /1хх-167 дугаар хуудас/, “Фрэндшил Наран” оношилгооны төвийн компьютер томографын шинжилгээ/1хх-168 дугаар хуудас/, Б.Б ийн Гэмтэл согог үндэсний төвийн оношилгооны /1хх-169 дүгээр хуудас/, Б:ийн эмчилгээний зардлын баримт /1хх-170-173 дугаар хуудас/, “Хишиг арвин” ХХК-ийн Б.Б ийн цалингийн тодорхойлолт /1хх-174 дүгээр хуудас/, Х.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1хх-177 дугаар хуудас/, Х.Б гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1хх-187-190 дүгээр хуудас/, Хохирогч Б.Х ийн өвчний түүх /1хх-192-213 дугаар хуудас/, хохирол төлбөрийн баримтууд /2хх-4-25, 45-57 дугаар хуудас/, Д.О д төлбөр барагдуулсан гэрээ, баримт /1хх-233-235дугаар хуудас/, хохирогч Б.Х эд хохирол төлбөр төлсөн тухай тэмдэглэл /2хх-63 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Б гийн жолоодон явсан *******УБЕ улсын дугаартай Тоёота эстима автомашины эзэмшигч нь ТАИКУН ХХК байх боловч хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн ******* УБЕ улсын дугаартай автомашины лавлагаа, Х.М ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.М ын зээлдэгчийн анкет, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-215-220 дугаар хуудас/, гэрч А-ын мэдүүлэг зэргийг дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байх тул тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.М гэж үзэх үндэслэлтэй. Уг ослын улмаас ******* убе автомашинд шууд хохирол 2813000 төгрөг учирсан байх ба ТАИКУН ХХК нь төлөөлөгч Б.А “манай байгууллагын зүгээс Х.М , Н.Б нартай харилцан тохиролцож гэрээг цааш нь үргэлжпүүлж cap болгоны эргэн төлөлтөөр төлж байхаар тохирсон тул манай байгууллагын зүгээс энэ хэрэгт хамаарал байхгүй” гэсэн байх тул ТАИКУН ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар хэрэгт татан оролцуулаагүй нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б гийн үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О , хохирогч Б.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ...” 6 хүүхэдтэй эх хүн, “хорих”-оос өөр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэснийг шүүхээс анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын хүсэлтийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 3-15 насны 6 хүүхэдтэй байх тул Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д заасан...”юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 9 дүгээр зүйлийн 1-д Оролцогч улсууд хүүхдийн ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Н.Б гийн 2003 оны 09 сарын 18-нд төрсөн Б.Б, 2005 оны 04 сарын 19-нд төрсөн Б.С, 2009 оны 01 сарын 20-нд төрсөн Т, 2011 оны 02 сарын 19-нд төрсөн Б.О, 2013 оны 10 сарын 24-нд төрсөн Б.Б, 2015 оны 05 сарын 07-нд төрсөн Б.О нарын эрх ашиг, хүүхдийн сурах, хүмүүжих орчинд эхийн халамжид өсгөх нь зүйтэй гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хохирол төлбөр нөхөн төлөх хугацааг шүүгдэгч Н.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О г нарын хүсэл сонирхлыг харгалзан хугацааг 2018 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Б гийн №1178778 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг ******* УБЕ улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Х.М т шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Моёо овгийн Н.Б г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О д 2018 оны 11 сарын 01-ний дотор 5 000 000 /таван сая/ төгрөг, хохирогч Х.Б д 113 980 /нэг зуун арван гурван мянга есөн зуун ная/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б т 195 650 /нэг зуун ерэн таван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг 2018 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Б гийн В ангиллын 1178778 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхээр, ******* УБЕ Эстима маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Х.М т олгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б гээс 5 309 630 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О д 5 000 000 төгрөгийг /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр ............................ тоотод оршин суух, РД: ....................../, хохирогч Х.Б д 113 980 төгрөгийг /Өмнөговь аймгийн ....................... багт оршин суух, РД: ........................./, хохирогч Б.Б т 195 650 төгрөгийг /Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар ...................... оршин суух, РД: ....................../ тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, хохирогч Б.Х эмчилгээ асаргаа, унааны зардал 2 180 916 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зардал 153 600 төгрөг, зээлжих эрхийн гэрээний нэхэмжлэл 1 500 000 төгрөг, зээлийн хүү, цалингүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохирлыг, иргэний нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин, шатахууны зардал, замын зардал нэхэмжилснийг тус тус хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй хэрэгт шүүгдэгчээс гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ