Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00120

 

Д.Б нэхэмжлэлтэй,  

хариуцагч Л.Бд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Ударгалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/01392 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Бд холбогдох,

“Зээлийн төлбөр 59.400.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Л.Б-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Б /цахим/, нарийн бичгийн дарга Н.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

“...Л.Б-н хүсэлтээр 40.000.000 төгрөгийг сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр болж, түүний “Х Банк”-ны 5093073473 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш сарын хүү болгон 5.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл мөнгө өгөөгүй. Иймд Л.Бас зээлийн төлбөр болох 35.000.000 төгрөг, хүү 13.200.000 төгрөг, алданги 11.200.000 төгрөг, нийт 59.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... ” гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...би Д.Бд манай найз Баруун хараад алтны тээрэм босгож байгаа, тэнд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай гэж санал болгосноор Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр надад 40.000.000 төгрөг шилжүүлснийг би тэр өдөрт нь тээрмийн эзэн болох Я.Б-н дансруу хийсэн. Одоогоор тээрэм ашиглалтад орсон боловч улирлаас болж тээрэмдэх чулуу байхгүйгээс орлого үгүй байгаа гэсэн тайлбар хэлж байгаа. Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг буцааж өгч хасуулсан. Иймд 35.000.000 төгрөгийн хүү, алдангийг буруу бодсон байна гэж үзэж байгаа тул 48.180.000 төгрөгийг 2023 оны цагаан сараас өмнө төлж барагдуулах саналтай байна...” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Барга овогт Л.Б /РД:............../-аас 50.540.000 /тавин сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.860.000 /найман сая найман зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            “...Иргэн Д.Бгаас иргэн Я.Бхөрөнгө оруулалт хэлбэрээр 35.000.000 төгрөг зээлж өгснийг маш өндөр хүү, алданги тооцсон байна гэж Я.Б нь үзэж байгаа. Ингээд шүүхээс тогтоосон 50.540.000 төгрөгөөс 46.200.000 төгрөгийг зөвшөөрч байгаа ба 4.340.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч дахин хянан хэлэлцэж өгнө үү...” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

            “Миний бие Д.Б нь Л.Бтай гэрээ хийж /өөрийн хүсэлтээр/ мөнгө зээлдүүлсэн. Ийм болохоор Я.Б гэдэг хүн хамаагүй учраас 50.540.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Д.Б шүүхэд “...Зээлийн төлбөр 35.000.000 төгрөг, хүү 13.200.000 төгрөг, алданги 11.200.000 төгрөг нийт 59.400.000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Л.Б “...35.000.000 төгрөгийн хүү, алдангийг буруу тооцсон, 48.180.000 төгрөг төлж барагдуулах саналтай байна“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн.  

 3.Шүүх хариуцагч Л.Бас 50.540.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 8.860.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б хариуцагч Л.Бд зээлийн гэрээний дагуу зээл-40.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлдүүлж, хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээр хоногт 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 5.Хариуцагч Л.Б зээлийн хугацаа дуусахаас өмнө буюу 7 хоногийн дараа нэхэмжлэгчид 5.000.000 төгрөг буцааж төлсөн ба шүүх зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийн 7 хоногт тооцогдох зээлийн хүү-1.120.000 төгрөг, үлдэгдэл зээл-35.000.000 төгрөгийн 23 хоногт тооцогдох зээлийн хүү-3.220.000 төгрөг, алданги -11.802.000 төгрөг нийт 50.540.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн болно.

6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-д “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно“ гэж зохицуулагдсан ба зээлийн  хүүгийн хэмжээг багасгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй тухайлбал талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа ганц сарын хугацаатай, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул  шүүх зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй юм.

7.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагч Л.Б-н гаргасан “...50.540.000 төгрөгөөс 46.200.000 төгрөгийг зөвшөөрч байгаа ба 4.340.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/01392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар Л.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.У

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.Б

      ШҮҮГЧ                                               Б.О