| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0061/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/080 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Хохирогч *******,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 1714000710017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,
2. Монгол Улсын иргэн, ******* овогт*******
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч *******,******* нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод байх иргэн *******гийн эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө 140.000 төгрөг, юнителийн нэгж 16 ширхэг /2000 төгрөгийн/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтан өгсөн ... Би гэр бүлийнхээ хамт Галуут сумы Баянхошуу 6-р багийн 7-2 тоот хашаанаас 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад Галуут сумын үүд гэх газар адууны баярт оролцоод буцаад 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед гэртээ иртэл гэрт байсан сейф цойжлоогүй байсан. Энэ юу болов гээд сейфээ онгойлж үзтэл дээд тавиуран дээр байсан 10 ширхэг мөнгөн аяга, аяган дотор байсан 140,000 мянган төгрөг, 16 ширхэг юнителийн 2000 мянган төгрөгний нэгжний карт алга байсан. Тэгтэл манай гэрийн гал зуухны жижиг цонхыг онгойлсон байсан. Манай гэрийг сайн мэддэг хүн гэрт орж хулгай хийсэн байх гэж бодож байна, гэрийн хаалга цоожтой байсан. Юнителийн карт 24 ширхэгийг юнителийн төвөөс зарах гэж авсан байсан 8 ширхэг үлдсэн байна лээ. 3 ширхэг мөнгөн аягыг надад хүмүүс бэлгэнд өгч байсан, аяган дээрээ бичигтэй, 4 ширхэг мөнгөн аяга нь 1985 онд ******* гэх хүнээс 1 ширхэгийг 500 төгрөгөөр нийлээд 2000 мянган төгрөгөөр авч байсан. Одооны үнээр 1 ширхэг нь 500,000 мянган төгрөгөөр нийлээд 4 ширхэг нь 2.000,000 төгрөгөөр үнэлнэ. 3 ширхэг мөнгөн аягыг худалдаж авч байсан 2000 оны үед Баянхонгор аймгаас 3 ширхэгийг 360,000 мянган төгрөгөөр авч байсан ... Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа. Би Р, О нараас 2.872.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-31/,
Гэрч *******ы мөрдөн байцаалтан өгсөн .... ******* гэдэг айлд хуучны мөнгөн аяга байдаг талаар би сайн мэднэ. Жил бүрийн цагаан сараар орж золгоход л гаргаад ширээн дээрээ тавьчихсан байж байдаг. Бусад үед бол харагддаггүй. Зарим нэг аяганд нь өөрөө цай ууж байдаг байхаа. Ямар хэмжээтэй аяганууд байдаг талаар нь бол сайн мэдэхгүй байна. Дунд гарын л аяганууд харагддаг. Хэдэн ширхэг аяга байдаг талаар нь бол мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч ******** мөрдөн байцаалтан өгсөн ... миний нэр дээр 89128475 дугаар байдаг. Би энэ дугаарыг Юнителийн Баянхонгор аймаг дахь салбараас 2017 оны 04 дүгээр сард сард өөрийн нэр дээр авч байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн дүү Р нь Галуут сумаас ирсэн манайд байхад миний утсыг аваад миний 89128475 дугаарт 2000 төгрөгний нэгж хийсэн байхаар нь би Ргаас юун нэгж хийсэн бэ гэтэл Р надад зүгээрээ би таны утсанд нэгж хийж өгч байгаа юм гэж ярьж байсан. Өөр надад юм яриагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/,
Гэрч ын мөрдөн байцаалтан өгсөн ... Би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байна уу 02-ны өдөр утсаа 2000 төгрөгний нэгжээр цэнэглэсэн, миний утасны эрх дуусчихсан байсан. Тэгээд би Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Нураг хайрхан” дэлгүүрээс 2000 төгрөгний нэгж авч утсаа цэнэглэсэн. Миний дугаар 86257028 гэсэн дугаар байгаа, манай эхнэрийн нэр дээр байдаг дугаар байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч ын мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 07 сарын 27-ны өдөр манай сумын наадам болж байсан бөгөөд******* манайд ирсэн байж байсан чинь орой О ирээд бид манайд хоол унд идчихээд архи пиво ууцгаасан. Орой нь Р, О нар нь манайхаас гараад явсан. Би гэртээ үлдээд унтаад өгсөн. Шөнө дунд Р, О нар нь манайд ирж хоноод маргааш нь Р морио алдсан гээд манайхаас Р, О нар яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Галуут сумын төв дээр ахынд орсон чинь Ртай таарсан. Р бид 2 нийлж ахынд архи уусан орой болоод сумын төвийн соёлын төв дээр бүжиг болж байгаа гэхээр нь Р бид 2 бүжгэнд орж 22 цагийн үед бүжигнээс гараад архи уухаар болоод сумын дэлгүүрүүдээр явсан чинь онгорхой дэлгүүр байхгүй байхаар нь Н ахын дэлгүүрт очсон чинь дэлгүүр нь хаалттай байсан. Р бид 2 хашааны хаалгыг нүдсэн чинь хаалга онгойлохгүй байхаар нь Р бид 2 хашаан дээгүүр нь даваад хашаан дотор орж гэрийнх нь хаалгыг нүдсэн чинь хүн байхгүй, хаалгаа тайлахгүй байхаар нь цонхыг нүдэх гэсэн чинь цонх нь онгорхой байсан. Цонхоор гэрэл тусгаад харсан чинь хүн байхаар нь би цонхоор байшин луу ороод гэрэл тусгаад харсан чинь том сейф байсан. Сейфны хаалга нь онгорхой байхаар нь сейфэн дотор мөнгөн аяга дээр 60.000 төгрөг байхаар нь аваад байшингаас гараад Рд хүн алга байна сейфэн дотор нь 60.000 төгрөг байхаар нь аваад гараад ирлээ гэсэн чинь Р өөр дотор нь юу байна гэхээр нь мөнгөн аяганууд байна гэсэн чинь аягануудыг авчихъя гэхээр нь би түрүүлж цонхоор ороод араас Р орж ирээд сейфэн дотор жижиг том нийлсэн 10 ширхэг мөнгөн аяга байхаар нь авсан. Мөн аяган дотор юнителийн нэгжийн картууд байхаар нь цуг авч Р бид 2 байшингаас гараад сумаас урд талд худаг толгой гэх газарт 10 ширхэг мөнгөн аягыг булсан. Нэгжийн картуудын заримыг нь Рд өгөөд зарим нэгжийн картуудыг сумын төв дээр хаясан. Тэр шөнө буцаад ахынд очоод унтаад өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа Р манай ахын хүүхэд хүнтэй суух гэж байгаа явах хэрэгтэй байна чи араас мөнгөн аяга аваад аймгийн төв дээр хүрээд ирээрэй гэхээр нь Рг явсанаас хойш 2 хоногийн дараа хулгай хийсэн гэх мөнгөн аягыг булсан газраасаа аваад аймгийн төв дээр ирээд эмнэлгийн хойд талаас такси барьж явж байгаад таксины нэг ахад мөнгөн аяга авах хүн байна уу гээд асуутал ямар мөнгөн аяга байгаа юм үзье гэхээр нь таксины ахад 10 мөнгөн аягыг үзүүлсэн чинь тэр ах намайг 10 ширхэг мөнгөн аяга хэдээр өгөх вэ? 2 уулаа тохиролцоод авъя гэхээр нь би 1.800.000 төгрөгөөр зарна гэсэн чинь тэр ах надад 1.500.000 төгрөг бэлэн байна авъя гэхээр нь би 10 ширхэг мөнгөн аягыг зарсан. Надад бэлэн 1.500.000 төгрөг өгөөд 10 ширхэг мөнгөн аягыг аваад явсан. Би мөнгөн аяга зарсан гэх хүнээ танихгүй, сейфэн дотор 60.000 төгрөг бэлнээр, том жижиг нийлсэн 10 ширхэг мөнгөн аяга, юнителийн нэгжийн картууд байсан. Яг хэдэн төгрөгийн нэгж байсныг мэдээгүй. Заримыг нь Рд өгөөд үлдсэнийг хаясан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/,
Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтан өгсөн ... Манайх Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн “Ногоон тохой” гэх газар байсан юм. Сумын наадам болох гээд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөө ирээд ахынд *******тай таараад тэндээ бид 2 архи уучихаад орой нь О бид 2 сумын соёлын төвд бүжгэнд орчихоод бид 2 дахин архи уухаар бүжигнээс гараад Н гэх айлын хүнсний дэлгүүрт очсон. Дэлгүүр цоожтой байхаар нь О бид 2 гэртээ байгаа байх гэж бодоод хашааны хаалгыг нүдсэн чинь хаалга цоожгой хүнгүй байхаар нь хашаагаар нь 2 уулаа даваад гэрийн хаалгыг нүдсэн хүн байхгүй байхаар нь О цонх нь онгорхой байна гээд байшинд орчихоод гарч ирээд хүн алга байна гэхээр нь О бид 2 буцаж цонхоор байшин дотор нь орж сейф буюу авдар дотроос 10 ширхэг мөнгөн аяга авсан. Мөн юнителийн нэгжийн картууд аваад надад нэгжнүүдийг өгөөд байшингаас гараад сумаас урагшаагаа хулгайлсан мөнгөн аягаа газарт шороонд булаад хэрэв баригдах юм бол намайг арыг нь даагаарай гэж хэлж байсан. Тэгээд О бид 2 айлд хоноод маргааш нь Галуут сум дээр өнжөөд Баянхонгор аймагт ирсэн бөгөөд хулгайлсан гэх мөнгөн аягыг О авсан. Харин нэгжийн картуудыг аймгийн төв дээр өөрийн төрсөн ах Бат-Эрдэнийн 89128475 дугаарын утсанд нэгжийг хийсэн. Мөн үлдсэн нэгжийн картуудыг аймгийн дэлгүүрт зарсан. ... ******* бид 2-ийн хулгайлсан гэх мөнгөн аягануудыг яасан талаар мэдэхгүй байна, харин надад 2000 төгрөгийн нэгжийн 16000 төгрөгийн картуудыг өөрийн төрсөн ах Бат-Эрдэнийн утсанд хийгээд зарим нэгжийн картыг Баянхонгор аймгийн дэлгүүрт зарсан. О бид 2 эд зүйлс хулгай хийгээд надад 16 төгрөгний нэгжийн картууд өгсөн. Өөр эд зүйлс өгөөгүй 10 ширхэг мөнгөн аягыг О өөрөө авсан. Харин мөнгө авсан байсныг мэдээгүй бөгөөд О нь түрүүлж ганцаараа орохдоо мөнгийг авсан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-н 71-73/,
Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-23/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,
Юнителийн зарлагийн баримт /хх-ийн 74/,
Юнител ХХК-ны 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 05-01 тоот “тоотод дурдсан сери дугаартай нэгжийн картуудаас цэнэглэгдсэн байгаа картын мэдээлэл болон хэрэглэгчийн мэдээллийг тус тус хавсралтаар хүргүүллээ” гэсэн албан бичиг хавсралтын хамт /хх-ийн 75-85/,
Шүүгдэгч*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-91/,
Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-106/,
Шүүгдэгч *******,******* нарын харилцах дансны талаархи банкнуудын тодорхойлолт /хх-ийн 107-115/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч *******,******* нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод оршин суух иргэн *******гийн байшинд нууцаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, 140.000 төгрөг, 2000 төгрөгийн юнителийн нэгж 16 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* /хх-ийн 26-31/, гэрч ******* /хх-ийн 32-33/, /хх-ийн 48-50/, /хх-ийн 46-47/, /хх-ийн 53-55/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-60/ болон шүүгдэгч *******,******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч******* нь хулгайн эд зүйлүүдээс 16.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картнаас өөр зүйл аваагүй тухай мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хэрэгт авагдсан баримтыг судлахад шүүгдэгч *******,******* нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн үүрэг оролцоо нь ижил бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хэн аль нь хэрхэн юунд зарцуулсан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд бусдад учирсан хохирол, хор уршгийг адил тэнцүү арилгаж бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой гэж үзэв.
Хохирогч *******д учирсан 2.872.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч *******д 2.872.000 төгрөгийг олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулав.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 21 инчийн зурагт, шүүгдэгч*******гийн эзэмшлийн EVNTelecom маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж *******,******* нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******,******* нараас 2.872.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод оршин суух хаягтайын Н.Д олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 21 инчийн зурагт, шүүгдэгч*******гийн эзэмшлийн EVNTelecom маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА