Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъндорж,

Шүүгдэгчийн орчуулагч Э.Тэмүүлэн,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн *******-д холбогдох 1814003760221 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Шанхай Констракшин группын 16 дугаар кемп дээр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Баян-Овоо сумын 2-р багийн нутаг Ар гэх зам ангийн 16-р кемп дээр 16 цагийн үед Би ачаагаа ачих гээд ортол Хяналтын өрөөнөөс их ачаад байхаар нь би ачсан ачаатайгаа гарч ирж зогсоод хяналтын өрөөнд нь ороод хариуцдаг ******* / *******/ гарч хар гээд татсан. Тэгэхэд гарахгүй болохоор нь татаад гаргаж ирээд бид маргасан чанга чанга хашгарч орилоод байсан. Тэгээд өмнөөс нь би ямар хятад хэл мэдэх биш жоохон дохио зангаарай хэрэлдэж байгаад машин руугаа яваад машиныхаа кавинд сууж амжаагүй байхад араас тас гээд юмаар цохиод авсан. Тэгэхээр нь эргээд хархад хяналтын өрөөрүүгээ ******* явж байхаар нь араас очоод би бариад авсан чинь өмнөөс барьж аваад хиймэл нуур байсан тэр лүү намайг унагах гээд түлхээд байхад Цагаанаа гүйж ирж салгасан. Тэгсэн унь дахиад бариад үсчээд дайраад цохих гээд далайсан чинь урдуур ******* ороод салгасан гар луу нь цохиод авах шиг болсон. Би тэгээд *******ыг зүгээр үү гэсэн чи зүгээр гэмтэл байхгүй гэж байсан. Тэгээд ******* дахиад дайрангуут би татаад доош дарсан тэгсэн алцай руу буюу төмсөгнөөс хазаад, бас гарын шуун дээрээс хазаад авахаар нь би өвдөхдөө *******-н зүүн шанаа руу цохиж аваад салсан. Тэгээд байж байтал дарга нар ирж байсан. Би шархаа харуулаад шархан дээрээ хоёр нойтон салпитек тавьсан байсан. Тэгээд ачаагаа буулгаад гэрлүүгээ очоод гэртэй байж байгаад өвдөөд байхаар нь хоёр хоног болоод эмчид үзүүлсэн. Ү.Гуйхайн /*******/ бид хоёр ачаанаас болж маргасан. Их ачаад байна гэж би орчуулагч *******т удаа дараа хэлж байсан. Тэгсэн орчуулагч ******* нь Ү.Гуйхайд /*******/ хэлнээ хэлсэн гээд байдаг. Би Ү.Гуйхайн /*******/ зүүн шан руу цохиж авсан миний төмсөгнөөс хазсан болоод маш их өвдсөн болохоор цохиж авсан. Миний биед тархины доргилт зүүн шанаа халцарсан. Баруун шуун дээрээс хазсан төмсөг хазсан зэрэг гэмтэл авсан. Тэгээд аймагт болон хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Одоо биеийн байдал гайгүй ээ. Нүд рүү хатгаж өвдөөд байгаа цавиар хадгаж өвдөөд байгаа. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би эмчилгээний төлбөр зардал, сар гаран ажилгүй байсан үеийн цалин зэрэг зүйлийг нэхэмжилж байна. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг, эм тарианы 27.250 төгрөг, хот руу хувийн машинаар явсан зардал 152.013 төгрөг, нүдний 10000 төгрөг, 2 сар ажилгүй байсан цалин 3.000.000 төгрөг нийт 4.163.263 төгрөг нэхэмжилж байна ... Би нэхэмжилсэн мөнгөө авчихвал гомдол санал байхгүй. Буцаад ажилд орвол компаний зүгээс дарамтлах асуудал гаргахгүй бол сайн байна. Би 4.163.263 төгрөг нэхэмжилж байна. Улаанбаатар хотод Имрайн зураг авхуулж нүдний томографикийн зураг авхуулах шаардлагатай. Энэ зардлын баримт байхгүй байгаа. Ажлын хувьд энэ хэргээс болж 2 сар ажилгүй байсан. Би ажиллаж байхдаа 1 сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Тиймээс 2 сарын нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Дээрх зардлууд нийлж 4.163.263 төгрөг болж байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-17/,

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 сарын 19-ний өдөр жижүүр эмчээр гарч байхад зам ангид ажилладаг хятад ажилчин ирж үзүүлсэн. Тухайн үед бие нь хөнгөн ямар нэг гэмтэлгүй байсан. Тэр хятад хүн толгой өвдөөд байна гэхээр нь би эм бичиж өгч явуулсан. Тодорхойлолт авах уу гэхэд авахгүй гээд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,

Гэрч БНХАУ-ын иргэн Son wanxun-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 сарын 19-ний өдөр 1 монгол жолооч Баяжмал дутуу ачаад гархад бүртгэгч ******* очоод гүйцэт ачуулж гаргасан. Тэгтэл тэр монгол жолооч ачаагаа ачиж гарч ирээд бүтээлэг бүтээдэг газарт машинаа тавиад хяналтын өрөөнд орж ирээд бүртгэгч *******-нийг заамдаж аваад нүүр лүү нь цохиж аваад гадаа чирч гаргасан. Тэгэхэд нь нэг монгол жолооч ирээд салгасан. Тэр 2 монгол жолооч ярьж байгаад нэг монгол жолооч нь *******-нийг барьж аваад дарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/,

Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 06 сарын 19-ний өдөр 16 цагийн орчим хяналтын өрөөний урьд талаас Г баяжмалаа голдоо дутуу ачаад гарахад хонх дуугараад буцаж орж дүүргэж ачуулж гарч ирээд зогссон. Би машины хучлага бүтээж дуусаад харахад хятад болох Ү.Гуахай нь хиймэл нуурны хажууд нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би гүйж очоод салгасан хятад Ү.Гуахайг нөгөө хятад нь салгаж авсан. Тэгсэн дахиад Ү.Гуахай нь унь бариад дайраад байсан хятадууд нь салгаад аваад явсан. Тэгээд хяналтын өрөө явж байгаад Ү.Гуахайн, Г тэр 2 дахиад барилцаад авсан. Тэгээд Ү.Гуахайн Гийг усан санлуу түлхэж унагаах гэж дайрсан. Г хятадыг нуруун дээр дараад авсан байсан. Тэгээд тэр хооронд Ү.Гуахайн нь Гийн хазсан байх доор нь хятад орсон байсан. Тэгээд бид нар салгах хооронд Г нь Ү.Гуахайныг нүүрлүү нь нэг удаа цохиж аваад салаад явсан. Машинлуугаа Г явж байхад Ү.Гуахайн хүрзний иш бариад дайрсан. Тэгсэн Г чулуу бариад далайсан тэгээд чулуугаа хаяхад Ү.Гуахайн нөгөө ишээрэй Гийг цохих гэж дайрахад би урдуур орж салгах гэхэд миний гар луу цохиж авсан. Тэгээд бүгд салсан. Миний биед гэмтэл учраагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би зам ангийн Шанхай констракшин ХХК-нд орчуулагч ажилтай. Монгол жолооч ******* нь машинд их ачаа ачаад байна. Машин эвдрээд явахгүй байна гэж удаа дараа хэлж байсныг би бүртгэгчид хэлсэн хятад Ү.Гүанхай нь хэлээд тоодоггүй байсан. Бас зарим монгол жолооч нар бас хэлж байсан. Тухайн өдөр зодоон болж байхад би харуулын постны дээр шороо ачдаг газар байсан. Тэгсэн баяжмал ачдаг хяналтын өрөөний тэнд зодоон болоод байна гэж нэг хятад хүн хэлэхээр нь очсон чинь зодоон болоод дууссан байсан. Тэгээд хяналтын өрөөний хажууд зогсож байхад ******* нь төмсөгөө надад харуулахад төмсөгнөөс нь цус гарсан байсан. Хятад Ү.Гуахайны нүүр хавьд халцарсан гар өвдөөд гээд эмнэлэг явсан. Тэгээд удалгүй орой зүгээр гээд ирсэн. Би зодоон болоод дууссан хойно ирсэн болохоор миний мэдэх зүйл энэ л байна. Хяналтын өрөөний хажууд хугархай унинууд байгаа хүрзний ишнүүд хийж байгаа. Би цохиж байгааг хараагүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би Шанхай констракшины Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг үйл ажиллагаа явуулж 16-р кемп дээр байрлах чулуу бутлуурын үйлдвэр хариуцсан ахлагч юм. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө хяналт шалгалтын өрөөнд сууж байхад шороо чулуу ачдаг 3 авто машин ирсэн. Тухайн үед 15 цагаас хойш байсан яг цагаа санахгүй байна. Тэгээд чулуу бутлуураа ачих хооронд эхний болон хамгийн арын машин чулуугаа дүүргээд явсан. Дундах машинд чулуу хийлгүй хөдөлсөн. Тэгээд би хяналтын өрөөнөөс хараад гарч дунд машины жолоочийг дуудсан. Тэгээд машинд нь чулууг нь дүүргэсэн. Тэгээд би өөрийн хяналтын өрөөнд орж суусан. Тэгээд араас нөгөө дунд машины жолооч орж ирээд намайг ширээн дээр сууж байхад гарын дээхэн хэсгийн хувцаснаас татаад зүүн хацар руу 2 удаа цохисон. Дараа нь миний хоолойг боомилж дарсан. Би амьсгалж чадахгүй нүднээс нулимс гарч боолтыг тавиулах үүднээс тухайн жолоочийн төмсгөнөөс гараараа базсан. Тэгээд нөгөө жолооч боолтоо сулруулаад тавьсан. Намайг уг жолооч зодохдоо өрөөн дотор 1 удаа хацар руу цохиод гадагшаа гараад дахин 1 удаа хацар руу цохисон юм. Жолоочийн төмсөгийг базахдаа би гадаа байсан. Тэгээд жолооч намайг тавихаар нь би өрөө рүүгээ зугтаж ороод өөрийнхөө хариуцсан дарга руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд 30 орчим минутын дараа дарга ирсэн. Түүнийг ирэхэд бүх хэрэг болоод дууссан байсан. Дунд машины жолооч намайг цохисны дараа 3 дахь буюу арын машины жолооч ирээд миний тохойн хэсгээс зуураад нуруу руу цохисон. Миний нуруу руу цохисноос тухайн үед жаахан өвдсөн боловч тийм хүнд гэмтэл байхгүй.. Би Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-102/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай шинжээчийн ... *******ийн биед тархи доргилт, зүүн хацар, баруун шуу, хуухнагт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 436 дугаартай ... Ү.Гуанхай-н биед гэмтэл тогтоогдоогүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 81/,

Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-6/,

Гэмтлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 38/,

Хохирогч *******өнтөмөрийн гэмтлийг харуулсан фото зураг /хх-ийн 39-41/,

Хохирогч *******өнтөмөрийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмчилгээний хуудас /хх-ийн 42-64/,

Гэмтлийн эмчийн тодорхойлолт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 66-69/,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн *******-ын иргэний паспортын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 103-110/,

Хохиролтой холбоотой санхүүгийн баримтууд /хх-ийн 116-117/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 133-137/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирол төлсөн тухай дансны хуулга, хохирогч *******өөс гарган өгсөн “ХОНГОР ЖЕМ ТРАНС” ХХК-нийн тодорхойлолт /хх-ийн 133-137/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ******* нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Шанхай Констракшин группын 16 дугаар кемп дээр *******тэй маргалдаж улмаар унь болон хүрзний ишээр толгойн тус газар нь цохиж, зүүн хацар, баруун шуу, хуухнаг хэсэгт хазаж *******ийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Son wanxun, С.*******, З.******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******т учирсан гэмтлийг харуулсан фото зураг, өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмчилгээний хуудас, эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь, хүрзний иш болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Иймд БНХАУ-ын иргэн *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон тээврийн зардалд 1.163.263 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 3.000.000 төгрөг нийт 4.163.263 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 116-117 дугаар хуудсанд хохирлын гэх 478.103 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын сарын 1.500.000 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд эрүүл мэндийн улмаас эмчилгээ хийлгэх болсон тул 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс ажиллаагүй тухай “ХОНГОР ЖЕМ ТРАНС” ХХК-нийн тодорхойлолт тус тус хэрэгт авагджээ.

Шүүгдэгч талаас хохирогч *******т эмчилгээний зардалд 1.163.260 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь харилцан тохиролцож шүүгдэгч талаас хохирогч *******т 500.000 төгрөг хүлээлгэн өгөхөөр хоорондоо эвлэрсэн байх тул шүүгдэгч *******-с 500.000 гаргуулж хохирогч *******т олгож, дээр дурдсан хохирлын баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн *******-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******-н honor маркын гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь, хүрзний иш зэргийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-с 500.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-30-3 тоотод оршин суух хаягтай Ядмаагийн Гт олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******-н эзэмшлийн honor маркын гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь, хүрзний иш зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА