Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Б.Билэгсайхан,

Иргэдийн төлөөлөгч М.Мөнхсайхан,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 04-ний шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт байрлах Баяндэлгэрэх нэртэй нөхөрлөлийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатайгаар Д.Ггийн зүүн, баруун гуя тус газар нь 5 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний талийгаач хүү Д.Г нь бүрэн бус дунд боловсролтой, эхнэр хүүхэд байхгүй надтай болон дүү эгч нарын хамтаар амьдарч байсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11-ээс 12 цагийн орчим байх ангийнхаа хүүхэд болох*******тэй уулзаад Өлзийт сум ороод ирэе гээд гэрээс гарсан ... тэр өдөр гэртээ ирээгүй утсаар холбогдоогүй. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бас гэртэй ирээгүй утсаар холбогдож яриагүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад манай охин ******* нь гэрт ирээд хүү Д.Гг бусдын гарт нас барсан юм шиг байна гэж хэлж мэдсэн. Миний хувьд их гомдолтой байна ... оршуулгын зардалд нийт 7,517,020 төгрөгийн зардал гаргасан энэ мөнгийг буруутай хүнээс нь нэхэмжилж авна ... гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 73, 78/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд бид хоёр миний ажлыг эмхлүүлээд яваад байсан. Ингэж байгаад *******,******* нартай уулзахад талийгаач Д.Г нь тэд нартай ажилд хамт явахаар боллоо гээд машинд нь суугаад явсан. Миний хувьд тэднээс салаад ахынхруугаа очоод дараа нь Жаргалант сумруу гэрлүүгээ явсан. Ингээд маргааш нь буюу 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 10-11 цагийн үед байх найз*******гээс миний утсанд дуудлага ирсэн байхаар нь залгаад ярихад Д.Гг хүн алчихсан байна. Чи хэзээ талийгаачаас салса гээд асуугаад байсан. Миний хувьд *******,******* нартай хөдөө явж ажил хийнэ гээд үлдсэн би сумандаа ирсэн байна гэдгээ хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-120/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 5 дугаар сарын 4-ний өглөө босоогүй байхад гэрийн хаалгыг хүн цохьсон. Тэр хоёр запуу орж ирсэнээ том биетэй запуу би хүн алчихлаа гэж хэлсэн юм. Тэр залуу утсаар 7044102 руу залгаад спикер тавьж байгаад 102 мөн үү би сая хүн алчихлаа гэж хэлсэн. Би цуг явсан хүнээс нь үнэн юмуу гэхэд тийм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-131/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Ингээд гар утас чинь байна уу гэхэд нь би яах гэж байгаа юм гэж асуухад *******,******* нар нь Х нь Г г алчихсан юм шиг байна. Та гэрт нь ороод үзээд өгөөч гэхэд нь би үзэж яадаг юм цагдаад нь мэдэгдэхгүй юу гэж хэлээд зогсож байтал Х араас нь би хүн алчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд надаас Х нь би хүн алчихаж одоо яах бэ гэхэд нь би чи одоо цагдаад өөрөө утсаар ярьж мэдэгд, тэгвэл арай хөнгөн тусна гэж хэлсэн. Тэгхэд *******,*******, Х нар нь манайхаас гарч урагшаа айлд очиж суурин утаснаас цагдааруу ярих гээд явсан. Ингээд утсаар ярьчихлаа цагдаад мэдэгдчихлээ гээд буцаад ирсэн. Тэгээд нөгөө эхнэр нөхөр хоёр буюу *******,******* нар нь дагуулж ирсэн хүүхдүүдээ явуулах хэрэгтэй байна энэ хүүхдүүд хонхны баяртай гэхэд нь би тэгж болдоггүй юм даа байж байсан нь дээр байх гэхэд энэ хүүхдүүдийг явуулчихъя гэсээр байгаад Т.Хүрэлбаатар аймаг явах гэж байсан учир машинд нь дайгдаж явуулсан ... Х орж ирэхэд би түүнээс яасан гэхэд хутталсан юмаа гэж хэлсэн... Энэ үед би гэрээс гарч үнсээ асгах гээд гарсан тэгэхэд манай гэрийн зүүн урд хаянд хөх өнгийн бариултай, бариулыг хар өнгийн цахилгааны лентээр ороосон хутга хэвтэж байхаар нь санаад ороогүй аваад хогийн сав руу шидчихээд тэд нарт хэлсэн чинь Х тэр хутгаар чинь хутгалчихсан юм гээд хаана байна гэж асуухад нь хогийн сав руу заасан чинь Х уг хутгыг аваад жижиг гэр рүү орж байгаа харагдсан ...******* нь Хаас чи яагаад ингэж байгаа юм жоохон тэвчихгүй гэхэд Х нь талийгаач өөрөө том том юм яриад би чамайг өмнө нь шааж байсан дахиад шааж чадна шүү гээд байхаар нь би гуянд нь нэг л удаа шаагаад тэгээд шархийг нь араар нь нэг юмаар боогоод эргээд бид 2 эвлэрч үлдсэн архиа хувааж уугаад унтсан гээд би талийгаачийг ганцхан удаа шаасан тэгж хүчтэй шаасан юм байхдаа би уул нь шархийг нь боож өгсөн юм гэж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 132-138/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед залгаад одоо явъя хүрээд ир гэж хэлж би машин засаж байсан газарт нь очсон. Намайг очиход Д.******* эхнэрийн хамт, талийгаач Г, бас танихгүй 4 банди байсан ... 3амдаа Г бид 2 Нарийний гүүр өнгөрөөд 0,75 архинаас нэгийг нь задалж нэг нэг татсан ... Тэгээд Цагаан цахир орж хонох болоод Хын гэрт ирсэн. Эхлээд жижиг гэрт нь орсон талийгаач тэр жижиг гэрт унтаад өгсөн ... Нарийний гүүр орж 0,75-тай 0,5-тай 2 шил архи авч буцаж явсан. Замдаа 0,5-тай архиа задлаад уусан чинь нэг нь энийг өглөө ууж шараа тайлъя гээд үлдээж 0,75-тай архийг гаргаж ууж явсаар байгаад Хын гэрт ирсэн ... унтаж байтал өглөө Д.******* дуудсан. Тэгэхэд миний хажууд Х хувцастайгаа унтсан байсан. Тэгээд Д.******* нь Г өнгөрсөн байна гэхэд Х боссон. Би худлаа байлгүй гээд нойрмог юм байж байтал Х, ******* 2 гэрээс гараад явсан ... Бид нар өглөө ууна гээд үлдээсэн байсан тал шил 0,5- тай Ерөөл нэртэй архи машинд байсан чинь өглөө байхгүй болчихсон байсан. Хэн авсныг нь би мэдэхгүй байна. Миний хувьд Нарийний гүүрнээс Хын гэрт ирээд том гэрт ор засаж өгөөд байсныг мэдээд байгаа юм. Тэгэхэд сүүлд нь тэнд байсан хүүхдийн нэг нь та Х ахтай тал шил архи хувааж уусан гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 139-157/,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхад талийгаач Д.Г манайд ирсэн. Тэгээд надад нэг үзэх газар байгаа гээд ярихдаа Цагаан цахирын орчим нэг газарт хуучин тээрэм ажиллаж байсан тэр газарт шлам байх ёстой хамт явж ачиж ирье гэж яриад явах болсон ... гадаа бүрэнхий болоход бид нар Цагаан цахир ороод хоноё гээд Цагаан цахир орсон ... Хын гэрт ороход гэртээ галаа түлсэн хоол хийгээд сууж байсан ... ийн машинтай Х бид гурав Нарийний гүүрлүү явж 0,5-тай, 075-тай Ерөөл нэртэй 2 шил архи авч 23-аас 24 цагийн үед ирсэн. Ингээд ирэх замдаа 0,5-тай архийг задлаад ууж явж байгаад өглөө шараа тайлая гээд буцааж таглаж тавиад 0,75-тай архи задалж ууж явж байгаад гэрт ирэхэд 0,75-тай архины шилний доороосоо 4 хуруу хэртэй үлдсэн байсан. Архийг Х, бид 3 хувааж уугаад явсан. Ингээд гэртээ ирээд эхлээд том гэрт орж үзэхэд хүн байхгүй байсан. Тэгэхэд нь хажуу талын гэрт ороход нөгөө 4 хүүхэд зурагт үзээд сууж байсан. Харин талийгаач болохоор гэрийн зүүн талын орон орон дээр унтаж байсан. Гэрт ирээд дахин архи уугаагүй шууд унтсан. Талийгаач жижиг гэрт ганцаараа унтаад үлдсэн. Том гэрт Х, нар нь 4 хүүхдийн хамтаар үлдсэн. Ингээд үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй өглөө сэрээд бие засаад шууд жижиг гэрлүү ороод хархад талийгаач гэрийн зүүн талаар төмөр орны өмнө газраар дээшээ харсан хэвтсэн байхаар нь шууд алхаад талийгаач Д.Гг сэрээх гээд цээжин биенд нь хүрхэд бие нь хатуу, хүйтэн болсон хөдөлгөөнгүй хөшсөн байхаар нь гайхаад харсан чинь хоёр хөлний хэсэгт нил цус гарсан шалаар нил цус болсон байдалтай ганцаараа байхаар нь гэрээс гарч хажуу талын том гэрлүү ороход 4 хүүхэд , Х нар нь бүгд унтаж байсан. Тэгэхэд нь би эхлээд Хыг татаж сэрээгээд Хатнаа чи Гг яасан юм бэ, яагаад хаячихсан юм бэ гэж хэлэхэд надаас би яачихсан байна гээд босоод хажуу талын гэрт надтай хамт орсон. Тэгээд Х нь Гг хөдөлгөж үзээд үхсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би чи яасан юм гэхэд Х нь бид 2 шөнө жоохон маргалдсан юм гэж хэлсэн. Тэгэхэд Хын өмд нь цус болсон байхыг нь харсан ... том гэрт чи яасан юм юу болсон юм гэж асуухад Х нь талийгаачийг өөрөө том том юм яриад байсан юм гэхэд хажуугаас нь манай эхнэр чи жоохон тэсэхгүй яасан юм яаж байгаа юм гэхэд Х нь өөрөө том том яриад байхаар нь би нэг удаа л гуянд нь хатгасан гэж хэлээд би дараа нь шархыг нь боосон гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 164-170/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би босъё гээд байж байтал манай нөхөр буцаж ирснээ нөгөө Гг чинь Х алчихсан байна одоо яах вэ гэснээ намайг хурдан босооч гэж хэлээд цааш явсан. Би худлаа яриад байгаач гэж хэлээд араас нь босоод том гэрлүү нь дагаж ороход гэрт байсан бүх хүмүүс сэрсэн байсан. Тэр гэрт Х босчихсон, харин бусад хүмүүс орондоо сэрчихсэн хэвтэж байсан. Тэгээд би гэрт ороод тэд нарыг бос гэж хэлээд босгосон. Намайг орхоос өмнө манай нөхөр гэрт ороод талийгаачийг нас барчихсан байна гэж хэлчихсэн нөгөө хэд нь итгэхгүй орон дотроо хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 185-191/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад 11 цагийн үед байх миний хамт ажилладаг гэж хүний эхнэр болох эгч Отгонжаргал нь намайг хүмүүс шламанд явах гэж байна чи хамт яваад ир гэж хэлээд би гэрт нь очиход Отгонжаргалын ах дүүгийн гэх нэг хүүхэд тэр хүүхдийн ангийнх нь 2 хүүхэд ирсэн байсан. Ингээд Отгонжаргалын гэрт сууж байтал Малига буюу Д.*******, Суус буюу нар нь 12-13 цагийн үед машинтай ирж уулзаад явах болж машинд суусан. Ингээд явж байгаад зах дээрээс талийгаач Гг авсан. Талийгаач нь бага зэрэг архи үнэртүүлсэн байсан ... Ингээд Цагаан цахирт нэг айлд ирсэн. Ингээд жижиг гэрт нь ороход нэг ах гал түлээд байж байсан. Талийгаач Ггийн хувьд тэр айлд орж ирээд өдөр хийгээд тавчихсан байсан будаатай хоолны үлдэгдэл идээд байж байснаа гэрийн зүүн талын орон дээр гараад унтаад өгсөн ... том машинтай *******, , Х нар нь яваад буцаж шөнийн 00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэд нарыг ирхэд жижиг гэрт кино үзээд сууж байсан. Талийгаач нөгөө орон дээрээ унтаж байсан...бид нар бүгд том гэрт орсон бөгөөд жижиг гэрт талийгаач Г унтаад үлдсэн сэрээгүй ... 0,75-тай Ерөөл нэртэй архины шилтэй 1-2 хуруу хэртэй архи гаргасан , Х нар нь хувааж уугаад сууж байсан ... архи дууссан байх архины шилийг үүд рүү шидээд ах за за би унтлаа гээд орондоо орж унтсан. Х ах тэнд байсан аккумляторыг аваад гэрээс гарч явсан. Инээд буцаж орж ирээгүй би хэвтэж байгаад унтаад өгсөн ... *******,******* нар нь бид нарыг бос гээд Х шөнө Гг хутгалаад алчихсан байна цагдаа дуудъя гээд байсан ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 198-202/,

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... бид нар орондоо орж байхад Х ах том тэрэгний жолооч ах нар нь тал шил архи хувааж уусан. Тэгэхэд тэр тал шил архийг ууж дуусгаад Х нь машинд тал шил архи байгаа аваад өг гэхэд нь би уухгүй гэж байгаад гарч машинаасаа тал шил архи авч орж ирээд Хт өгөөд би уухгүй унтлаа өглөө ажилтай гээд орондоо ороод унтаад өгсөн. Х ах тэр тал шил архийг аваад гэрээс ганцаараа гарсан. Би Х ахыг гэрээс ганцаараа гарч байхыг харсан тэгээд унтаад өгсөн байсан ...Талийгаач Г нь зүгээр явж байсан архи уусан байсан эсэхийг нь мэдэхгүй нүүр аманд нь ямар нэгэн хөхөрсөн хавдсан шалбарсан зүйл байхгүй зүгээр байсан ....” гэсэн мэдүүлэг /1дүгээр хх-н 208-212/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний хувьд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Цагаан цахирт гэртээ байж байхад , Д.*******, , талийгаач Д.Г нар нь 2 машинтай 4 бандитай хамт ирсэн. Д.*******, , Д.Г нар архи уусан согтуу байсан. Ингээд надад хэлэхдээ чамд авч ирсэн нэг 0,75-тай архи байсныг хагалсан гэж ярьж байсан. Ингээд миний бие тэд нарт хоол хийж өгсөн. Тэгэхэд Д.*******, нар нь хамт Нарийний гүүр яваад ирье энэ 4 бандийг том гэрт чинь ор засаад унтуулчихъя эхнэрт айл руу яваад ирье гэж хэлье гээд байсан. Ингээд би мөнгө байгаа юм уу гэхэд ******* нь эхнэрт мөнгө байгаа гээд бид 2-т одоо 20.000 төгрөг байна энэ мөнгийг хамт явсан хүүхдүүдээс авсан гээд эхнэрээс дахиад мөнгө авах хэрэгтэй байна гээд чи манай эхнэртэй уулзаад мөнгө сураадах гэхэд нь би эхнэр тай нь уулзаж 2 шуудай цемент байна 20.000 төгрөгөөр авчих гэхэд авахгүй гэж байсан. Ингээд би жижиг гэрт орж нөгөө 4 хүүхдэд зурагт асааж өгсөн. Тэгэхэд талийгаач жижиг гэрт төмөр орон дээр унтаж байсан. Энэ үед гаднаас Д.*******, нар нь намайг явъя гэж дуудаж би гарсан гарахдаа би нөгөө 4 хүүхдэд киногоо үзээд том гэрт орж унтаарай гэж хэлээд гарсан. Талийгаач бид нарыг архинд явж байгааг мэдээгүй. Ингээд бид нар ийн машинтай Нарийний гүүр орж 2 шил буюу 0,75 нэг шил, 0,5-тай нэг шил Ерөөл нэртэй архийг аваад буцаад явсан. Ингээд замдаа 0,5-тай архийг эхэлж задлаад талд нь ортол нь бид 3 хувааж уугаад энэ тал шил архийг үлдээгээд өглөө шараа тайлъя гээд нөгөө 0,75-тай архийг задалж уугаад нэг нэг татаад үлдэгдэл архийг нь Гд өгье гээд үлдээсэн. Ингээд бид нар гэрийн гадаа ирээд би жижиг гэрт ороход Г унтсан хэвээрээ 4 хүүхэд сэрүүн байсан учир яагаад унтаагүй юм гэхэд гудас хөнжил байхгүй гэхэд нь би том гэрт том гудас байгаа тэрийг дэвсээд унт гээд оруулсан. Ингээд том гэрт ороод байж байхад ******* нь би эхнэртэйгээ машиндаа унтлаа гээд гарч явсан. Харин нь би унтлаа гээд намайг үлдэгдэл архийг Гтэй ороод уучих гэж хэлээд би үлдсэн 0,5-тай архийг аваад жижиг гэрт орсон. Намайг жижиг гэрт ороход талийгаач сэрчихсэн лалрууд хүн хаяж явсан байна. Та нар юм авч ирсэн үү намайг аваад явахгүй яасан юм. Би явах юм бол арай их юм авч ирэх байсан юм гэж байсан. Би энэ үед гэрэл асаах гээд зогсож байгаад талийгаачтай хэрүүл хийх болсон. Гол нь талийгаач бид нарыг хаяж явлаа гээд байсан бөгөөд миний барьчихсан байсан 0,5-тай тал шил архийг хараад иш чааваас авч ирсэн юмыг нь хараарай би явах юм бол авдар архи авч ирэх байсан юм гээд байсан. Тэгэхэд нь би чамд мөнгө төгрөг байхгүй байж чи хэнээсээ юу авч ирдэг юм. Хүний авч ирсэн архийг зүгээр гударвал гудар гээд хэлхэд талийгаач Г нь надад хандаж чамайг бодвол би гэр оронтой буурлын үлдээсэн буян байна чи юутай хулгайч юм гээд над руу салаавч өгөөд байхаар нь би чам шиг худлаа хэлэхгүй чи чулуунаас 5 төгрөг залгуулдаг биз дээ гэхэд чи намайг дагаж өрөм дарж сурсан биз дээ би тэсэлгээ хийдэг байсан чи миний хүчинд, намайг дагаж тав арван төгрөгний ажил хийдэг миний хүчинд бурзайдаг байсан биз дээ гэж намайг доромжилж эхэлсэн. Тэгэхэд нь би чи нүхэн дотор ороод өрмөө даадаггүй байсан биз дээ гэхэд талийгаач нь намайг би чамайг алсан ч чадна гэхэд нь би зүгээр энэ архийг гудраад амар, амарч чадахгүй бол зайл би та нарыг дуудаагүй та нар өөрсдөө ирсэн шүү гэхэд талийгаач нь намайг гуйлгачин минь чи хэзээ ийм гэр оронтой болоод хүн хөөдөг болсон юм одоо би чамаас бондгор гуйлаа юу май бөөсөө чи намайг алахгүй бол ялахгүй шүү гээд над руу удаа дараалан салаавч гаргаад байсан. Тэгэхэд нь би зайл та нарыг дуудаагүй эндээс яв гэхэд талийгаач май лалраа би чиний гэрт ирээгүй би найзуудынхаа гэрт ирсэн гээд салаавч өгч чи намайг алахгүй бол намайг ялахгүй шүү би чамайг өмнө нь алж байсан биз дээ чи харах уу гээд гартаа хөх өнгийн бариултай ишийг нь хар өнгийн лентээр ороосон хутга барьчихсан над руу дайраад би чамайг алаад ялаа эдэлсэн ч би гараад ирнэ. Би амьдралгүй хүн гээд байсан. Тэгэхэд нь би хутгыг булааж авч гэрээс гаргаж шидээд том гэрт орж ийг дуудаж та нар нэг бол яв эсвэл энэ Гг авч унтуул гэхэд нь сэрэхгүй нойрмоглож босохгүй зүгээр зүгээр унтчихна гээд босохгүй байсан. Том гэрт байсан хүүхдүүд сэрсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Ингээд би ийг дуудаад босохгүй болохоор нь би эргээд жижиг гэрт ороход талийгаач нь миний шидчихсэн нөгөө хутгыг олоод авчихсан гартаа барьчихсан орон дээр сууж байсан бөгөөд надад би танайд байгаа юм уу би энэ гэрт амарч болно биздээ энэ гэр миний найз нарын гэр чам шиг муу банди яваад ганц шил архи олж ирж чадахгүй, чи бол тамиргүй банди гээд намайг хэл амаар доромжилж байсан. Тэгэхэд нь би чи муу наад хутгаа тавь чи намайг өмнө нь 5 удаа хутгалж байсан би чамд гомдол санал гээгүй шүү гэхэд талийгаач нь би чамайг одоо ч ална би яландаа яваад ирж чадна гээд сууж байсан орон дээрээсээ босоод ирсэн. Тэгэхэд нь би ор луу түлхээд наад хутгаа өг гээд хутгатай гартай нь ноцолдоод байсан. Ингэж байхад хутгалсан байсан. Талийгаач нь надад чи намайг шаачихлаа гэхэд нь би хутгалсныгаа мэдсэн. Ингээд би цусыг нь тогтоох гээд боосон. Тэгээд аймаг явъя эмнэлэг явъя үзүүлье гэхэд талийгаач нь зүгээрээ гээд наад архи аваад ир гээд үлдэгдэл архийг хувааж уугаад талийгаач орон дээр гараад хэвтсэн. Би тэгэхэд нь эмнэлэг явъя би ийг дуудаад сэрээгээд ирье гээд гэрээс гараад ийг дуудаж би Гг би хутгалчихлаа эмнэлэг явъя гэхэд нь нойрмог сэрээд яасан юм хаана нь хутгалсан юм гэхэд нь би гуянд хутгалсан гээд шархийг нь боочихлоо Г орон дээр гараад унтаад өгчихлөө явж эмнэлэгт үзүүлье машинаа асаачих гэхэд өөрөө зүгээр гэсэн юм бол унт гээд босохгүй байсан. Ингээд би явъя гэж хэлээд хажууд нь сууж байгаад тэндээ унтаад өгсөн байсан. Ингээд өглөө ******* нь орж ирээд Г цус алдаад хэвтэж байна үхсэн юм биш үү гэж хэлж орж ирсэн. Би гэрээс гараад жижиг гэрт орж харахад талийгаач орны урдуур газраар хэвтсэн нас барсан байсан ... ******* өглөө орж ирж хэлснээр би том гэрээс гарч жижиг гэрт орсон. Тэгэхэд талийгаач хэвтэж байсан төмөр орныхоо урд талаар дээшээ харсан байдалтай газарт хэвтсэн хөдөлгөөнгүй байхаар нь би талийгаачийн гүрээнийх нь судсан дээр гараараа дарж үзэхэд цохилт байхгүй байсан. Би тэгэхэд хүн алчихлаа гэж мэдсэн миний ард ******* хаалгаар шагайж хараад зогсож байсан. Би жижиг гэрээс гараад т унтсан ор дэрээ хураа гэж хэлээд *******г машинаа асаа утсаар яриад ирье гэж хэлээд ******* эхнэр******* нарынх хамтаар явж Бямбадорж гэж хүний хариуцдаг нөхөрлөлийн гэрт очиж утсаар ярьсан. Тэгэхэд уг гэрт Намхайцэрэн гэж хүн гэрээ хараад байж байсан. Ингээд би цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд залгаж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахир гэх газарт Гомбоо гэж хүнийг алчихлаа намайг ******* гэдэг би энэ хэргийг үйлдсэн гэх утга бүхий зүйл хэлсэн. Ингээд цагдаа ирэхийг хүлээх болсон бөгөөд уг утсаар ярьсан газраас гараад гэрлүүгээ явж байхад *******,******* 2 нь нөгөө 4 хүүхдийг той хамт нэг машинаа явуулчихая гээд надаас гуйсан. Үүнээс өмнө нь намайг цагдаад дуудлага өгөх гээд явах гэж байхад би явлаа намайг энд ирсэн энд хоносон гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Ингээд би *******,******* нарын хамтаар гэрийн гадаа ирэхэд хүрээд ирсэн. Тэгээд надад хандаж би явлаа гээд байсан. Тэгэхэд ийн машин дээр шлам ачсан байсан бөгөөд би явдагаараа явъя наад 4 бандиа болохгүй бол Банди ахын машинд суулгаад явуулчих би шлам ачсан байгаа гээд байсан. Тэгэхэд ******* болон******* нар нь ерөөсөө тэгэе тэгэе гээд эхнэр бид 2 энд хоносон болоод үлдэе 4 хүүхдийг Банди ахын машинд суулгаад аймаг явуулчихья гээд ийг түрүүлээд хөдөл гээд явуулсан. Тэгээд архи дарсны талаар асуух юм бол талийгаачийг 2 шил архитай ирсэн гэж хэлээрэй гээд бас ийг болон нөгөө 4 хүүхдийг байхгүй байсан гэж хэлээрэй гээд надаас гуйгаад байсан. Бас *******,******* нар нь бид 2-г шлам болон бондгор олох гэж явааг битгий хэлээрэй бид 2-г Гурванбулаг явж байгаад гадаа шуурга шуураад энд хоносон гэж хэлээрэй гээд надаас гуйгаад байсан учир би *******,******* нарын үгэнд ороод эхний мэдүүлэг дээрээ худлаа хэлсэн юм. Ингээд цагдаа ирэхийг хүлээгээд байж байгаад сүлжээн дээр гарч гэрийн эзэн болох Хүрлээ рүү залгахад холбогдохгүй болохоор нь найз Идрээ рүү хэлж ийм хэрэг үйлдсэн талаараа хэлсэн байсан чинь Хүрлээ, Болдоо, Идрээ гэсэн 3 найз аймгаас ирсэн. Мөнгеншагай******* нарыг яагаад наашаа ирсэн юм та нар энд ирээгүй бол ийм хэрэг гарахгүй гээд байсан. Тэгээд удалгүй цагдаагийнхан ирсэн. Болсон явдал бол энэ ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169-180/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 32 тоот шинжээчийн ... Талийгаач Д.Ггийн биед зүүн гуяны тараагуур судас, баруун зүүн гуяны олон тооны хатгагдаж зүсэгдсэн, дагз зовхины язарсан шарх, зовхи, хөмсөг, хүзүүнд зулгаралт, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхиий зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журамын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан зүүн гуяны тараагуур судас, баруун зүүн гуяны хэсгийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгааач нь уушигны архаг үрэвсэлт өвчинтэй байсан. Уг уушигны архаг үрэвсэлт өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно. Талийгаачид бусадтай амь тэмцэлдэн ноцолдсон гэхээр шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач Д.Ггийн баруун гуяны дунд хэсэгт чангалуур тавьсан боловч энэ нь талийгаачийн цусыг тогтоож чадаагүй байна. Талийгаачийн зүүн гуяны тараагуур судас гэмтсэн тул гэмтэл авсан даруйд нь эмнэлэгийн байгуулагад хандсан ч амь насыг аврах боломж багатай юм. Талийгаачийн зүүн гуяны тараагуур судас, баруун зүүн гуяны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэлийн улмаас цус алдаж нас баржээ. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 3.1% промилли, ходоодны шингэнд 7.2% промилли спирт илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 20-24/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 48 тоот шинжээчийн нэмэлт ... Дээрх цогцосны гадна үзлэгийн хэсэгт тэмдэглэсэн тэмдэглэгээнээс харахад 2-6 дугаараар тэмдэглэсэн шархууд нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн буюу нийт таван удаагийн үйлдэлээр, бусад гэмтлүүд болох зүүн нүдний гадна булан, зүүн доод зовхины зулгаралт, зүүн нүдний алимны цус хуралт зүүн доод зовхины шарх гэмтэл, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл, дагзны язарсан шарх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн нийт 4 удаагийн үйлдэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Том судаснууд болох гүрээ, суга, бугалга ташаа гуя, тахим, эгэмний доорх судасны тасралт, урагдалт зүсэгдэлт гэмтэлийн үед маш түргэн хугацаанд нас барах шалтгаан болдог. Талийгаач Д.Г нь дээрх гэмтэлийг авсанаас хойш хэдий хугацаанд амьд байх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач Д.Ггийн цогцост хийсэн 2018.05.04-ний 1540 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 12-16 цаг болсон байх боломжтой байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 30-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 5345 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Х хохирогч Г нарын гэх хувцаснууд, ХГҮ толбонууд, хутган дээр цус илэрсэн ABO системээр А 2 бүлгийн харьяалалтай байна. Яллагдагч Х хохирогч Г нарын гэх цус нь ABO систээмээр А/П бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Х хохирогч Г нарын гэх хувцаснууд, ХГҮ толбонууд хутган дээр илэрсэн цус нь бүгд ABO систээмээр А/П бүлгийн харьяалалтай хүний цус байгаа тул шүүх биологийн шинжилгээгээр яллагдагч Х, эсвэл хохирогч Ггийн цус гэдгийг ялгах боломжгүй болно. ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 99-100/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 66 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд зүсэгдсэн уранхай цоорхой, гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн өмдөнд доорх зүсэгдсэн гэмтэлүүд байх бөгөөд хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 115-117/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 18 тоот нарийн мэргэжлийн эм нарын ... Яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 68-69/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 7-18/,

Цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-22/,

Цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 23-39/,

Талийгаач Д.Ггийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 40-45/,

Хэргийн газраас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 49-51/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 52-64, 2-р хх-ийн 188-189/,

Хохирлын тухай баримт /1-р хх-ийн 82-116/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон түүний хувийн байлтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 193, 198-211, 246/,

Шүүгдэгч талаас хохирогч *******д хохиролд 3.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /2-р хх-ийн 247-248/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талаас хохирогч талд хохиролд 4.017.023 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд :

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 сарын 04-ний шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт байрлах Буяндэлгэрэх нэртэй нөхөрлөлийн гэрт Д.Ггийн зүүн, баруун гуя тус газар нь 5 удаа хутгалж түүний биед зүүн гуяны тараагуур судас, баруун зүүн гуяны хэсгийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж санаатай алсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, талийгаач Д.Ггийн өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, хэргийн газраас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол, талийгаач Д.Ггийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан тухай анхан болон нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрч *******, *******, *******, , Д.*******, , , нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Д.Ггийн зүүн, баруун гуя тус газар нь 5 удаа хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайханаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэргийн улмаас иргэн Д.Ггийн амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.517.020 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч талаас мөрдөн байцаалтын шатанд 3.500.000 төгрөгийг, шүүхийн шатанд 4.017.023 төгрөг нийт 7.517.023 төгрөгийг хохирогч талд хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан оршуулгийн зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******т гомдолтой байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж шийдвэрлүүлэх санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн хэдий ч хэргийн улмаас иргэн Д.Ггийн амь нас хохирч түүний ар гэр, ах дүү, найз нөхөд нарт нь хүнд хор уршиг учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Харин шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр түүний эдлэх ялыг тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******ын 2018 оны 05 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл нийт 129 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, ерөөл нэртэй архины шил, хатсан цус, хар өнгийн хос гутал, хар өнгийн хүрэм, хар саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар өнгийн өмд, хар эрээн өнгийн дотоож, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг хос оймс, хар саарал өнгийн өмд зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2018 оны 05 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл нийт 129 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******ын эдлэх ялыг 2018 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, ерөөл нэртэй архины шил, хатсан цус, хар өнгийн хос гутал, хар өнгийн хүрэм, хар саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар өнгийн өмд, хар эрээн өнгийн дотоож, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг хос оймс, хар саарал өнгийн өмд зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                         ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                                                 Д.ЦЭЦЭГЭЭ