Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/105

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Р,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Б-ийн З-т холбогдох эрүүгийн 1817002080096 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.овогт Б-ийн З /РД:........./, Дундговь аймгийн Мандалговь суманд 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын ....... тоотод оршин суух, “Монгол фү ёоу хуа фөнг реститант материал” ХХК-нд төмөр хайлуулагч ажилтай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.З нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, 11-1-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Н.Н-тай маргалдан түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Знь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 1-12 тоотод хамтран амьдрагч Н.Н-ыг яагаад архи уугаад гэртээ очихгүй байгаа юм бэ гэхэд хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний зүүн гарын тохой хэсэгт шилэн аягаар 1 удаа, нуруу хэсэгт гараараа 4-5 удаа тус тус цохиж, баруун гарын сарвуу хэсгээр хаалганд хавчуулан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр эрүүлжүүлэхээс гараад найзындаа очоод найзтайгаа нэг шил архины талыг нь хувааж уугаад унтаж байсан чинь 12 цагийн үед эхнэр Н хоёр найзтайгаа орж ирээд намайг өшиглөж сэрээгээд гэртээ харь архи дарс битгий уугаад бай гээд заамдаж аваад алгадаад байхаар нь тавиулах гээд ундаа ууж байсан аягаараа гар луу нь цохисон. 00-ын өрөөнөөс дагаж гарах гэхээр нь болиулах гэж оролдож байгаад гарыг нь самардсан. Айлд хэрүүл хийгээд яахын гээд гэрээс нь түлхээд гаргасан чинь эргэж орж ирэх гэж оролдож байгаад гараа хавчуулсан. Н.Н бид хоёр 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа, хоёр хүүхэдтэй. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ахиж ийм зүйл гаргахгүй гэв.

 

1.2. Хохирогч Н.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...З-ыг гэртээ ирэхгүй болохоор нь Б-оос асуухаар найз Б-ээр машинаа бариулаад, найз А-ийн хамт Хонхорын 11 дүгээр байранд Б, Г нарын хөлсөөр суудаг байранд очиход Б, Г нар Ерөөл нэртэй 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Манай нөхөр унтаж байсан. Тэгэхээр нь нөхрийнхөө хөл рүү өшиглөсөн чинь сэрээд босоод ирсэн. Би нөхөртөө хандаад юугаа хийгээд архи уугаад гэртээ очихгүй байгаа юм бэ гэсэн чинь манай нөхөр З битгий хуц гэрт очвол дахиад хэрүүл хийнэ биз дээ гэсэн. Тэгэхээр нь би цамцнаас нь бариад авсан чинь газар байсан аяга аваад миний зүүн гарын тохой хэсэг рүү нэг удаа цохиод, босч ирээд  миний нуруу руу гараараа 4-5 удаа цохисон. 00 өрөө рүү орох гээд явахаар нь би араас нь дагаад явсан чинь чи гар зайл гээд намайг түлхээд байсан. Би араас нь 00 өрөө рүү орох гэсэн чинь намайг түлхэж байгаад миний баруун гарын сарвууг хаалганд хавчуулсан. Мөн ар хэсэгт хумсаараа самардаад зулгалсан. Тухайн үед хамт явж байсан Б цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн талын тохой орчимд зулгараад хөхөрсөн, баруун гарын сарвуу зулгараад хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-15 хуудас/

 

1.3. Гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 11-ны өглөө унтаж байтал 10 цагийн үед З ах гаднаас орж ирээд 1 шил архи уух уу гээд надад 10 000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи авсан. З ах, Б бид гурав архиа уугаад талд нь орж байхад З ах унтаад өгсөн. Өдөр 12 цагийн үед гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь тайлаад өгсөн чинь З ахын эхнэр нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд З ахыг сэрээгээд гэр орондоо харихгүй юу гээд загинаж байсан. Б бид хоёр нөгөө өрөөндөө орсон. З ах эхнэртэйгээ маргалдаад байгаа бололтой байсан. Тэгсэн гаднаас 2 цагдаа орж ирээд З ахыг аваад явсан. Эхнэрээ гэрээс гаргах гээд байгаа бололтой түлхээд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.4. Гэрч Ч.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Н гарч ирээд З хонхорт найзындаа байгаа байх гээд хонхор луу яваад найз нарынх нь байгаа байранд ороход З унтаж байсан. Н нөхрөө сэрээгээд маргалдаад эхлэхээр нь би З-ын хүүхдийг нь аваад гараад байж байтал цагдаа нар ирээд З-ыг аваад явсан. Би гадаа байсан болохоор эхнэрээ зодож цохисоныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрэлдээд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 281 дүгээр дүгнэлтэнд: Н.Н-ын биед зүүн шуунд, зүүн тохой орчимд, баруун гарын сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

 

1.6. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 5-6 хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /х.х-ийн 7-8 хуудас/ зэрэг болно.

 

   Иймд шүүгдэгч Б.З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.З нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Н-ын хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Н.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би одоо нөхөртэйгээ сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болсон. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

2.2. Гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “З нь хүнтэй эвсэг харилцаатай, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг. Ажилд хариуцлагатай ханддаг, хэр барагийн хүнтэй маргаж муудаад байхгүй хүлээцтэй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.3. Гэрч Ч.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “З-ын хувьд үг дуу цөөтэй, хүнтэй хэр баргийн яриад байдаггүй, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг хүн. Зан байдлын хувьд элдэв янзын ааш зан байхгүй, хүнтэй нөхөрсөг харилцаатай, маргалдаж муудалцдаггүй, ер нь амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй гэж би боддог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 47-56 хуудас/

 

2.5. “Монгол Фү Ёоу Хуа Фөнг Ресистант материал” ХХК-ийн тодорхойлолт. /хх-ийн 58-59 хуудас/

 

2.6. Б.З-ын мэргэжлийн үнэмлэхний хуулбар, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 67-83 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, прокуророос шүүгдэгч Б.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрснийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгинтая овогт Б-ийн З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА