Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00123

 

  2022         12            19                                 207/МА2022/00123

                                                                                          

 “Х банк” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.М,

А.А нарт холбогдох иргэний

хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2022/01440 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.М, А.А нарт холбогдох,

“Зээлийн төлбөрт 38.807.680,33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б, Д.Н /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: 

“...Зээлдэгч Ү.М, А.А нар 2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр ЗГ201642803173 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ201642803173-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 48 сараар сунгалт хийн өөрчилсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5.186.931,19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.478.413,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21.817,52 төгрөг, нийт 9.687.162,70 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа /нийт 1 676 хоног/ хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Нийт 38.807.680,33 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ү.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг жилийн 18% хүүтэй 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. Эхнэр А.А Х банкинд очоод нөхөр маань ажлаасаа халагдчихсан, тэгэхээр мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд танайх шүүхэд нэхэмжлэлээ гаргаж төлбөрөө авмаар байна. Бид нар хүүг нь зогсоолгомоор байна гэж хэлээд өргөдөл өгсөн. Гэтэл Х банкнаас зээлээ төл гэдэг мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн ба уг мэдэгдэлд төлбөрөө төлөхгүй 479 хоног болсон тул хуульд заасан арга хэмжээ авна гэсэн утгатай байсан. Уг мэдэгдлийн дагуу тооцоод үзэхээр “Х банк” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн намайг төлбөрөө төлөхгүй байгааг, төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн байна. Тэгсэн мөртлөө яагаад тухайн үед шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зэрэг бусад ажиллагааг яаралтай авахгүй 4 жил 9 сар орчмын хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод яваад байсан юм бэ гэдэг асуудал яригдана. Тиймээс би үндсэн зээл болох 19.813.068 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас би 19.813.068 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин үлдэгдэл 18.994.611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Хариуцагч А.А би нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 19.813.068 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөр 18.994.611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.М, А.А нараас 19.813.068,81 төгрөг гаргуулан “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.994.612 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “.... Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч нарыг Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нөхцлийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн, Ү.М ажилгүй болсон гэдгийг мэдсээр байж банк шүүхэд хандаагүй, албаар хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөсөн, төлбөрийн чадваргүй болсон гэдгийг мэдэж байж байсан, бид банканд хандаж шүүхэд өргөдлөө өгөөч гэдгийг хэлсэн, өргөдлөө өгсөн.... гэж татгалздаг. Банкны хувьд хариуцагчийг цалин орлогогүй болсныг мэдэж байсан, зээлийн гэрээний харилцаа зөрчигдөөд байгааг мэдсээр байж шаардлагатай арга хэмжээ аваагүй, өөрөөр хэлбэл шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаагүй, түүнчлэн хариуцагч нарыг хаягтаа байгаагүй гэдэг боловч энэ тайлбараа нотлоогүй, хариуцагч хаягтаа байгаагүй бол эрэн сурвалжлуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд 4 жмл 9 сарын хугацаа өнгөрөхөд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү өссөн байх тул хариуцагч нараас үндсэн зээл 19.813.068.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү 18.994.612 төгрөгийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. Учир нь Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний 2.4.3.2.-т “”3ээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-иас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ”, 2.4.4.-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” хэмээн гэрээгээр талууд тохиролцсоноос гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын “2.2.-т ... "үндсэн хүү" гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ” гэж,  түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4.-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...”, 222.5.-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл үүрэг гуйцэтгэгч буюу зээлдэгч нарын Зээлийн ГЭРЭЭГЭЭР ХУЛЭЭСЭН уүргээ биелүүлээгүй, хүгацаа хэтрүүлсэн нь уурэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл огт биш юм. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүулэгч мөнгөн хөрөнгө шилжуулэх үүргээ биелүүлсэн бөгөөд харин хариуцагч талын зүгээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хүугийн хамт буцаан төлөх. хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүулсэн хүү төлөх нэмэлт үүргээ биелуулээгүй болохыг анхаарч үзнэ үү.  Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээнээс үүссэн, энэ эрхээ нэхэмжлэгч хэдий хугацаанаас эхлэн хэрэгжүүлээгуй болох, үүнээс шалтгаалан хэдэн төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас үндэслэлгуй шаардсан болохыг нь шүүхээс нарийвчлан тооцож дугнээгүй атлаа шууд зээлдэгчийн шүүхэд гаргасан тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 18.994.612 төгрөгийг хэрэгсэхгүй болгох гэж заасан нь өөрөө үндэслэлгүй байх бөгөөд уг 18.994.612 төгрөгийн хүүгийн үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь өөрөө шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Гэтэл зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үзэхэд хариуцагч Ү.М ажилгүй болсон гэдгийг банк 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн гэж үзвэл уг хугацааг хүртэл төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 1.249.727,07 төгрөг, банк зээл төлөх мэдэгдэл гардуулсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөр тооцож үзвэл 6.145.126,58 төгрөгийн зээлийн хүүг зээлдэгч нарын зүгээс банкинд төлөхөөр тооцоо гарч байна. Иймээс дээрх зээлийн хүүгийн төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх бөгөөд зээлдэгч нараас ч энэхүү төлбөрийг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэн нь ч өөрөө буруу байна. Нөгөө талаас хариуцагч нар нь зээл төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй гэдгээ тэд өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийдвэрт "Х Банкинд хандан нөхөр маань ажлаасаа халагдсан, мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул банкийг шүүхэд нэхэмжлэлээ гаргаж төлбөрөө авах, мөн хүүг нь зогсоолгомоор байна” гэж хариуцагчаас өргөдөл өгсөн гэж тайлбар тавьж маргадаг. Гэтэл уг баримт, өргөдөл хавтаст хэрэгт огт байхгүй, хариуцагчийн тайлбар нь өөрөө нотлогдохгүй байгаа болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2022/01440 дугаартай шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

“...Би “Х банк” ХХК дээр очоод нөхөр маань ажлаасаа халагдсан, тэгэхээр мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, иймд танайх шүүхэд нэхэмжлэлээ гаргаад төлбөрөө авмаар байна. Бид нар хүүг нь зогсоолгомоор байна гэж өргөдөл өгсөн. ...Х банк Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2.-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 19.813.068 төгрөгийг бид хоёр төлнө, харин үлдэгдэл хүүний төлбөр буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүү 18.9994.611 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

2.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төв нь зээлийн гэрээний үүрэг-38.807.680,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ү.М “...яагаад 4 жил 9 сар орчмын хугацаанд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхгүй хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон юм, зээл-19.813.068 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл 18.994.068 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү“, хариуцагч А.А “...зээл-19.813.068 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, зээлийн хүү-18.994.611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцжээ.

3.Шүүх хариуцагч Ү.М, А.А нараас 19.813.068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.994.612 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төв нь хариуцагч Ү.М, А.А нартай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ201642803173 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч нар тус банкинд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлийн төлөлтийн хэмжээг багасгах” тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийж зээл-20.723.968 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн төлөлтийн хэмжээг бууруулж, хариуцагч нар сард 657.500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, дээрх зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр болжээ.

5.Шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1.-д заасны дагуу нэхэмжлэгч талыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй тул зээлийн хүү авах эрх үүсэхгүй гэсэн дүгнэлт хийж хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр-19.813.068,81 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу хариуцагч нар үндсэн зээл-20.723.968 төгрөг, зээлийн хүү-9.901.493 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болно.

7.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.1.1.-д зааснаар хариуцагч нар сар бүр төлөх зээлийн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн байхад гэрээг нэг талын санаачлагаар цуцлахгүйгээр зээлийн төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан, уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн хүү-17.964.790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-1.029.497 төгрөгийг хариуцагч нар бүрэн хэмжээгээр хариуцах боломжгүй юм.

 8.Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээний 4.2.11.-д “зээлийг буцаан төлөх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй”, гэрээний 14.2.13.3.-т “үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд банкинд ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн хугацаанд төлөгдөх зээлийн хүү-9.901.493 төгрөгнөөс 2017 оны 12 сард төлөгдсөн зээлийн хүү-1.358.406 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-14.463 төгрөг бүгд 1.372.869 төгрөгийг хасч, үндсэн зээл- 19.813.068 төгрөг, зээлийн хүү-8.528.624 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  /хх-ийн 10-14, 19-20 тал/

 9.Хариуцагч Ү.М, А.А нар шүүхэд гаргасан  “...банкнаас өгсөн мэдэгдлийн дагуу тооцоод үзэхээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн намайг төлбөрөө төлөхгүй байгааг, төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй” гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, тэрээр зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн шалтгаан, нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

10.Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүү нийт-28.341.692 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд-10.465.988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б нарын гаргасан “...анхан шатны шүүх зээлийн хүүгийн төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,...хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байгаа тухай анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2022/01440 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “...19.813.068 төгрөг...” гэснийг “...28.341.692 төгрөг...” гэж, нэхэмжлэлийн шаардлагаас “...18.994.612 төгрөг...” гэснийг “...10.465.988 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч Ү.М, А.А нараас улсын тэмдэгтийн хураамж “...257.015 төгрөг...” гэснийг “...299.658 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.923,05 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.Б

ШҮҮГЧ                                                                       Б.О