| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0389/Э/ |
| Дугаар | 501 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 501
Т.М, Д.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Мягмарцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 898 дугаар магадлалтай, Т.М, Д.О нарт холбогдох 1807001780080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т.М нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Дугант овогт Д.О нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мыг хүнийг алах гэмт хэргийг, шүүгдэгч Д.Ог мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.О нь 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Маас 13.219.995 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мд олгуулах, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Мын эзэмшлийн 25-71 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг шүүгдэгч Т.Мын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан орчуулгын зардал 850.000 төгрөгийг шүүгдэгч Т.М, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.М гаргасан гомдолдоо: “Миний бие 1991 оноос хойш талийгаач Ш.Цтэй дотно нөхөрлөж хамтдаа авто зам барилгын “Жэй Кэй Си” ХХК-ийг үүсгэн байгуулж /2003/, 2012 оноос Авто замын “Тайхарын зам” ХХК-ийг 2018 он хүртэл байгуулан ажиллаж байлаа.
2018 оны 3 сарын 10-ны 12 цагийн орчим Улаанбаатар хотоос гарч Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах өөрийн компанийн түр кемпийн сахиулд хоол хүнс, хуурай хэрэглэл дөхүүлж өгөхөөр талийгаачийн Приус-20 маркийн автомашинтай гурвуулаа /Д.О, Ш.Ц, Т.М/ явсан ба мөн өдрийнхөө оройн 20 цагийн үед Өргөн суманд очиж, удалгүй 21 цагийн орчимд Замын-Үүд сум руу хөдөлсөн. Бид хамтдаа БНХАУ-ын Эрээн хот руу компанийхаа хаврын ажилд бэлтгэх зорилгоор сэлбэг материал худалдан авахаар явцгаасан юм. Бид 3 сарын 11-ний 11 цагийн үед хил нэвтэрч Эрээн хотын төвд орших Хуа-Лиан зочид буудлын 542, 546 тоот зэргэлдээ өрөөнүүдийг хөлслөн авч, талийгаач Ш.Ц 542 тоотод, Д.О бид хоёр 546 тоот өрөөнд хуваагдан орцгоосон. Мөн өдрөө бид үзүүлдэг байсан уламжлалт ухааны эмч Буяндалай дээр очиж судсаа бариулан тангаа бичүүлж авцгаан хувийн ажлаа амжуулцгаан амарцгаасан. Маргааш нь 2018 он 3 дугаар сарын 12-нд захиалсан багаж, сэлбэгээ худалдан авцгаасан. Өвөрмонгол иргэн Цэцэнбаатар бид нар хамтдаа явсан. Бид 3 сарын 13-ны өглөө эрт буцах болсон тул Буяндалай эхнэр, хүүхдийн хамт, Цэцэнбаатар, О, Ц бид оройн хоолонд орцгоохоор тохирсон тул Цэцэнбаатар бид гурвыг 19 цагийн үед ирж авсан. Бид хамтдаа хооллоод 21 цаг өнгөрч байхад буудлын гадаа хүргүүлж буусан.
Бид гурав /Д.О, Т.М, Ш.Ц/ бууж доод давхрын дэлгүүрээс ундаа, хүнсний зүйл, 0.5 л-ийн 1 шил архи зэргийг авч миний байрлаж байсан өрөөнд хамтдаа орцгоосон ба хамт юм ярьж нэлээд сууцгааж байгаад өглөөний цайгаа 9 цагаас өмнө хамтдаа уухаар тохиролцоод талийгч 22 цаг өнгөрч байх тэр үед өрөө рүүгээ явлаа гээд гарч явсан.
Маргааш нь 3 сарын 13-ны өглөө 9 цаг дөхөж байх үед Д.О талийгчийг хамтдаа өглөөний цайгаа уухаар дуудах гэж өрөө рүү нь явсан. Удалгүй буцаж орж ирээд Ц орныхоо урд бөөлжөөд дээшээ хараад хэвтэж байна, хаалга нь хагас онгорхой байна гэсэн. Өрөө нь түгжээтэй байх үед зөвхөн гаднаасаа чиптэй картаар л онгойдог хаалга нь завсартай, онгорхой байсан гэсэн. Бид буцаж өрөө рүү нь хамтдаа ороход Ц /талийгч/ орныхоо хажууд дээшээ харсан байдалтай, цамц өмд нь бөөлжис болсон, хиймэл шүд нь /протез/ амандаа тээглээд, өмдөндөө хөнгөнөөр /шээсэн/ бие зассан байдалтай хэвтэж байсан. Өрөөнөөс нь архи, эвгүй үнэр бөөлжис нь ханхалж байсан болохоор нь би учир мэдэхгүй өрөөг агааржуулж, хувцсыг нь тайлж бөөлжсийг нь цэвэрлэсэн. Бохир хувцсыг нь бас эвгүй үнэртэж байхаар нь усаар зайлж тавьсан. Талийгч Цгийн биеийг чийгтэй алчуураар арчиж, толгой дээр нь хүйтэн алчуураар жин тавиад нэмж уусан юм байх, тэгээд тасарчихсан юм байх гэж бодсон. Тэгээд удалгүй ухаан алдсан юм шиг санагдахаар нь Ог үзүүлдэг Буяндалай эмч рүү /хувийн эмнэлэгтэй, тэр нь буудлын урдхан байдаг/ явуулаад өөрөө найзаа сахин хоцорсон. Хүний газар хэл мэдэхгүй, Буяндалай эмч л эхэлж санаанд орсон. Ог гараад явсан дараахан буудлын хаалга тогшсон, тайлтал буудлын ажилтан бололтой хятад эмэгтэй зогсож байсан. Би түүнийг оруулж ирээд эмч дуудаад өгөөч гэж гараараа хэрээс нэмэх тэмдэг болгон ойлгуулсан. Тэр үйлчилгээний ажилтан аа ок гээд гараад явсан. О удалгүй орж ирээд Буяндалай эмч онгойгоогүй байна гэсэн. Түр хүлээе, буудлын ажилтан эмч дуудлаа гээд явчихлаа, би дохиогоор ойлгуулсан, хаалга цохиод тогшоод орж ирсэн гэж хэлсэн. Энэ хооронд бид хүйтэн алчуураар жин тавьж, бөөлжсийг нь цэвэрлэж байсан. Талийгч амьсгал хэвийн, унтаж байгаа юм шиг л харагдаж байсан. Эмч ирэхгүй болохоор О дахин Буяндалай эмч рүү явсан. Буудлын ажилтан таг болчихсон. О, Буяндалай нар Цэцэнбаатарын хамт ирээд эмч дуудсан. Эмч удалгүй ирж, бид нар хамтдаа эмнэлэг рүү явцгаасан.
Эмнэлэгт очоод хамгийн түрүүнд эмчийн үзлэг хийж, эмч нарын зөвлөсний дагуу төлбөрийн асуудлыг даруй шийдэж, MRA аппаратанд оруулж, эмч нар цус харвалт болсон байна, хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Эмч нар нь бид ийм төрлийн туршлага багатай, хэрэв та нарт өөр доктор, нарийн мэргэжлийн мэс заслын эмч байгаа юу гэж асуусан. Энэ үед Буяндалайг эмч болохоор нь би орчуулагч, хэлмэрч хийж өгөөч гэж гуйсан байсан юм. Бидэнд тийм эмч байхгүй гэж хэлтэл эмнэлгийн эмч Хөх хотод мэс заслын доктор эмч бий, төлбөр нь өндөр шүү, яриад үзэх үү гэж асуусан. Бид зөвшөөрч, найзын амийг аврах нь чухал гэдгээ хэлж хүсэлт тавьсан. Удалгүй эмч Хөх хотоос ирэхээр боллоо, онгоцны нислэг байхгүй, таксигаар гарлаа гэсэн. Бид ч зөвшөөрч доктор 23 цагийн үед /3 сарын 13/ ирээд шууд мэс засал хийсэн. 23:55 цагийн үед хагалгаа дууссан гээд эмч нь гарч ирээд “хагалгаа амжилттай боллоо, тархины баруун талын харвалтын нөжийг авч хаясан, одоо биеийн байдал дээрдэнэ” гэж баяртай мэдээ хэлсэн. Би эмнэлэгт найзыгаа хэвтүүлээд талийгчийн эхнэр рүү утсаар хэлж мэдэгдсэн. Хагалгааны дараах эмчилгээ, дахин MRA аппаратанд оруулж, эмчилгээ хэвийн явж эхэлсэн. Эмчлэгч эмч нь хагалгаанд орохын өмнө надаар баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан. Хагалгаа хэвийн сайн болсон. Одоо хэдийд ч ухаан орж болно, гол нь хол зөөж тээвэрлэхийг хориглон, ухаан орж бие нь дээрдтэл түр эмнэлэгт нь байлга гэж захиж байсан. Аргагүй байдалд зөвхөн тусгай галт тэргээр л өвчтөнийг зөөх эсэхийг шийднэ гэсэн.
3 сарын 14-ний өдөр М /талийгчийн эхнэр/, Долгор /дүү М-ийн/, Довчин /талийгаачийн үеэл дүү/ дүү нар нь ирсэн. Би хагалгаа амжилттай болсныг, эмчийн хэлснийг, эмчилгээний явцыг уламжилсан. Бид утсаар холбоотой байсан. Бид талийгчийн эхнэр, түүний дүү Долгор бид гурав талийгаачийг сахиж хоносон. Маргааш нь буюу 3 сарын 15-нд эмчилгээний зардлын төлбөрийн асуудлыг Мтэй ярилцаж, би Улаанбаатар руу буцахаар болсон. 2-3 хоногоор ээлжилж сахихаар тохиролцсон. Би эхнэртэйгээ буцаж ирэхээр, мөн зардлын асуудал шийдэх, Замын-Үүдэд төлбөртэй дулаан грашид тавьсан машиныг нь Улаанбаатарт хүргэх зэрэг ажлаар буцсан юм. Одоо болтол миний гайхаж байгаа зүйл бол талийгаачийн Приус-20 машины удирдлагатай түлхүүр, буудлын өрөөнийх нь чиптэй карт түлхүүр, барьж байсан утас нь олдоогүйг. 3 сарын 15-нд Замын-Үүдээс О бид хоёр хөлсний машинаар гарч, мөн өдрийн 20 цагийн орчимд Улаанбаатарт ирсэн. Энэ хооронд талийгчийн биеийн байдлыг асууж, харилцан ярилцаж байсан. Биеийн байдал гайгүй байна гэсэн. Улаанбаатарт ирээд эхнэртэй хамт талийгч найзын эмчилгээний төлбөрийн зардлаас нь төлөх гэж мөнгө зээлж, талийгчийн эхнэр рүү шилжүүлж байсан. Гол нь найзын минь бие сайжрах нь чухал байсан. 3 сарын 16-нд би буцаж Замын-Үүд рүү явсан. Улаанбаатараас Приус-20 машины түлхүүр, бичил компьютер авч, талийгчийн машиныг авчрах зорилгоор 3 сарын 17-ны үүрээр Улаанбаатарт буцаж ирээд талийгч найзын гэрийнх нь гадаа машиныг нь тавьсан. 3 сарын 18-нд бид талийгчийг солигдон сахиж байсан учраас өглөө нь залгасан “биеийн байдал, өглөө миний дүү Пүрэв ирсэн, түүний дараа болцгооё” гэж тохиролцсон. Дүү сахина гэсэн юм.
3 сарын 21-ний өглөө бид Улаанбаатар гарах уу, бид сахих ээлж гэж М рүү ярьтал талийгчийн дүү Довчин нар ирсэн, одоо Улаанбаатар руу авч явна гэж байна гэсэн. Бид Хөх хотын доктор ба Эрээний эмчлэгч эмчийн захисан “зөвхөн тусгай зориулалтын вагоноор” өвчтөнийг авч яв, автомашинаар зөөвөрлөж болохгүй гэсэн, яах вэ, хэд хоног хүлээж болохгүй юу гэж хэлсэн. Эд нар шийдчихлээ, би бас яаж ч болоогүй шийдлээ гэж миний эхнэрт хэлсэн ба Эрээнээс-Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тусгай эмнэлгийн автомашины зардлыг шилжүүлэхийг хүссэн, бид шилжүүлсэн. 3 сарын 22-нд Эрээнээс тэд наашаа Улаанбаатар руу хөдөлцгөөсөн. Би эхнэрийнхээ хамт 14 дүгээр зөрлөгийн хавьд хүлээж байсан. Чойр дээр явж байна, биеийн байдал гайгүй гэж ярьж байсан. Удалгүй түргэний машин, урд талд нь Приус-20 хурдтай давхин өнгөрсөн. Бид зам руу буцаж эргэн араас нь хөөгөөд гүйцээгүй. Улаанбаатарт орж ирээд залгатал муу мэдээ сонсоод үнэхээр харамсан гашуудсан. Талийгчийнхаа буяны ажилд нь хамт байж, сүүлчийн замд нь үдэлцсэн. Бидний хамтдаа хийж бүтээсэн он жилүүд дурсамжууд байнга дурсагдаж байдаг. Найз минь ухаан орсон ч болоосой гэж одоо ч бодсоор харамсан суудаг. Хоёр шатны шүүх хурал дээр талийгчийг миний хөлсөлсөн өрөөнөөс гарч хонгилын лифт /цахилгаан шат/ рүү явалгүй, явган шатаар 5 давхраас доош явганаар буусныг одоо хүртэл ярилцаагүй. Шат нь бидний хөлсөлсөн өрөөний урд байсан.
Намайг талийгчид гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй байхад 2 шатны шүүх үндэслэлгүй таамаглаж шийдсэн. Иймд надад оногдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:
“Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 395 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.07-ны өдрийн 898 тоот магадлалаар шүүгдэгч С.Мад холбогдох Эрүүгийн хуулийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 1807001780080 дугаартай хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оноож шийдвэрлэхдээ хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн, хэргийн талаар ямар ч хуулийн үндэслэлгүй худал дүгнэлт өгсөн, хэрэгт хэт нэг талыг барьж эргэлзээтэй байдлыг бодит байдал мэтээр илт худал мэдүүлэн, хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх заалтуудыг ноцтой зөрчиж, нотлох чадвараа алдсан буюу үнэлэх боломжгүй нотлох баримтуудыг үнэлэн, гэм буруугийн талаар ноцтой эргэлзээ бүхий байдлыг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр хүний эрхийг шууд зөрчиж хүнийг хэлмэгдүүлсэн, ЭХХШТХ-ийн 16.1,16.2-р зүйлүүд, мөн хуулийн 42-р бүлгийн 42.1, 42.6-р зүйлүүдийг илтэд шууд зөрчсөн гэж үзэж ЭХХШТХ-ийн 40.1-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн уг гомдлыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гаргаж байна. Үүнд:
1.ЭХХШТХ-ийн 16.1,16.2, 42.1,42.6 -р зүйлүүдийг зөрчсөн талаар:
Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журмыг илт шууд зөрчсөн, нотлох баримтыг үнэлэн илт гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 40.1-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн. Учир нь, ЭХХШТХ-ийн 16.1-р зүйлийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт...” гэж тооцохыг хуулиар тодорхойлсон байх ба нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авагдаж байж л нотлох чадвартай болохыг шууд заажээ. Иймээс энэ хуульд заасан журмаас гадуур, эсвэл илтэд зөрчиж цуглуулсан бол уг нотлох баримт нь ямар ч тохиолдолд хэргийн нотлох баримтаар тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Т.Мад холбогдох хэрэгт энэ байдал нь шууд зорчигдсөн бөгөөд нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, хөндлөнгийн хийсвэр оюун дүгнэлт хийж, ЭХХШТХ-ийн 16.2-р бүхэлд нь, мөн хуулийн 42.1, 42.6-р зүйлүүдийг бүр илт зөрчсөн байхад гэм бурууг нотлох баримтаар шууд үнэлж байгаа нь хэтэрхий буруутгасан, хуулийг хэт хялбарчлан тайлбарлаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр боллоо.
Тухайлбал, ЭХХШТХ-ийн 42.1-р зүйлд УЕПГ-аас БНХАУ-ын Ерөнхий ПГ-т явуулсан албан бичгийн хариу ирээгүй, мөрдөгч нь албан томилолтоор БНХАУ-д зорчиж, хилийн чанадад ЭХХША явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт байгаа албан томилолт, галт тэрэгний билет, илтгэх хуудас зэргээр нотлогдож байх ба одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНМАУ, БНХАУ-ын хооронд эрүү, иргэний хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ /1989.08.31/-ний Гуравдугаар зүйл Харилцах журам: 1.Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна. 2.Энэ зүйлийн 1-д заасан “Төв байгууллага” гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; БНХАУ-ын хувьд БНХАУ-ын Шүүх Яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ ”, 23 дугаар зүйл. Эрх зүйн туслалцааны хэмжээ хязгаар “Хэлэлцэн тохирогч Тал бүр нөгөө Талынхаа хүсэлтээр эрүүгийн хэргийн талаархи баримт бичгийг харилцан хүргүүлэх, гардуулан өгөх, зохигчид, сэжигтэн, ялтан, гэрч, шинжээч болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч бусад этгээдийг мөрдөн байцаах, магадлагаа, үзлэг, шинжилгээ хийх буюу мөрдөн шалгаж нотолгоо гаргуулан авахтай холбогдсон байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна.” гэсэн заалт болон ЭХХШТХ-ийн 42.6-р зүйлийн 2-т заасныг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн гэж үзнэ. Бид ийм байдлаар хууль зөрчсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байна.
2.ЭХХШТХ-ийн 39.5, 39.6, 40.1-р зүйлийн 1.2 заалтыг баримтлаагүй талаар:
Анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэл муутай, хэтэрхий таамаглалын шинжтэй, тохиолдлын байж болох, эсвэл бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байдлыг хооронд нь шууд холбож, хамгийн гол нь талийгчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Т.Мын үйлдлийн улмаас болсон гэдгийг нотлоогүй, нотлох баримт байхгүй байхад хийсвэрлэн сэтгэж гэм буруутайд тооцсон гэж үзэж эрс буруушааж байгаагаа тэмдэглэж байна.
Хэрэгт илт худал дүгнэлт хийсэн нь дараахь баримтаар нотлогдоно. Үүнд: Шийтгэх тогтоолын 10-р хуудасны дээрээсээ 3 дахь догол мөрнөөс эхэлж буй дүгнэлт хэсэгт “ ...Уг шүүгчийн захирамжид заасны дагуу БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу ЦЕГ-ын МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс БНХАУ-ын Мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад /ямар байгууллагад гэдэг нь тодорхойгүй ???/ эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэж 2019.03.18-ны өдөр даалгаврыг хүргүүлжээ. Үүний дагуу БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ... эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талд хүлээлгэж өгсөн нь монгол орчуулгатайгаар хавтаст хэрэгт /5 хх-ийн 4-24-р тал/ авагдсан байна. ... хууль зөрчсөн зүйл байхгүй, шүүгдэгч Т.Мын бизнесийн хамтрагчаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт зодож, аврагдах боломжгүй хүнд гэмтэл санаатай учруулж амь насыг нь хохироосон талаарх БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авсан байх тул ...” гэж маш худал дүгнэлт хийжээ. Шүүх, шүүгч ийм илт худал үйл баримтыг шүүхийн шийдвэрт ингэж оруулж огт болохгүй. Ганцхан энэ дүгнэлтээр л шүүхийн шийдвэр нь илт үндэслэлгүй, тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тухайлбал дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, илтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна гэж үзэж ЭХХШТХ-ийн 39.6-р зүйлийн 1.1, 1.3, 1.4, 40.1-р зүйлийн 1.2 дэх заалтуудад тодорхойлсон зөрчил гаргасан гэж үзнэ.
БНХАУ-аас ирсэн гээд дүгнээд байгаа баримт нь 1-рт “хууль, олон улсын гэрээнд зааснаар ирээгүй, мөрдөгч дур мэдэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт ЭХХША явуулж олж ирсэн”, 2-рт хамгийн ноцтой нь эдгээр баримтад иргэн Т.М гэмт хэрэг үйлдсэн талаар нэг ч үг үсэг өгүүлбэр, нотлох баримт байхгүй болно.
Дээрх байдлуудыг дүгнэж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үнэлсэн, хэргийн талаар ямар ч хуулийн үндэслэлгүй худал дүгнэлт хийсэн, хэрэгт хэт нэг талыг барьж эргэлзээтэй байдлыг бодит байдал мэтээр илт үндэслэлгүй дүгнэсэн, хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх заалтуудыг ноцтой зөрчиж, нотлох чадвараа алдсан буюу үнэлэх боломжгүй нотлох баримтуудыг үнэлэн, гэм буруугийн талаар ноцтой эргэлзээ бүхий байдлыг тогтоосон, ямар ч нотлох баримтгүйгээр хүний эрхийг шууд зөрчиж, хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон, гэм буруу нь нотлох баримтаар нотлогдоогүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 395 тоот шийтгэх тогтоол нь ЭХХШТХ-ийн 16.1, 16.2-р зүйлүүд, мөн хуулийн 42-р бүлгийн 42.1, 42.6-р зүйлүүдийг илтэд шууд зөрчсөн болохыг хянан тогтоож, ЭХХШТХ-ийн 40.1-р зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн, мөн хуулийн 40.8-р зүйлийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн 33.1-р зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 898 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:
1.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн ажиллагаа болон цуглуулж авсан нотлох баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р бүлэгт заасан Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй бөгөөд уг хуулийн 42.1 /Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах/, 42.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Уг заалтын дагуу Нийслэлийн прокурорын орлогч Насанбат мөрдөн шалгах ажиллагааг явуулах хугацааг сунгах тогтоолууддаа “БНХАУ-руу хоёр орны хооронд байгуулагдсан Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу нотлох баримт авах хүсэлт гаргасан тул...” хугацааг сунгах үндэслэлтэй гэж заасан. Гэтэл шүүх уг ажиллагааны үр дүн тодорхойгүй, биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Шүүхийн тогтоол, магадлалд: ...Дорноговь аймгийн цагдаагийн газар болон БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газар хоорондын 2013.02.25-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг /4хх-128-133/ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил хэргийн харилцаа нэгэнт бүрэлдэн бий болсон... гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Санамж бичиг” бол гэрээ биш. Олон улсын гэрээ нь Монгол Улсын хуулийн адил үйлчилж, уг гэрээг талуудын эрх бүхий байгууллага хууль болон гэрээнд заасан заалтыг чанд мөрдөж хэрэгжүүлдэг. Хүний эрхийг харилцан хамгаалах зорилгоор БНМАУ, БНХАУ-ын хооронд 1989 онд байгуулсан иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг гэрээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р бүлэгт заасан журмаар хэрэгжүүлнэ. Гэрээнээс давсан хүчин чадалтай “Санамж бичиг” гэж ойлголт байхгүй. Шүүх хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ буруу үнэлж, “Т.Мыг амь хохирогч Ш.Цд амь нас аврагдах боломжгүй, гавал тархины хүнд гэмтэл учруулж хүн алах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлогдвол зохих байдлууд” тогтоогдоогүй. Т.Мыг ямар сэдлээр, ямар үйлдэл хийж, яаж гэмтэл учруулсныг нотолж чадаагүй. Харин хохирогч Ш.Ц согтууруулах ундаа хэрэглэсэн, өрөөндөө орж, өрөөнөөсөө гарч явсан, зочид буудлын гадаа гарсан, дотогш орж ирсэн зэрэг үйлдлийг нотолсон камерын бичлэг бүхий нотлох баримт байдаг.
Гэтэл шүүх гэрч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэхдээ “Т.Мын зодсон үйлдлийг нуух зорилготой худал мэдүүлэг өгсөн” гэсэн нь таамагласан, огт нотлогдоогүй үйлдлийг нууж худал мэдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Харин гэрч Д.О нь “Т.М, хохирогч Ц нар надад гудамжинд хүмүүст зодуулсан гэж хэлсэн, би тийм үг яриаг энэ 2-оос сонссон” гэж мэдүүлсэн. Түүнээс биш “Т.М хохирогч Цг зодсон гэж мэдүүлчихээд, мэдүүлгээ өөрчилж “зодоогүй” гэж худал мэдүүлсэн үйлдэл хийгээгүйг шүүх анхаарч үзээгүй. Мөн өөр гэрч нараас “Т.М хохирогч Цг зодсон тухай ямар ч мэдүүлэг хэрэгт байхгүй болно.
Хэрэв гэрч Д.Ог Т.Мын үйлдлийг нууж худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэвэл хохирогч Цг М зодсон үйлдлийг ганц ч болов гэрчийн мэдүүлгээр нотолсон байх ёстой. Нотлоогүй үйл баримтыг нотолсон гэж таамаглаж дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Хохирогч Цгийн биед Гавлын хамгийн нимгэн орой яс болох баруун чамархай яс цуурч, хугарч /шугаман/ гавлын хөндийд цусан хураа /нөж/ үүсч тархийг дарсан гэмтлийн хүндрэл үүсч мэс засалд орсон болох нь БНХАУ-ын Эрээн хотын эмнэлгийн тодорхойлолт, КТГ-ийн шинжилгээгээр нотлогдсон. Энэ гавал тархины гэмтэл нь амьдралд зонхилон тохиолддог гэмтэл бөгөөд хатуу мохоо зүйл баруун чамархайн хэсэгт үйлчилснээс үүснэ. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт цохигдох хүч үйлчилсэн үед үүснэ. “Цохилт” гэдэг нь баруун чамархайн хэсгээр хатуу зүйл дээр унах, эсхүл баруун чамархайн хэсэгт хатуу зүйлээр цохихын аль аль нь хамаарна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар “цохисон гэмт үйлдэл” нотлогдоогүй, харин унасан байх нөхцөл байдал нотлогдсон ба гэрч Ог 3-р сарын 13-ны өглөө өрөөнд нь ороход хохирогч Ц унасан, бөөлжсөн байдалтай байсан нь нотлогдсон.
Камерын бичлэгт Ц тархины гэмтэл авсан байх буудлын бүх камер /явган шатны хэсгийн/-ын бичлэг байхгүй. Дээрх нотлох баримтуудад үндэслэн Т.М хохирогч Цд хэрхэн, яаж гэмтэл учруулсан нь огт нотлогдоогүйг шүүх анхаарч дүгнэлт хийлгүй хэт яллах тал барьж таамаглаж шийдвэрлэсэн. Гэрч Огийн мэдүүлгээр М хохирогч Цтэй маргалдаж муудалцсан, зодолдсон үйл баримт болоогүй нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн 28 дугаартай дүгнэлтээр “Баруун чамархай ясны шугаман хугарал, цусан хураа үүсч тархи дарагдаж мэс засалд орсон нь тогтоогдсон бөгөөд энэ гэмтэл нь унахад үүсэх боломжтой эсэх, гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг зайлшгүй тогтоолгох, БНХАУ-ын Эрээн хотын эмнэлэгт хагалгаа хийсний дараа эмчийн өгсөн зөвлөгөөнд “Тээвэрлэх нь үхэлд хүргэх аюултай” гэж ар гэрт нь хэлсэн талаар өвчний түүхэнд тэмдэглэсэн байна. 700 км замд хохирогчийг автомашинаар тээвэрлэх нь түүний амь насанд аюултай байсан эсэх, ийм хагалгааны дараа тээвэрлэх нь хориглосон заалт мөн эсэх, асуудлыг шинжээч томилж шинжилгээ хийлгэж тогтоолгоогүй.
Задлан шинжилгээ хийх үед тархинд шинэ цусан хураа 8x5x0.5 см хэмжээтэй үүссэн нь автомашинаар 700 км зайд тээвэрлэхэд үүссэн, нэмэгдсэн байж болох эсэхийг шинжээчээр тогтоолгох зэрэг ажиллагааг хийгээгүй байж, ийм ажиллагаа хийлгэх өмгөөлөгчийн хүсэлтийг прокурор хүлээн авахаас татгалзаж, нотлогдвол зохих байдлыг гүйцэт тогтоогоогүй. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Т.Мад холбогдох хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Дорноговь аймгийн Цагдаагийн газар болон Эрээн хотын Цагдаагийн газар хооронд харилцан ажиллах санамж бичгийн дагуу хэргийн нотлох баримтыг цуглуулсан. 2018 оны 3 дугаар сард хэрэг үйлдэгдсэнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа маш удааширсан, хохирогчийн ар гэрийнхэнд маш хэцүү байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Ариунзаяа өгснөөр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажилласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн харьяаллыг Цагдаагийн Ерөнхий газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, хяналтын харьяаллыг Нийслэлийн прокурорын газарт тогтоосон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын дагуу 4 мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шалгаж эхэлсэн. Дээрх тогтоолоор томилогдсон байцаагч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэрчийг Эрээн хотод байрлах консулын газарт асуусан. Шүүгдэгч Т.М нь амь хохирогч Ш.Цд гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ш.Ц нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины эдийн няцрал, дарагдал, зүүн 6, баруун 2 хавирганы зөрөөгүй хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн бугалга, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон.
Шинжээч эмч “амь хохирогч Ш.Цгийн зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун зүүн, бугала, зүүн суга, хэвлийд цус хуралт гэмтлүүд нь, захаараа шаргал туяа үүссэн байдал нь гэмтэл үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн буюу хэрэг болсон гэх 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд үүссэн байх боломжтой, дээрх задлан шинжилгээгээр цогцосны гавал тархины өөрчлөлтөд илэрсэн эмгэгүүдээс үзэхэд баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эдийн шигдээс нь гэмтлийн гаралтай үүссэн өөрчлөлтүүд болно” гэж мэдүүлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр Т.Мын биед баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Шүүх Т.М, Д.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.М, Д.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мыг 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд иргэн Ш.Цг зодож, амь нас нь аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас Эрээн хотын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, улмаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэгдэн хүргэгдэх замдаа амьсгал гэнэт зогсож нас барсан,
Шүүгдэгч Д.Ог 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд Т.М нь иргэн Ш.Цг зодож, амь нас аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учруулсан болохыг мэдсээр байж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сараын 17-ны өдөр 2 удаа тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Т.М, Ш.Ц хоёр хоёулаа гурван Өвөрмонгол, Хятад хүн ирээд бид хоёрын толгой нүд рүү цохьчихоод зугтаачихлаа гэж хэлж байсан”, “тэр хоёр бусдад зодуулсан гэж яриад байсан” гэх зэргээр Т.Мын Ш.Цг зодсон үйлдлийг нууж хаах зорилготой зориуд худал мэдүүлсэн гэж тус тус дүгнэн, Т.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Монгол Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоосны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.М, Д.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримт хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжигдээгүй, мөн хэргийн талаар зайлшгүй хийгдвэл зохих зарим мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул дараахь ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
1.ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний дагуу БНХАУ-ын Мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хандаж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын 542 тоот өрөөнд үйлдэгдсэн гэх хэргийн талаар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр явуулсан даалгаврын /5хх-48/ хариу хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасан журмын дагуу ирээгүй бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газраас ирүүлсэн БНХАУ-ын Эрээн хотын “Хуа Лянь” нэртэй зочид буудлын камерын бичлэг, хэргийн талаар нэр бүхий иргэдийн өгсөн гэрчийн мэдүүлэг, амь хохирогч Ш.Цгийн өвчний түүх зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжигдээгүй байх тул дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж хууль ёсны болгох,
2.Амь хохирогч Ш.Цг БНХАУ-ын Эрээн хотын эмнэлгээс автомашинаар тээвэрлэн Монгол улсын хил нэвтрүүлж, улмаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэх явцад тэрээр нас барсан байх тул түүнийг мэс заслын дараа автомашинаар тээвэрлэсэн нь түүнд учирсан тархины гэмтэл хүндэрч нас барахад нөлөөлсөн эсэхийг шинжээчээр дүгнэлт гаргуулах замаар нэг мөр нягтлан тогтоох зэрэг болно.
Түүнээс гадна анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалт, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 3 дахь заалтыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Иймд шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.М, Д.О нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Мыг цагдан хорих, Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Мын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мд 13.220.000 төгрөгийн хохирол төлсөн талаар өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 898 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.М, Д.О нарт холбогдох 1807001780080 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол Т.Мыг цагдан хорих, Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүгдэгч Т.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мд 13.220.000 төгрөг төлсөн тухай баримтыг хэрэгт хавсаргасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН