Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0643/З |
Дугаар | 221/МА2019/0030 |
Огноо | 2019-01-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0030
2019 оны 01 сарын 16 өдөр Дугаар 221/МА2019/0030 Улаанбаатар хот
Ж.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ж.Э-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Э-ыг урьд эрхэлж байсан сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2959431 /хоёр сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамны сайдын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг хариуцагч зөвшөөрөхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Ж.Э сайдын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд “2017 онд үүрэгт бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндсэр учруулж байсан нь санхүүгийн тайлангийн “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй, ... байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн тул Төрийн захиргаа, удирдлагын газрын тооцооны нягтлан бодогчоор 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилогдсон боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаартай тушаалаар Ж.Э-ыг үүрэгт ажлаас нь халсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ гэх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цуглуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Үндэсний аудитын газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 02/195 САГ-2018/30/СТА-ТЕЗ дугаар албан шаардлагаар Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар “Эрүүл мэндийн сайдын багцын тооцооны нягтлан бодогч, төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн нар цаг хугацаанд нь үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулж байсан ...” гэсэн үндэслэлээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, санхүүгийн ажилтнуудыг чадваржуулах, хариуцлагатай ажиллуулах талаар зохих арга хэмжээ авч, шаардлагын биелэлтийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг хариуцагчид даалгажээ.
Хариуцагчаас дээрх албан шаардлагыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй байдал, түүний улмаас төрийн албанд учирсан үр дагавар зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр төрийн албанаас халахаар зохицуулжээ.
Үндэсний аудитын газрын албан шаардлагад Эрүүл мэндийн сайдын багцын тооцооны нягтлан бодогч, төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн нарын зөрчлийн талаар дурдаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, санхүүгийн ажилтнуудыг чадваржуулах, хариуцлагатай ажиллуулахыг шаардсан байхад уг албан шаардлагад дурдсан санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа шууд хамаарсан гэх үндэслэлийг тогтоогоогүй байхад төрийн албанаас халах үндэслэл болгосон нь буруу байна.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1045 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар “... Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул “Зөрчилгүй” санал дүгнэлт” гаргасан байна. Хэрэв санхүүгийн үйл ажиллагаа зөрчилтэй байсан тохиолдолд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн эсэх талаар тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. Гэтэл санхүүгийн хувьд зөрчилгүй гэж дүгнэсэн атлаа “санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох тухай албан шаардлага хүргүүлсний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан нь зөрчилтэй болжээ.
Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдолд тухайн албан хаагчийг халах шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага өөрийн гаргаж буй захиргааны актыг гаргах болсон үйл баримтыг шалгаж, тогтоосны үндсэн дээр тухайн нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах, тухайн тохиолдлыг шийдвэрлэсэн актын талаар маргаан гарсан тохиолдолд актын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Энэ тохиолдолд шүүх ажлаас халсан акт үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хянаж, нэхэмжлэлийн болон хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Үндэсний аудитын газрын албан шаардлагатай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд актын үндэслэл болсон уг шаардлагын талаар тайлбар гаргаж мэтгэлцэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын “мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хариуцагчаас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлүүдийг тогтоолгүйгээгээр Үндэсний аудитын газрын албан шаардлагыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас халсан нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ