Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/107

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М

 шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Э-ын Х-т холбогдох эрүүгийн 1817001590089 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бо. овогт Э-ын Х /РД:........./, Улаанбаатар хотод 1980 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын............. тоотод оршин суух, Баянтал сумын Эрүүл мэндийн төвд статистикч бага эмч ажилтай, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын 18 дугаар зөрлөгөөс урагш 71-26 ГСА улсын дугаартай Исузү Бигхорн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.3.б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Д.З, Б.М нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 НЭГ. Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Төмөр замын 18 дугаар зөрлөгөөс баруун урагш төмөр замын баруун талын шороон замаар 71-26 ГСА улсын дугаартай Исузү Бигхорн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3.б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган Д.З, Б.М нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 06-нд нийгмийн ажилтан Д, үйлчлэгч З бид хэд өдөр цайны цагаар М эмчтэй цайны газар хоол идье гэж ярьцгаагаад М эмч рүү залгахад М эмч хүрээд ир гэсэн. Тэгээд бид нар цайны газар очиж хоол идэцгээсэн. Хоолоо идэж дуусаад гараад 1 шил архи аваад Баянтал сумын Хүдрийн үйлдвэрийн урд хүн харагдахгүй, хэл амнаас хол очиж ууя гээд очсон. М эмч Х уугаад хэрэггүй маргааш наадам болно гээд М эмч, Д, З нар нэг шил архиа уусан. Би аягалж өгсөн. Нөгөө хэд ахиад нэг шил архи авъя гээд буцаж цайны газар очиж нэг шил архи аваад бүгдээрээ өөр газар очъё, тэр хавиар хүн, машин тэрэг яваад байна гээд төмөр замын урд нүхэн гармаар гараад тэндээс 200 метр орчим яваад авсан архиа дөрвүүлээ ууцгаасан. Удаагүй байж байтал бороо асгараад ус урсаад, их усархаг бороо орсон. Тэгээд бүгдээрээ болъё гээд буцаад нүхэн гармаар гарах гээд явж байтал М эмч бүгдээрээ Тойруулынд очъё гээд буцаж өгсөөд хойд зүг рүү явж байхад замын ховилоор их ус урсаж байсан. Тэр урсаж байсан усанд нэг хальтирч орсон. Замын баруун талаар ус тогтсоны хажууд адуу байсан. Би үргэчих байх гээд дартал тэр чигээрээ гулгаад юу болсоныг мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. Намайг Д цохиж алгадаж сэрээхэд машины хойд талд М эмч, З хоёрыг гаргачихсан байсан. Д би дуудлага өгч чадахгүй байна, буруу заагаад байна гэхээр нь би утсыг нь аваад түргэний жолооч руу ярихад буруу газраар хайгаад явж байсан тул би замыг зөв зааж өгсөн. М эмч З хоёр газарт хэвтчихсэн, З-ын толгойноос цус гарсан, М эмч цээж рүү нь цохьчихсон юм шиг хүндхэн амьсгаатай байсан. Би В ангиллын жолооны эрхтэй. Говьсүмбэр аймагт жолооны курс төгссөн. 5 жил болж байгаа. Зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Осол болсон шалгаан нь зам дээр хальтираад би жолоогоо буруу дарснаас болсон гэж бодож байна. 71-26 ГСА авто тээврийн хэрэгсэл миний машин. Би жолоо бариад, миний хажууд Минсэл эмчийн ач хүү А, миний ард харалдаа Д, М эмч голд нь, баруун талд нь З сууж байсан. Одоо даргаа буруутгалтай нь биш, даргын зөвшөөрлөөр архинаас 2 удаа татсан. Аваар болох хүртэл бүх үйл явдлыг санаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нараас уучлалт гуйж байна, маш их харамсаж байна гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 06-ны орой 20 цаг 08 минутанд ээж рүү залгахад утас нь холбогдоогүй, ахиад залгахад би Д байна гээд утасны цаанаас уйлсан орилсон байдалтайгаар юу болсон яасанаа огт хэлээгүй, хэлэхгүй байгаад байсан. Утас тасрахаасаа өмнө осол болчихлоо гэсэн. Би ах, дүү нартаа хэлээд ах, бэр эгчтэйгээ хамт Говьсүмбэр аймаг руу явсан. Орой Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ирж ээжийнхээ биеийн байдалтай танилцсан. Өвчин намдаах эм, нойрсуулагчийг маш өндөр тунтайгаар хийсэн байдалтай байсан. Ээжийнхээ хувийн байдлын талаар хэлэх нь зөв гэж бодож байна. Миний ээж Эрүүлийг хамгаалах байгууллагад мэдрэлийн эмчээр нийтдээ 34-35 жил ажиллаа. Амьдралынхаа ихэнх хугацааг мэдрэлийн эмчийн гол онцлог хүнийг сэхээе, босгоё ослын дараах хүндрэлүүд дээр босгох гэсэн сэтгэл зүрхээр ажилладаг, эмч нарын төрөл дотроо өвөрмөц онцлог мэргэжлээр ажиллаж байсан хүн. Өнөөдрийн хувь тавилан нь хэн нэгний буруутай үйлдлийн улмаас үлдсэн богинохон нас нь байнгын асаргаанд, өөрийнхөө эмчилдэг байсан хүмүүсийн байдал дээр эргээд очиж байгаа нь маш харамсалтай санагдаж байна. Маш их гомдож байна, буруутай хүнийг маш их үзэн ядаж байна, маш их хорсож байгаа, маш их биеэ барьж байгаа. Өнөөдрийн ярьж байгаа зүйлүүд шиг архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулдаг, хэн нэгнийг архи битгий уу, уу гэдэг зөвшөөрөл өгдөг нь манай ээж биш. Одоо амь нь байгаа боловч ухаан нь байхгүй байдалтай, их хэцүү байна. Би өдий 30 наслахдаа ээжийгээ архи согтууруулах ундаа өдөр хоног дараалан хэрэглэдэг, байгууллага хамт олноо уриалдаг, биеэ авч явж чадахгүй болтлоо согтож байсныг нүдээрээ хараагүй гэдгийг хэлмээр байна. Хохирол төлбөрийн хувьд бол төлөх гэж биш доромжлох гэж өгсөн байх гэж би боддог. Зүгээр л 1 500 000 төгрөгийг ухаангүй байгаа миний ээжийн данс руу хийсэн. Энэ нь хүний эрүүл мэнд, амь насыг 1 500 000 төгрөгөөр үнэлж байна гэж би үзсэн. Одоо манай ах ээжийг байнга асарч байгаа. Өмгөөлөгчийн асуугаад байгаа шиг би энэ хүнтэй уулзаад би хуулийн хүн байна, чамайг яаж ийж байгаад мууг чинь үзнэ ээ гэдэг нэг ч үг өгүүлбэрийг өнөөдрийн байдлаар цухуйлгаж үзээгүй. Надад тийм ёс зүй байхгүй. Гэртээ ач хүүтэйгээ хоолоо идэх гээд амарч байгаа хүнийг яах гэж дуудаж гаргаж ирээд хэл амтай газар гээд нүднээс далд архи уух гэж дагуулж гарч байгаа юм бэ би санаатай үйлдэл гэж ойлгож байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр утсаар ярихад ажлынхаа Д, Х хоёртой таарамжгүй харьцаатай байгаагаа хэлж байсан. Адуу орж ирсэн талаар хэн ч нэг ч үг өгүүлбэр цухуйлгаагүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр шарваагүй зүгээр л замаасаа гараад явсан, тоормос гишгэсэн мөр ч байхгүй.Согтуу хүний самбаачлах хугацаа саардаг. Хөнгөн зэрэг гэж гарч байгаа боловч 1,4 согтолт гэдэг нь тодорхой хэмжээнд хяналтаа алдаад явж байсан үе шүү. Гэм буруугаа 100 хувь хүлээж байна гэж би итгэхгүй байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд хохиролд ганц төгрөг төлөөгүй. Харин яаж би энэ байдлаас эвтэйхэн гарчих уу, ингэж ярьвал би гарчих юм болов уу гэсэн байдлаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт нийтдээ 7 494 408 төгрөг баримт өгсөн. Үүн дээр сая нэмж өгсөн баримтыг нэмж хохирлоо нэхэмжлэнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол гээд 25 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

1.3. Хохирогч Д.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянтал сумын эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтан ажилтай Д нь Эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэх шагнал авсан. Тэгээд их эмч М, М-ийн ач хүү А, Нийгмийн ажилтан Д, дүн бүртгэгч Х бид нар Баянтал сумын О эгчийн цайны газарт хоол идээд төмөр замын нүхэн гармаар гарч 1 шил 0,75 литрийн Болор нэртэй архи хувааж уусан. Цааш нь санахгүй байгаа нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн байсан. Нуруу удаан суухаар хөшиж өвдөөд байгаа өөр өвдөж зовиурласан зүйл байхгүй. Тухайн өдөр бороо шивэрсэн бүрхэг өдөр байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-33 хуудас/

 

 1.4. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...П эмч тааралдаад танай дүү З аваарт ороод ирсэн байна гэж хэлэхээр нь би З-ын өрөөнд ороод уулзахад юм ярьж чадахгүй ёолоод байсан. Миний сонссоноор М эмч, Х, бас нэг сувилагч хүүхэн, нэг жаахан хүүхэд явж байгаад зам тээврийн осолд орсон гэсэн. Х гэх хүний машинтай явж байсан гэж сонссон. З-ын хүзүүний 2 яс хугарсан, зүүн гар хугарсан, баруун талын хавирга хугарсан, толгойн хуйх язарч оёдол тавиулсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34-35 хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч М.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед манай эмээ М гэртээ ирээд бид хоёр хоолоо хийгээд идэх гээд байж байтал Д эгч, Х ах, З эгч нар манай гэрийн гадаа Х ахын машинтай ирээд манай эмээг гараад ир гээд утсаар дуудсан. Эмээ тэр хэдэд гарч чадахгүй байна гээд утсаа салгасан. Эмээ рүү тэр хэд дахиад утсаар залгахаар нь эмээ хоёулаа хамт явъя гэсэн. Тэр хэд О эгчийн цайны газарт очиж хоол идье гэсэн. Гуанзанд хоол идэх гээд сууж байхад Х ах дэлгүүрээс Болор нэртэй 0,75 литрийн архи 1 шил, нэг зеро кола ундаа авсан. Х ах, Д эгч, З эгч нар манайд анх ирэхдээ архи бага зэрэг уусан архи нь үнэртэж байсан. Дэлгүүрээс авсан Болор архиа ноосны үйлдвэрийн хажуу талын шороон дунд очоод талыг нь уусан. Тэгсэн тэнд машин шороо асгаад, хажууд нь байсан явган хүн бид нар луу хараад байсан чинь Х ах эндээс хэдүүлээ явъя хүн хараад байна гэсэн. Х ах өөрөө машинаа жолоодоод тэндээс О эгчийн дэлгүүр ороод дахиад Болор нэртэй архи аваад төмөр замын урд талд байдаг нүхэн гарцаар төмөр замынхаа баруун талд гараад нүхэн гүүрнээс урагш Чойр тал руу 200 орчим метр яваад зогсоод тэр хэд архи уусаар байгаад 2 цаг орчим болсон. 2 шил архиа бүгдийг нь уусан. Тэгээд Т гэх айлд очно гэж яриад зогсож байсан газраасаа хойд зүг рүү Улаанбаатар хот тал руугаа төмөр замынхаа баруун талаар торон хашааг дагаад шороон замаар явсан. Х ах архи уугаад нилээн согтсон нүд нь анилдаад яваад байсан. Тухайн үед бороо ороод зам дээр шалбааг тогтсон байсан. Эхлээд нэг шалбааг дээр гараад Х ахын машин шарваад бөгс нь далийж байгаад зүгээр цаашаа явсан. Тэгээд дараагийн шалбааг дээгүүр гараад мөн шарваад тэр чигтээ далийж явсаар байгаад миний сууж явсан талаар замаасаа шарваж гараад унасан. Би машин дотор бариулаас тас зуурсан байсан. Миний санаж байгаагаар машин хоёр өнхөрөөд 4 дугуй дээрээ тогтсон. Би машинаас буухад Х ах машинаас зүүн урагшаа 20 орчим метр газарт шидэгдсэн байдалтай байсан. Эмээ машины гадна зүүн урд талд нь хажууд хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Д эгч арын суудлын урд хэсэг рүү унасан байсан. З эгч цээжин хэсэг нь ар багаж хэсэг рүү орсон, хөл хэсэг нь суудал дээрээ байсан. Би Д эгчийг дэмнээд машинаас буулгасан. З эгч өөрөө машинаас бууж ирсэн. З эгчийн духнаас цус гарч байсан. Х ах сэргээд босоод ирсэн. Эмээ амьсгаатай байсан. Эмээг дуудсан чинь ёо ёо гээд гараа нуруун доороо хийгээд байгаад байсан. Эмээгийнхээ утсыг аваад ярих гэсэн чинь Д эгч утас булааж аваад өгөхгүй байсан. Би тусламж дуудахаар төмөр замын торыг даваад засмал зам руу гүйгээд зам дээр ирээд Приус-20 маркийн машин зогсоогоод аваарт орчихлоо эмнэлэг рүү хүргээд өгөөч гэсэн. Тэр ах за гээд намайг Баянтал сум руу авч явсан...Х ахын машин зөв талдаа жолооны рультэй машин байсан. Х ах машинаа бариад би хажуу талын суудал дээр нь суусан. Миний ар талд З эгч, З эгчийн зүүн гар талд нь эмээ, эмээгий зүүн талд Д эгч сууж явсан. Миний бодлоор нилээн хурдтай явж байсан. Эмээ, Х ах, З эгч, Д эгч нар бүгд архи уусан байсан. Эмээ архи уусан ч гэсэн гайгүй байсан. Бусад нь нилээн согтсон байсан. Д эгч бүр унтаад өгсөн байсан. Хамгаалах бүс хэрэглэсэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 36-37 хуудас/

 

1.6. Гэрч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр ирсэн чинь З мэс заслын тасагт хэвтэж байсан. З-ын толгой, гар зэргийг нь боосон дугарч чадахгүй шахуу дуу султай байсан. Манай ах Ц эмчтэй уулзахад толгой яс цууралттай, тархи няцралттай, хүзүүний сэртэн яс, нурууны яс гэмтэлтэй байна гэж хэлсэн байсан. Өдөр цайны цагаар манайд ирээд цай уугаад явсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38-39 хуудас/

 

1.7. Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед хоол идэх гээд З, Х-ын машинтай М эмчийнд очоод би залгаад хоол идэх үү гэхэд Мзөвшөөрөөд гэрээсээ ач хүү А-ын хамт гарч ирээд бид нар Х-ын машинтай О эгчийн гуанз руу явсан. Хоолоо идээд хажуу талын дэлгүүр лүү З, Х нар ороод Болор нэртэй 0,75 литрийн архи аваад Баянтал суман дээр хэл ам ихтэй байдаг гээд хүдэрийн үйлдвэрийн урд талд архиа М, З, Д бид гурав хувааж уусан. Тэгээд М эмчийн хамаатан Т гэх айлд очно гэхээр нь би картаа өгч явуулаад дэлгүүрээс Болор нэртэй архи авсан. Айл руу явах замдаа архиа хувааж уусан. Тэгээд осол гарсан. 2 дахь Болор архинаас Х, З, М бид нар хувааж уугаад талд нь оруулсан байсан. Х нэг их согтоогүй байсан. Тухайн өдөр бороотой бүрхэг өдөр байсан. Яг адуу орж ирсэнийг хараагүй. Жолооч Х хүүе хүүе гэж орилж байгаад онхолдсон. Машин дотор байсан хүмүүс гадагшаа шидэгдэн унасан байсан. Тэгээд утас байсныг хараад тэр утсыг аваад Баянталаас эмнэлэг дуудсан. Жолоочийн хажууд А сууж явсан. Суудлын бүсээ хэрэглэсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. М эмч, З эгч бид 3 хойд талын суудал дээр сууж явсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40-42, 52 хуудас/

 

 1.8. Гэрч Н.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б.М гэх хүн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 19 хоног Харвалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн. М нь биеийн байдал маш хүнд ухаангүй, цагаан мөгөөрсөн хоолойн гуурс тавьсан, түүгээрээ амьсгалдаг. Тухайн хүн 2 удаа зүрх зогсож байсан учир тархины бүрхэвч доорх бүрхүүлийн цус харвалт үүссэн байсан. Хийгдсэн эмчилгээ нь тархины цусан хангамж сайжруулах, тархи хамгаалах болон 2 зэрэг хүндрэл хавсарсан антибиотик дархлаа дэмжих эмчилгээ авагдсан, бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд авагдсан. Хооллолтын байдал нь ходоодны гуурсаар хооллодог байсан. М-д тархины цахилгаан бичлэг, тархины компьютерийн томографик шинжилгээнүүдийг 2-3 удаа хийсэн. Мөн удаа дараагийн мэдрэлийн нарийвчилсан үзлэгээр тархины дээд мэдрэлийн үйл ажиллагаа үүнд ухамсарт ухаан сэргэх магадлал туйлын бага гэж үзсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49-51 хуудас/

 

 1.9. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 7292 дугаар дүгнэлтэнд: “шинжилгээнд ирүүлсэн Э.Х-ын гэж хаягласан цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” Дүгнэлт гаргасан: химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ц гэжээ. /1-р х.х-ийн 58 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 497 дугаар дүгнэлтэнд: “Исузү Бигхорн маркийн 71-26 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг баримталж хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна. Дүгнэлт гаргасан: цагдаагийн хошууч Я.С гэжээ. /1-р х.х-ийн 62- 63 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 239 дүгээр дүгнэлтэнд: “Д.З-ын биед Хүзүүний С-2 нугаламын шүдлэг сэртэн суурь хэсгээр бяцарч, нугаламын урд хана руу үргэлжилсэн зөрөөгүй хугаралтай, Th-2Th-2.3.4 нугаламуудын баруун хөндлөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал. Зүүн шууны бугуйн хэсгийн хугарал, тархи доргилт, толгойн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /1-р х.х-ийн 96 хуудас/

 

1.12. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8844 дүгээр дүгнэлтэнд: “М-ийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины гүүр, зүүн чамархайн их тархины ховил, аалзан хальсан доорхи тархмал няцрал, цус харвалт, цээжний баруун талын 4,5,6,7,8,9 дүгээр хавирга ясны далд хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун талын шингэн хуралдалт, баруун аарцаг ясны далд хугарал, цээж, баруун тохой, зулайн хуйх, зүүн хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ц.О гэжээ. /1-р х.х-ийн 107 хуудас/

 

 1.13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд байсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 5-13 хуудас/

 

1.14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р х.х-ийн 14-18 хуудас/

 

1.15. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 19 хуудас/

 

1.16. Өвчний түүхийн хуулбарууд, Б.М-ийн оношлогоо шинжилгээний холбогдох баримтууд /1-р х.х-ийн 72-92, 97-105, 110-205, 217-236 хуудас/

 

 1.17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхний хуулбар /2-р х.хийн 11-12 хуудас/ зэрэг болно

 

Иймд шүүгдэгч Э.Х-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-33 хуудас/

 

2.2. Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар дүгнэлтэнд: “Э.Х-ын биед авто ослын улмаас үүссэн зүүн чамархайд субдурал цус харвалт, тархи доргилт, зүүн шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”

 Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /1-р х.х-ийн 69 хуудас/

 

2.3. Шүүгдэгч Э.Х-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р х.х-ийн 237-340 хуудас/

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2-р х.х-ийн 2 хуудас/

 

 2.5. Баянтал сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн тушаалын хуулбар, Э.Х-ын ажил байдлын тодорхойлолт /2-р х.х-ийн 8-10 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлэгэх саналдаа шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь улсын яллагчийн саналтай санал нэг байгаа болохоо илэрхийлсэн болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал Э.Х-ын хувьд тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах хүсэл байгаагүй, үйлдэлдээ хайхрамжгүй хандсан. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийгөө илчилсэн болно. Мөн ослын улмаас Э.Х-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, эрүүл мэндийн хувьд сайнгүй, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Шаардлагатай тохиолдолд эмчилгээний зардлыг төлөхөө батлаж гэрээ байгуулан наториатаар батлуулахад бэлэн байна. Э.Х-ыг хорих газарт илгээснээрээ хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжгүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байна. Ослын улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн магадлагаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй болно.

 

Мөн шүүгдэгчээс хохиролд 11 250 000 төгрөг төлсөнөөр хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүй. Энэхүү хохирол нь хохирогч Б.М-ийг осолд орсноос хойш шүүх хуралдаанд хүртэл хийлгэсэн эмчилгээний хохиролд хамаарна. Цаашид хохирогч Б.М нь байнгын бусдын асрамжинд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч Б.М-д учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Э.Х-ын хохирлын зохих хувийг төлсөн, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Э.Х-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Х-т холбодох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 2-р хавтаст хэргийн 18-20 хуудсанд 7 494 408 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 755 550 төгрөгийн баримтуудыг тус тус үндэслэж шүүгдэгч Э.Х-аас Б.М-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 11 249 958 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас өмнө хохирол төлөхөөр шүүх хуралдааны завсарлуулах хүсэлт гаргаж 11 250 000 төгрөгийн хохирлыг төлсөнийг дурдлаа.

 

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 25 000 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Х-ын 891703 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ын Х-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдоогүйг, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 25 000 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Х-ын 891703 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТТУЛГА