Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2022/00118

 

2022 12 15                                               207/МА2022/00118

 

 

Г Тг ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.М, В.Б нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г Тг ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М, В.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.150.952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаар зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахим/, Э.Э /цахим/, Э.О нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г Тг ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.М нь Г Тг ХЗХ-той 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/4185 зээлийн шугамын гэрээ, БГ/4185 барьцааны гэрээг тус тус байгуулан 4,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай, орон сууц хашаа байшингийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгчийн Хаан банкин дахь 5323010608 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/4185 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа утсаар болон албан мэдэгдлээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 36.849 төгрөг, үндсэн хүүнээс 13.203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.612 нийт 73.665 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 496.885 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.583.830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222.805 нийт 2.303.521 төгрөг болж хуримтлагсан тул гаргуулж өгнө үү. ...Тухайн зээлийн хугацаа нь 2020 оны 08 сарын 01 -ны өдөр дуусгавар болж байгаа тул зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүүний төлбөр 312.710 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 3.466.266 төгрөг нийт 3.778.976 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 6,082,495 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ..Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр нь 3963151 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4815156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372645 төгрөг, нийт 9,150,952 төгрөг байна. Иймд хариуцагч Б.Мтэй байгуулсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний нийт төлбөр 9,150,952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж 3 сарын турш 1.529.000 төгрөг төлж барагдуулан, нэмж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4.080.000 төгрөг авч 3.236.000 төгрөгийн төлөлт хийсэн. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надтай тооцоо нийлэхгүйгээр тулган шаардаж, Монгол банкинд мэдээлэл явуулж хар жагсаалтанд оруулна хэмээн сүрдүүлж үлдэгдэл 4.000.000 төгрөг дээр шинэ гэрээ хууль бусаар хийсэн. Миний тооцоогоор зээлсэн 5.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож , нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Г Тг хадгаламж зээлийн хоршооноос гаргасан хариу тайлбарт ..... хүүг бууруулж зээлийн гэрээ байгуулсан, нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр гэрээ байгуулах шаардлагатай тул гэрээ байгуулсан гэжээ. Зээлийн гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор мөн үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, эдгээр хэлбэр шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хүсэлт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хоршоо нь гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо, эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр нэг ч удаа хангаж байгаагүй, гэрээний гол нөхцөл болох хүү, зээлийн хүү хэрхэн бодож авах талаар тохиролцоогүй, 2018 оны 08, 10 дугаар сард байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй хирнээ нэмэгдүүлсэн хүү 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тооцсон, хуульд зааснаар зээлийг тодорхой хугацаатай зээлдэг байтал зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсны маргаашнаас өгөхөөр зээлийн гэрээнд тусгасан зэрэг нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж, 2018 оны 08 сараас хойш намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэн гэрээ хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анх зээл хүссэн өргөдөл бичүүлж авахдаа 5 хувийн хүүтэй зээл олгож өгнө үү гэж бичүүлж авсан хирнээ зээлийн гэрээнд 5 хувь гэдгээ урамшуулал гэх утгаар оруулсан байсан, мөн зээлийн хүү хэтэрхий өндөр өөрөөр хэлбэл жилийн хүү 96 %, сарын хүү нь 8 %, /5%/ байгаа нь бусад банк болон эрх бүхий зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас хэт өндөр байна, ...би анх лангуу түрээслэн жижиглэнгийн худалдаа эрхэлж үр хүүхдээ тэжээх зорилготой зээл авсан, гэтэл одоо лангууны түрээсээ төлж чадахгүй түрээслэгчид бүх бараа хураалган алдсан санхүүгийн хүнд нөхцөлд орсон байна. Худалдаа эрхэлж буй надад өдөр бүр эргэн төлөлттэй, нэг өдөр алгасахад хүү болон нэмэгдүүлсэн хүү бодон өгсөн мөнгийг үндсэн зээлээс хасагдах ямар ч нөхцөлгүй зээлийн хүүг бодох аргачлалаар бодож үйл ажиллагааг минь дампууруулсанд гомдолтой байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болон анх нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч В.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

В.Б би 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г хадгаламж зээлийн хоршооны Орхон салбараас 2.500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4.080.000 төгрөг мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгө 4.000.000 байхаар дээрх гэрээнүүдэд батлан даагч болсон. Миний хувьд Г хадгаламж зээлийн хоршооноос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г Тг хадгаламж зээлийн хоршооны Орхон салбарын төлөөлөгч Т.М, Д.Б нар нь 2019 оны 08 дугаар сард өмнөх зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүү болох 4.000.000 төгрөг дээрээ шинээр гэрээ хий, хийхгүй бол Монгол банкинд мэдээлэл явуулж хар жагсаалтад оруулна гэж хэлээд, тооцоо ч нийлэлгүй хүчээр гарын үзэг зуруулсан. Нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.М миний Хаан банкны 5323010608 тоот дансанд 4.000.000 шилжүүлсэн зүйл байхгүй юм. Иймд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Г Тг хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Иргэний хуулийг зөрчиж, ашиг олох зорилгоор гишүүн гэх нэр төдий зүйлээр дулдуйдаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгээс ч хэт өндөр хүү тогтоосон нь хуульд заасан ашгийн төлөө бус байх үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Б нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Зээлдэгч Б.М нь Г Тг ХЗХ-той 2018 оны 10 сарын 26-ны өдөр ЗГ/2852 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2019 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийг бүрэн төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд бизнесийн орлого муудсан тул Махimus фитнес клубд ресепшиний орон тоонд ажилд орсон, иймд сар бүрийн цалингаасаа зээлийн төлбөрөө хийнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Манай байгууллага нь Б.Мийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анх байгуулсан зээлийн гэрээний сарын хүү болох 8 %-ийг бууруулан 5 % болгон зээлийн гэрээг байгуулсан. Нөхцөл өөрчлөгдсөнөөр шинээр зээлийн гэрээ байгуулах шаардлагатай тул 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЗГ/4185 тоот зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр болсон. Энэхүү сунгасан хугацааны турш мөн л адил төлөхгүй байнга шаардуулж байсан тул манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г Тг ХЗХ-ны хариуцагч Б.Мээс зээлийн төлбөрт 9.150.952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч Г Тг хадгаламж зээлийн хоршооны шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.585 төгрөгөөс 161.365 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 127.220 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г Тг ХЗХ-ноос 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Мт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Г Тг ХЗХ-ноос 2022 оны 09 дугаар сарын 23-ний өдрийн ЗГ/4185 тоот гэрээний үүрэгт зээлдэгч тал болох Б.Мээс 9.150.952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл 142/ШШ2022/01336 тоот шүүхийн шийдвэрээр ЗГ/4185 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөг хариуцагчид шилжүүлээгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. ЗГ/4185 тоот гэрээний үүргийн дагуу зээлдэгч Б.Мийн Г Тг ХЗХ-ны 1402002571 тоот гишүүний дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлдэгч Б.Мийн тухайн хүний гараар бичсэн хүсэлтийн дагуу гэрээ байгуулсан. 142/ШШ2022/01336 тоот шүүхийн шийдвэр нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. дахь хэсэгт зааснаар Хадгаламж зээлийн хоршоо нь энэ хуулийн болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагаа журамд заасны дагуу зөвхөн гишүүдэд зээл олгож болно гэж заасны дагуу ЗГ/4185 тоот гэрээг байгуулан зээл олголтыг гишүүний нэрийн дансруу шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Зээлдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Г Тг ХЗХ-ны 1402002571 тоот нэрийн дансыг нээлгэсэн тухайн дансаараа зээл авч байсан. Зээлдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр 1402002571 тоот нэрийн дансруу 4.000.000 төгрөгийг авсан байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх нь үндэслэлгүй байна.

 

Зээлдэгч Ковид-19 өвчины улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаагаа илэрхийлэн зээлийн шинэ гэрээ байгуулахаар хусэлт тартасан датуу манай байгууллага 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185 тоот зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Б.М нь 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдөр гэрээний үүрэгт 33.000 төгрөг төлсөн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаагаа илэрхийлэн зээлийн шинэ гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан дагуу журмын дагуу шиидвэрлэсэн. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2022/01336 тоот шийдвэрийг хүчингүй тооцож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г Тг ХЗХ нь хариуцагч Б.М, В.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.150.952 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/4185, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаар зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г Тг ХЗХ-ны хариуцагч Б.Мээс зээлийн төлбөрт 9.150.952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Г Тг ХЗХ нь хариуцагч Б.М, В.Б нартай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч 4.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, орон сууц, хашаа байшингийн зориулалтаар авчээ.

Хариуцагч Б.М нь Г Тг ХЗХ-ноос 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2.475.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4.080.000 төгрөгийг тус тус зээлсэн боловч нэхэмжлэгч Г Тг ХЗХ нь дээрх хоёр гэрээг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болгоогүй байна.

Нэхэмжлэгч Г Тг ХЗХ нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаар зээлийн гэрээний 2.1.5.-д зааснаар зээлийг хоршоон дахь гишүүний нэрийн дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ...нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, зээл хүүгийн тооцооллын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй... байна гэж үзэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаар зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Мээс зээлийн гэрээний үүрэгт 9.150.952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд давж заалдсан гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 161.365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 161.365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б