| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0335/э |
| Дугаар | 2018/ШЦТ/339 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/339
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт *******-д холбогдох 1821006080349 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчдын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэмээт” гэх газар хээр зүсмийн морийг ашиглан хохирогч *******-ын хээр алаг зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 04 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунд шорвог” гэх газар саарал зүсмийн “Ш” үсгэн тамгатай морийг ашиглан хохирогч *******-ын хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунд шорвог” гэх газраас хохирогч *******-гийн 1 тооны үхрийг хулгайлж, 1200.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 3200.000 төгрөгийн учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа зөвшөөрч байна. Мөн прокуророос санал болгож байгаа ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг “Тэмээт” гэх газарт оршин суудаг. Манай адуунаас 2017 оны 01 дүгээр сарын дундуур миний өөрийн эзэмшлийн хээр алаг зүсмийн их насны морь хулгайд алдагдсан. Яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. ******* миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 18 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манай адуунаас 2018 оны 04 дүгээр сард миний эзэмшлийн хээр зүсмийн гүү хулгайд алдагдсан. Яг хэдний өдөр хулгайд алдагдсан гэдгийг сайн санахгүй байна. ******* миний хээр зүсмийн гүүг буцааж өгсөн тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 45 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай үхэрнээс 2018 оны 05 дугаар сарын сүүлээр 1 тооны ухаа алаг зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайд алдагдсан. ******* миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 67 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын эхэн үеэр манай адуунд байсан Жаргал гэдэг хүний адуунаас дөрвөн мөчиндөө сартай бумбан тамгатай хээр зүсмийн гүү алга болсон. Тэгээд тэр гүүг ******* гэх хүн машинаар ачаад адуунд тавьсан гэдэг сураг сонсоод би 2018 оны 08 дугаар сарын 10-ны үеэр очиж үзэхэд хээр зүсмийн гүү зүсээрээ мөн байсан” гэжээ. /хх-ийн 46 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5,39, 61 тал/
Баянтүмэн сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6, 41, 62 тал/
*******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31, 52, 79 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч******* овогт ******* нь 2017 оны 01 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэмээт” гэх газраас хээр зүсмийн морийг ашиглан хохирогч *******-ын хээр алаг зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1000.000 төгрөгийн хохирол,
мөн 2018 оны 04 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунд шорвог” гэх газраас саарал зүсмийн “Ш” үсгэн тамгатай морийг ашиглан хохирогч *******-ын хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1000.000 төгрөгийн хохирол,
мөн 2018 оны 05 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунд шорвог” гэх газраас хохирогч *******-гийн 1 тооны үхрийг хулгайлж, 1200.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 3200.000 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, *******, *******, гэрч ******* нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянтүмэн сумын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 1 тооны адууны буюу 1000.000 төгрөгийн, хохирогч *******-д 1 тооны адууны буюу 1000.000 төгрөгийн, хохирогч *******-д 1 тооны үхрийн буюу 1200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ саарал болон хээр зүсмийн 2 тооны морийг уналга болгон ашигласан байх тул түүнээс тус бүр нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн саарал болон хээр зүсмийн 2 тооны морийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн учир дээрх 2 тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-ын тэнсэгдсэн 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан тус бүр нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн саарал болон хээр зүсмийн 2 тооны морийг хураан улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын эзэмшлээс тус бүр нь 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн хээр болон саарал зүсмийн соёолон насны 2 тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ