Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2022/00117

 

2022          12               08                              207/МА2022/00117

 

 

 Ц.Б хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01313 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Ц.Б хүсэлттэй,

“Талийгаач Ж.Ш хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Ч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Т.Б нь 1987 оны 07 сарын 04-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Миний төрсөн эцэг буюу аав Ж-ийн Ш нь миний төрсөн эх болох Л-ын Ц-тэй 1976-1986 онд Өвөрхангай аймгийн Хужиртын 10 жилийн дунд сургуульд нэг ангид суралцаж төгссөн бөгөөд миний ээжтэй 1985 оноос эхлэн үерхэж миний бие 1987 онд тэдний охин болж мэндэлсэн. Аав Ж.Ш нь 1988 онд цэрэгт явсан ба түүнээс хойш аав ээж хоёр маань холбоогүй амьдарсан. Би бага насандаа нагац өвөө, эмээгийнхээ дэргэд байж Өвөрхангай аймгийн Хужирт суманд өссөн бөгөөд энэ хугацаанд аав маань надтай уулзах гэж хааяа ирдэг байсан. Миний бие 1997 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд элсэж ороод 2003 он хүртэл буюу 6-р анги төгстөлөө сураад Улаанбаатар хотод Монгол 3-р сургуульд шилжин ирж сураад 8-р ангид орсон. 2005 онд Оюуны тулга хувийн сургуулийг төгсөж ерөнхий боловсролын дунд боловсролтой төгссөн. Улмаар түүний дараа 2005-2006 онд МУБИС-ийн Хими, байгаль шинжлэлийн багшаар суралцаж байгаад төлбөрийн боломжгүй байдлаас шалтгаалан сургуулиа орхисон. Миний нагац өвөө Ж.Л нь 2002 онд насан эцэслэсэн бөгөөд амьд ахуйдаа аавтай минь намайг холбож өгөхийг их хичээж байсны үр дүнд ах дүү нараар хөөцөлдүүлж сургийг нь гаргаж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа болохыг нь мэдэж надтай холбож өгсөн юм. Ингээд миний бие анх 2005 онд Улаанбаатар хотод байх төрсөн эцэг Ж.Ш гэрт нь найз охинтойгоо очиж уулзсан. Энэ цагаас хойш аав охин хоёрын холбоо сэргэж надтай байнга уулзаж, утсаар ярьдаг байсан. Үүнээс хойш өөрийн төрсөн аавтайгаа холбоотой байдаг, бие биенээ мэддэг байсан болохоор амьд ахуйд нь төрөл садан, эцэг охин болохоо тогтоолгох шаардлага гараагүй юм. Миний аав Ж.Ш маань Төв аймгийн заамар суманд “Б М” ХХК-н экскаваторын жолоочоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн ослын улмаас зуурдаар нас барсан юм. Би талийгаач аавынхаа нас барсан шалтгаантай холбоотой эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоолгон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагын улмаас уг хүсэлтийг гаргасан гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч Ц.Б нь талийгаач Ж-ийн Ш-ын төрсөн охин нь мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргаад, шинжээчийн дүгнэлтээр Ц.Б нь Ж.Ш төрсөн охин байх магадлалтай байна гээд тогтоосон. Ц.Б өөрөө төрсөн эцэг нь нас барсан гэдэг мэдээг аваад очиж уулзахад бас нэг Ш.О гээд охин байгааг мэдсэн, тэгээд аавынхаа нас барсан шалтгааныг тодруулж, эрүүгийн хэрэгт нь хохирогчоор оролцох гэхэд мэдээлэл өгөхгүй гэдэг. Ш.Оэс асуухаар ямар ч мэдээлэл өгдөггүй байдалтай байсан. Тэгээд Ц.Б надаас хууль зүйн зөвлөгөө авахын тулд холбогдсон. Хуулийн дагуу эхлээд иргэний шүүхээр төрсөн охин нь мөн болохоо тогтоолгоно, тиймээс тухайн оршин суугаа газрынхаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Лавлагаа аваад явахад талийгч Ж-ийн Ш-ын хууль ёсны гэрлэлтийн баталгаатай хүн гарч ирсэн нь Т байсан. Мөн түүний төрсөн охин Ш.О гарч ирсэн, тиймээс эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзээд шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулсан. Гуравдагч этгээдээр оролцуулахад адилтгалын шинжилгээнд Ш.О өөрөө очиж оролцоогүй, шүүхээс өгсөн үүрэг даалгавар буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дуудсан цагт нь ирээгүй. Ц.Б хүртэл хэлж байна цуг очъё гэсэн. Шүүхээс дахин дахин хэлээд байхад энэ үйл ажиллагаанд оролцохгүй байсан. Хэт их хувийн үзэл бодлоо гуравдагч этгээд ярьж байна. Өнөөдөр бол Ц.Б талийгаач Ж.Ш төрсөн охин мөн эсэхийг тогтоолгох асуудал шийдвэрлэгдэж байгаа. Түүнээс талийгчийн нас барсан шалтгаан, буяны ажлын талаар огт ярихгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлууд. Гэтэл гуравдагч этгээдийн гаргаж байгаа тайлбар нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Бадамцэцэгийг Ж.Ш охин гэдгийг өвөө эмээ, ах, дүү төрөл төрөгсөд нь бүгд мэднэ, түүнээс ямар нэгэн байгууллага дээр очиход Ц-ийн Б, Ж-ийн Ш-ын төрсөн охин мөн гэдэг нь нотлогдохгүй байна гэдэг тайлбар хэлнэ. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д зааснаар садан төрлийн холбоогоо тогтоолгохоор шүүхэд хандсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа онцгой ажиллагааны журмаар явагдаж байгаа, энэ нь тусдаа журамтай байна. Журмынхаа дагуу нотлох баримтаа бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тиймээс хэн нэгнийг хариуцагчаар татаагүй, гуравдагч этгээдээр оролцож байгаа Туяацэцэг, Ш.О нар нь албан ёсоор хариу тайлбараа бүрэн дүүрэн гаргаж ирүүлээгүй байна. Сая гаргасан тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Ж-ийн Ш-ын төрсөн охин нь Ц-ийн Б мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргаж байгаа хүнийг би огт танихгүй, мэдэхгүй. Ажил явдал дээр ирж уйлаад гарсан. Түүний дараа түүнд аавын амь насны даатгалын 10,000,000 төгрөгөөс 1.000.000 төгрөг явуулсан. Мөнгө нэхсэн. Өөрийнх нь нөхөр, түүний ах өмгөөлөгчийг аваад аавын нас барсны гэрчилгээг манай эгчтэй явж авсан байсан. Тэр үедээ өмгөөлөгчтэйгөө ярьж байсан гэж манай эгч хэлсэн. Юу гэсэн бэ? гэхээр Эрдэнэтийн шүүгч, өмгөөлөгчтэй, яриад өгөөч, миний талд шийдээд өгөөч, би мөнгийг нь хангалттай компаниас аваад өгнө гэсэн байсан, энэ нь надад таалагдаагүй, ажил явдлаас хойш нэг ч холбоо бариагүй, нэг ч буян хийж, ярьж үзээгүй. Ажил явдалд нэг ч нэмэр болоогүй байж нөгөө компанитай хэрүүл хийгээд яваад байна. Би төрсөн охин нь мөн эсэхийг мэдэхгүй, ямар ч холбоогүй байсан гэсэн. Аав маань амьд байхдаа надтай илүү харилцаатай байсан. Тэгээд надад эгч байдаг талаар огт хэлж байгаагүй. Аавын хамтран амьдрагчийн хэлснээр тухайн үед хүсэлт гаргагчийн ээж нь хоёр хүнтэй явдаг байсан, нэгээс нь салж байсан, тиймээс хүүхэд нь гэдгийг мэдэхгүй байна гэсэн. Чи ингээд боль гээд аавын эгч ярихад та нарт хамаагүй гэж байсан. Ийм зүйл болчихоод одоо дайраад байгаад нь гайхаад байна. Биднээс шинжилгээний талаар ямар нэгэн зүйл аваагүй, асуугаагүй өөрөө Эрдэнэтийн шүүхдээ дураараа юм хийлгээд байж, одоо ийм зүйл яриад байна. Би үнэхээр гомдолтой байна. Зүгээр байгаа аавын маань ясыг өөрөө өндөлзүүлж гаргаж ирээд юуны тулд ингэж байгааг нь мэдэж байгаа. Тиймээс шүүх хуралдаанд анхнаасаа оролцоогүй, тэглээ ч над руу шүүхээс ингэж байна гээгүй болохоор юу ч мэдэхгүй байсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр тайлбар гаргаж садан төрлийн холбоо тогтоолгох хуралдаанд оролцож байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7.-д "шинжилгээний объект" гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг хэлнэ, 6.1.8.-д "харьцуулан шинжлэх хэв загвар буюу дээж" гэж шинжлэгдэж байгаа хүн, амьтан, цогцос, материал, эд юмс, бодис зэргийн шинж чанар, онцлогийг тусгасан, шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шинжээчид зайлшгүй шаардлагатай, хуульд заасан журмын дагуу хураан авагдсан объектыг хэлнэ. Шүүхээс шинжилгээ хийлгэх гэж байгаа бол тухайн шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх талаар хуульд зохицуулсан. Гэтэл холбогдох ар гэрийнхний зөвшөөрөл, эсхүл шүүгчийн захирамжийн үндсэн дээр тухайн цогцосноос харьцуулалт хийж дээж авах ёстой. Ингэж авснаар шинжилгээ хийгдэнэ. Гэтэл өнөөдрийн яригдаад байгаа шинжилгээний объект нь шүүхээс шинжээч томилохоос өмнө авагдсан хуулийн дагуу хийгдсэн эсэх эргэлзээтэй объект дээр шинжээч томилоод садан төрлийн холбоотой гэж байгаа нь хамгийн гол эргэлзээг үүсгэж байгаа. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа нэг зүйлтэй санал нийлж байгаа. Хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдээгүй бол зохих газар хандана. Шинжээч томилж тогтоож байгаа бол хууль ёсны, зүй ёсны дагуу дээж авч харьцуулан судлаад шинжээчийн шийдвэр гаргах гэдэг хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг одоогийн байдлаар хэлэлцээгүй гэж ойлгож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хүсэлт гаргасан этгээд татгалзаагүй тохиолдолд тухайн хүсэлтийг шийдвэрлэнэ, тиймээс бид татгалзаагүй учраас маргаж байна. Садан төрлийн холбоо тогтоох дээр шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Хуулийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хамтын амьдралтай байсан гэсэн баримт байхгүй тохиолдлууд байдаг. Тэдгээр баримтаас хамгийн чухал нь шинжээчийн дүгнэлт гэж маргаж байгаа. Бусдаар маргах шалтгаан байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоолгох үндэслэл байгаа. Тэгэхээр маргаж байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг анхаарч үзээсэй. Шинжээчийн дүгнэлт болон бусад асуудал дээр ярилцах боломжууд нь байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнө нь мэдээгүй гэдгээ илэрхийлсэн. Түүнээс биш хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлээгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01313 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Бат овогт Ц.Б /регистрийн дугаар ........./-ийг талийгаач Х ОВОГТ Ж.Ш /ЙС72021009/-ын хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Х би иргэн А.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О хүсэлтийн дагуу Ц.Б нэхэмжпэлтэй “садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөр ажиллаж, хуульзүйн туслалцаа үзүүлж байна. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №142/ШШ2022/01313 дугаартай шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1.-д заасны дагуу, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7.-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн зүгээс хоёр хүсэлтийг бичгээр гаргаж шүүх хуралдаан дээр уншиж танилцуулсан. Өмгөөлөгчийн зүгээс ‘Дахин шинжилгээ хийлгэх” тухай хүсэлтээсээ татгалзаагүй. Энэхүү хүсэлтэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3061 дугаартай шинжээчийн дүгнэлт нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн талаар дурьдсан. а. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. дахь хэсэгт “Шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжпэх ухааны үндэслэлтэй хийх” нь шүүхийн шинжилгээний зарчим бөгөөд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжпэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.” гэж тус тус заасан. Гэтэл тус шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх хэсэгт “Ж.Ш нь Ц.Б биологийн эцэг байх боломжтой байна” гэсэн дүгнэлт гаргасан байгаа нь шинжээчид тавьсан асуултын хүрээнд бүрэн, бодитой хариулт өгсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. б. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл Ж.Ш гэх шинжилгээний объектыг шүүхээс шинжээчид хүргүүлээгүй, ШШҮХ-ийн биологийн лабораторид хадгалагдаж байсан ИБ-7639 дугаартай талийгаач Ж.Ш гэх хатаасан цусыг шинжилгээнд ашигласан. Цогцост шинжилгээ хийх харилцааг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/215/421 дугаар тушаалын хавсралт “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Цогцост шинжилгээ хийх журам”-уудаар зохицуулж байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Цогцост шинжилгээ хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9. дэх хэсэгт “Цогцосноос эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээ, оношилгооны зорилгоор шинжилгээний дээж авах тохиолдолд тэмдэглэлд тусгайлан заана” гэж тусгаснаас үзэхэд зөвхөн 4.9. дүгээр зүйлд заасан үндэслэлээр дээж авч хадгалж болох бөгөөд бусад тохиолдолд дээж авч хадгалах боломжгүй нь харагдаж байна. Мөн дээрх зорилгоор дээж авсан тохиолдолд тэмдэглэлд тусгайлан тусгасан эсэх талаарх баримт байхгүй байхад Ж.Ш гэх хатаасан цусны дээжийг ашиглан гарсан гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэр гаргах боломжгүй. Дээрхээс бусад тохиолдолд ар гэрийнхний зөвшөөрөлгүйгээр цогцноос дээж авах, цогцсын зарим хэсгийг авч үлдэх зэрэг нь хуулиар зөшөөрөгдөөгүй байна. Мөн Ш.Ш-ын нас барсан тухай эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.О томилогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор цогцсоос дээж авах ажиллагаа огт хийгдээгүй. Ар гэрийнхнээс нь цогцсоос дээж авах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Ийм байхад цогцсоос дээж авсан байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдөх боломжгүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт болно.  2. Хууль тогтоогчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.3.-т “шинжээч томилуулах” эрхийг, 38 дугаар зүйлийн 38.6.-д “...түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хусэлтээр шүүх бүрдүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.8.-д “хуульд заасан бусад” эрхийг хэргийн зохигч эдлэхээр заасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №3061 дугаартай шинжээчийн дүгнэлт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдсанаар хэргийг шийдвэрлэсэн гол нотлох баримт болжээ. Дээр дурьдсаны дагуу энэхүү шинжээчийн дүгнэлт нь тухайн харилцааг шууд зохицуулсан хууль, хэм хэмжээг зөрчиж хийгдсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт” гэж үзэхэд хүргэнэ. Иймд “Дахин шинжилгээ хийлгэх” тухай хүсэлтээс хүсэлт гаргагч татгалзаагүй тохиолдолд анхан шатны шүүх заавал хэлэлцэх ёстой байсан. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хусэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шуугч даруй шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.5.-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчимтай бөгөөд талууд өөрсдийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг хүлээдэг. Гэвч хэргийн нэг оролцогчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг нөгөө талын оролцоогүйгээр шийдвэрлэдэг, нөгөө этгээд нь шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахаар хэлэлцэхгүйгээр шийдвэрлэдэг байж болохгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд байгаагүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн дундуур шүүгч шүүх хуралдаанд оролцуулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хүсэлт тус бүрээр хэлэлцүүлэх хүсэлт гаргахад нэг хүсэлтийг нь хэлэлцэхгүй орхиж байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 322 оны 10 сарын 10 өдрийн №142/ШШ2022/01313 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч Ц.Б нь талийгаач Ж.Ш нь түүний төрсөн эцэг  болохыг тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Бат овогт Ц.Б /регистрийн дугаар ........./-ийг талийгаач Х ОВОГТ Ж.Ш /ЙС72021009/-ын хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хүсэлт гаргагч Ц.Б нь гэрчээр Ж.Д, Ж.Э, Л.Ц нарыг асуулгахаар хүсэлт гаргасан байхад шүүгч захирамжаар Э.Э нь тодорхойлолт ирүүлсэн тул гэрчээр асуух шаардлагагүй, мөн гэрчээр Ж.Д, Ж.Э, Л.Ц нарыг гэрчээр оролцуулахаас татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ хэрэг нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг байх тул шүүгч өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой юм. Дээрх нэр бүхий хүмүүсийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна.

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х нь нотлох баримт бүрдүүлэх, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтүүд гаргасныг шүүгч 5540 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр орхигдуулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өмгөөлөгч Э.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.О

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.А

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                          Б.Б