| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0341/э |
| Дугаар | 2018/ШЦТ/350 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/350
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821000000373 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Шүүгдэгч ******* овогт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны хорооллын 5 дугаар эгнээнд ... ******* улсын дугаартай Эф-Тэ 125 маркийн мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д “заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн *******-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж мотоцикл жолоодож явсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгож байгаа хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2018 оны 11 дүгээр сарын 01-ний ажилчны хорооллын 5 дугаар эгнээний урдуур алхаж байхад өөдөөс гэрэлгүй мотоцикл ирээд намайг мөргөөд зогссон. Тэгэхэд миний баруун хөл янгинаж өвдсөн. Тэгээд түргэн дуудаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж үзүүлэхэд баруун хөл шилбээрээ хугарсан байсан. ...******* надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул надад гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл үгүй” гэжээ. /хх-ийн 11, 38 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 798 тоот актын дүгнэлтэд
1. *******-ийн биед баруун шилбэ ясны далд хугарал, зүүн чамархай, эрүүний зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23 тал/
Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 тоот актын дүгнэлтэд:
Хариулт-1: 125 маркийн 04-06 ******* улсын дугаартай мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, в-д заасан “мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7 а-д “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн.
Хариулт-2: Жолооч ******* нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ...” гэжээ. /хх-ийн 20 тал/
*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны хорооллын 5 дугаар эгнээнд “FT 125-5” маркийн ... ******* улсын дугаартай мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д “заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч *******ийг мөргөж, түүний биед баруун шилбэ ясны далд хугарал, зүүн чамархай, эрүүний зулгарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны хорооллын хэсгээр баруун тийш явж байгаад мотоциклын гэрэл унтраад анивчаад зам харагдахгүй байхад гэнэт өөдөөс 2 хүн гарч ирсэн. Тэгээд би сандраад хажуу тал руугаа дарахад нэг залууг нь мөргөж унагаагаад зогссон” гэх мэдүүлэг, хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 798 тоот дүгнэлт, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 56 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцууллаа.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь шүүгдэгчид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ