Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 226/МА2023/00002

 

Н.Б, П.Х, Х.Б, Х.У

нарын нэхэмжлэлтэй, С.Г, Г.Э, Г.Э,

Г.Э...-нарт холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2021/00002/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.О,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Э, түүний өмгөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаар шийдвэртэй Н.Б, П.Х, Х.Б, Х.У нарын нэхэмжлэлтэй,  хариуцагч С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарт холбогдох “..... орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар болохыг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлтэй, С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарын гаргасан  “С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг ....... орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ...Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд болон Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах журмын дагуу ..... аймгийн ... сумын 2 дугаар баг Холбоо 49 дүгээр байрны 06 тоот байрыг гэр бүлийн гишүүд нөхөр П.Х, хүү Х.Б, охин Х.У нарын хамтаар өмчилж 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн Y-1... 0441 дугаарт бүртгүүлж ...... 7876 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед манай 49 дүгээр байрын 06 тоот байрыг бүртгэсэн улсын бүртгэгч уг байран дээр өмнө нь бүртгэл хийгдэж байсан талаар надад хэлээгүй   учир   бид   анх   удаа  бүртгэл хийгдсэн гэж ойлгож байсан. Г.Э-с  С.Г-н  итгэмжлэлээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 49-06 тоот байран дээр 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С.Г нарын 4 хүн бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Y-180..../ авч байсныг олж мэдсэн. Миний бие тухайн үед орон сууцны байцаагч байсны хувьд С.Г нь 2001 онд Бор-Өндрийн Уулын баяжуулах үйлдвэрээс 49 дүгээр байрны 06 тоот байрыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хувьчлан авсан боловч 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн Орон сууц хувьчлах төв комиссын хурлаар “С.Г хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах” шийдвэр гарсан байсныг мэдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу С.Г нь 49 дүгээр байрны 06 тоот байрыг суллан өгч Улаанбаатар хот руу шилжсэн бөгөөд “Монгол... ” нэгдлээс Улаанбаатар хотын ........ дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 204 дүгээр байрны 38 тоот байрыг олгосныг С.Г Орон сууц хувьчлах хуулийн дагуу 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хувьчлан авсан байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид орон сууц гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналт доор ил тод явуулах зарчмыг баримтлах” гэж заасан. С.Г нар сайн дураараа 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны өмчлөлөөсөө татгалзаж улмаар Улаанбаатар хотод дээрх хуулийн дагуу үнэгүй байр хувьчилж авчихаад одоо дахин байртай болох санаатайгаар 20 жилийн дараа 2001 оны Y-18.... гэрчилгээг гарган ирж бидний хууль ёсны дагуу шударгаар олж авсан байрыг авах гэж байгаад гомдолтой байна. С.Г нар нь 49 дүгээр байрны 06 тоот байрнаасаа татгалзаж Уулын баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн нь 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Уулын баяжуулах үйлдвэрийн Орон сууцны комиссын тэмдэглэлийн хуулбараар нотлогдох ба хотод байр авахдаа өөрийн санаачилгаар /Y-8...... / үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгоогүйн улмаас эрх ашиг маань зөрчигдөж шүүхэд хандах нөхцөл байдал үүсээд байна... би  ..... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай ажиллагаа мөн эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг хэргийг шийдвэрлэж улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруу гэж үзэж, манай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн... Хэдийгээр С.Г болон түүний хүүхдүүдийн нэр дээр 49-06 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа боловч тэд тус байрны хууль ёсны өмчлөгч биш. Миний бие 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хуулийн дагуу өмчлөн аваад 13 жил амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч нь бид мөн болохоо иргэний шүүхээр тогтоолгож, эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байна. С.Г нар нь Улаанбаатар хотод байртай болоод явснаас хойш 19 жил бид нартай огт уулзаагүй, удаа дараа байр чөлөөл гэж шаардаж байгаагүй. Хэрэв 49 дүгээр байрны 06 тоот байр нь С.Г нарын хувийн өмч байсан бол тэд зараад юм уу, түрээслээд явах нь ойлгомжтой. 49 дүгээр байрны 06 тоот нь Н.Б нарын хууль ёсны өмч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд ..... аймгийн ...... сумын 2-р баг 49-р байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б, П.Х, Х.Б, Х.У нар болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Б Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс ямар учраас Н.Б гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гаргасныг шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг хянаад эрхийн улсын Ү-18.., Ү-1804...” дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б нарт ийнхүү давхардуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байсныг .... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч С.Г, Г.Э, Г.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. .. аймгийн ......... сумын уурхайгаас миний ажлын үр бүтээлийг үнэлж ... аймгийн .... сумын 2 дугаар баг Холбоо 49 дүгээр байрны 06 тоот 37.8 метр квадрат орон сууцыг өгч, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд авч, өөрийн эрүүл мэнд, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож 2000 оны үед Улаанбаатар хот орж ирсэн. Би гадаад руу явахдаа Бор-Өндрийн уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан өөрийн найз Ц.Б-т байраа тавилгын хамт үлдээгээд явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед .. аймгийн ... суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б байранд маань нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-г орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б загнаад хөөгөөд явуулсан байсан. Иймд бид арга буюу Н.Б-н  хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг... аймгийн .... сум дахь Сум дундын шүүхэд гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Б давхар гаргаж авсан байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар шийдвэрлэж нэхэмжлэлээ буцаан авсан. Энэ хугацаанд Н.Б Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт орон сууцны гэрчилгээ давхардсан асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу шалгалт хийж Ү-1804000130, Ү-1804000441 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б нарт ийнхүү давхардуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсныг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн.” гэв.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай аав С.Г нь тус 06 тоот байраа буцааж өгч байна гэж өргөдөл хүсэлт өгөөгүй, аавын гарын үсэг зурсан ямар ч баримт байхгүй юм. Орон сууцыг хувьчилж авсан манай аав өөрөө байраа буцааж өгсөн гэх нотлох баримт байхгүй байхад зөвхөн орон сууцны өргөтгөсөн хурлын протоколд тусгагдсан гэдгээр иргэн хүний хувьчилж авсан өмч болох улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээтэй байрыг Н.Б- өмчилж авах ямар ч үндэслэлгүй юм. Мөн нэг анхаарах зүйл бол иргэний хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзэхэд нэхэмжлэгч Н.Б- нь үндэслэлгүйгээр манай 06 тоот байранд орсон баримтууд илэрсэн юм. Энэ баримтуудыг дурдвал: Уулын баяжуулах ... үйлдвэрийн захирлын 2010 оны 2-р сарын 12-ны өдрийн 150 дугаартай тушаал, 2010 оны 2-р сарын 12-ны өдрийн 151 дугаартай тушаал, Орон сууц өмчлөх эрхийн 06 дугаартай гэрчилгээ, Орон сууц хувьчлалын товчооны 06 дугаартай хурлын протокол зэрэг баримтууд юм. Тус 150 дугаартай тушаалыг уншиж үзэхэд 2010 оны 2-р сарын 12-ны өдөр Н.Б-ийн эхэлж хувьчилж авсан 49-р байрны 57 тоот орон сууцыг хувьчлах тухай 2004 оны 146 тогтоол ба гэрчилгээг хүчингүй болгосон байна. Мөн 151 дугаартай тушаалд 2010 оны 2-р сарын 12-ны өдөр Н.Б-т 49-р байрны 06 тоот сууцыг хувьчлан олгосон гэж бичсэн байна. Гэтэл үүнээс 1 жилийн өмнө буюу 2009 оны 1-р сарын 30-ны өдөр 49-р байрны 06 тоот сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг /06 тоот гэрчилгээ/ авсан баримт байна. Иймд Н.Б- нь Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын тушаал гараагүй байхад, мөн өөрийнхөө хувьчилж авсан 57 тоот сууцаа буцааж өгөөгүй байхдаа манай 06 тоот байрыг авсан байна гэдэг нь тогтоогдож байна. Хэргийн материалд байгаа Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягтыг уншиж үзэхэд Н.Б-ийн нөхөр П.Х нэр дээр 2010 оны 3-р сарын 27-ны өдрийн байдлаар тэдний анх хувьчилж авсан гэх 49-н 57 тоот сууц нь бичигдсэн байна. Энэ нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Н.Б- нь манай 49-н 06 тоот орон сууцыг авах эрх үүсээгүй, эрхгүй байхдаа хууль журам зөрчиж авсан байгаа нь нотлогдож байгаа тул Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.гэв.

Хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний аав С.Г-т ...... аймгийн ...... сумын 2 дугаар баг Холбоо 49-р байр 06 тоот 37,8мкв орон сууцыг өгч уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г, Г.Э-, Г.Э, Г.Э нар бүртгүүлэн Үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд аваад эмчилгээ хөөцөлдөж Улаанбаатар хот руу, хүүхдүүд өөрсдийн амьдралыг хөөж 2000 оны үед Улаанбаатар хот орж ирсэн. Миний хувьд эрдэм ном хөөж гадаад улс руу явсан. Ингэж явахдаа ...... аймгийн ..... уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан миний өөрийн танил найз Ц.Б-т тавилгын хамт үлдээж явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед ... аймгийн ...... суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б-  нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-ийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б- загнаад хөөгөөд явуулсан.... Н.Б- Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган бидний зүгээс гуравдагч этгээдээр татагдан бидний гаргасан бие даасан шаардлага бүрэн хангагдан, Н.Б-ийн Ү-180400...., 00008...... тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн... Иймд С.Г, Г.Э, Г.Э, Г.Э нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49-р байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан Н.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “... Маргааны гол үндэс нь С.Г-Улаанбаатар хотод байр хувьчилж авчхаад ... аймгийн ..... сумын 2 дугаар баг Холбоо 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны гэрчилгээг Орон сууц хувьчлах хуулийн дагуу өөрийн санаачлагаар хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгуулаагүйн улмаас, мөн Хэнтий аймгийн Улсын бүртгэгч О.Н Улсын бүртгэлийн хууль зөрчиж манайхыг давхардуулж бүртгэснээс манай гэр бүлийн гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхээ алдаж, гудамжинд гарахад хүрээд байна. Тухайн үед улсын бүртгэгч байсан О.Н нь уг байран дээр өмнө нь бүртгэл хийгдэж байсан талаар хэлээгүй тул бид анх удаа бүртгэл хийгдэж байна гэж ойлгож байсан. С.Г-нар нь 49 дүгээр байрны 06 тоот байрнаасаа татгалзаж Уулын баяжуулах үйлдвэрт өгч, Уулын баяжуулах үйлдвэр нь өмчөө захиран зарцуулж, 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Засвар механикийн цехийн механикч Ц.Б-т уг байрыг олгосон байдаг. Хэдийгээр 49 дүгээр байрны 06 тоот С.Г-нарын нэр дээр байгаа боловч жинхэнэ өмчлөгч нь тэд биш. Учир нь 49 дүгээр байрны 06 тоот байр үнэхээр тэдний өмч мөн байсан бол түрээслээд юм уу, эсхүл зараад явах байсан, уг сууцанд 2002-2008 оны хооронд Ц.Б, 2008 оноос одоог хүртэл манайх амьдарч байна. Мөн 49 дүгээр байрны 06 тоот нь С.Г-нарын өмч байсан бол намайг биш Уулын баяжуулах үйлдвэрийг шүүхэд өгөх ёстой. Уулын баяжуулах үйлдвэрээс надад өгсөн байр нь л энэ, би буруугүй, би энэ байранд хууль бусаар дайрч ороогүй. С.Г-нь Улаанбаатар хотод байр хувьчилж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хуулийн дагуу бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 12¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар .... аймгийн ... сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У-нар мөн болохыг тогтоож, С.Г-, Г.Э-, Г.Эрдэнэлхам, Г.Э.- нарын сөрөг нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Г-, Г.Э-, Г.Эрдэнэлхам, Г.Э.- нар болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450 төгрөгөөс 12,897 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, илүү төлсөн 481,553 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,450 төгрөгөөс илүү төлсөн 481,553 төгрөгийг гаргуулан буцаан олгож, түүнээс 12,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаартай тушаалаар Н.Б-т манай 06 тоот байрыг үнэгүй хувьчлан олгосон байна. Гэтэл үүнээс 1 жилийн өмнө буюу 2009 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай өмчлөх эрх олгосон байна. Мөн Н.Б- нь 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд хандаж 06 тоот байрны гэрчилгээг авах тухай өргөдөл өгсөн байна. Байрыг хувьчлан олгох тушаал гарахаас 1 жилийн өмнө байрыг өмчлөх эрх олгосон нь буруу зүйл бөгөөд мөн байрны гэрчилгээг авах тухай өргөдлийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан нь буруу юм. Журмын дагуу бол эхэлж байр хувьчлах тушаал гараад түүний дараа нь өмчлөх эрх олгох, байрны гэрчилгээ авах зүйлүүд хэрэгжих ёстой ба анхаарч үзэх шаардлагатай баримтууд хэргийн материалд байсаар байхад эдгээр баримтуудын талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн юм.

Г.Э- би анхан шатны шүүхэд хандаж Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан гэдэг хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хүлээж аваагүй юм. Миний хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Учир нь үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь орон сууц хувьчлалтай холбоотой хуралд оролцож шийдвэр гаргадаг, гарын үсэг зурж баталгаажуулж байдаг хүн учраас орон сууцны хувьчлалын талаар мэдэх хүн бөгөөд гэрчээр асуусан бол хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тайлбарыг өгөх байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь шүүх хурал дээр тайлбар хэлэхдээ “...Би орон сууц хувьчлалын тушаал, шийдвэрт байгаа гарын үсэгт ач холбогдол өгөхгүй, хэний гарын үсэг байх нь хамаагүй, би нөхцлөө хангасан, хууль зөрчөөгүй...” гэж ярьж байсан. Ийм байдлаар хандаж болохгүй юм. Аливаа тушаал шийдвэрийг гаргаж байгаа албан тушаалтан эрх үүргийнхээ дагуу үнэн зөвөөр гарын үсгээ зурж баталгаажуулсны үндсэн дээр тухайн шийдвэр хүчин төгөлдөр болох журамтай гэж үзэж байна. Н.Б- нь 06 тоот орон сууцыг хувьчлан авах тушаал гарахаас 1 жилийн өмнө дээр дурдсанаар өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдлийг Улсын бүртгэлийн газарт гаргасан байдал нь цаг хугацааны хувьд дүгнэж үзэхэд боломжгүй гэж үзэж байна.

Н.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа биднийг байраа орхиод 20 жил явсан, байраа чөлөөлж өг гэж огт шаардаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Бид байраа эзэнгүй үлдээгээд явсан зүйл байхгүй. Би гадаад улс руу тодорхой хугацаагаар явах болсон тул өөрийн найз Ц.Баттөмөртөө байраа тавилгын хамт үлдээгээд явсан юм. Ц.Баттөмөр нь тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайн завсарын механикийн цехэд ажиллаж байсан юм.

Г.Э- би Н.Б-т хандаж манай байрыг чөлөөлж өгөөрэй гэж хэлж шаардаж байсан бөгөөд манай бага дүү мөн энэ шаардлагыг тавьж байсан юм...

Захиргааны хэргийн шүүх шийдвэртээ 49 дүгээр байрны 06 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Г-, Г.Э-, Г.Эрдэнэлхам, Г.Э.- нар бүртгэлтэй байна гэж дүгнээд Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Иргэний хэргийн шүүхээс тус 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б- нар мөн болохыг тогтоосугай гэж шийдвэр гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна... манай аав С.Г-нь 2 удаа орон сууц үнэгүй хувьчлан авсан  зүйл байхгүй юм.

Улаанбаатар хотод өгсөн орон сууц бол хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг үнэлж шагнал урамшуулал болгож өгсөн байр бөгөөд мөн аавын минь биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж өгсөн байр юм. Манай аав Улаанбаатар хотод дахин байр үнэгүй хувьчлан авч байгаа бол Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгаа байраа албан ёсоор хүлээлгэж өгөх байсан. Орон сууцыг буцааж өгч байгаа бол үйлдвэрийн захиргаанаас тус байрыг хүлээж авч байгаа болон бид хүлээлгэн өгч байгаа тухай баримт бичиг, тэмдэглэл байх ёстой билээ. Улаанбаатар хотод өгсөн байрыг хэрвээ үнэгүй хувьчилж өгсөн гэж үзэж байгаа бол тухайн үед дахин байр хувьчлан олгож байгаа шийдвэртээ өмнө нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд олгосон байгаа 06 тоот орон сууцыг буцаан авах, хүчингүй болгох заалт байх ёстой гэж үзэж байна. Ийм баримтгүй байж 2 удаа үнэгүй байр хувьчилж авсан гэж үзэх боломжгүй бөгөөд манай гэр бүлд тус 06 тоот байрыг хууль ёсны дагуу хувьчлалаар олгосон тул бид буцаан өгөх үндэслэлгүй юм. Байрны хууль ёсны өмчлөгч бидэнд мэдэгдэлгүйгээр манай 06 тоот байрыг Н.Б- нар өмчлөн авч байгаа нь хууль журамд нийцэхгүй зүйл гэж үзэж байна.

Иргэн миний давж заалдсан гомдлыг хүлээн авч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Г.Э- миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

            Нэхэмжлэгч Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У-нар нь хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э.-, Г.Э...-нарт холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У-нар мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э.-, Г.Э...-нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь С.Г-, Г.Э-, Г.Э.-, Г.Э...-нар мөн болохыг тогтоолгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:

          Хариуцагч С.Г-нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, Монголросцветмет нэгдлийн Орон сууц хувьчлах журмын 2.2 дугаар зүйлд заасны дагуу Б уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах товчооны хурлын 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь /тэр үеийн нэршлээр/ 49 дүгээр байрны 06 тоот дахь орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхтэйгээр анх удаа үнэгүй хувьчилж аваад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь .Б... уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах товчооны хурлын 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор /1-р хх-н 182 хуу/, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооноос олгосон “орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” /1-р хх-н 190 хуу/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд /1-р хх-н 171, 172 хуу/, гэрчилгээний хуулбар /1-р хх-н 173 хуу/ зэргээр тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй байна.

          Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу хариуцагч нар нь Бор-Өндөр хот дахь /тэр үеийн нэршлээр/ 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, уг бүртгэлийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаар тушаал /1-р хх-н 34 хуу/, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар протокол /1-р хх-н 31 хуу/, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууцны комиссын хурлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн, 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн,  2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн протоколуудаар тухайн орон сууцыг бусдад хуваарилах, хувьчилж өмчлүүлэх зэргээр шийдвэрлэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...” зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч Г.Э-: “...Н.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа биднийг байраа орхиод 20 жил явсан, байраа чөлөөлж өг гэж огт шаардаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм... манай аав С.Г-нь 2 удаа орон сууц үнэгүй хувьчлан авсан  зүйл байхгүй юм. Улаанбаатар хотод өгсөн орон сууц бол хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг үнэлж шагнал урамшуулал болгож өгсөн байр бөгөөд мөн аавын минь биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж өгсөн байр юм... Байрны хууль ёсны өмчлөгч бидэнд мэдэгдэлгүйгээр манай 06 тоот байрыг Н.Б- нар өмчлөн авч байгаа нь хууль журамд нийцэхгүй зүйл гэж үзэж байна... шийдвэрийг хүчингүй болгож, Н.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Г.Э- миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Н.Б- нь төрөөс нэг удаа үнэ, төлбөргүй хувьчилсан орон сууцаа /49-57 тоот/ сайжруулах хүсэлт гаргасныг холбогдох байгууллага, албан тушаалтан хүлээн авч өөрийн эрх хэмжээний хүрээнд өмнөх орон сууц хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгож, түүнд 49-06 тоот орон сууцыг хуваарилан өмчлөх эрх олгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр ...... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1804...... дүгээр /Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У-нарыг өмчлөгчөөр бүртгэсэн/ бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000087876 тоот гэрчилгээг хүчингүй болгосон байхад Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У-нарыг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-180..... /Ү-1804000130/ дугаар бүртгэл /С.Г-, Г.Э-, Г.Э, Г.Э.- нарыг өмчлөгчөөр бүртгэсэн/, уг бүртгэлийг үндэслэн олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0027640 тоот гэрчилгээ /1-р хх-н 171-173 хуу/ бүхий ..Х. аймгийн Б сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн гэж тогтоосон нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэл шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь зохигчдын шаардлагад нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болоогүй /хүчин төгөлдөр байгаа/, хуульд заасан журам, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагч С.Г-ийг хоёр орон сууц хувьчилж авсан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч Х аймгийн Б сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцыг С.Г-2001 онд анх удаа хувьчилж авсан, үүнээс өмнө өөр орон сууц хувьчилж авсан талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй, талууд энэ талаар маргаагүй тул хариуцагчийн 2001 онд орон сууц хувьчлан авч өмчлөх эрх үүссэн үйл баримтыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин дээрх орон сууцыг хувьчлан авснаас хойш өөр орон сууц хувьчлан авсан гэх асуудлаар өмнөх хувьчлалыг шууд буруутган дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

                                                                                                               

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Б сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б- /СЩ63112021/, П.Х- /ЕТ64031713/, Х.Б- /ЕТ89053131/, Х.У-/СЩ95031001/ нар мөн болохыг тогтоосугай” гэснийг “Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б- /СЩ63112021/, П.Х- /ЕТ64031713/, Х.Б- /ЕТ89053131/, Х.У-/СЩ95031001/ нарын Х аймгийн Б сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э...-, Г.Э.- нарыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.” гэж,

  3 дахь заалтад “түүнээс 12,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Н.Б-ээс 12,897 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                                                                      ШҮҮГЧИД                                         Г.БОЛОРМАА

                                                                                                                                                Д.ГАНЗОРИГ