| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00102/Э |
| Дугаар | 00112 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00112
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох 1832000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэхуягийн Т. /РД: */
Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-9 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 19 цагийн орчимд хохирогч О.Ббтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан архины шилний хагархайгаар зүүн дал орчимд нь зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тийн өгсөн…. ... 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз Ббтай хамт гэрт нь очиж архи уусан. Бб нь хамт байсан Гт гэж эмэгтэйтэйгээ маргалдаад байхаар нь би дундуур нь ороод болио гэсэн чинь Бб намайг ор луу түлхсэн юм. Тэгэхээр нь би уурандаа архины шил хагалаад хагархайгаар нь Ббын зүүн дал орчимд нь зүссэн юм. Найзаасаа уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч О.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гт, Т бид гурав хүнсний дэлгүүрээс 0.5 граммын гурван шил Хараа архи худалдаж аваад Баянсуудлын 2-9 тоотод байдаг манай гэрт очсон. Манай гэрийн хашаан дотор байдаг амбаар дотор архиа ууцгааж юм ярьж өнжсөн. Орой 19 цагийн үед би Гттэй маргалдаж загнасан чинь Т Гтийг өмөөрөөд архины шил хагалаад миний дал руу нэг удаа зүссэн. Тэгээд Т надаас гайгүй юу хөгшөөн гэхээр нь би гайгүй юм шиг байна чи одоо яв яв гэж хэлээд Тийг хашаанаас гаргаж явуулсан. Би нэг хашаанд байдаг эмэгтэй дүү Огийнд ороод шархаа харуулсан чинь манай дүү Ог миний шархыг арчиж өгсөн боловч цус нь тогтохгүй болохоор Мандал сумын нэгдсэн эмнэлэг орж шархаа үзүүлж боолт хийлгэсэн чинь эмнэлгээс цагдаад дуудлага өгсөн.... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/
Гэрч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Ингээд байж байтал 19 цаг 10 минутын үед Бб ах амбаараас манай байшин дотор ганцаараа цээж нүцгэн орж ирээд надад хандаж ахын дүү энийг хар даа би сая ойччихлоо гэж хэлэхээр нь ар нурууг нь харсан чинь зүүн далных нь орчим мах нь зүсэгдээд эргэчихсэн цус гоожиж доошоо урсаж байсан. Би тэр үед Бб ахаас гадаа хэн байгаа юм гэж асуусан чинь хүн байхгүй гэж хэлсэн. Би гадаа хашааны хаалгаар гудамж руу харсан чинь Т нь манай хашаанаас гараад гудамжаар хойд зүг рүү алхаад явж байсан. Гт нь амбаарын үүдэнд өвсөн дээр согтуу сууж байсан. Бб ах ч нилээн согтуу байсан. Би амбаарт орж үзэхэд Хараа архины хоёр ширхэг шил хагалаад шалаар дүүрэн шил, цус болчихсон байхаар нь шүүрээр шилнүүдийг шүүрдээд хашаан дотор байдаг хогийн бойшиг дотор хийж орхисон. Эргэж ирээд аяга тавагны шар өнгөтэй шинэ алчуур гаргаж ирээд Бб ахын цусыг тогтоох гэж оролдсон боловч цус нь гоожоод байхаар нь нөхөр лүүгээ залгаад хурдан ир гэсэн. Нөхөр ажлаа тарж ирээд Бб ахыг машинд суулгаад эмнэлэг авч явсан. Гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Гэрч О.Гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би Ббын гэрт нэг хоночихоод маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Бб бид хоёр хүнсний дэлгүүр явж байх замдаа Баянбулгийн гудамжинд байдаг Тийн гэрээр орж Тийг дагуулаад хамт хүнсний дэлгүүр явсан. Дэлгүүрточоод 3 шил 0.5 граммын Хараа архи худалдаж аваад эргээд Баянсуудлын 2-9 тоотод байдаг Ббын гэрт ирээд хашаанд нь байдаг амбаарт нь архиа ууцгаасан. Тэгтэл орой 19 цагийн үед Бб бид хоёр согтсон байсан учраас маргалдсан чинь Т намайг Ббаас өмөөрч архины шил хагалж байгаад Ббын дал руу хатгасан. Тэгсэн чинь Ббын далнаас цус гоожоод тогтохгүй байсан. Т нь Ббыг шилээр хатгачихаад өөрөө хашаанаас гараад явчихсан. Ббын дүү Ог гэрээсээ гарч ирээд цусыг нь тогтоох гэж алчуураар дараад цэвэрлэсэн боловч цус нь тогтохгүй байсан учраас Мандал сумын нэгдсэн эмнэлэг явсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 147 ...... Дүгнэлт:
1.О.Ббын биед зүүн далны дотор доод хэсэг, зүүн гарын суганы ар хэсэгт шарх, зүүн гарын суганы дотор, ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй, хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-08 дугаар хуудас/
Цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавуу 1 ширхэг, Хараа архины хагархай шил зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 09-10 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/
Э.Тийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 30 дугаар хуудас/
Хохирогч О.Ббын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан яллагдагч Э.Ттэй эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-9 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 19 цагийн орчимд хохирогч О.Ббтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан архины шилний хагархайгаар зүүн дал орчимд нь зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Тийн хохирогч О.Ббын зүүн дал орчимд нь архины шилний хагархайгаар хатгаж зүссэн үйлдэл нь эмэгтэй хүнийг дээрэлхлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч О.Бб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн алчуур 1 ширхэг, Хараа архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхуягийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь 600000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн алчуур 1 ширхэг, Хараа архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН