Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/108

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И. овогт Н-н Б-д холбогдох эрүүгийн 1817002140101 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 24-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “UB транс” ХХК-д харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, Хувийн байрны .............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И. овогт Н-н Б /РД: ........./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Хувийн байрны 607 тоот байранд иргэн Т.Ш-тай маргалдан түүн рүү чулуу шидэн баруун чих орчим онож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хувийн байрны 607 тоот байранд хохирогч Т.Ш-ай маргалдан улмаар түүн рүү чулуу шидэн баруун чих орчим онож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бэр Ш-гаа муудсан асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хашаандаа жорлонгийн нүх найз Г-н хамт ухаж байтал манай эхнэр Д, О, мөн нэг танихгүй залуутай гаднаас орж ирсэн. О гэх эмэгтэй манай хөгшний найз гээд манайхаар орж гараад явдаг юм. О надад 0.5 литрийн Ерөөл архи авчирч өгсөн. Тэгээд тэр архийг О, Г, нөгөө танихгүй залуугийн хамт хувааж уусан. Тэр архийг дуусаад О, танихгүй залуугийн хамт яваад мөн нэг шил 0.5 литрийн Ерөөл архи авчирсан. Тэр архийг мөн 4-лээ хувааж уусан. Танихгүй залуу яваад өгсөн. Тэгээд жорлонгийнхоо нүхийг ухаад байж байтал Б гэх залуу 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад ирсэн. Тэр архийг Б, Г, мөн Б-н дагуулж ирсэн нэг хүн бид хэд хувааж уусан. Тэр архинаас О ганц нэг хундага архи уусан байх. Тэгээд би нилээн согтсон Б нар яваад өгсөн байсан. Намайг жорлон ухаж байхад хүү М, эхнэр нь болох Ш нар гэрээсээ гарах гэж байгаа бололтой байхаар нь явж очоод та нар надаар идэж уух түлээ түлшээ бэлдүүллээ, та нар өөрсдөө авахад яадаг юм бэ, жорлонгийн нүх хүртэл ухалцаад өгөхгүй гэсэн чинь бэр Ш чамд ямар хамаа байсан юм бэ, чи юу юм бэ гэхээр нь уур хүрээд газар байсан чулууг аваад бэр Ш-руу шидсэн чинь Шуухаазыг оносон. Ш-н баруун чихний араас цус гоожиж байгаа харагдсан. Тэгээд би жоохон сэхээ авсан. Удаагүй цагдаагийн хүмүүс ирсэн. Ш-г замдаа эмнэлэг дээр буулгаж өгөөд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Т.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад нөхөр хүүхдийнхээ хамт сүмийн цуглаанд очиж суухаар гэрээсээ гараад хаалгаа түгжих гээд зогсож байтал манай хадам аав Б архи уусан байдалтай согтуу бид хэд дээр ирээд манай нөхөр бид хоёрт хандаад та нар гэр орондоо юм авсангүй надаар тэжээлгэлээ гээд агсарсан. Тэгээр нь би өөдөөс нь угаасаа хүүхдээ авч явах ёстой биз дээ гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг түгжих гээд буруу хараад зогсож байтал баруун чихний ар тал юмаар цохисон. Эргээд хартал манай хадам Б над руу чулуу шидсэн байсан. Миний баруун чихний ар хэсгээс цус гараад толгойн хуйх язарсан байсан. Манай нөхөр М цагдаа дуудсан. Хадам аав цагдаа иртэл над руу дайраад агсраад байсан. Манай нөхөр хориод байсан. Хадам аав өдөр жорлонгийн нүх ухаж байхдаа хүмүүстэй архи уугаад байсан юм. Миний мэдэхээр О эгч, мөн нэг танихгүй ах байсан. Тухайн асуудал болоход манай хадам ээж хүүхэд авах гээд цэцэрлэг явсан байсан. О эгч мөн яваад өгсөн байсан. Манай нөхөр болон хадам аавтай архи уусан танихгүй ах нар тухайн асуудал болоход хажууд байсан. Намайг хадам аавд толгойгоо хагалуулчхаад зогсож байхад хадам ээж хүүхэд цэцэрлэгээс аваад ирсэн. Тэгээд удаагүй цагдаа ирээд хадам аавыг аваад явсан. Би өөрөө аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд баруун чихнийхээ ар дээд хэсгийн үүссэн шарханд хоёр оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Р.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би эхнэр хүүхдийн хамт Сүмбэр сумын 1-р баг Хувийн байр 607 тоот хашаанд амьдардаг. Бид нартай нэг хашаанд манай ээж Д, түүнтэй сүүлд суусан Б нар тусдаа гэртээ амьдардаг. Манай хойд аав Б “UB транс” ХХК-д харуул хийдэг. Нэг ээлжинд гарахдаа 24 цагаар гардаг. Тэгээд 48 амардаг юм. Б ах ерөнхийдөө архи их уудаг хүн бөгөөд архи уухаараа хэл ам нь зүгээр байдаггүй, жоохон агсам зантай. Манай ээжтэй гэр бүлийн харилцаатай болж хамт амьдраад миний мэдэхийн 2-3 жил болж байгаа.

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед манай эхнэр Ш бид хоёр Есүсийн сургалтад суух гээд гэрээсээ гарах гэсэн чинь Б ах гаднаас орж ирээд манай эхнэр лүү агсраад байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэрээсээ гарсан. Би 8 сартай хүүгээ тэвэрчихсэн байсан бөгөөд эхнэр Ш гэрийнхээ хаалгыг түгжих гээд  зогсож байхад Б ах “та нар нүүрс түлээгээ ч авдаггүй надаар авахуулдаг” гэсэн чинь манай эхнэр “та айлын эцэг юм байгаа биздээ нүүрс түлээгээ авч өгөх ёстой ш дээ” гэсэн чинь  Б ах гэнэт дүрс гэж уурлаад газраас чулуу аваад шууд Ш руу шидсэн. Тэгсэн Ш-н баруун талын чихний дээд хэсгээс цус нилээдгүй хэмжээгээр гарсан.  Энэ нь гэрийн гадаа болсон асуудал юм.

Тэгэхэд бид 8 сартай хүүгээ тэвэрчихсэн байсан учраас Б ахыг сайн хориглож чадаагүй. Тэгээд байж байхад ээж гаднаас хашаанд орж ирэхээр нь би хүүгээ ээжид өгөөд цагдаа дуудаад иртэл нь Б ахыг барьж байсан. Би өөрөө цагдаа дуудсан.

Урьд Б ах архи уухаараа л гаргадаг зангаа гаргаад агсам согтуу тавиад байдаг юм. Харин эхнэр болон бид нарт гар хүрч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/ 

 

1.5. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед манайд танил эгч Д ирсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад Д эгчийн гэрт очихоор гарсан. Тэгээд Д эгчийн гэр лүү явж байхдаа Б ах юу хийж байгаа вэ гээд нөхрийнх нь талаар асуусан чинь гэртээ жорлонгийн нүх ухаад амарч байгаа гэсэн. Тэгэхээр нь би ойрд Т ах дээр очоогүй юм байна гээд дэлгүүр ороод Д эгчтэй мөнгөө нийлүүлээд 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад Б ахын гэрт очсон. Б ах жорлонгийнхоо нүхийг ухаад байж байсан. Дүү ойрд ирээгүй гээд сүйд болж байсан. Б ахтай мөн нэг залуу нүх ухаад байж байсан. Тэгээд бид дөрөв 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан. Тэр архийг ууж дуусгаад хоол хийгээд байж байтал Б ах гаднаас 0.75 литрийн Ерөөл архи авч орж ирээд тэр архийг мөн 6-лаа ууцгаасан. Долгор эгч бид хоёр тэр архинаас нэг нэг хундага уусан. Б ах нөгөө залуугаа дагуулаад гараад явсан. Д эгч хүүхэд авах цаг боллоо хоёулаа ханилаад явъя гэсэн. Би замаар хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ харьсан. Гэртээ очоод байж байтал 18 цаг өнгөрч байхад Д эгч над руу утсаар яриад Б ах чинь бэрийн толгойг чулуугаар цохиод хагалсан байна. Бэр бөөн уйлаан майлаан болсон байж байна гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай дүгнэлтэд:

- Т.Ш-н биед баруун чамархайд урагдсан шарх гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Я.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б-н хувьд хүнд их тусархуу, хүнтэй эвсэг харьцаатай, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хөнгөн шалгамгай ханддаг. Ажил бол голохгүй хийдэг. Ааш зангийн хувьд элдэв янзын муухай ааш зан байхгүй. Ер нь амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Б миний нөхөр учраас өөр мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/   

 

2.2. Хохирогч Т.Ш-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Н-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ