Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02033

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02033

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01984 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох,

 

12,460,800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч В-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Б” ХХК-аас 2020 оны 02 дугаар сард цахим шуудангаар 20 ширхэг хоолой /шланк/-ны үнийн санал ирүүлэхийг хүссэний дагуу “А” ХХК-аас 4 ширхэг хоолойг бэлнээр, үлдэгдэл 16 ширхэг хоолойг ажлын 15 хоногт багтаан нийлүүлэхээр үнийн санал явуулсан.

1.2. Уг захиалга батлагдаж 4 ширхэг хоолойны төлбөр орж ирснээр 4 ширхэг хоолойг нийлүүлсэн. Үлдэгдэл 16 ширхэг хоолойны хувьд бэлдэц материалыг татаж ажлын 15 хоногт нийлүүлэхээр ажиллаж байсан боловч коронавирус гарсантай холбоотой хил хаагдаж, нийлүүлэлт бага зэрэг хойшилсон.

1.3. Хариуцагч талтай утас болон цахим шуудангаар холбогдож, 16 ширхэг хоолойг захиалгын дагуу нийлүүлж, агуулахад хүргэж өгсөн.

Иймд 16 ширхэг хоолойны үнэ 12,460,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. “Б” ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А-87/12 дугаартай Бараа, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий журмын дагуу 2020 оны 02 дугаар сард Вагнер Ази тоног төхөөрөмж болон Сэргээх технологи, “А” ХХК зэрэг байгууллагаас нийт 20 ширхэг хоолойны үнийн саналыг авсан ба хамгийн бага үнийн санал ирүүлсэн “А” ХХК-ийг сонгосон.

2.2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас ирүүлсэн үнийн саналд үндэслэн зөвхөн 4 ширхэг хоолойг худалдан авахаар болж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төсвөө хийж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,145,001 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлж, 4 ширхэг хоолойг хариуцагч компанид нийлүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй ч талууд тодорхой үйлдлээр 4 ширхэг хоолой худалдан авахаар тохиролцсон тул худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж болно.

2.3. Нэхэмжлэгч компаниас үлдэгдэл 16 ширхэг хоолойг угсарсан байгаа учраас нөөцөд шилжүүлж өгье гэсэн үндэслэлээр хариуцагч компанийн хот хоорондын нөөцийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Худалдагч тал 20 хоолой ирүүлсэн хэдий ч талуудын хооронд 16 ширхэг хоолой худалдан авах хэлцэл огт байгуулагдаагүй. Нэхэмжлэгч талын тайлбарт хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлсэн гэх боловч хэрэгт 16 ширхэг хоолой худалдан авна гэсэн хэлцэл, баримт байхгүй тул 16 ширхэг хоолойны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.4. Г-тай амаар хэлцэл хийсэн баримт байхгүй. “Б” ХХК-ийн бараа худалдан авалтын журмын 4.7-д төсвийн талаар заасан байдаг. Ажилтан Г- нь 10,0 сая хүртэлх төгрөгийн худалдан авалт хийх эрхтэй бөгөөд 16 ширхэг хоолой нь 12,000,000 төгрөг, ажилтны төсвөөс давсан мөнгөн дүн учраас тус ажилтан утсаар энэ асуудлыг шийдэх эрхгүй тул утсаар ярьсан, зөвшөөрсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

2.5. 16 ширхэг хоолойг хүлээн авсан агуулахын ажилтан нь компанийг төлөөлөх ажилтан биш, ирсэн бараа материалыг оруулж, хадгалах үүрэгтэй. Хангамжийн менежер нь бараа материалыг захиалах үүрэгтэй учраас ирсэн бараа материалыг хүлээн авахдаа компанийг төлөөлнө.

2.6. Хариуцагч компанийн зүгээс гэрээ байгуулагдаагүй учир тухайн эд зүйлийг буцаан өгөх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 12,460,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 214,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хангамжийн менежер Г-тай утсаар ярьсан гэх тайлбараас өөр нотлох баримтгүй, хариуцагч тал утсаар тохиролцсоныг хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх “хариуцагч тал уг үндэслэл дээр маргаангүй” гэж шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй байна.

4.2. “Дээрх нөхцөл байдлаас үзвэл талуудын хэн аль нь хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн авч, хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна” гэж дурджээ. Уг үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнийн саналдаа 20 ширхэг бүтээгдэхүүний 4 ширхэгийг 3 хоногт, үлдэгдэл 16 ширхэгийг 15 хоногт багтаан урьдчилгаа төлбөр 100 хувь гэсэн үнийн санал ирүүлсэн бөгөөд хариуцагчийн өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 4 ширхэг хоолойг худалдан авах төсөв батлаж, төлбөрийг 100 хувь төлж бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэтэл шүүхээс уг баримтыг огт үнэлэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч тал нийт 20 ширхэгийг худалдан авна гэдгээ огт илэрхийлээгүй байхад нэхэмжлэгч тал худалдаж авна гэж ойлгож үлдэгдэл 16 ширхэгийг захиалан хариуцагч талд хүчээр нийлүүлсэн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас харагдаж байхад шүүх уг баримтуудыг шинжлэн судалсан хэдий ч тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар шийдвэрийг гаргасан үндэслэлгүй

4.3. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнийн саналдаа 100 хувь төлбөрөө төлсөн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч “Б” ХХК нь зөвхөн 4 ширхэг хоолойны төлбөрийг 100 хувь төлж бүтээгдэхүүнийг авч, үлдэгдэл 16 ширхэг хоолойг авах хүсэлтээ бодит үйлдлээр буюу төлбөрөө урьдчилан шилжүүлж илэрхийлээгүй байхад нэхэмжлэгч тал хүлээлгэж өгсөн гэдэг баримтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас уг 16 ширхэг хоолой хариуцагч компанийн агуулахад байгаа нь худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн үндэслэл болохгүй.

4.4. Цахим баримтуудад to: from: subject: best regards, Dear Dashnyam, САТ 777 Dump truck, HIS /Hydraulic information system/ гэх гадаад үгнүүд орсон, хэнээс хэнд хаягласан, хэнтэй харьцсан нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг зааснаар орчуулга хийлгээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх хүлээн авч, нотлох баримтын хэмжээнд үнэлэн нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.5. Хариуцагч “Б” ХХК-ийн хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхийг зөвхөн гүйцэтгэх захирал эдэлдэг. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас “А” ХХК-тай хэлцэл болон гэрээ байгуулахаар амаар, бичгээр байгуулсан тохиролцоо байхгүй, гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцоогүй буюу нэхэмжлэгчийн саналын дагуу 100 хувь төлбөрөө төлсний дараа бүтээгдэхүүнээ авна гэдэг нөхцөлийн хүрээнд хариуцагч 16 ширхэг хоолойны төлбөрийг төлөөгүй, мөн авна гэдгээ огт илэрхийлээгүй байхад шүүх харилцан тохиролцсон гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна.

4.6. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно" гэж заасан. Талуудын хооронд эд хөрөнгийг урьдчилгаа төлбөргүйгээр хүлээн авах талаар гэрээ болон хэлцэл огт байгуулагдаагүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасан бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж тооцох нөхцөлийг хангаагүй байхад хэлцэл хийгдсэн гэж шүүхээс үзсэн нь огт үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “Б” ХХК-тай харилцаж байсан хүн нь би өөрөө байна. Би өөрөө хоолой угсрах, захиалга авах, хүргэх бүх ажлыг хийдэг. Тухайн байгууллагад бараа материал нийлүүлэхдээ урьд өмнө хэзээ ч захиралтай нь харилцаж хэлцэл байгуулж байгаагүй. Цахим шуудангаар хангамж хариуцсан мэргэжилтэнтэй харилцдаг байсан.

5.2. Нийт 20 ширхэг хоолой авах санал ирүүлсний дагуу 4 ширхэгийг бэлнээр, үлдсэн 16 ширхэгийг захиалгаар гэх саналаа өгсөн. 20 ширхэгт маргаан байхгүй талаар “Б” ХХК өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. 4 ширхэг, 16 ширхэг гэх задаргаа нь манай өгсөн үнийн санал дээр үндэслэж гарсан.

5.3. “Б” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайн төмрийн хүдрийн үнэ ханш унаснаас болж зогсолт үүсэхээр болсон талаар надад мэдэгдэж, худалдан авалтыг хойшлуулах талаар асуухад нь манай талаас хойшлуулах боломжгүй, танайд захиалж авч ирсэн тул үлдсэн 16 ширхэгийг захиалгаар ав гэж и-мэйл бичсэн.

5.4. Хариуцагч байгууллага нь дотооддоо худалдан авах ажиллагааны журамтай. Хүссэн хүн бүр бараа материалаа агуулахад нь буулгаж өгдөггүй. Уг журамд хангамжийн ажилтан, хангамжийн менежер, няравууд ямар үүрэг хариуцлага хүлээдэг, юу хариуцдаг болох нь байгаа. Үүний дагуу агуулахад нь хүлээлгэж өгсөн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,460,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-аас 173-2764 эдийн дугаартай CAT777D техникийн Hose as 20 ширхэг өндөр даралтын хоолойны үнийн санал авах хүсэлтийг “А” ХХК-ийн цахим шуудангаар ирүүлснээр нэхэмжлэгч компаниас мөн өдөр 4 ширхэг барааг 3 өдөрт, үлдэгдлийг 15 хоногт багтаан нийлүүлэх бөгөөд 1 бүрийн үнийг 708,000 төгрөг, 20 ширхэг барааны үнэ 14,160,000 төгрөг, үүн дээр 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож нийт 15,576,000 төгрөгийн үнийн саналыг хариуцагч компанид илгээсэн. Хариуцагч 4 ширхэг барааны үнийг төлж, хүлээн авсан талаар талууд маргаагүй.

 

4. 16 ширхэг хоолой нь хариуцагч “Б” ХХК-ийн агуулахад байгаа талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд буцааж өгөөгүй, буцаах талаар үйлдэл хийгээгүй байх тул Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн гэж дүгнэнэ.

 

5. Хариуцагч байгууллагын Хангамжийн хэлтэс, CAT DUMP албаны хангамжийн менежер Г- 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжлэгч байгууллагатай цахимаар харилцаж, 4 ширхэг хоолойны төлбөр шилжүүлсэн, 16 ширхэг хоолой хариуцагч байгууллагын агуулахад байгаа байдлыг “Б” ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А-87/12 дугаартай Бараа, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий журамд зааснаар хангамжийн менежерт 10,000-10,000,000 төгрөгийн худалдан авалтын эрх олгосонтой харьцуулан дүгнэвэл ажилтан Г-ыг хариуцагч байгууллагыг төлөөлнө гэж нэхэмжлэгч байгууллага ойлгожээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын өөрийн дотоод үйл ажиллагаанд дагаж мөрдүүлэхээр гаргасан, дотогш чиглэсэн харилцааг зохицуулсан журамд хангамжийн менежерт худалдан авалт хийхэд төсвийн хязгаарлалт тогтоосныг нэхэмжлэгч мэдэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэх эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн хангамжийн менежер Г- нь тус компанийг төлөөлөн хэлцэл хийх бүрэн эрхтэй гэж ойлгон нэхэмжлэгч “А” ХХК-тай хэлцэл хийсэн байдалд нэхэмжлэгч талыг буруутгахгүй.  

 

6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Хариуцагч нь 16 ширхэг хоолойны үнэ 12,460,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА