Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00124

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д.Мд холбогдох 1832001630130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Оросын холбооны улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1972 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны операторчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, * тоотод  оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Арсентьева М Дэмбэрэловна. Паспортын дугаар 51 № 5886448.

 

           Шүүгдэгч Д.М нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 57 тоотод байрлах иргэн Д.Иринагийн гэрт хохирогч И.Угыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мгийн өгсөн…. ... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед дүү Иринагийн гэрт орсон. Тэгсэн Ирина надад охин Уга намайг зовоож байна гэж ярихаар нь би Угад хандаж яахаараа ээжийгээ зовоож байдаг юм гэхэд таньд хамаагүй гэхээр нь хамаатай байлгүй яадаг юм гээд хацар луу нь нэг удаа алгадсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч И.Угын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай ээжийн эгч М согтуу байдалтай хаалга саваад ороод ирсэн. Тэгээд учир зүггүй над руу дайраад янхан гичий биеэ үнэлдэг биз дээ чи гээд чамайг алчихсан  байхад хэн ч гомдол нэхэхгүй шүү гээд миний ам руу гарын салаавч гаргаад хийсэн. Тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь шууд миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадаад үснээс зулгааж чирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж орилсон чинь надад хандаж чи юугаар ч яваад намайг дийлэхгүй за юу гэж хэлээд гэрээс гараад явсан. Ийм л зүйл болсон.... Надад нэхэмжлэх зүйл, эмчилгээний зардал байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Хүний гэрт дайрч орж хүнийг зодно гэж болохгүй зүйл гэдгийг ойлгуулах хэргэтэй байна гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 158 ...... Дүгнэлт:

1.И.Угаагийн биед завьжинд язралт, зүүн шанаа, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 11 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 20 дугаар хуудас/

Д.Мгийн паспортын хуулбар /Хх-н 21 дүгээр хуудас/

Д.М нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 24 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Арсентьева М Дэмбэрэловна нь  2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 57 тоотод байрлах иргэн Д.Иринагийн гэрт хохирогч И.Угыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Мгийн хохирогч И.Угыг цохиж зодсон үйлдэл нь ээжийгээ зовоолоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч И.Уга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Арсентьева М Дэмбэрэловнаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М Дэмбэрэловнаг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М Дэмбэрэловна нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М Дэмбэрэловна нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, М Дэмбэрэловна нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М Дэмбэрэловнад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН