Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа би С.Угтахбаатарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, анхдугаар хуралдаан даргалагч Д.Мягмардорж нарт хариуцагдах, 2016 оны 7 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хуралдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох, мөн уг хуралдаанаас гарсан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Анхдугаар хуралдааны дэг шинэчлэн батлах тухай” 02, 2016 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгох тухай” 03, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, анхдугаар хуралдаан хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Угтахбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын ажиллагаа 2016.06.29-ний өдөр болсон ба тус аймгийн Луус суманд нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцэж, Сонгуулийн тухай хуулийн 161-р зүйлийн 161.2-т зааснаар адил санал авсан нэр дэвшигчдийн дунд 2016.07.02-ний өдөр дахин санал хураалт явуулж Дундговь аймагт санал хураалт албан ёсоор 2016.07.02-ний өдөр явж дууссан. Аймгийн Сонгуулийн хорооноос 2016.07.04-ний өдөр нийт 35 сонгогдсон нэр дэвшигч нарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна” гэж хуульчилсан. Уг хуулийн дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.07.18-ний өдөр хуралдаж 2016 оны аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2016.07.22-ний өдрийн 14 цагт хуралдуулахаар товлон зарласан. Гэтэл Дундговь аймгийн Монгол Ардын Намаас сонгогдсон 19 нэр дэвшигч, МАХН-аас 1 нэр дэвшигч нийт 20 нэр дэвшигч бүрэн эрх нь дуусгавар болж байгаа ИТХ-ын Тэргүүлэгчдээс товлосон хугацаанаас өмнө ямар нэгэн товгүйгээр дангаараа хуралдаж бидний Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдээ төлөөлөх эрхийг ноцтой зөрчлөө.

… Мөн уг анхдугаар хуралдаан 3 хоног завсарлаж 2016.07.22-ний өдрийн 11 цагт хуралдахаар МАН-ын төлөөлөгч нар шийдвэрлэж 2016.07.22-ний өдрийн 11 цагт хурал нь үргэлжилсэн. Ардчилсан намаас анхдугаар хуралдааныг 2016.07.22-ны өдрийн 14 цагт гэсэн товыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас болон бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хуралдах нь хуульд нийцнэ гэж үзэж 2016.07.22-ны өдрийн 14 цагт хуралдахаар хурлын танхимд ороход бидний оролцоогүйгээр “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай” 2016.07.22-ны өдрийн 03 тоот тогтоол, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 тоот тогтоол, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолуудыг тус тус гаргасан байна. Эдгээр тогтоолуудыг гаргахад Ардчилсан намаас сонгогдсон 14 төлөөлөгч оролцох бүрэн эрхтэй ба хуралдааны дэгд оруулах саналаа хэлэх, аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэлгүй МАН дангаараа хууль зөрчиж хуралдаж төлөөлөгч бидний хуулиар олгогдсон эрх болон биднийг сонгосон нийт ард иргэдийн эрх ашгийг зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.10-т зааснаар 2016.07.19-22-ны өдрүүдэд хуралдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т зааснаар уг хуралдаанаас гарсан “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 2016.07.19-ний өдрийн 01 тоот тогтоол, “Анхдугаар хуралдааны дэг шинэчлэн батлах тухай” 2016.07.19-ны өдрийн 02 тоот тогтоол, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгох тухай” 2016.07.22-ний 03 тоот тогтоол, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 тоот тогтоол, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн анхдугаар хуралдаан хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Угтахбаатар нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “… Миний бие аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан 2016 оны 7-р сарын 19, 22-ны өдрүүдэд болсон ИТХ-ын анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гарсан 1-5-р тогтоолуудыг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Миний бие эдгээр бүх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүрэн татгалзаж байна” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзснаа бичгээр илэрхийлэх …” гэж тус тус заасан байх бөгөөд С.Угтахбаатарын тухайд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзснаа бичгээр илэрхийлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 Нэхэмжлэгч С.Угтахбаатарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “… уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах …”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “… шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй …” гэж заасныг тус тус тайлбарлаж өгсөн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан С.Угтахбаатарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, анхдугаар хуралдаан даргалагч Д.Мягмардорж нарт хариуцагдах, 2016 оны 7 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хуралдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох, мөн уг хуралдаанаас гарсан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01, “Анхдугаар хуралдааны дэг шинэчлэн батлах тухай” 02, 2016 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгох тухай” 03, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, анхдугаар хуралдаан хийхийг даалгах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-т зааснаар нэхэмжлэгч С.Угтахбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч С.Угтахбаатар нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                    ШҮҮГЧ                         В.Ц