Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 32

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2016/00153 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Бд холбогдох

Орон сууц худалдан авсан үнийн үлдэгдэл 2500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 06  дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “***” ХХК-иас 2011.12.09-нд Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах, ***тоот орон сууцыг м2-ыг нь 1  сая төгрөгөөр үнэлэн нийт 52850000 төгрөгөөр худалдан авч одоо хүртэл амьдарч байна. Байрны үнийг хэсэгчилж төлөхөөр тохиролцсон бөгөөд 2011 оны 12 сараас 2014 оны 12 сарын хугацаанд 50 сая төгрөгийг төлсөн байгаа. Байрны төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. 2015.04.27-ны өдөр Ц.Б нь үлдэгдэл 2500000 төгрөгийг 2015 оны 07 сард төлж дуусгахаар амлаж гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа. Бид гэрээний үлдэгдэл төлбөр болох 2500000 төгрөгийг гэрээний 3.9, 4.6-д заасны дагуу 0,3 хувийн алданги тооцон нэхэмжлэл гаргаж байна. Алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зарчмыг үндэслэн үндсэн нэхэмжлэл болох 2500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3250000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талбайн хэмжээний хувьд өмнөх нэхэмжлэл дээр хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, УДШ зэргээс гарсан шийдвэрүүд дээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.  Гэрчилгээн дээр *** ХХК бол 1 хүний компани бөгөөд хугацаагүй гэсэн байгаа юм. Гүйцэтгэх захирлыг сольж болно гэсэн байна. Ар талд нь Ганзоригийг захирлаар томилсон байдал нь харагдаж байна. Манай компани одоо болтол үйл ажиллагаа явуулж байна гэжээ. /хх-2, 61-62/

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2011.12.28-нд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***, *** тоот байрны үнийг төлж барагдуулсан. Тухайн байрны эзэмших эрх нь Ц.Б миний эзэмшилд 2011.12.28-ны өдрийн №*** Ү-*** эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжсэн тул *** ХХК-иас нэхэмжилсэн 3750000 төгрөгийг хариуцахгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-34/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрчилгээн дээр байгаа метр квадрат одоо байрны бодит метр квадрат хоёр зөрүүтэй байгаа учир үнийг гэрчилгээн дээр байгаа м2-аар төлөх боломжгүй юм. Энэ байр өөрөө 43,18 м2 талбайтай байгаа юм. Энэ байрыг Ц худалдан авч өөрийн хүү Бын нэр дээр гэрчилгээг гаргуулахаар Нямаа гэх хүнтэй тохиролцсон. Тухайн үед байрыг 50 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож үүний дагуу хариуцагч талаас 50 сая төгрөгийг төлж, төлбөр төлөгдсөн учир байрны гэрчилгээ эзэмшигчид шилжин байрны өмчлөгч мөн гэж гэрчилгээ гарч ирсэн, талуудаас хүлээсэн үүрэг бүрэн биелэгдсэн байгаа юм. Нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэгч байгууллагыг бид эрх зүйн чадамжгүй этгээд гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл *** ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний нэмэлт  өөрчлөлт дээр ажиллах хугацааг 2011-2014 он гээд заасан байна. Мөн итгэмжлэлийн он сарыг засварласан байна. Хэзээний он сартай зүйлийг хэзээ болгож засварласан бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тийм болохоор энэ компани нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан учир бид энэ төлбөрийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 32.1.3-д зааснаар үйл ажиллагаа явуулах буюу зорилтдоо хүрсэн бол цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж шийдвэр гарсан бол үүнийг татан буугдсан гэж үзнэ гэсэн байгаа. Аж ахуйн нэгжийн гэрчилгээнээс харахад 2014 онд үйл ажиллагаа нь зогссон байна. ... Шүүхийн шийдвэрүүдээр Ц.Б нь энэ байрны шударга өмчлөгч мөн гэдгийг анхан, давж заалдах, УДШ-ээс тогтоож өгсөн. Өмчлөгч юугаар тогтоогдох вэ гэхээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдоно. Тийм учир төлбөр төлөхөөс хариуцагч тал татгалзаж байна гэжээ. /хх 62-63/

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний  хуулийн 243  дугаар зүйлийн  243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 2500000 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулан “***” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1250000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 250 төгрөгийг, хариуцагч Ц.Баас 54950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 73-77/

Хариуцагч Ц.Б давж заалдсан  гомдолдоо: Миний  бие өөрийн  ээж н.Ц.хамтаар 2011.12.28-ны өдөр  Дорноговь аймгийн  Замын-Үүд сум  ***, 9-р хэсэг, 135-р байрны 63 тоот байрыг *** ХХК, түүний борлуулагчаас худалдан авсан. Төлбөр мөнгийг анх хэлэлцэн тохирсон дагуу төлж барагдуулсан бөгөөд өнөөдөр шударга эзэмшигч болохыг тогтоосон 2011.12.28-ны өдрийн №*** Ү-*** эзэмших эрхийн гэрчилгээг миний бие эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед худалдагч талаас зөвшөөрсөн, худалдан борлуулсан болохыг тодорхойлсон баримтын үндсэн дээр эзэмших эрх шилжсэн, миний бие өөрөө байрны засварын ажлыг хийсэн үндсэн дээр 5 жил гаруй хугацаанд амьдарч байгаа болно. Өмнө хугацаанд ямар нэгэн маргаангүй байж ирсэн бөгөөд *** ХХК-аас 4 жилийн хугацааны дараа гэнэт мөнгө нэхэмжилж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарч ирсэн. Миний бие тэр шатанд талбайн хэмжээнээс хамааралтай хоорондын маргааныг үүсгэсэн байдаг. Иргэний хуулийн 40-р зүйл, 42-р зүйлд заасан дагуу анх 50 000 000 төгрөгөөр л орон сууцны байрны үнийг тохиролцсон, 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Тиймээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5-р сарын 18-ны өдрийн 137/ШШ2016/00153 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-80/

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан  орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 2500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Б нь эс зөвшөөрч орон сууцыг худалдан авахдаа тохиролцсон үнэ болох 50000000 төгрөгийг төлсөн, мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь эрх зүйн чадамжгүй, итгэмжлэлийн огноо засвартай тул төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ц.Б эс зөвшөөрч “... тохиролцсон үнийг төлсөн тул ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг хянан үзэхэд анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба нэхэмжлэгч “***” ХХК нь ийнхүү төлөөлөгчөөр оролцох этгээдээр  Г.Гийг томилж, түүнд өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл /хх-06/ олгожээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл...-р тодорхойлох бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгчээс төлөөлөгч Г.Гэд олгосон итгэмжлэлийн огноо засвартай байгаа нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан “... олгосон он, сар, өдрийг заах” гэсэн шаардлагад нийцээгүйгээс итгэмжлэлийн хугацаа болон хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох боломжгүйн гадна анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаагаас давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2016/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баас  давж залдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БОЛОРМАА

                          ШҮҮГЧИД                                            Х.БАЙГАЛМАА

                                                                                       Н.БАТЧИМЭГ