| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00075/Э |
| Дугаар | 00085 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.От холбогдох 1732000310022 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой бизнесийн удирдлага мэргэжилтэй, “СДММ” ХХКомпаний захирал ажилтай, Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 6/а байрны №25 тоотод суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /АР:79110712/ Намхай овогт Дагвасамбуугийн О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Д.О нь “СДММ” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай хүү Г.Үм маань надтай хамт Батширээтэд амьдардаг байсан юм. 2016 оны намар буюу 10 дугаар сард Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэгээд Улаанбаатарт өвөлжөөд 2017 оны 03 дугаар сард Батширээт суманд ирж надтай уулзсан ба тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй байсан. Ер нь бол надтай холбоогүй байгаад байсан. … Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай дүү Энхбаатарт ажиллаж байсан компаниас нь ажил явдалд 5-6 сая төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50 дугаар хуудас/
Гэрч Н.Жг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай компани Мандал суманд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 1 дүгээр сургуулийн засварын ажлыг гүйцэтгэх гэж ирсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Мандал сумын 1 дүгээр сургуулийн засварын ажилд хяналт тавихаар ирсэн. Тэгээд байж байтал 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 06 цаг 35 минутын үед манай ажилтан Батзориг над дээр ирээд Үм ах дээвэр дээрээс уначихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Үм сургуулийн төв хаалганы хажуугийн том цэцгийн савны хажууд баруун талын гуя хэсгээрээ хажуулдаад хэвтсэн байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/
Гэрч Н.СЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өглөө бид нар 05 цаг өнгөрч байхад босоод цайгаа уучихаад 07 цагийн орчим ажилдаа гарсан ажилдаа гарахын өмнө талбайн инженер Жамьянгарав Г.Үм бид хоёрыг өнөөдөр та хоёр дээврийн урд хэсгийн банзаа хадаад гөлмөн төмрөө давхар хадаад яваарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сургуулийн дээврийн урд хэсэгт гарсан ба өмнөх орой нь гадаа бороо орсон тул дээвэр халтиргаатай байсан. Ингээд би дээврийн шувуу нуруу дээр суусан. Харин Г.Үм төмрөө хадахаар хамгаалалтын бэхэлгээгээ зүүгээд доошоо буусан бөгөөд ажлаа хийж байгаад Үм дээвэр дээр халтиргаатай байна гээд бэхэлгээгээ тайлаад гутлаа тайлж оймсоо хажуудаа тавиад төмрөө эхлээд нэг хадаад дахиад нэг хадахаар дартал хальт дараад доошоо унасан. ... Бид нарт сургуулийн дээврийн ажил гүйцэтгэж байхад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Харин Үмийг осолдож нас барсанаас хойш 4-5 хоног ажилласан тэгэхэд Улаанбаатар хотоос ирсэн хүн үү хаанаас ирсэн мэдэхгүй байна бид нарт зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/
2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №44 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....
1. Талийгаач Г.Үмийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал зүүн уушгины дэлбэн хооронд уушгины салстын язрал, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт зүүн хөлний дунд чөмөгт ясны далд хугарал баруун ташаа зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм. Талийгаач Г.Үм нь гавал тархи, цээж хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /ХХ-ийн 90 дугаар хуудас/
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн №05/078/29 дугаартай дүгнэлт: … “СДММ” ХХК нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч байгаагүй. Түүнчлэн энэ талаар сургалт зохион байгуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дах хэсэгт заасан /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтанд хамрагдаагүй зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчсөн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 114-117 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ... Хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 12 жилийн 1 дүгээр сургууль нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 3 давхар урагшаа харсан цонхтой ногоон өнгийн дээвэртэй байна. Уг сургуулийн баруун талын хэсэгт сургуулийн хананаас 3.45 метр зайд талийгаач унасан гэх байрлалыг А үсгээр тэмдэглэж харуулав. ... Талийгаачийн ажиллаж байсан сургуулийн дээвэр дээрээс “А” цэг хуртэл дээрээс иь хэмжиж үзэхэд 12 метр өндөр байв гэх тэмдэглэл /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 130 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Оийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /133 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О нь “СДММ” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүний амь насыг хохироосон гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 50 дугаар хуудас/, Гэрч Н.Жгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/, Гэрч Н.СЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №44 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 90 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн №05/078/29 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 114-117 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Оийг “СДММ” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүний амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.О хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Д.От дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Оийн үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” дээрх гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон нь шууд учирсан хохиролд, талийгаач Г.Үм нь нас барж түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаварт буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.О нь хохирогчийн ар гэрт нийт 5000000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Оиас гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос гутал, саравчтай малгай, 1 хос ажлын бээлий, 1 ширхэг 80 хуудас бүхий тэмдэглэлийн дэвтэр, бэхэлгээний олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Намхай овогт Даваасамбуугийн Оийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг “болгоомжгүйгээр” хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос гутал, саравчтай малгай, 1 хос ажлын бээлий, 80 хуудас бүхий 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, бэхэлгээний олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.